Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-27

Замын дунд засвар ирэх сарын 10-аас эхэлнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын 416.1 км замын 195 км гол замыг ЗЗМС-ын инженер, техникийн ажилтан, замчид барьж, галт тэрэгний хөдөлгөөнд нээх бүтээн байгуулалтын нөр их ажлыг Замын аж ахуйн алба, Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 06-нд ЗЗМС-ынхан 195 километр гол замын үеийг холбож дуусжээ. Өнөөдрийн байдлаар (дөрөвдүгээр сарын 26-ны) 172 километр замыг ХДВ, ЭЛБ-4с, ВПО-3-3000 машинуудаар бүрэн балластжуулаад байна. Мөн 106 километр замд ВПР, ВПРС машинууд ажиллуулж, замыг өргөж чигжих, чиг татах, нарийн засварын ажлыг гүйцэтгэжээ.
Өнөө жил УБТЗ-ын хэмжээнд 80 километр замд их засвар хийхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд ЗЗМС-ын Салхит дахь Үе угсрах баазын хамт олон 10625 погон метр АРС бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй үе угсраад байна. Мөн өртөө, зөрлөгийн зам уртасгалтад шаардлагатай модон дэртэй, Р-50 зам төмөртэй, 18 километр хуучин үе сэргээн хадах ажлыг Толгойт дахь бааз, Салхитын Үе угсрах баазад Замын I, II, VI ангийн замчидтай хамтран гүйцэтгэж байгаа аж. Одоогоор 5925 погон метр үе сайжруулан, бэлэн болгожээ. Мөн их засварт ажиллах машин механизмын засвар 80 хувийн гүйцэтгэлтэй явна. “Ирэх сарын 10-наас Замын II ангийн хэсэглэлд дунд засварын ажил эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна” гэж ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх