ВАГОНЫ АЖ АХУЙН АЛБА -10 ЖИЛ
ВАГОНЫ АЖ АХУЙН АЛБА -10 ЖИЛ
- УБТЗ мэдээлэл |
- Мөнхтөр |
- Уншсан: 1896

Шинэ технологи, менежмент, даатгалын илтгэлүүд голлов
Вагоны аж ахуйн албаны хэмжээний Онол практикийн бага хурал өнгөрөгч Пүрэв гаригт буюу энэ сарын 21-ний өдөр боллоо. Энэ удаагийн бага хурал албаны 10 жилийн ойд зориулан зохиогдож байгаагаараа онцлогтой. Уг хурал нь нэгдүгээрт, шугам замд ажиллаж байгаа ажилтнуудынхаа санал бодол, шинэ дэвшилтэт санаачлагыг сонсох, хоёрдугаарт, шинээр төгсч ирсэн залуу ажилтнуудын мэдлэг боловсрол ямар түвшинд байгааг тандах. Гуравдугаарт, тавьсан илтгэлүүдээс цаашид ажилдаа авч хэрэгжүүлэх, ирэх оны төлөвлөгөөнд алийг нь тусган ажиллаж болох вэ? гэдгийг албан дээр шийдвэрлэх зорилготой байлаа. Энэ жилийн хувьд оролцож буй илтгэлүүд сэдвийн хувьд нэлээд өргөн хүрээг хамарчээ. Жишээлбэл, шинэ техник, технологи, менежмент, даатгалын тухай сэдэвтэй илтгэлүүд оролцсон байлаа. Менежментийн тухай сэдэвтэй илтгэл өмнө нь оролцож байгаагүй бол энэ жилийн хувьд “Вагон ашиглалтын депогийн бүтцийг сайжруулах” гэсэн сэдэвтэй илтгэл орсон байна. Мөн үүнээс гадна ГТХАБ, ХАБЭА талаар хөндсөн илтгэлүүд Онол практикийн бага хурлын үеэр тавигдаж, олон санал сэтгэгдлийг дагуулж байв. Онол практикийн бага хурлыг Вагоны аж ахуйн алба нээлттэй зарласан. Өөрөөр хэлбэл, бусад алба, хэлтсээс оролцож болохоор зарласан байна. Мөн “МТЗ”, ТӨХК, “БТЕГ” зэрэг вагоны аж ахуйтай байгууллагуудад удирдамж, урилгаа хүргүүлсэн ажээ. Бага хуралд оролцсон илтгэлүүдээс тэргүүн байрыг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн инженер С.Мөнх-Алдарын “Ачааны вагон засварын депод MNS-ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх төсөл”, дэд байрыг Вагон ашиглалтын депогийн харьяа Сайншанд ТҮГ-ын дарга Ч.Баянмөнхийн “УБТЗ-ын ГТХАБ хангахад даатгалын системийг нэвтрүүлэх нь”, гутгаар байрт Вагоны аж ахуйн албаны инженер П.Мөнхжаргалын”УБТЗ-ын Вагоны аж ахуйн хөгжлийн төлөө” сэдэвт илтгэлүүд шалгарчээ.
“Гурван шатны үзлэг”-ийг Замын-Үүдийнхэн тэргүүлжээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015”-ыг Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье“ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Вагоны аж ахуйн албаны хэмжээнд “ Гурван шатны үзлэг” сэдэвт тэмцээнийг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн цех тасаг, Улаанбаатар дахь Вагон ашиглалтын депо түүний харьяа Техник үйлчилгээний газруудын дунд зохион байгууллаа. Тэмцээн гурван үе шаттай явагдсан бөгөөд “АХА” тэмцээнийг вагончдын дунд зохиож, ХАБЭА-н ноцтой зөрчлийг илрүүлж, арилгах гэрэл зургийн уралдаан, “Элсэн цаг” тэмцээн, ТҮГ-уудын дунд “Аюулыг олж илрүүлэх ур чадвар”- ын тэмцээнүүдийг тус тус зохиожээ.
Тэмцээний эцсийн дүнгээр нэгдүгээр байрт Замын-Үүд ТҮГ-ын баг, хоёрдугаар байрт Уурын зуухны цехийн баг, гуравдугаар байрт Улаанбаатар ТҮГ-ын багууд тус тус тэргүүлж өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.
Мастеруудыг сургалтад хамруулав
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн цех хариуцсан мастер, ТҮГ-ын мастеруудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрмийн хэрэгжилт, анхны тусламж үзүүлэх ур чадвар, хүний үнэт зүйлс, байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Тээврийн дээд сургуулийн багш Л.Сувд, М.Бямбасүрэн, Улаан загалмайн хорооны арга зүйч А.Баярмаа, МТЗ-чдын ҮЭ-ийн хуулийн зөвлөх Б.Алтанхуяг нартай хамтран амжилттай зохион байгуулсан нь илүү үр дүнтэй болсон байна.
Гэрэл зургийн уралдаан зохиожээ
Вагоны аж ахуйн албаны харьяа деподын цех, ТҮГ-уудын ажилтнуудын дунд “Аюулгүй байдал ба аз жаргалтай гэр бүл” сэдэвт гэр бүлийн гишүүдийг оролцуулсан гэрэл зургийн уралдаан зохион байгуулснаас Вагон ашиглалтын депогийн Салхит ТҮГ-ын вагон үзэгч А.Аззаяагийн “Аюулгүй байдал – эрүүл мэнд- хөдөлмөрийн чадвар” гэрэл зураг тэргүүлжээ
Спортын арга хэмжээ
Вагоны аж ахуйн албаны 10 жилийн ойн баярын нэрэмжит спортын тэмцээнийг Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депогийн нийт ажилтнуудын дунд гар бөмбөг, сагс, теннис, 100 буудалт даам, дардаст, шагайн харваа, биллярüд, мини хөлбөмбөг зэрэг тэмцээн зохион байгуулснаас íийлбэр дүнгээрээ Вагон ашиглалтын депо тэргүүлж шагнуулсан байна.
Хэтийн төлөв- Вагончдын ирээдүйн зорилт
- Ачааны вагоны ашиглалт, засвар, үйлчилгээг зохицуулах Ложистикийн нэгдсэн төвийг байгуулах
- “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах
- Галт тэргийг аяллын үед хянах КТСМ төрлийн бүрэн автомат системийг суурилуулж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдлийг бууруулах
- Томоохон өртөөдөд УЗОТ-РД төрлийн хагас автомат удирдлагын систем суурилуулж зүтгүүрийн халуун зогсолтыг багасгаж, түлш хэмнэх, вагон эргэлтийг хурдасгах
- Жил бүр 120-150 вагон худалдан авч, ачааны парк шинэчлэлт хийх
- Ачааны вагон засварын төрөлжсөн депог Толгойт өртөөнд шинээр байгуулах
- Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн засварын ажилд автомат шугам нэвтрүүлж, үл эвдэх сорилын ухаалаг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглох.