Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

Вагончид цаг үеийн хүндрэл, ажлын ачааллыг ажралгүй давж байна

Вагон ашиглалтын депогийн хамт олон оны эхний таван сарын байдлаар 17.338 галт тэрэг явуулж, 16.897 галт тэргэнд техникийн бүрэн үзлэг хийн хүлээн авчээ. Энэ нь, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр таван хувиар давсан үзүүлэлт юм. Мөн 1.600.480 вагонд техникийн бүрэн үзлэг хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Түүнээс гадна өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар илүү буюу 128.430 вагоныг ачилтад бэлтгэж, 1827 вагонд салгалттай урсгал засвар үйлчилгээ хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос таван хувиар өссөн дүн аж. Түүнчлэн, 5823 вагонд салгалтгүй техникийн урсгал засвар хийж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлт аж. Хилээр хүлээж авсан галт тэрэгний тухайд Наушки-Сүхбаатар өртөөгөөр 826 галт тэрэг буюу 24, 37.744 вагон буюу 28 хувиар өссөн дүнтэйг тус тус хүлээн авчээ. Эсэргээрээ буюу Оросын талд 865 галт тэрэг буюу 22, 37.720 вагон буюу 28 хувиар өссөн дүнтэйг хүлээлгэн өгч ажилласан байна. Зуны тээвэрт бэлтгэх чиглэлээр тус депогийн хамт олон Замын даргын А-279 тоот тушаалаар УБТЗ-ын эзэмшлийн 2161 ачааны вагонд ТР-2 засвар үйлчилгээ хийжээ. Мөн үүнээс гадна хувийн хэвшлийн 11 компанийн 1348 вагоныг ТР-2 завсарт оруулсан байна. Ингээд нийтдээ 3509 вагоныг дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 1-ний хооронд зуны тээвэрт бэлтгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээр дурдсанчлан транзит галт тэрэгний тоо үлэмж өссөн бөгөөд үүний дотроос чингэлгийн галт тэрэгний тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, чингэлэг тээврийн галт тэрэг өмнөх оноос 15, вагоны тоо долоо хувиар тус тус өссөн байна. Үүнтэй холбоотойгоор вагон үзэгч нарын ажлын ачаалал нэмэгдсэн учраас Вагон ашиглалтын депогоос технологийн процессийг шинэчилж буй юм. Тухайлбал, Сүхбаатар ТҮГ-ынхан шинэчилсэн технологиор ажиллаж байгаа гэнэ. Хятадын талаас ОХУ руу хүлээлгэн өгч буй чингэлгийн галт тэрэгний тоо өмнөх оны мөн үеийнхээс 62, вагоны тоо 49 хувиар тус тус өсжээ. Ийнхүү тус депогийн ачаалал эрс өссөн ч вагончид эхний таван сараар ямар нэгэн гологдол зөрчилгүй ажиллаж байгаа гэдгийг тус депогийн удирдлага онцолсон юм. Ажлын ачааллаас гадна цар тахлын нөхцөл байдал вагончдод ихээхэн хүндрэл учруулсан байна. Гэсэн ч тэд энэ хүндрэлийг ажралгүй давжээ. Энэ талаар тус депогийн дарга Б.Наранбат “Хэдий цар тахлын хорио цээрийн үед вагон үзэгч нар заавал ажлын талбартаа үүрэг гүйцэтгэх шаардлагатай учраас манайд ихээхэн хүндрэл тулгарсан. Тухайн үед бид Сүхбаатар, Улаанбаатар, Замын-Үүд өртөөдөд гурван ээлжийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ тоог цөөрүүлж тусгаарлалтын горимоор ажилласан. Манай вагончид хоёр сарын хугацаанд энэ зохион байгуулалтаар үүрэг гүйцэтгэсэн. Бусад ТҮГ-д УОК болон УБТЗ-ын ГХШ-аас өгч байгаа заавар зөвлөмж, Замын даргын тушаал шийдвэрийн дагуу ээлж, ажил хүлээлцэх журмыг тусад нь боловсруулаад явсан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлийн журамыг одоо хүртэл мөрдсөн хэвээр байна. Цар тахлын нэгдэх давалгааны үеэр Сүхбаатар ТҮГ-т хүн хүч хүрэлцэхгүй болсон учраас Ерөө, Зүүнхараа, Улаанбаатар ТҮГ-аас вагон үзэгч нарыг томилон ажиллуулсан. Хэдий ийм хүндрэлтэй нөхцөл үүссэн ч манай вагончид хүлээсэн үүрэг, эзэмшсэн мэргэжилдээ үлгэр жишээ байж, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг бүрэн хангаж чадсан” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх