Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-08

Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллана

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Дотоод хэргийн их сургуулийн захирал П.Батбаатар нар баталгаажуулж гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар зөвхөн төмөр зам төдийгүй зам, тээврийн салбарт гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба болон Төмөр замын дээд сургууль нь Дотоод хэргийн их сургуультай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солиолцох зэрэг өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны үүд хаалга хоёр байгууллагын хооронд нээгдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд шинэ төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буйтай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа хүмүүс, төмөр зам дагаж суурьшсан иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, хоёр байгууллагын үйл ажиллагааг харилцан сурталчилах, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх аюултай ачааны тухайд харуул хамгаалалтын ажилтнуудыг мэргэшүүлж сургах, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын гэр бүлээс төмөр замын мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, төмөр замчны хүүхдүүдээс Дотоод хэргийн их сургуульд суралцахаар бол холбож өгөх зэрэг олон чиглэлийг дээрх санамж бичигт тусгажээ. 
Санамж бичиг байгуулах ёслолд, Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Замын даргын зөвлөх Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Гавьяат хуульч, доктор, профессор, цагдаагийн хурандаа М.Батаев, Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ, Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, Гадаад харилцааны албаны дарга Д.Нарантуяа, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Д.Гантөмөр, Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс байлцлаа. Мөн уулзалтын хүрээнд хоёр талын төлөөлөл Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн халуун яриа өрнүүлэв. 

Сэтгэгдэл үлдээх