Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Зам засвар

Хүүхдийн төмөр замыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгана
Замын I анги
Замын I ангийн хамт олон Дархан хотноо өрнөж буй шинэ бүтээн байгуулалтын нэг болох хүүхдийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байна. Уг бүтээн байгуулалтыг хүлээлгэж өгснийхөө дараа их засвар болон урсгал засварын ажилдаа шамдан орохоор төлөвлөжээ. Учир нь, тухайн бүтээн байгуулалтад хүн хүч, машин техник нь ажиллаж байгаа аж. Энэ талаар тус ангийн Ерөнхий инженер С.Галсандорж “Бид хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд 2.3 км төмөр зам тавихаас одоогоор ул шороо далангийн ажлаа бүрэн гүйцэтгээд байна. Хоёр гүүр тавилаа. Өнөөдрийн (пүрэв гараг) байдлаар нэг км замын сараалжийг бүрэн тавиад байна. Мөн үе угсрах ажил 90 хувьтай явж байна. Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 22-нд энэ бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах ёстой. Үүний зэрэгцээ замын ажлаа зургадугаар сарын 25-нд дуусгахаар замчид маань ажиллаж байна. Хоёр суман шилжүүлэг тавихаас нэгийг нь тавиад угсарчихсан” гэлээ. Хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалтад Замын I ангийн хоёр инженер, хоёр бригадын дарга, нэг мастер, замчид гээд нийт 30 хүн ажиллаж байгаа аж. Ажлын өдөр 19.00 цаг хүртэл, зарим тохиолдолд амралтын өдөр, уртасгасан цагаар ажиллаж байна.

Төлөвлөгөөний биелэлтээ диспетчерийн хяналтад оруулсан
Замын II анги
Тус ангийн хувьд 2021 онд урсгал засварын төлөвлөгөөт ажлаас гадна зам эрүүлжүүлэлтийн 21 нэр төрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнд их барилгын чиглэлээр Шатанг, Ногоонтолгой, Агуйт, Баян зөрлөгийн замыг өргөтгөхөөс Баян зөрлөгийн хүлээн авах, явуулах IV, V зам, 2.1 км замыг шинээр тавих, зөрлөгийн гол замын их засварыг амжилттай хийж ашиглалтад оруулсан байна. Мөн Агуйт зөрлөгийн өргөтгөлийн ажлын хүрээнд 23.000 шоометр шороо авч, ул шороог шинээр байгуулсан. Түүнчлэн Толгойтын Үе угсрах баазад завсарын бригад бүрдүүлж, Р50 зам төмөртэй, модон дэртэй, 63 үеийг сайжруулсан бөгөөд Р65 1/11 маягийн гурван суман шилжүүлэг угсарч, замд тавихад бэлэн болгосон. Тус өртөөний хуримтлалын 12 дугаар замыг сунгах, орон нутгийн ачааны гурван зам барих, ажлын хүрээнд ул шороог бэлтгэж Р50 1/11 маягийн гурван суман шилжүүлгийг угсарч энэ сарын 4-нд замд тавьсан. Их засварын чиглэлээр Толгойт-Амгалан хоорондын замд их засвар хийхтэй холбогдуулан 396, 404, 405, 407 дугаар км-үүдийн гармын засварын ажлуудыг Нийслэлээс авсан зохих зөвшөөрлийн дагуу өнгөрөгч тавдугаар сарын 07, 21, 28-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Чигжээсний хүчжүүлсэн дунд засварын чиглэлээр чигжээс бохирдож, шавар салгалт үүссэн Эмээлт-Толгойт, Амгалан-Чулуут хоорондын замд 15 км чигжээсний ажлыг мөн тавдугаар сард батлагдсан хуваарийн дагуу хийжээ. Түүнээс гадна бага радиустай тахирт модон дэр схемчлэн солих хүчжүүлсэн дунд засварыг 6 км-т 15 тахирт хийхээр төлөвлөснөөс хоёрдугаар улиралд 3 км-т есөн тахирт хийлээ. Дунд засварын хүрээнд өртөө зөрлөгийн Р50 зам төмрийг Р65-аар нэг маяг ахиулан солих ажлыг таван өртөө зөрлөгийн 6 км замд хийхээр төлөвлөснөөс Эмээлт, Толгойт, Улаанбаатар-2 өртөөдийн хүлээн авч явуулах замуудад 3.2 км-ийг сольсон байна. Зургадугаар сард Баян, Туул зөрлөгийн II замуудыг хүчжүүлэн солихоор төлөвлөжээ. Энэхүү ажлыг хийхэд ангийн инженер, техникийн ажилтнуудын санаачлан хийсэн зам төмрийн толгой өнгөлөгч машиныг амжилттай туршиж ашигласан байна. Урсгал засварын төлөвлөгөөт ажлаар өртөө зөрлөгийн болон балансын салбар замуудын бага радиустай тахирууд, эрсдэл өндөртэй 19 тахирын 4.6 км замд Р43 зам төмрийг Р50 зам төмрөөр нэг маяг ахиулан тууш солих ажлыг хийж эрсдлийг бууруулсан. Хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 24 өртөө зөрлөгийн 201 суман шилжүүлгийн 402 шорыг, 58 удаагийн 105.5 цагийн цонхонд эргүүлж шалгах ажлыг хийжээ. Гол замын 107 суман шилжүүлгийг бүрэн шалгаж, ХАБ-ыг хангаж, хүлээн авах явуулах замын 104 суман шилжүүлгийг шалгаж, зургадугаар сард хүлээн авч явуулах замд үлдсэн 26 суман шилжүүлгийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөөд байна. Зам төмрийн уулзварын арчлалтын ажлаар гол замын 216 км-т 17280 зам төмрийн духны шамралт авч, гол болон хүлээн авч явуулах замын 34 тоонолжийг задалж сахал зам төмрийн шамралт авах ажлыг бүрэн хийсэн. Өртөө зөрлөгийн замуудын хэлхээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 3400 ширхэг давхар тросс тавьсан. Өртөө зөрлөгүүдийн 1, 2, 3 дугаар замд тросс тавьж дууссан. Өртөө зөрлөгийн холбох зам бага радиустай тахируудад 5000 төмөр бетон дэр схемчлэн солихоор төлөвлөснөөс 1240 ширхэг буюу 12 тахирт сольсон. Улаанбаатар-2 өртөөний II замд 250 ширхгийг гүйцээж сольсноор гол замын өртөө зөрлөгийн хүлээн авч, явуулах замууд бүрэн схемчлэгдсэн. Цаашид бүх замыг 1х1 схемтэй болгох, Булагтай-Баганнуурыг схемчлэх ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж эхэлж байгаа аж. Өртөө зөрлөгийн замуудын хог бохирдлыг цэвэрлэх, зам хоорондын шороог тэгшлэх зэрэг ажлыг бохирдол ихтэй гурван өртөөнд хийсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн ангийн хэмжээний нэгдсэн төлөвлөлтийг хийж, биелэлтийн диспетчерийн хяналтад оруулжээ. Нэгдсэн төлөвлөгөө боловсруулах журам гарган мөрдөж ажиллаж байна. Мөн аюултай бүсийн дэглэмийн чиглэлээр тус ангийн хэмжээнд нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхнээс нь амжилттай гүйцэтгэж байгаа аж.

Дэр модны нөөцгүй болжээ
Замын III анги
Тус ангийн хамт олон замын эрүүлжүүлэлт, дунд засварын ажлын хэмжээнд Р43 зам төмрийг Р50-иар солихоор зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, Чойр өртөөний V, VI, VII замын зам төмрийг Р50 болгож, хүжчүүлэн эрүүлжүүлж дуусаад байгаа аж. Дараа нь, Шивээ-Овоо, Айраг өртөөний замд дээрх ажлыг зохион байгуулах юм. Түүнээс гадна тус ангийн хариуцсан хэсгийн Оорцог-Энгэр зөрлөгөөс 555 дугаар км хүртэлх 43 км замд их засвар хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг ирэх долдугаарын 22-ноос эхлүүлэх юм. Үүнээс өмнө Замын III ангийнхан замын урсгал засварын ажлаа бүрэн хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд болсон үерийн улмаас эвдэрсэн гүүр хоолой, хиймэл төхөөрөмжүүдийг засварлах, үерийн даланд хуримтлагдсан элсийг цэвэрлэх зэрэг ажилд ханцуй шамлан оржээ. Түүнчлэн, Алтганы гол-Улхын-Овоо хоорондын 802, 794 дүгээр км-т уулзвар ухаж, дэрнээс доошхи 30 см-т шинэ чигжээс хийх ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ хэсгийн замд 1998-1999 онд их засвар хийсэн бөгөөд тухайн үед 1968-1995 оны зам төмрөөр сольсон учраас бохирдлоос шалтгаалж тус зам төмрүүдэд хурц гэмтлүүд гарч байгаа тул гарч болохуйц эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх эрүүлжүүлэлтийн ажлыг хийж буй юм. Дараа нь, Олон-Овоо-Айраг-Цомог хоорондын замд мөн дээрх ажлыг зохион байгуулах аж. Тухайн хэсгийн зам нь Р50 зам төмөртэй, модон дэртэй гэнэ. Тус ангийн дарга Б.Ариунболд “Бид төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд хаврын паспортын үзлэгээр тэнцээгүй дэр моднуудын сийрэгжилтийг хийсэн. Цаашид манай ангийн хэмжээнд модон дэрний хангалт дутуу, нөөц байхгүй болсон учраас сийрэгжилтийг хийхэд хүндрэл тулгарч байна. Хоёрдугаарт, Замын оношилгооны төвөөс гаргасан судалгааны дагуу замын баллд онцгой анхааран ажиллаж байна. Ялангуяа, суулт, царигийн гэмтлээр хамгийн их баллагддаг учраас яг энэ чиглэл рүү нь зам засварын ажлаа төвлөрүүлж байна” хэмээн ярилаа.

Замын нөхцөл сайжирсан тул их засвар төлөвлөгдөөгүй
Замын IV анги
Ангийн хэмжээнд ирэх арваннэгдүгээр сард найман км замд их засвар хийхээс өөр төлөвлөгөө тусгагдаагүй тул одоогоор томоохон ажил өрнөхгүй байгаа аж. Мөн 15 км хориг хашааны их засварыг 2, 3 дугаар улиралд гүйцэтгэх юм байна. Түүнээс гадна сумын шилжүүлгийн их засварыг гуравдугаар улиралд гүйцэтгэх гэнэ. Тухайн ангийн хариуцсан замын дийлэнх хэсэг нь төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй болсон учраас Замын захиргаа бодлогын хүрээнд замын их засварын хөрөнгө оруулалтыг хойд хэсэглэлд төвлөрүүлж байгаа юм. Он гарснаас хойш тус хамт олон Замын-Үүд өртөөнд хоёр суман шилжүүлэг тавьжээ. Хуримтлалын гурван зам барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор хэзээ эхлүүлэх тухай тодорхой шийдвэр гараагүй байгаа аж. Түүнчлэн, Сумангийн зоо зөрлөгийн зам өргөтгөлийн ул шорооны ажлыг нь хийсэн бөгөөд бусад ажил нь хүлээлгийн байдалтай байгаа юм. Мөн бороо усны үеэр сэргийлэх суваг шуудууг сэргээх зэрэг урсгал засварын хүрээний ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа гэдгийг манайд мэдээллээ.

Дунд, өргөлтийн засварын ажил эхлээгүй байна
Замын V анги
Баянтүмэн тасгийн зам ангийн суурь бүтцийн хувьд Эрээнцав-Чингисийн далан өртөө хоорондох 74 км зам нь Р65, Чингисийн далан-Баянтүмэн хоорондох зам нь Р50 зам төмөр, элс хайрган балластай юм. Үүнээс энэ онд 30 км замд дунд засвар, 40 км-т өргөлтийн засварыг тус тус хийхээр төлөвлөсөн байна. Эдгээрээс одоогоор Чингисийн далан өртөөний урсгал засварын ажлыг хийж байгаа аж. Мөн оны эхний таван сарын байдлаар үер ус зайлуулах 100 хоолойд хаврын үзлэг хийж, урсгал завсарыг гүйцэтгэж, 946 модон дэрийг төмөр бетон дэрээр сольж, 8952 тосон идээлэгтэй модон дэрийг ОХУ-аас нийлүүлэн сольжээ. Харин дунд засвар, өргөлтийн засварын ажил нь хараахан эхлээгүй бөгөөд долдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр материалын тендер нь зарлаж дууссан байна. Үүнээс гадна замын ангийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Замын дөрөвдүгээр хэсэгт дөрвөн айлын орон сууцыг барьж байгаа аж. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын хүрээнд Хэрлэн өртөөний байрыг замын хэсгийн байртай хамт барих ажлыг төлөвлөгөөнд тусгасан бөгөөд одоогоор ажил эхлээгүй байна. 

Зам эрүүлжүүлэлтийн ажил өрнөж байна
Замын VI анги
Салхит-Эрдэнэтийн чиглэлийн гол, өртөө, салбар замын аж ахуйд өдөр тутмын урсгал засварын ажлыг хариуцан ажилладаг Замын VI анги нь Замын даргын 2021 оны А-01 тушаал, ангийн даргын Б-01 тушаалыг үндэслэн ГТХАБ-ыг хангах чиглэлээр 30, шүүр хоолой хиймэл төхөөрөмжийн чиглэлээр 15, машин, механизмийн чиглэлээр 13, ХАБЭА-н болон сургалтын талаар, нийгмийн асуудлын талаар хэрэгжүүлэх ажил, хүний нөөцийн чиглэлээр найман ажил төлөвлөн нийт зургаан чиглэлээр 118 нэр төрлийн ажлын төлөвлөгөө гаргасан байна. Үүнээс оны эхний хоёр улиралд зургаан чиглэлээр 80 ажил төлөвлөснөөс 36 ажлыг бүрэн хийж, 44 ажил гүйцэтгэлийн шатандаа явна.
ГТХАБ хангах чиглэлээр Салхит-Эрхэт хоорондын замын 160 км пк 10-161 км пк3 /16ш/, Салхит-Эрдэнэт хоорондын замын 25 км пк5-7 /8ш/, 45 км пк 1-5 /20ш/, 49 км пк1-7 /26ш/-д байрлах тохойн элэгдэлтэй Р50 зам төмрүүдийг тууш сольж, тахираас гарсан 54 элэгдэлтэй зам төмрийг шулуун замд сэлгүүлэн солих ажлыг зохион байгуулжээ. Мөн Салхит-Эрхэт хоорондын замын 161 км пк 9-10-д 10 зургийн гэмтэлтэй дөрвөн зам төмрийг сольсон. Эрсдэл өндөр км-ийн эрсдлийн түвшинг бууруулах зорилгоор Салхит-Эрдэнэтийн хоорондын замд гүүр болон гүүрийн дөхөх хэсэг, эрсдэл өндөртэй км-үүдэд 14 зургийн гэмтэлтэй 62, 17 зургийн гэмтэлтэй 33 нийт 95 зам төмөр нэгчлэн сольсон байна. Түүнээс гадна Цайдам-Салхит хоорондын замын 154-157 км, Салхит-Эрдэнэт хоорондын замын 1-4, 6-8, 14, 15, 45, 48, 49, 55, 56, 88-90, 92-94, 100-102, 110-130, 146 дугаар км-т замын 3, 5, 6, 7, 8 дугаар хэсгийн замчдын хүчээр нийт 24.1 км-т замын хажуугийн бургас цавчиж, үзэгдэлт сайжруулах, овор гаргах ажлыг зохион байгуулан ажилласан. Салхит-Эрдэнэт хоорондын замд тохойн царигийн өргөсөлтийн эрчимжилтийг бууруулах зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулсан. Цайдам-Салхит хоорондын замын 156 км пк 2-9-д 325 ш төмөр бетон дэр 1:1 схемээр сольж хүчжүүлсэн. Ангийн хэмжээнд 2021 онд 14-ийн зургаар дөрөв, 17-ын зургаар гурав, 55-ын зургаар нэг, 10-ын зургаар дөрөв, 11-ийн зургаар хоёр, 53-ын зургаар нэг, 20,1-ийн зургаар нэг нийт 18 зам төмөр гэмтлээр сольжээ. Мөн суман шилжүүлэгт ДС-10 зургийн гэмтлээр хоёр, ДС-11 зургийн гэмтлээр нэг тоонолж, ДР-30Г зургийн гэмтлээр нэг жааз зам төмөр, нийт дөрвөн сумын металл эд анги сольсон байна. 
Их засварын ажлын хүрээнд Хангал зөрлөгийн дөрөвдүгээр зам /112м/,Эрдэнэт өртөөний Хангамжийн зам /100м/, Алтантариан /75м/ холбох зам, ДОК-ийн /730м/ Р43 маягийн зам төмрийг Р50 /86ш/ зам төмрөөр тууш сольж хүчжүүлсэн. Өртөө, зөрлөгийн замын техникийн байдлыг хүчжүүлэх төлөвлөгөөний дагуу найман чиглэл, 97 заалттай төлөвлөсөн бөгөөд үүнээс 77 ажлыг хийсэн, 20 ажил хийгдэж байгаа ба 2021 онд бүрэн дуусна. Дундаж биелэлт 82 хувь Салхит, Орхонтуул, Хангал зөрлөгийн орох дохионоос анхааруулах дохио хүртэл 1200 мм-н давхар тросс 450-ыг тавьж ЗТХ-ний найдвартай байдлыг хангасан зэрэг ажлыг хийгээд байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх