Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-23

“Хүүхдийн төлөө фонд”-ыг санаачлагчид нь төмөр замчид

УИХ саяхан “Хүүхдийн төлөө сангийн тухай” хуулийг хэлэлцэж эцэслэн батлав. Ийнхүү шинэ оны босгон дээр зохион байгуулагдан, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриагаар ард түмний дэмжлэгийг хүлээж, бас хандивын томоохон тоглолт түүхэн зөвтгөлөө олох боломжтой боллоо. Тэрхүү арга хэмжээнд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных оролцож, 1972 онд байгуулагдсан Хүүхдийн төлөө фондыг төмөр замчид санаачилсан болохыг онцлоод уг тоглолтод 500 сая төгрөг хандивласан юм. Миний бие энэхүү бичвэртээ төмөр замчдын тэрхүү санаачилгын тухай өгүүлэхийг хичээлээ. Ардын хувьсгалын болон МХЗЭ-ийн 50 жилийн түүхт ой давхацсан 1971 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1971 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 198 дугаар зарлигаар УБТЗ-ын Илчит тэрэгний депогийн дэргэдэх ХЗЭ-ийн хороог төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Тухайн үед тус байгууллагын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар Ж.Нямдаш, депогийн даргаар Д.Гэсэржав, намын хорооны нарийн бичгийн даргаар Б.Шаравжамц, ҮЭ-ийн хорооны даргаар Г.Дашбал нарын нэр алдраа дуурсгасан чадварлаг удирдагчид ажиллаж байжээ. Энэхүү үйл явдал нь депогийн хамт олон, түүний дотроос залуучуудын идэвх санаачилга, урам зоригийг өрнүүлсэн нь мэдээж билээ. Ахмад төмөр замчин Б.Шаравжамц энэ тухай “Уг шагнал зүтгүүрчин залууст нам, засгийн итгэл, хүндлэлийг хөдөлмөр зүтгэлээр хариулах урам зориг өгсөн юм. Хожим нэртэй сэтгүүлч болсон Ж.Нямдаш тэргүүтэй манай залуус шинэ оны өмнөхөн, ирж буй 1972 оныг хөдөлмөр бүтээлийн жил болгон, дөрөвдүгээр сарын аль нэг долоо хоногийн Ням гаригт коммунист субботник зохион байгуулж, олсон орлогоо хүүхэд багачуудын төлөөх үйлсэд зориулахаар ярилцацгаасан. Энэ нь, дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригийг бүтэн ажлын өдөр болгодог Зөвлөлтийн төмөр замчдын туршлагаас л санаа авсан хэрэг л дээ. Асуудлыг депогийн удирдлгын түвшинд хэлэлцэн, Замын захиргаа, Намын хороонд танилцуулахаар болсон. Тухайн жил нь ЗСБНХУ байгуулагдсаны 50, Монгол-Зөвлөлтийн найрамдалын нийгэмлэг байгуулагдсаны 25 жилийн ой тохиосон учир улс төрийн ач холбогдол нь өндөр, дэмжигдэх магадлал ч ихтэй байсан юм” хэмээн ярьсан юм. Ийнхүү тэдний санаачилгыг Замын захиргаа, Намын хороо бүрэн дэмжиж, дөрөвдүгээр сарын 16-ны Ням гаригийг “Коммунист субботник-өндөр бүтээлийн өдөр”-өөр товлож улс, ардын аж ахуйн бүх салбарын ажилчин, ажилтнуудад хандсан уриалга гаргаж, нийт ард түмний үйлс болгохыг зорьжээ. Төдхөн, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл уг уриалгыг дэмжин тогтоол гаргаж, коммунист субботникт хүн бүр идэвхтэй оролцож, нэг өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлого оруулахыг Улс ардын аж ахуй, соёлын салбарт ажиллагсад, оюутан, сурагчдад уриалан, уг хөрөнгийг хүүхдийн байгууллагыг бэхжүүлэх зорилгоор тусгай данс нээн төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Сангийн яам, аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаадад даалгажээ. Ийнхүү төмөр замчдын эх оронч санаачилга улс орныг хамарсан өргөн хэмжээний үйлс болох эхлэл тавигджээ. Субботникийн ажилд ч төмөр замчид манлайлан оролцсон юм. 1972 оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөө санаачлагч Улаанбаатар илчит тэрэгний депод ёслолын цуглаан болж, автоматикийн цехийн мастер ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар И.Р Пресняков, механик цехийн мастер Ч.Сэд, засварчин н.Дорждэрэм (уулын спортын мастер) нар үг хэлэн, уг арга хэмжээг эхлүүлжээ. Депогийн хамт, олон үлээвэр хөгжмийн цоглог аялгуун дор гурван илчит тэргэнд үечилсэн засвар хийх, нэг вагон хаягдал төмөр цуглуулж ачих, 200 метр газар бетон хавтангаар хашаа барьж цементлэх зэрэг ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ есөн удаа хүнд жинтэй галт тэрэг жолоодож, 1441 тонн ачаа нормоос илүү тээвэрлэсэн байна. Төмөр замын бусад байгууллага, өртөө, зангилаадад ч субботникийн ажил эрчимтэй өрнөв. Тухайн өдөр нийт 6500 гаруй төмөр замчин 615700 гаруй төгрөгийн ажил гүйцэтгэснээс 131300 төгрөгийг хүүхдийн байгууллагыг бэхжүүлэх фондын хуримтлалд шилжүүлэн өгөх боломжтой болжээ. Ийнхүү Хүүхдийн төлөө фонд гэх гэгээн үйлсийн эзэн байгууллагын анхны хуримтлал бүрдсэн аж. Замын захиргаа, намын байгууллага төмөр замчдын зүтгэл санаачилгаар бүтсэн дээрх хуримтлалыг бодитой ажил хэрэг болгох шийдвэр гаргав. Ийнхүү Аршаант өртөөний 25 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Уг цэцэрлэгийн барилгын зургийг МУИС-ийн Барилга инженерийн факультетийн хэсэг оюутнууд гаргасан бөгөөд Д.Гомбо даргатай Төмөр замын барилгын анги, УБДС-ийн оюутны барилгын отрядын 30 шахам барилгачин 45 хоногийн хугацаанд барьж дуусгасан аж. 1972 оны аравдугаар сарын 4-нд Аршаант өртөөнд болсон цэцэрлэгийн барилгын нээлтийн арга хэмжээнд нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо, Д.Цэвэгмид, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, Ардын Боловсролын яамны сайд Д.Ишцэрэн, ХАА-н яамны сайд М.Даш нар болон УБТЗ-ын дарга В.В.Сукачев, нэгдүгээр орлогч дарга Н.Цэрэнноров, Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Гүнсэн нар оролцжээ. Уг цэцэрлэгийг 62.4 ам.метр талбай бүхий анги танхим, ариун цэврийн өрөө, нэг хүүхдэд 5.5 ам.метр талбай оногдохуйц хүүхдийн тоглоомын болон хүнсний ногоо, цэцэг тарих туршлагын талбайтайгаар барьсан нь тухайн үедээ тун орчин үеийн шийдэлд тооцогдож байв. Ийнхүү хүүхдийн төлөө гэж тусгайлан зарласан хөрөнгөөр баригдсан анхны хүүхдийн цэцэрлэгийн барилгыг төмөр замчид барьж ашиглалтад огчээ. Хожим уг барилгын зураг, төслийг улам боловсронгуй болгон Ардын боловсролын яамны сайд Д.Ишцэрэнд төмөр замчдын бэлэг болгон гардуулж өгчээ. Төмөр замчдын энэхүү санаачилга улс орон даяар түгэн дэлгэрч, улмаар 1972 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 30 дугаар тогтоолоор... Төмөр замын хамт олны санаачилгаар хүүхэд хамгаалах өдрийг угтан, жил бүрийн тавдугаар сарын нэг Ням гаргийг өргөн субботникийн өдөр болгож, олсон хуримтлалаар Хүүхдийн төлөө фонд байгуулах, уг фондыг зарцуулах ажил эрхлэх комисс байгуулж, дүрмийг нь 1973 оны нэгдүгээр улиралд багтаан баталж гаргахыг... холбогдох байгууллагуудад даалгасан байна. Ийнхүү БНМАУ-ын Хүүхдийн Төлөө Фондын Төв Комисс хэмээх томоохон байгууллага бий болж, даргаар нь А.И.Цэдэнбал-Филатова томилогдон, Монголын хүүхэд багачуудын төлөө 20 шахам жилийн гэгээн сайхан үйлсээ зориулсныг ард түмэн сайн мэдэх билээ. Энэ цаг хугацаа бүхэлдээ төмөр замчид, хүүхэд багачуудын төлөө үйлсэд уг байгууллагынхантай мөр зэрэгцэн зүтгэсэн түүхэн он жилүүд байв. Тус комиссын орлогч даргаар 1980-аад оны төмөр замчин залуусын удирдагч, инженер-эдийн засагч Д.Пэлжээ цөөнгүй жил үр бүтээлтэй ажилласан. Шинэ цаг үед төр засаг Монгол Улсын Хүүхдийн төлөө санг сэрээн байгуулж, уг эрхэм үйлсэд төмөр замчид өмнөх түүхэн уламжлалаараа манлайлан оролцож, уг сангийн анхны хандивлагчдын тоонд багтсан нь чухамхүү нэр төрийн хэрэг юм.

Сэтгэгдэл үлдээх