Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

Таван жилийн хугацаанд 25 гармыг жишиг болгон тоногложээ

Төмөр зам, авто замтай огтлолцсон хэсэг буюу гармаар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, ард иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж дэлхий дээр жилд 6000 орчим хүн амь насаа алддаг гэсэн баримт бий. Энэ ч утгаараа төмөр замын гарам дээрх ослыг бууруулах зорилгоор Олон улсын төмөр замуудын холбооны санаачилгаар түүний гишүүн төмөр замуудын хэмжээнд “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сард зохион байгуулдаг уламжлал тогтоогоод 13 дахь жилээ үдэж байна. УБТЗ ХНН-ийн хувьд 2011 онд Монгол Улсаа төлөөлөн Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-нд анх элсэж, идэвхтэй гишүүн нь болсон түүхтэй. Улмаар, анх удаа 2013 оны тавдугаар сарын 07-нд “ЗОГС! Галт тэрэгнээс болгоомжил” гэсэн уриатайгаар дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээс эхлэн жил бүр 4-5 гармыг жишиг гарам болгон тохижуулж ирсэн. Энэ жилийн тухайд “АНХААРАЛ БОЛГООМЖ ТАНЫГ АВАРНА” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үйл ажиллагаа энэ сарын 10-ны өглөө 407 дугаар км-ийн гармын жижүүр Т.Пүрэвсүрэнг “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнаснаар эхэлсэн юм. Тэрбээр, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяраас шагналаа гардан авах үеэрээ ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байсан юм. Түүнийг УБТЗ-д 26 дахь жилдээ ажиллаж байгаа хамгийн туршлагатай гармын жижүүр гэдгийг ангийн удирдлага нь онцолно билээ. Үүний дараа гол замын 452 дугаар км буюу Баян өртөөний гармыг жишиг гарам болгон тохижуулсныг албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр, Тээвэр зохион байгуулалтын ерөнхий ижненер Л.Бямбасүрэн, Замын II ангийн дарга Д.Алтангэрэл, Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү нарын удирдлагууд болон Баян өртөөний төмөр замчид, орон нутгийн төлөөлөл оролцов.

Гармын эрсдлийг бууруулах ажлыг жил бүр үргэлжлүүлнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр гармын өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Жишиг гармыг бүтээн байгуулж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн гарам харьяалагдаж байгаа орон нутгийн удирдлага, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар болон манай төмөр замын мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд жил бүр хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулдаг гэдгийг цохон тэмдэглэе. Энэ жилийн “Гармын мэдлэг дээшлүүлэх өдөрлөг”-ийг Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа тулгуур өртөөд хариуцан зохион байгууллаа. Баян өртөөний гармыг жишиг болгох ажилд Замын II анги, Дохиолол холбооны II анги, ЭХУХ-ийн нэгдүгээр ангийн инженер техникийн ажилтнууд зэрэг олон хүн хамтын хүчээр оролцсон. Өнөөдөр (Пүрэв гараг) энэ гармаас гадна Сайншанд-Зүүнбаян хоорондын 7 дугаар км-ийн гарам, Замын III ангийн 727 дугаар км-ийн гарам, 97 дугаар км-ийн гарам, Эрдэнэтийн замд мөн нэг гармыг тус тус жишиг гарам болголоо. Тиймээс эдгээр ажилд оролцсон бүх хүнд халуун талархал илэрхийлье” гэлээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд УБТЗ-ын хэмжээнд нийт 25 гармыг хяналтын камер, галт тэрэгний автомат зарлан мэдээлэгч, лед гэрэл, мал хоригч, чиглэл заагч болон гол замын ачаалал ихтэй эрсдэлтэй гармуудыг сөхөгддөг УЗП хаалтаар тоногложээ. Үүнээс гадна гармын автомат дохиоллыг хөндлөн консоль дээр байрлуулан үзэгдэлтийг сайжруулах зэрэг ажлыг хийсэн байна. 
Жишиг гармыг нээх үеэр Замын II ангийн дарга Д.Алтангэрэл “Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг угтаж ангийн хэмжээнд хийсэн ажлаа товч танилцууллаа. Тэрбээр “Манай ангийн хэмжээнд нийт 27 гарам бий. Үүний 11 нь жижүүрийн, 10 нь жижүүр болон дохиоллын зохицуулалттай. Мөн эдгээр гармаас 12 нь нийтийн хэрэглээний, бусад нь дагнасан хэрэглээний зориулалтаар ашиглагддаг. Бид гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж, Мандал өртөөний 313 дугаар км-ийн гармаас Мааньтын салбар замын гарам хүртэлх бүх гармуудынхаа засвар, арчилгааг хийлээ. Мөн 396, 404, 405, 407 дугаар км-ийн гармуудын шалавч, сараалжийг иж бүрэн сольсон. Түүнээс гадна Дархан-Улаанбаатар хоорондын замын техникийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд 361 дүгээр км-ийн гармын шалавчийг резинэн шалавчаар сольж, УЗП хаалт хийлээ” гэв.

452 дугаар км-ийн гармын ачаалал цаашид улам нэмэгдэнэ
Мөн өдөрлөгийн хүрээнд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын II ангийн гармын жижүүр Н.Байгаль, XVII хэсгийн гармын жижүүр Д.Пагма, Дохиолол холбооны II ангийн ерөнхий инженер Ө.Бат-Эрдэнэ, шугамын механикч Д.Пүрэвбаатар нарыг, мөн Дохиолол холбооны шалган турших тасгийн механикч Я.Төмөрбат нарын нэр бүхий хүмүүсийг мөнгөн шагналаар тус тус шагналаа. Түүнээс гадна цэцэрлэгийн багачууд, сурагч нарын дунд зарласан гар зургийн уралдааны шилдгүүдийг тодруулсан юм. 452 дугаар км-ийн гармын жижүүр Д.Пагма “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулсныхаа дараа “Би 1998 онд анх төмөр замчин болсон. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Замын II ангид хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөснийхөө үр дүнд ийм сайхан шагналыг хүртсэндээ маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ гармаар хоногт 100 гаруй автомашин зорчдог
452 дугаар км-ийн гармаар хүнд даацын авто машин олон гардаг учраас ачаалал өндөртэйд тооцогддог. Энгийн үедээ л гэхэд энэ гармаар хоногт 100 гаруй авто машин өнгөрдөг аж. Баян өртөөний дарга Б.Ариунболд “Одоогоор цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан харьцангуй бага ачаалалтай байгаа ч цаашдаа үйлдвэрүүдийн үйл ажиллагаа улам эрчимжих учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Мөн дээрээсээ уруудсан чиглэлээс машин хурдтай орж ирдэг тоормос алдах эрсдэлтэй. Тиймээс энэ гармыг жишиг болгон тохижуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, авто ослыг ч бууруулах ач холбогдолтой ажил болж байна” хэмээн ярилаа. УБТЗ-ын хэмжээнд гармуудын техникийн найдвартай байдлыг сайжруулж, эрсдэлийг бууруулахаас гадна иргэд олон нийтэд гармын тухай ойлголтыг өгөх зорилгоор өдөрлөгийн хүрээнд төмөр зам дагуу нийслэл, аймаг, орон нутгийн нийтийн сүлжээний бүх хэлбэрээр сурталчлах шторк болон бусад хэлбэрээр цахим орчинд байршуулах, гармууд дээр самбар зурагт хуудас байрлуулах, гармаар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт зөвлөмж тараах /нийт 10000 тараах материал, 500 зурагт хуудас тарааж, зангилаадад сурталчилгааны самбар байрлуулсан/ ухуулга сурталчилгаа хийх зэрэг ажлыг энэ өдөр амжилттай зохион байгуулснаар ес дэх удаагийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх