Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-14

“И-ТАНДАЛТ УБТЗ” систем нэвтрүүллээ

Дэлхий нийт болон Монгол Улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус (Ковид-19)-ийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд нийгэмлэгийн шуурхай штабын захиалгаар “И-ТАНДАЛТ УБТЗ” системийг Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс (НРП) “Нэгтгэсэн тайлангийн систем (CoSS)”-тэй уялдуулан хөгжүүлж, Замын хэмжээнд нэвтрүүллээ. 
“И-ТАНДАЛТ УБТЗ” систем нь ажлын байранд ажиллаж буй ажилтнууд болон тусгаарлалтад орсон ажилтны тандалт, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой өдөр бүрийн “Эрүүл мэндийн асуумж”, Ковид-19-ийн батлагдсан тохиолдол, ойрын хавьтал, вакцинжуулалт, эмчилгээний талаарх мэдээллийг автоматжуулах зорилготой “Тандалт, бүртгэл” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн.
Энэхүү системийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Тухайлбал,
• Нийгэмлэгийн нийт 16600 гаруй ажилтны нэгдсэн мэдээллийн санг үүсгэж, дээрх мэдээллийн санд үндэслэн ажлын байрны халдварын тархалтыг бууруулах, хумих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бий болсон,
• Ковид-19-ийн нөхцөл байдлын тайлан, мэдээ үнэн зөв, шуурхай гардаг болсон (Батлагдсан, ойрын хавьтал, вакцинжуулалт г.м.)
• Батлагдсан тохиолдол, ойрын хавьтлын тандалт судалгааг хийж бүртгэлжүүлэн эргэн мэдээлэх, тайлан гаргах хугацаа 5-6 дахин буурсан,
• Системийг цаашид бусад халдварт өвчний тандалт болон хяналт, шалгалтын зорилгоор ашиглах, хөгжүүлэх боломжтой.
Хуваарийн дагуу ажлын байранд ажиллаж байгаа болон тусгаарлалтад орсон ажилтнууд нь гар утас, таблет, компьютер, нөүтбүүк зэрэг дурын төхөөрөмжөөс WWW.COSS.MN/COVID хаяг руу өөрийн регистрийн дугаараар нэвтрэн орж, өдөр бүрийн эрүүл мэндийн асуумжийг бөглөх юм. Өдөр бүрийн эрүүл мэндийн асуумжийг хэрхэн ашиглах гарын авлага, зааварчилгаа болон видео шторкийг “ABLE” системийн “ОЛОН НИЙТ” хэсэгт байршуулсан.
Тиймээс хариуцлагатай төмөр замчин та өдөр бүрийн асуумжаа бөглөж хэвшээрэй!

Сэтгэгдэл үлдээх