Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-16

Доктор, профессорууд оролцсон Эрдэм шинжилгээний хурал боллоо

УБТЗ-ын Төв эмнэлгийн 70 жилийн түүхэн ойн хүрээнд өнгөрсөн Ням гарагт Асем Вилла дахь “Хүн гэр” театрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Олон улсын эрдэмтэд чуулсан энэ удаагийн хурлыг Япон улс дахь Монгол Улсын “Өргөмжит консул” Каваүчи Широгийн ивээл дор зохион байгуулснаараа онцлогтой байлаа. 
Хуралд, Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Монгол Улсын “Өргөмжит консул” Каваүчи Широ, тус эмнэлгийн дарга, АУ-ны доктор С.Еркегүл болон олон улсын АУ-ны салбарын нэртэй эрдэмтэн судлаач нар уригдан ирсэн юм.
Хурлыг УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар нээж, оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ. Үүний зэрэгцээ Замын орлогч даргын уриалснаар хуралд оролцогсод дэлхий дахинд цар тахал нүүрлэсэн энэ хүнд он жилүүдэд хүн төрөлхтнийг аврахаар амь биеэ хайрлалгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, одоо ч зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд Төв эмнэлгийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, Япон улс Монгол Улсын хооронд гүүр болон ажиллаж буй ноён Каваүчи Широд Төв эмнэлгийн хамт олон “Талархал” гардууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын анагаах ухааны салбарын нэртэй эрдэмтэн, доктор, профессоруудаас гадна Япон, ОХУ-ын, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нэртэй эрдэмтэн судлаачид урилгаар оролцож сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.
Тухайлбал, Монгол Улсын Ардын багш, академич АШУ-ны доктор, дэд профессор Ц.Лхагвасүрэн “Эрүүл мэндийг сайжруулахад тогтолцоот шинэчлэл зайлшгүй шаардлагатай”, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Г.Мэндсайхан “Жирэмсний хэт авиан оношилгооны орчин үеийн дэвшилтэт ололт”, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Д.Ичинноров “Ковид-19-ийн халдварын үеийн менежмент” сэдвээр илтгэл тавив. Түүнчлэн, Дорнод Сибирийн удирдлагын технологийн их сургуулийн Нийгмийн ба технологийн тэнхимийн багш, Буриад улсын гавьяат эмч О.Г.Богданова “ББНУ-ын аж үйлдвэрийн ажилчдын шим тэжээлийн байдлыг үнэлэн судалсан нь”, АУ-ны доктор дэд профессор, Хөх хотын Хавдрын төв эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Х.Юүрэн “Умайн хорт хавдрын үеийн туяа эмчилгээ”, АУ-ны доктор, Гунма их сургуулийн төгсөлтийн сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлал, элэг судлалын тэнхимийн багш Кен Сато “Элэгний архаг хепатит С вирусийн халдварын үед үзүүлэх тусламжийн шинэчилсэн удирдамж”, АУ-ны доктор, дэд профессор Гунма их сургуулийн төгсөлтийн сургуулийн Хорт хавдрын туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Тацуяа Оно “Хорт хавдрын шинэлэг эмчилгээ, карбон хүнд ионы туяа эмчилгээ”, АУ-ны доктор, Гунма их сургуулийн төгсөлтийн сургуулийн судлаач Г.Навчаа, Гунмагийн их сургуулийн ахьсан түвшний судалгааны баг, Салбар дундын хорт хавдрын судалгааны багийн “RAB11А уургийн ихсэлт нь өсөлтийг дэмжих хүчин зүйл FGFR-ийн дохио дамжилтаар уушгины хавтгай эсийн хорт хавдрын таагүй хүчин болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ.
Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар хагаст Төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэв. 
Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Дэчмаа, магистр Б.Гантулга, Халдвар судлаач Н.Аюурзана, Дотрын их эмч Л.Ганзул, Эм зүйч Т.Болортунгалаг, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Н.Янжинлхам, Лабораторийн их эмч Б.Хажидсүрэн нарын 12 эмч мэргэжилтнүүдийн илтгэлийг үндсэн болон ханын илтгэл хэлбэрээр тавьж хэлэлцүүлсэн юм.
Илтгэл бүрийн дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, энэ салбарын сүүлийн үеийн ололт нээлтүүдээс суралцах, шинэ мэдээ мэдээлэл солилцох өргөн боломжийг бүрдүүлсэн өгөөжтэй хурал болсон хэмээн оролцогчид дүгнэлээ. Уг хурал нь тухайн хурлын танхимд оролцогчдоос гадна тус эмнэлгийн нийт ажилтан ажиллагсдад цахимаар хүрсэн байна. 
Эрдэм шинжилгээний хурлыг удирдсан Төв эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Д.Цогт-Очир:
 -Төв эмнэлгийн түүхт 70 жилийн ойд зориулсан ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал маш амжилттай болж, өндөрлөлөө. Хуралд олон нэртэй эрдэмтэн судлаач нар илтгэлээ тавьснаас гадна манай эмч мэргэжилтнүүд олон илтгэл тавилаа. Эндээс төмөр замчдын дунд хийсэн судалгаанд тулгуурлан цаашид тэдний эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн цогц менежментийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой эрдэм шинжилгээний хурал боллоо. 
Дашрамд, энэхүү хурлыг Монгол Улсын Өргөмжит консул, ноён Каваүчи Широгийн ивээн тэтгэлгээр зохион байгуулсныг онцлон тэмдэглэмээр байна. Мөн Төв эмнэлгийн ҮЭ-ийн хороо дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх