Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Давхар амжилтаа бататгасан Дархан өртөөнийхөн

Дархан зангилааны төмөр замчид зуны тээврийн нөр их ажлыг орон нутгийн чанартай бүтээн байгуулалттай хослуулан амжилттай гүйцэтгэж байна. А.Борбанди даргатай энэ хамт олон өнгөрсөн оноос цар тахлын онц эрсдэлтэй нөхцөлтэй тулгарсан  хэдий ч богино хугацаанд оновчтой зохион байгуулалт хийж, хамтын хүчээр ажилласны хүчинд гэнэт учирсан бэрхшээлийг ажралгүй давж, өмнө тавьсан зорилтоо биелүүлэн ажиллаж байна. Тодруулбал, оны эхний таван сарын байдлаар Дархан өртөө ачилтын төлөвлөгөөг 106.2, статик даацыг 101.7, буулгалтыг 127.4, вагон явуулалтыг 112.9, ОНВСЗ-ыг 120.9, ачааны ажиллагааны сул зогсолтыг 140.5 хувиар тус тус биелүүлжээ. Цаашид тус өртөөнд төмрийн хүдэр тэргүүтэй экспортын төрлийн ачилтууд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Энэ оны ажил үйлсийг ярихын өмнө дээр дурдсанчлан 2020 оны дөрөвдүгээр улиралд үүссэн нөхцөл байдал, тухайн үед авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтынхаа талаар Дархан өртөөний удирдлага ярьсан юм. Энэ тухайд дурсахаас ч аргагүй. Учир нь, албан байгууллагын ажил үйлс, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй цар тахлын хорио цээрийн дэглэм одоо хэр нь сулраагүй үргэлжилсээр байгаа билээ.
Дархан өртөөний хамт олны хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш онцгой байдлын хорио цээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна. Цар тахлын нэгдүгээр давалгаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлэх үеэр Дархан өртөөний ачаа тээвэр, хөдөлгөөн, зорчигч тээврийн нийт ажиллагсдын 50-аас дээш хувь нь 21 хоног хүртэл тусгаарлалтад орсон. “Энэ үед зарим хүн нэлээд хугацаагаар тулж ажиллахаас аргагүй байдалд хүрсэн. Албатайгаа зөвшилцөж өртөө, зөрлөг, цехийн ажилтнуудыг маш яаралтайгаар шалгалт өгүүлж, ачаа вагон хүлээлцэгчийг туслах жижүүрээр ажиллуулах, шугам замд тасалбар, товарын кассираар ажиллаж байсан хүмүүсийг төв рүү татах зэргээр хөрвөн ажиллуулж бүх нөөц бололцоогоо ашигласан. Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлтийг хэсэглэлийн хэмжээнд төлөвлөж хийсэн. Үүний үрээр бид цар тахлын нэгдүгээр давалгааг амжилттай давсан. Мөн хоёрдугаар давалгаа нь өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн ч манайд халдварыг тохиолдол илрээгүй учраас ажлын байр эзгүйрэх зэрэг хүндрэл огт гараагүй. Энэ бол бидний өмнө нь авч хэрэгжүүлсэн ажил, зохион байгуулалтын туршлагатай холбоотой гэж үзэж байгаа. Ялангуяа, ажилтан бүрийн үүрэг оролцоо, хариуцлагатай байдал үүнд онцгой нөлөөлсөн гэж дүгнэж байгаа” хэмээн өртөөний удирдлага онцоллоо.
Дархан өртөөний хамт олон хэдий онцгой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа ч цаг үеийн хүндрэлийг хараад суух бус боломжоо дайчилж, дотоод нөөц бололцоогоо ашиглан шаардлагатай хөдөлмөр зохион байгуулалт хийсэн нь сайшаалтай хэрэг юм. Мөн 1976 оноос хойш том хэмжээний засвар ороогүй байсан төв вокзалдаа 870-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн засвар хийсэн байна. Энэ ажлыг Замын захиргааны дэмжлэгтэйгээр цар тахлын нэг, хоёрдугаар давалгааны үеэр зогсолтгүй үргэжлүүлсэн аж. Хөндлөнгийн хяналт, зааварчилгааг холбогдох албадын зүгээс зайны горимоор хийсний хүчинд үндсэн ажил дуусах шатандаа оржээ. Заавал дулааны улиралд хийх шаардлагатай жижиг ажлуудыг энэ сарын 10-нд бүрэн дуусгах юм. Мөн түүнээс гадна зорчигчийн тавцангийн өргөтгөлийн ажлыг ч зогсолтгүй үргэлжлүүлсэн аж.

А.Борбанди: Төмөр замчдын байгууллагаа гэсэн сэтгэл, зүтгэл юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл
Ийнхүү ажил, амжилтыг хослуулан ажиллаж буй хамт олныг төлөөлүүлж Дархан өртөөний дарга А.Борбандитай утсаар холбогдож хэдэн хором ярилцсан юм.
-Танай хамт олны ажлын үзүүлэлтийг тоо баримтаар нь авсан учраас хоёул бодит нөхцөл байдал руу тулгуурлаж ярилцвал илүү тохиромжтой болов уу. Төмөр замчид бүгд дархлаажуулалтад хамрагдсан учраас ковид-19-ийн эрсдэл харьцангуй буурсан байх?
-Юуны өмнө “Ган зам” сонины нийт уншигч, төмөр замчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Замын урд, хойд хэсэг, хилийн өртөө ямар байдаг вэ гэхчлэнгээр өртөө, зангилаа бүр өөрийн гэсэн онцлогтой. Манай зангилааны хувьд “Кейтеринг”, цагдаа, Цэрэгжүүлсэн хамгаалах салаа гэхчлэнгээр хойд хэсгийн 15 аж ахуйн нэгж нэг доор төвлөрсөн байдаг. Ажилтнууд маань ч энэ онцлогоо сайн мэддэг, цаг үеийн нөхцөл байдалд маш хурдан дасан зохицож ажиллаж чаддаг чадварлаг хамт олон. Энэ ч утгаараа цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед бид улс эх орныхоо өмнө ямар их үүрэг хариуцлага үүрсэн, чухал хүмүүс вэ гэдгээ хүн бүр мэдэрсэн байх. Миний бие өртөөний даргын хувьд зангилааг давхар удирдах чиг үүрэгтэй. Тиймээс зангилааныхаа бүх аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалтыг нягтруулах, халдвар хамгааллыг дэглэмийг чанд мөрдүүлэх ажлыг тухайн байгууллагын удирдлага, эрүүл ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлээд явж байна. Дархлаажуулалтад хамрагдсан гээд санаа амарчихаж болохгүй цаг үед бид ажиллаж байна шүү дээ.
-Цар тахлын нэгдүгээр давалгааны үеэр танай өртөөний нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Гэхдээ маш богино хугацаанд зохион байгуулалтад орсноор төмөр замчид үндсэн ажлаа огт тасалдуулаагүй?
-Нэгдүгээр давалгааны үеэр манай өртөөнөөс дөрвөн ч батлагдсан тохиолдолд бүртгэгдсэн. Бид тухайн үед тусгаарлалтад орсон ажилтнууддаа сэтгэл санааны болон материаллаг дэмжлэг үзүүлэх ажлыг алба, ҮЭ-ийн хороотойгоо хамтарч зохион байгуулсан. УБТЗ-ын УЗН-ээс ч дэмжлэг үзүүлсэн.  Мөн цалин хөлс, урамшуулал хасагдаагүй, яг л энгийн үед авдаг цалингаа аваад явсан учраас ажилтнуудын хувьд сэтгэл санааны болон эрүүл мэндийн тухайд нэг ч гомдол санал гаргаагүй. Ажилтан хүнд үүргээ гүйцэтгэе гэсэн сэтгэл зүтгэл л байхгүй бол ямар ч сайхан зүйл амлаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр хүндрэлтэй цаг үед манай зангилаанд харьяалагддаг хүн бүр эзэмшсэн мэргэжил, ажилладаг байгууллагынхаа төлөө үнэхээр урам зориг дүүрэн ажилласан гэж ойлгож болно. Хүнд цаг үед ахмадууд хүртэл өөрсдийн санаачилгаар үүрэг гүйцэтгэхээр яваад очно гэдэг бол хаана ч байхгүй сайхан чанар, манай байгууллагын үнэт зүйл юм даа. Хамгийн наад зах нь хэцүү цаг үед хувь хүн өөртөө анхаарал хандуулахгүй, гэр-ажил гэсэн маршрутаа ойшоохгүй яваад байвал хэцүү шүү дээ. Нөгөөтэйгүүр бидэнд Замын захиргаанаас шаардлагатай заавар, чиглэлийг цаг алдалгүй өгч байсан. Үүний дагуу холбогдох арга хэмжээг нь авч, хяналт шалгалтуудыг нь тавиад явсан. Товчхондоо манай хамт олон удирдлагын зааврыг ном журмын дагуу биелүүлж, ажилтнууд ёсчлон дагасны үр дүнд өнөөг хүртэл ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй ажил үүргээ гүйцэтгэж байна. 
-Одоо бол хаана хаанаа цахим хэлбэрээр ажил үйлчилгээгээ явуулж хэвшиж байх шиг. Хяналт шалгалтыг ч цахимаар хийдэг боллоо. Энэ нь нэг ёсны ололт юм даа?
-Цар тахлын хорио цээрийн дэглэмээс үүдэж хэсэглэлийнхээ өртөө зөрлөгөөр нэг хэсэг зохион байгуулаагүй байсан хяналт шалгалтыг аймгийн Онцгой комиссоос авсан зөвшөөрлийн дагуу нэг удаа бүтэн хийгээд ирсэн. Түүнээс хойш бүх төрлийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт, шалгалт, хурал гээд олон төрлийн үйл ажиллагааг цахимаар хийж хэвшиж байна. Мэдээж аливаа зүйлд сайн, муу хоёр тал бий. Жишээ нь цахим сургалтын үед утсаар ярих, өөр зүйл хийх, камераа хаагаад өөрөө биечлэн сонсохгүй байх зэрэг сул талууд ч гардаг. Ийм сул талуудыг аль болох багасгаж, сайн талыг нь илүү нэмэгдүүлэх зохион байгуулалтыг дор тэр нь хийгээд явж байгаа. 
-Төмөр замчдын хувьд энэ хэцүү цаг үед тулаагаар ажиллах, ажлын байрандаа олон хоногоор тусгаарлагдах зэргээр олон сорилт шалгуурыг амжилттай давлаа?
-Бид ажилтнуудаасаа “Улаанбаатарын жишгээр ажлын байр, амрах байр, вагонд тусгаарлагдаад ажиллах уу?” гэж санал асуулга авсан. Тэгэхэд  “Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаад гэр-ажил маршрутаар ажиллана” гэсэн. Манайхан ч энэ зарчимдаа баттай зогсож чадсан. Эхний давалгаагаар өртөөний хэсэглэлийн хэмжээнд дөрвөн хүнээс хойш нэг ч тохиолдол гараагүй гэдэг нь үүний тод баталгаа юм. Ажилтнуудын энэхүү хичээл зүтгэл, сэтгэл байгууллагын хувьд ямар ч материаллаг зүйлээс илүү дэмжлэг шүү дээ.
-Цар тахлын хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байгаа үед ажлын үндсэн үзүүлэлтээсээ гадна бүтээн байгуулалтын ажлаа ч амжилттай гүйцэтгэсэн танай хамт олонд баяр хүргэх нь зүйтэй болов уу?
-Замын захиргаа өнгөрсөн оноос эхлэн Дархан хэсэглэлд хүүхдийн төмөр зам, миний түрүүн дурдсан вокзалын засвар, зорчигчийн тавцанг 372 метр сунгалт, тавцангийн гэрэлтүүлэг шинэчлэлт, тохижилтыг хийсэн, Дархан-1 өртөөний замын техникийн байдлыг сайжруулах хүрээнд өртөөний 1, 2, 3 дугаар замыг хүчжүүлж бетон дэртэй болгосон. 16 дугаар замын тахирыг засах, сумын хоолойд 10 ш суман шилжүүлэг шинээр сольж сайжруулсан гээд маш олон бүтээн байгуулалтын олон ажлыг цаг үе, цар тахал гэж хойш суулгүй хийж байна. Үүнд төмөр замчид төдийгүй ард иргэд маш талархалтай хандаж байгаа. Товчхондоо, зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэхэд бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн, тав тухыг нь бүрдүүлсэн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн. Одоогоор тээврийн урсгал улам нэмэгдэх хандлагатай байна. Хэсэглэлийн хэмжээнд Хөтөл өртөөнд л бага зэрэг бууралт гарсныг эс тооцвол бусад ажил хэвийн, өнгөрсөн оноос өссөлттэй явж байна. Улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм сулраагүй байгаа ч ажлын ачаалал их байгаа учраас хүмүүсээ хариуцлагажуулах, ГТХАБ-ыг хангах зэрэг шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлээд явна гэлээ. Мөн тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Зүүнхараа гээд хойд бүсийн орон нутгийн иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг төмөр замын тээш тээвэрлэлтээр хангаж, хүнд үеийг давлаа. Түүнчлэн, Монгол Улсын экспортын төлөвлөгөөт хэрэгцээ, дотоодын маш том хэрэгцээ болох гурил, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг төмөр замчид тасралтгүй тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Дээрээс нь, олон улсын гэрээ хэлэлцээрээр үүрэг хүлээсэн транзит тээврийг ямар ч сааталгүй өнгөрүүлж ажилласан төмөр замчин бүрийн бахархал юм хэмээн төмөр замчдаараа, мэргэжил нэгтэй хамт олноороо бахархан өгүүлэв. 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус өртөөний хэмжээнд ихээхэн амжилттай явж байгаа ажил нь тээш тээвэрлэлт. Одоогийн байдлаар, тээш тээвэрлэлтээр тус өртөөнд 1000-1200 байр ачаа очиж байгаа аж. Ингэснээр Дархан өртөөнд оны эхний таван сарын байдлаар 45 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 92 сая төгрөгийн орлого олж, төлөвлөгөөг хоёр дахин давуулан биелүүлсэн байна. Үүний зэрэгцээр дугуйн клуб, явган алхалт зэрэг цехүүд өөрсдийнхөө санаачилгаар хэрэгжүүлдэг уламжлал болсон ажлыг ч орхигдуулахгүйг хичээж байгаа гэнэ. Хөл хорионы дэглэм суларвал энэ мэт ажилтны эрүүл мэндэд анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь чиглэсэн ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.

Сэтгэгдэл үлдээх