Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-22

“Цаглашгүй” хөгжимт жүжгийг тайзнаа тавина

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан манай уран бүтээлчид сүүлийн хоёр жилд томоохон хэмжээний шинэ уран бүтээл хийх боломжгүй байлаа. Гэхдээ бидний хувьд дээрх хугацаанд гараа хумхиад зүгээр суусангүй. 2020 онд лайв тоглолт зохион байгуулсан. Энэ онд “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, ахмад төмөр замчин, зохиолч сэтгүүлч Л.Сэнгээгийн цомнол, хөгжмийн зохиолч СТА Д.Батсүхийн хөгжим, Өмнөговь аймгийн ХДТ-ын ерөнхий найруулагч Г.Амартүвшингийн найруулгаар “Цаглашгүй” хөгжимт жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэлээ үндсэндээ эхэлж байна. Энэхүү уран бүтээл нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Дорноговь аймгийн Алтанширээд барьж буй Газрын тосны үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл явцыг өгүүлэхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх учиртай 27.5 км замын бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэсэн манай ЗЗМС болон төмөр замчдын ажил үйлс, хүсэл мөрөөдөл, амьдрал, ахмад залуу үеийн төмөр замчдын ган хэлхээг уран бүтээлээрээ мөнхлөн үлдээх зорилготой юм. 
-Өмнө нь, танай тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгийн үргэлжлэл гэж та яриандаа дурдаж байсан. Энэ тухай тодруулж болох уу? 
-“Цаглашгүй” хөгжимт жүжиг нь манай чуулгын тайзнаа 1998 онд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулан тавьсан “Нарны өртөө” дуулалт жүжгийн үргэлжлэл гэхэд болно. Уг дуулалт жүжигт төмөр замын коллеж төгссөн залуу инженер Ариунаа говийн “Наран” зөрлөгт томилогдон, тэнд ажил амьдралаа хэрхэн эхэлж байгаа тухай өгүүлдэг. Жүжгийн төгсгөлд, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Наран” зөрлөгийг түшиглэн Нефтийн үйлдвэр байгуулах болсон тухай гарч “Наран” зөрлөг “Нарны өртөө” болох нь гэсэн төмөр замчдын баяр хөөрөөр жүжиг өндөрлөдөг л дөө. Ингэж 20 гаруй жилийн өмнө төмөр замын уран бүтээлчид энэ том бүтээн байгуулалтыг зөгнөн мөрөөдөж, уран бүтээлдээ дүрсэлж байсан бол өнөөдөр тэр мөрөөдөл бодит ажил болчихсон, энэ тухай шинэ уран бүтээл хийж байгаа нь их л бэлгэшээлтэй хэрэг юм. Тухайн үедээ “Нарны өртөө” дуулалт жүжгийн цомнолыг Л.Сэнгээ бичиж, хөгжмийн зохиолчоор Сүхбаатарын Батмөнх, найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж нар ажилласан. Жүжгийн гол дүр Ариунаад манай гоцлол дуучин, СТА Л.Уранмандах тоглож байж.
“Цаглашгүй” хөгжимт жүжигт өртөөний дарга Ариунаагийн 20 гаруй жилийн дараах амьдрал, ажил үйлс гарах бөгөөд мөн энэ дүрд Л.Уранмандах тоглоно. Үүгээрээ “Нарны өртөө” жүжгийн үргэлжлэл болж байгаа юм. 
-Шинэ уран бүтээлд гадны уран бүтээлчид баг болж орж байгаа юм байна гэж ойлголоо?
-“Цаглашгүй” хөгжимт жүжгийн найруулагчаар ажиллах Г.Амартүвшин 2000-аад онд Төмөр замын Дуу бүжгийн чуулгад туслах найруулагч, найруулагч-менежерээр ажиллаж байсан. Мөн хөгжмийн зохиолч Д.Батсүх тэр үед энэ чуулгад хөгжмийн багшаар ажиллаж байсан. Ер нь, төмөр замын угшилтай авьяаслаг уран бүтээлчид ажиллахаар болсон. Үүнээс гадна бүжиг дэглээчээр Өмнөговь аймгийн ХДТ-ын бүжиг дэглээч Ж.Оюунбилэг, ерөнхий зураачаар сүүлийн үед бүтээлээрээ олонд танигдаж буй театрын залуу зураач Г.Батбилэг нар ажиллана. Мэдээж, шинэ уран бүтээлдээ манай уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. 
-Шинэ уран бүтээлээ хэзээ тайзнаа тавих вэ?
-Сүүлийн хоёр жилд цар тахлаас шалтгаалан уран бүтээл хийх боломжгүй байлаа. Гэхдээ энэ хугацаанд манай Соёлын ордны барилгад их засвар хийж байна. Гаднаасаа ч, дотроосоо ч тайз декораци, аккустик, гэрэлтүүлэг, лед дэлгэц гээд иж бүрэн шинэчлэл хийгдэж байна. Засвар энэ ондоо багтаад дуусах төлөвлөгөөтэй байгаа. Их засварын дараах шинэчлэгдсэн Соёлын ордныхоо тайзыг шинэ уран бүтээлээрээ нээх төлөвлөгөөг бид Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарт танилцуулсан. Мөн Соёлын яам Дэлхийн банктай хамтран “Соёлыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм билээ. Шинэ уран бүтээлээ энэ төсөлд хамруулахаар зохих материалыг бүрдүүлж явуулсан. Энэ дашрамд, хүнд хэцүү цаг үед зардал төсвийг гарган Соёлын ордонд иж бүрэн их засвар, хөрөнгө оруулалт хийж өгч байгаа Замын захиргаандаа уран бүтээлчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Мөн “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ бидний уран бүтээлийг дэмжиж хамтран ажиллаж байна.
Эцэст нь хэлэхэд, манай төмөр замын Соёлын ордон 1958 онд анх байгуулагдаж, 1991 онд Дуу бүжгийн чуулга болж өргөжсөн бол 2015 онд бүтцийн өөрчлөлтөөр Соёлын ордон, 2018 онд Соёл урлаг, спортын төв /СУСТ/ болон “Замчин” спорт клубтэй нэгдэж, Замын хэмжээний урлаг соёл болон спортын бүх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ирсэн. СУСТ болсноос хойш анхны бие даасан тайзны томоохон уран бүтээл тавихаар ажилдаа орж байна.

Сэтгэгдэл үлдээх