Худалдааны алба

Танилцуулга

Монгол Улсын ууган “Ган зам сүлжээ дэлгүүр нь жижиглэн худалдааны салбарт 68 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх 1951 онд Ажилчны хэрэгцээ хангах хэлтэс (ОРС), 1956 онд Ажилчны хэрэгцээг удирдах газар “ДорУРС” нэртэйгээр тус тус байгуулагджээ. Өдгөө УБТЗ-ын Худалдааны алба болон өргөжиж, харьяандаа Улаанбаатар, Дархан, Сайншанд худалдааны төвүүдийг нэгтгэн, удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна. 

background
Дархан худалдааны төв

Дархан худалдааны төв нь анх 1961 онд байгуулагдсан. Зүүнхараа, Дархан гэсэн худалдааны хоёр хэсэгтэй. Түнхэл, Үнэгт, Зүүнхараа хүнс, Зүүнхараа вокзал, Баруунхараа, Эрхэт, Цайдам, Салхит, Дархан вокзал, Энхтал, Орхон, Ерөө, Шаамар, Бэлэндалай, Хуучин Орхонтуул, Шинэ орхонтуул, Хангал, Улаантолгой, Эрдэнэт вокзал гэсэн 19 Ган зам сүлжээ дэлгүүрээр дамжуулан шугам замын төмөр замчид болон орон нутгийн иргэд, төмөр замаар зорчин явагчдад, УБТЗ-ын салбар нэгжүүдэд хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж байна.

Улаанбаатар худалдааны төв

Улаанбаатар худалдааны төв нь 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нд байгуулагдсан. Шугам замын Чойр өртөөнөөс Мандал өртөө хүртэлх 14 “Ган зам” дэлгүүр, түрээсийн зориулалтаар талбай, агуулах, “Монголд үйлдвэрлэв”  худалдааны төв, мөн төвийн ажилчдын цайны газар ажиллуулж байна. Үүний зэрэгцээ төмөр замын төвийн болон шугам замын хүүхдийн цэцэрлэгүүд, Зүтгүүрийн депогийн ажилчдын гуанз, Булагтайн сувиллын газар, нийтийн хоол зэрэг төмөр замын 23 салбар нэгжийг захиалгын дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа, бичиг хэрэг, цэвэрлэгээний материалаар ханган ажилладаг.

Сайншанд худалдааны төв

Сайншанд худалдааны төв нь 1955 оны арванхоёрдугаар сард худалдааны XI дэлгүүр нэртэйгээр анх байгуулагдсан. 19 Ган зам дэлгүүр, талхны 2 цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр замын Олон-Овоо зөрлөгөөс Замын-Үүд зангилаа хүртэл шугам замд ажиллан амьдарч буй төмөр замчид, орон нутгийн иргэд, төмөр замаар зорчигчдод жижиглэн болон бөөний худалдааны борлуулалт хийж, төмөр замын хүүхдийн цэцэрлэгүүд, Зүтгүүрийн депогийн ажилчдын гуанз, сувиллын газар, нийтийн хоол зэрэг төмөр замын 30 гаруй салбар нэгжийн захиалгын дагуу хүнс, өргөн хэрэглээний бараагаар ханган ажилладаг. Сайншанд, Замын-Үүд дэх талхан цехүүд нь нийт 5 нэр төрлийн талх, 30 нэрийн нарийн боов үйлдвэрлэн “Ган зам сүлжээ дэлгүүрүүд болон цэцэрлэг, сургуулийн “Үдийн цай хөтөлбөр”-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна.

Яагаад бид гэж?

Худалдааны алба нь Сэлэнгэ-Улаанбаатар-Замын-Үүд хүртэл нийт төмөр зам дагуу 53 цэг салбараар дамжуулан бүс нутгийн 124 мянган иргэн, шугам замд ажиллан амьдарч буй 6200 орчим төмөр замчинд жижиглэн болон бөөний худалдааны борлуулалт хийж байна. Үүнээс гадна төмөр замын хүүхдийн цэцэрлэгүүд, зүтгүүрийн депогийн ажилчдын гуанз, сувиллын газар, нийтийн хоол зэрэг төмөр замын 30 гаруй салбар нэгжийн захиалгын дагуу хүнс, өргөн хэрэглээний барааны хэрэгцээг ханган ажилладаг томоохон байгууллага юм.

Эрүүл аюулгүй хүнстэй
Өргөн сонголттой
Найрсаг үйлчилгээтэй
Хямд үнэтэй
Шуурхай тээвэрлэлт, түгээлттэй
Шударга өрсөлдөөнийг хангасан

Түгээмэл асуулт, хариулт

Хямд байдаг. Учир нь, бид төмөр замын давуу талаа ашиглаж, хөнгөлөлттэй тарифаар түргэн шуурхай ачааны вагоноор тээвэрлэлт хийдэг. Тээврийн зардал бага гарах нь алслагдмал өртөө, зөрлөгт худалдаалж буй хүнс, барааны үнэ харьцангуй хямд байх нөхцөлийг бий болгодог.

Бид БНХАУ, ОХУ-аас улиралд нэг удаа цахилгаан бараа, тавилга, буйдан гэх мэт ахуйн барааны худалдан авалт хийдэг. 

Барааны нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2200 гаруй нэр төрлийн, 250 гаруй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид барааныхаа нэр төрөл дээр онцгой анхааран ажиллаж байна.