Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

Шадар сайд Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Баасан гаригт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных УБТЗ-ын 2021 оны тээвэр, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, өртөө зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар Шадар сайдад танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын хүнд үед УБТЗ-ын хамт олон экспорт, импорт, орон нутаг, дамжин өнгөрөх ачаа тээврийг амжилттай зохион байгуулж, 2021 оны эхний есдүгээр сарын байдлаар нийт 23.7 сая тонн ачаа тээвэрлэж, хэд хэдэн өртөө, зөрлөгийг өргөтгөн шинэчилж, төмөр замчдынхаа цалин хөлс, урамшууллыг тасралтгүй олгож байгаа талаараа танилцуулсан юм. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу орон нутгийн ургац хураалт, бензин шатахууны импортын тээврийг шуурхай зохион байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаа мөн мэдээллээ. Тэрбээр, Шадар сайд С.Амарсайханд хандан УБТЗ-ын тээврийн тарифыг өөрчлөх, Японы Засгийн газрын МОНПЕ-1, МОНПЕ-2 зээлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Шадар сайд С.Амарсайханы зүгээс эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэв. Мөн цар тахлын хүнд үед төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж, байгууллага, ард иргэдийн ачааг шуурхай тээвэрлэсээр байгаа УБТЗ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр УБТЗ-ын хөгжлийн зарим асуудал тухайлбал, хос төмөр зам барих,цахилгаанжуулах ажлын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар асуув. Мөн “Богд хан” төмөр замын төслийн хэрэгжилтийн асуудлаар болон Налайхын төмөр замыг сэргээж, хөдөлгөөнийг нээх асуудлыг хөндөн ярилцлаа. УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах асуудал тусгагдсаныг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных Шадар сайдад танилцуулаад, УБТЗ-ын хөгжлийн асуудалд анхаарч, хүлээн авч уулзсанд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдад талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх