Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-19

Б.Зангад: Сайхан сэтгэл, уян хатан чанар бол амьдралд их хэрэгтэй дээ

-Танд цагаагчин үхэр жилийн зуны эхэн сарын шинийн нэгний билэгт өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа?
-Өнөөдөр сайхан өдөр байна. Ахмад уран бүтээлч намайг хүндэтгэн сониндоо урьсанд талархаж, эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа, ялангуяа онцгой дэглэмийн хүнд үед улсын хойд хилээс өмнөд хил хүртэлх төмөр замаар тээврийг тасралтгүй гүйцэтгэж, ард түмнийхээ бүхий л хэрэгцээг хангаж байгаа төмөр замчдадаа баярлаж буйгаа илэрхийлье.
-Хэдэн жилийн өмнө, та “Би төмөр зам, төмөр замчидтай их ойр хүн” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурсаж байсан санагдаж байнаа?
-Уг нь, би Ховд аймгийн хүн шүү дээ. Намайг 4,5 дугаар ангийн сурагч байхад Л.Мөрдорж гуайн ая, Ч.Лхамсүрэн гуайн үг алдарт “Ган зам” дуу гарч байлаа. Дунд сургуулийн жаахан хүү би төмөр зам гэдгийг үзээгүй, хараагүй хэр нь энэ дуугаар төсөөлөн дуулдаг байлаа. 
“Ган зам” дууны анхны үгийг цаг үе, улс төрийн шалтгаанаар хэд хэд зассан юм билээ. Анх бол би
...Москва Бээжинтэй 
Монголын нийслэлийг холбоод
Ган зам зурайн гялалзаж
Галт тэрэг хурдалж явнаа...
...Энэ бол Сталины бэлэг
Эд товарын өргөн тээвэр... гэдэг үгээр нь сураад дуулсан л даа. 
Хожим энэ домогт уран бүтээлийг хийсэн Л.Мөрдорж, Ч.Лхамсүрэн, анх дуулсан Л.Цогзолмаа гуай нарынхаа нөмөр нөөлөгт Монголын урлагийн тогоонд хамт аж төрж амьдарч явлаа.
1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид, сайн дурын уран сайханчдын хэсэг наадмын арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн юм. Ховд аймгаас 1500 км зам туулж, машинаар бараг хагас сар шахам явж ирж билээ. Тэгэхэд биднийг Налайхад аваачиж, нарийн төмөр замтай танилцуулахад, төмөр зам, галт тэрэг гэдгийг хамгийн анх нүдээр үзсэн. Хөдөөгийн дунд сургуулийн сурагч мань мэтэд бол вагон гоё гэдэг жигтэйхэн. Налайх хот хоёрын хооронд явдаг өөд өөдөөсөө харсан шар модон сандлуудтай модон вагонд суусан минь зүүд зэрэглээ шиг сонин байлаа. Ёстой сансарт нисэж байгаа юм шиг л сэтгэл хөөрч байсан даа. Нутагтаа очоод хүмүүст “Төмөр замаар явдаг машинд сууж үзлээ” гээд л ярьж өгсөн дөө. 
Дараа нь 1955 онд Варшав хотод болсон Дэлхийн залуучууд оюутны V их наадамд оролцохоор явахдаа эх орны өнцөг булан бүрээс цугласан авьяаслаг залуустай хамт, тэр агуу хөгжмийн зохиолч, яруу найрагч, удирдаач нартай галт тэрэг хөлөглөөд хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлсан. Тэр үед хүмүүс “утаат вагон” гэж ярьдаг сан. Хар утаа хаялаад явдаг болохоор тэгж ярьдаг байсан байх. 
Сургуулиа төгсөж ирээд төмөр замын тосгонд хэдэн жил аж төрсөн хүн. Ингээд бодохоор энэ том байгууллага надад их ээлээ өгсөн гэж ярьдаг маань учиртай шүү.
-Харин тиймээ, таны тэр яриаг тод санаж байна. Хаа байсан баруун хязгаар нутгийн хүн ингэж ярихын учир юу билээ гэх сониуч зан хөдлөөд ...
-1961 онд сургуулиа төгсөөд ирэхэд миний ах Баартуугийн Дамдин УБТЗ-ын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Ахынх маань Төмөр замын техникумын баруун талд байх хоёр давхар шар байшингийн зүүн талын орцонд. Тэр үед орон сууц цөөн гурван өрөө байранд гурван айл амьдарна. Дөнгөж сургууль төгссөн надад байр орон сууц гэж ямар золиг нь байх вэ. Ирээд ахындаа амьдрахгүй юу. Тэр байрны подвальд танай Хэвлэх үйлдвэр ажилладаг сан. 
Тэгтэл хоёр жилийн дараа ах маань Комсомолийн дээд сургуульд сурахаар явлаа. Ах сургуульд явсан тул төмөр замын байрыг суллаж өгөхөөс аргагүй боллоо. Гэтэл очих байр сууцгүй хүн чинь хаачих билээ. Москвагийн оюутан цагийн найз нар дунд Төмөр замын дээд сургуулийн оюутнууд ч байсан. Онцолж хэлэхэд, төмөр замын нэгдүгээр дарга Н.Цэрэнноровтой сайхан үерхэж нөхөрлөж явсан. Оюутан цагийн найзын хувьд түүн дээр түрүү бариад орлоо доо. Учир байдлаа хэлэхэд минь намайг тэр байрандаа хоёр жил суухыг зөвшөөрсөн. Энэ бол маш том тус шүү дээ. Тэгэхдээ “За Зангад минь 1964 онд байраа суллаж өгөөрэй. Ах чинь төмөр замд ажиллаж байсан учраас манай хамт олон чамд туслаад хоёр жил суухыг зөвшөөрлөө” гэж билээ. Тэгээд бид 1961-1964 онд төмөр замчдын байранд амьдарсан. Тиймээс төмөр замыг, төмөр замчдыг амьдралд минь их тус нэмэр өгч, өгөөж буянаа хайрласан гэдэг маань ийм юмаа. 
Социалист хөдөлмөрийн төлөө бригадыг санаачлагч Хөдөлмөрийн баатар Г.Мандахтай найз нөхөд явлаа. Хожим Р.Раш даргатай ойр дотно болсон. Бас л ажил төрөлд минь их туслалцаа дэмжлэг үзүүлсэн буянтай хүн дээ. Замын II ангийн замчин Жамсранжав гуай гэж Сүхбаатарын одонт мундаг өвгөн байсан даа. Манайхан айл хөрш. 
Мөн Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга Д.Гэсэржав гэж Монгол Улсынын гавьяат тээвэрчин домогт хүн байлаа. Урлагийн ажилтны холбоонд байхдаа депод долоо хоног бүр урлаг соёлын алдар цуутай хүмүүсийн нэрэмжит өндөр бүтээлийн өдрүүдийг зарлана.  
-Хоёулаа ярианы сэдвээ таны уран бүтээлч болох замын эхэнд аваачъя. Таныг дунд сургуулиа төгсөлгүй Москва руу оюутан болоод явсан гэдэг
-Тиймээ, Монголын урлагийн бурхадын нөмөр нөөлөгт л насаараа сурч, ажиллаж амьдарч ирсэн хүн дээ.
Есдүгээр ангид байхдаа Дэлхийн залуучуудын урлагийн их наадамд оролцож ирээд нутаг руугаа буцаагүй. Учир нь, Ардын ансамбльд дуучнаар орох санал ирсэн юм. Тэгэхэд би Ардын ансамблийн удирдах хүмүүст намайг ирэх жил сургуульд явуулж өг гэсэн хүсэлт тавьж, тэд зөвшөөрсөн. Дунд сургуулиа дүүргээгүй хүн чинь газарзүй, физик, хими, математикийн шалгалтад ангайж сууж байгаад хоосон цаас өгөөд гарахаас аргагүй байлаа. Манай аймгийн харьяат Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Э.Чойдог бид хоёр хамт шалгалтад орсон юм. Тэр маань бас шалгалтад уначихсан. Сургуульд явах хүүхдүүдийн жагсаалтаас бид хоёр хасагдчихлаа. Тэгэхэд Л.Ванган багш Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд байсан үе. Л.Ванган багш маань Төв хороо, Засгийн газар руу “Бид физик, химийн багш бэлтгэж байгаа юм биш ээ. Авьяастай хүүхдүүдийг сургах гэж байна” гэж ярьж, ойлгуулснаар 1956 онд Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн дуулаачийн ангид сурахаар болсон юм. 
Биднийг явахаас өмнө улсаас 1500 төгрөг өглөө. Тэр мөнгөөр цамц, өмд, малгай, ороолт, пальто гээд өвөл, хавар, намар өмсөх бүх хувцсаа бэлтгэлээ. Ганцхан гутал авч чадсангүй. Ах минь хөөрхий муу дүүгээ дагуулаад зөндөө их дэлгүүр хэссэн ч гутал олж чадаагүй юм. Тэгээд ул нь цоорсон сандаалтайгаа явлаа. Галт тэргэнд суусан бүх хүн шинэ гуталтай. Нэг купенд дөрвүүлээ. Тэдэн дотор нэг муухай сандаал явж байсан нь минийх. Гэхдээ би тарчиг амьдралд өссөн болохоор ийм зүйлд гунихгүй шүү дээ. Тухайн үеийнхэн нэгнийгээ өмссөн зүүснээр нь ялгахгүй нь сайхан. Москвагийн намар бороо элбэгтэй, их сэрүүхэн. Сургууль маань байртай ойрхон болохоор эхний хэд хоног сургуультайгаа танилцах гээд байнга сургууль орно. Бас орчин тойронтойгоо танилцах гэж гадуур их явсан. Нэг өдөр мэргэжлийн шалгалттай гээд сургууль дээр дуудлаа. Тэгээд би “Тунгалаг Буянт” бас нэг орос дууны нот барьчихсан сургууль руугаа очлоо. Тэр өдөр их бороотой. Нөгөө цоорхой ултай сандаалтайгаа ус гоожуулан тайзан дээр гарч удирдаач эгчид нотоо өгч дуугаа дуулчихаад буцаад явсан тайзны нөгөө гоё шалан дээгүүр баавгай явсан юм шиг мөр гарчихсан байж билээ. Тэр шалгалт бэлтгэл ангид орох уу, нэгдүгээр курст орох уу гэдгийг шийдэх юм. Шалгалтын дүн гарч нэгдүгээр курст орохоор болчихоод баярлаад л байр руугаа ирлээ. Сандаалаа тайлж тавьчихаад орон дээр сууж байтал өрөөнд хамт байдаг тавдугаар курсын ах миний гутал руу хараад нэг юм хэлээд байна. Бодвол “Чи гутлаа солихгүй юм уу” гэж байгаа бололтой. Би орос хэл сайн мэдэхгүй болохоор “Рубль нет” л гэлээ. Тэгсэн намайг дагуулаад нэг гутлын дэлгүүр рүү орлоо. Надад хавар намрын гутал авч өглөө. Тэр гутлыг өмсөхөд байранд халаалт ирэхэд пүн гээд л гоё болдог шиг мэдрэмж төрж билээ. Би хуучин сандаалынхаа уланд зан тавиулаад өмсчих санаатай авах гэхэд нөгөө ах хогийн сав руу хаяулсан. Улаанбаатараас Москва хүртэл өмсөж ирсэн цоорхой шаахайтайгаа харцаараа салах ёс хийгээд гарсан даа. Ядуу тарчиг амьдрал хүнийг хүмүүжүүлж, хатуужуулдаг юм шүү. Тэгээд оюутныхаа стипендээ аваад гутлынхаа мөнгийг төлж билээ. 
-Манай урлагийн алдартнуудын ихэнх нь Орос гүрний урлагийн эрдмээс сурч, эзэмшсэн “школа” нь өнөө ч тасраагүй явна шүү дээ? 
-Үнэхээр тийм шүү. Тухайн үед Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншарав, “Алтан гургалдай” гэгддэг Ардын жүжигчин А.Загдсүрэн, Ардын жүжигчин, Төрийн шагналт “Халуун элгэн нутаг” дууны автор Ц.Намсрайжав гуай, хөгжмийн агуу зохиолч Э.Чойдог нартай хамт сурсан. Э.Чойдог бид хоёр 1956 онд хамт очсон. Гэхдээ би тэднээсээ тусдаа өөр оюутны байранд. Тэгтэл оюутны байрны жижүүр “Найзын чинь бие чилээрхүү байна. Ирж уулз гэж хэлүүлсэн” гэлээ. Тэр нь Э.Чойдог гуай байхгүй юу. Бид хоёр 10 насны зөрүүтэй хэрнээ үе юм шиг чи, би гэж нөхөрлөнө. Яваад очтол царай нь цонхийчихсон орондоо хэвтэж байна. Э.Чойдог маань “Хар шөл уумаар байна” гэнэ. Би ч “Найз нь одоохон хонины мах олоод ирье” гээд гараад гүйсэн чинь тэр өдөр гайтай юм шиг хонины мах олддоггүй. Аргаа ядаад гахайн өөхгүй мах аваад очлоо. Түүгээрээ оюутны дотуур байрны гал тогоонд сонгино, сармис, давс, перцээр амтлаад шөл хийгээд өрөөнд нь оруулж өглөө. Э.Чойдог маань орон дээрээ өндийж суугаад өнөөх шөлийг уугаад, хөлс нь гарч “Хонины мах гэсэндээ өөр байна шүү” гээд дуу шуу орж билээ. Бид тэгж хүний нутагт нэг нэгэндээ сэтгэлээрээ дэм болж явсан даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж үнэн шүү. 
-Намрын улирлыг “Алтан намар” дуу, та хоёргүйгээр , төсөөлшгүй. “Багшаа дуулъя”, “Сүлд модны наадам”, “Жаргаах зүрхэн” гээд ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээрээ та түмэнд танигдсан нь насны бахархал гэж бодож байна?
- Бахархалтай байлгүй яахав, өөрийгөө гэхээс илүү уран бүтээл минь илүү үнэтэй юм даа. Би Монголын урлагт их удаагүй л дээ. Далан жил л болж байна. Ер нь, уран бүтээлч хүнд урын сангийн мэдрэмж их чухал юм байна даа гэж бодогддог. Намрын улирал хүний амьдралд хэдэн арван удаа тохионо. Ертөнцийн дөрвөн улиралтай дөрвүүлэнтэй нь золгоно шүү дээ. Хүн бүхэн багштай. Багшаар эрдэм заалгаагүй хүн гэж үгүй. Он солигдох мөч хүн төрөлхтөнд жил бүр тохиодог онцгой мөч. Тийм учраас мөнхийн сэдвийг олж дуулах чухал байж дээ гэж насны өндөрлөг дээрээс эргээд бодож сууна. Залуучууд маань миний дуунуудыг дуулж байна. Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёртойгоо “Сүлд модны наадам” дуугаа хамтран дуулж, С.Гончигсумлаа багшийнхаа мэндэлсний 115 жилийн ойгоор клип гаргасан. Шинэ жил болоод “Сүлд модны наадам” дууны ая яваад, хүүхэд залуучууд дуулж байвал сэтгэл их огшино шүү. Н.Жанцанноров, Д.Цэдэв хоёрынхоо “Алтан намар” дуундаа клип хийлгэсэн. Ж.Бадраа, Ш.Эрдэнэбат хоёрынхоо “Багшаа дуулъя” дуундаа мөн клип хийлгэлээ. Хүнд үр хүүхэд нь эрхэм байдаг шиг уран бүтээлчид бол гаргасан уран бүтээл нь төрсөн үр хүүхэд шиг үнэтэй. Түүн дотроос онцлоход 1954 онд наймдугаар ангийн сурагч байхдаа анх тайзан дээр гарч бие дааж дуулсан дуу минь Ч.Балдан ахын ая, Д.Лхашид ахын үг “Тунгалаг Буянт” шүү дээ. Энэ дууг Л.Ванган багш, Д.Лувсаншарав багш нар минь намайг гололгүй “Нутгийнхаа дууг сайн дуулж нийслэлчүүдэд хүргэх хэрэгтэй” гээд өгч байсан юм. Би ч хичээж дуулсан. Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн шалгалт дээр ч дуулсан. Уран бүтээлийн замаа энэ дуугаар эхэлсэн болохоор нутгийн минь уул ус хүүгээ харсан байх даа гэж бодогддог. 
-Та хэзээний л ийм гоё хүн байсан. Одоо ч хэвээрээ байна?
-Ээ, буруу хойшоо доо. Олны хүчээр л өдий зэрэгт хүрсэн. Би төрөлхийн гоё ганган амьтан байгаагүй ээ. Гурван настайдаа ээжээсээ өнчирч үлдсэн. Аав нялх дүүг минь эхлээд айлд өргүүлчихээд ах бид хоёр өвдөж зовоод байхаар аль нэгийг нь ч гэсэн амьд мэнд авч үлдье гээд намайг айлд өргүүлэх гэж л дээ. Тэгээд намайг гурав, дөрвөн ч айлд авч очиж. Бүгд намайг голоод аваагүй гэдэг. Хоёр гар нь сайраар хуяглагдчихсан, нус, шүлсэн бурантагтай, чихнээс нь нойтон булаг энгэр рүү нь гоождог хүүхдийг хүн болно гэж бодоогүй байх л даа. 
Ямар сайндаа ах минь намайг “Миний дүү багадаа мөн ч муухай хүүхэд байж билээ” гэж цаашлуулдаг сан. Ер нь, соёлтой орчинд соёлын шимийг хүртэнэ гэдэг их зол завшаан байсан даа. Миний багш ЗХУ-ын ардын жүжигчин, Большой театрын дуучин Анна Александровна Салавенно гэж настай хүн байсан. Багш минь намайг хүмүүжүүлсэн дээ. Цамцаа орой болгон угааж, өглөө нь оюутны ширмэн индүүгээр индүүдэж өмсөнө. Зангиаг хүзүүнээсээ салгахгүй. Гутлаа гялалзтал тосолно. Хүнтэй харьцах, мэндлэх, хоол хүнсээ хүртэл хэрхэн зохицуулахыг минь хүртэл багш минь бага залууд тархинд минь сайн суулгасан даа. Бид сургуулилт хийчихээд ангиас гарахдаа багш руугаа нуруугаа харуулж гарахгүй, хойшоо ухарсаар ухарсаар гарахдаа толгой дохиж талархснаа илэрхийлнэ. Амьдралд ороод ирэхээр ханийн буян гэж их шүү дээ. Хань минь их нямбай, чамбай хүн. Намайг өөд татаж, хувцас хунарыг минь хүртэл цэгцэлж, намайг өнгөтэй өөдтэй явахад минь бүхнээ зориулдаг. Хоол ундыг минь хүртэл тааруулж өгнө. Хоол аягалаад өгвөл идчихээд эхнэр рүү харахад нүүр өгөх шинжгүй байвал босоод аяга, халбагаа угаахаар явна. Нүүр өгвөл жаахан нэмүүлнэ. Тэр өдөр намайг хэр хэмжээтэй хоол идэхийг энэ хүн мэддэг байхгүй юу. Хоол идэхэд хүртэл ухаан хэрэгтэй гэнэ. Тоглолтод явахад тоглолтын гутал, хувцсыг бүгдийг жин тан бэлтгэчихнэ. Би тоглолтын хувцсаа өмссөн бол суудаггүй байсан. Өмд үрчийчихнэ шүү дээ. Хэзээ миний номер зарлана, тэр үед гарч дуулчихаад сая сууна. Энэ бол уран бүтээлч хүн үзэгчдээ, өөрийгөө, бас тайзаа хүндэтгэж байгаа хэрэг л дээ. Тайзны соёл гэдэг чинь агуу соёл юм шүү. Урлагийн ариун сүмд маажгий гуталтайгаа орчихоод балмад зан гаргаад яваад байж болохгүй шүү дээ. С.Гончигсумлаа гуай Москвагийн консерватурт сурч байхдаа сургуулийнхаа гадна хаалгаар ороод л малгайгаа авдаг байсан гэдэг. Тийм хүмүүжлээр явсаар насны өндөрлөгт ирлээ дээ. Өнөөгийн хүүхэд залуусын өмсөж зүүх нь элбэг, амьдралын түвшин өөр болж. Мөнгө нь л байвал бүх зүйл нь бэлэн. Гэхдээ хүн үнэтэй хувцас өмссөнөөрөө гоё ганган болохгүй. Хамгийн гол нь, сэтгэл ариунтай байх хэрэгтэй. Сайхан сэтгэл, уян хатан чанар бол амьдралд их хэрэгтэй дээ. Хүнд хатуурхаж, зиндаархаж хүн гомдоовол, өөрөө ч шанална. Тийм зүйл хэрэггүй. Амьдрал аяндаа ухаан суулгана даа. Хүн гаднаа ч, дотроо ч цэвэр ариун байх ёстой юм. Тэгж байж тохироо бүрдэх байх л даа. Нийгмийн дунд хүн биеэ зөв авч явах нь нийгэмд хэрэгтэй эд. Үүнийг ярьж байтал гэнэт нэг хувийн дурсамж санаанд орж ирлээ.
2003 онд Тангадын Галсангийн цолны найранд уригдаад очих гэж гэрээсээ гараад автобусны буудал дээр зогсож байтал надаас нэлээд зайтай, алсхан гоё цэмцгэр хүн зогсоод байх юм. Би дотроо “Энэ хүн хувцсаа яасан сайхан тааруулж өмсөө вэ. Автобусанд орохоор нь ойроос хараадахъя. Ямар сайхан хүн бэ” гэж бодоод харж байтал ах маань. Миний ах тийм гоё хувцасладаг хүн шүү дээ. Тэгэхэд би ахыгаа хамгийн сүүлийн удаа харсан нь тэр байсан юм. Ахтайгаа дахиж уулзаагүй.
За ингээд яриагаа өндөрлөх үү дээ. Намайг урьж ярилцсан эрхэм дүү нартаа баярлалаа. Та нартаа сайн сайхныг ерөөе!
-Цаг зав гарган сайхан түүх ярьж өгсөн танд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх