Тарваган тахал өвчнөөс сэргийлье!
Тарваган тахал өвчнөөс сэргийлье!
- Интернет мэдээ |
- Мөнхтөр |
- Уншсан: 1247

Сургууль, цэцэрлэг хичээллэж эхлэхтэй холбогдуулан байгалийн голомтот мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөрсдөг. Үүнтэй холбогдуулан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг Төв эмнэлгийн хүлээн авах тасгийнхан өнгөрсөн долоо хоногт хийсэн билээ. Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин. Төв-Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орших бөгөөд уулт-хээр, тал-хээр, говь-хээрийн гэсэн гурван хэв шинжит тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт оршдог.
Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжэн хэлхээнд оршиж байдаг аж. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 17-ны хооронд тарваган тахал өвчний сэжигтэй яаралтай таван дуудлага ирснээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, нэг хүн нас баржээ. Иймээс хүн бүрийн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Тарваган тахал өвчнийг ямар замаар авч болох вэ?
• Тарваган тахлаар өвчилсөн тарвагыг агнах, арьсыг өвчих, махыг эвдэх явцад шууд хавьтлын замаар
• Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулснаас дам халдварын замаар
• Халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар
• Халдвартай тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр
Тарваган тахал өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
• Нохойд бариулсан тарвага болон тарвага, зурамны үхсэн сэг, зэмтэй таарвал шууд харьцахгүй байх, яаралтай мэргэжлийн байгууллагад мэдээлэх
• Тарвага, зурам агнахгүй байх, тарвага, зурамны арьс, мах худалдан авах, мах хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх
• Тарвага, зурамны бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх
• Тарваган тахлын эсрэг вакцинд жил бүр хамрагдах
• Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
• Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан тохиолдолд нэн тэргүүнд ойролцоо эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
Та тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа зургаа хоногийн дотор
- Өндөр халуурах
- Булчирхай цочиж, томрон, эмзэглэх
- Дотор муухайрах, бөөлжих огиулах
- Цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл
ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАНА УУ!
УБТЗ-ын төв эмнэлэг