Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-21

“Мессэж тасалбар” 1900-1949-ийн бренд үйлчилгээ болжээ

Төмөр замын тээврийн салбарт үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, орон зайг хэмнэх эрэлттэй үйлчилгээний нэг нь 1900-1949 лавлах үйлчилгээ юм. Анх 2004 онд нээгдсэн энэхүү үйлчилгээ 2018 оны байдлаар мэдээлэл арилжааны зах зээлээс жилдээ 20 гаруй сая төгрөгийн орлоготой, Дохиолол холбооны II ангийн есөн залгагчийн хавсарга ажил мэтээр явж буйг бид нэгэнтээ сурвалжилж байв. Тэр цагтай өнөөдрийн тэдний үйлчилгээг харьцуулашгүй, хэдэн шат ахин хөгжин дээшилсэн нь сайшаалтай. 
 2019 оны зургадугаар сараас Дохиолол холбооны II ангийнхан тус лавлах үйлчилгээг өргөтгөх төслийг Замын захиргааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл хэрэгжсэн хагас жил гаруйн үр дүн ч чамлахааргүй ярианы орлого 56 сая төгрөг болж, урд өмнөх жилээс хоёр дахин орлого олсон тул тус үйлчилгээний үйл ажиллагааг Замын захиргаанаас дэмжиж тодорхой хөрөнгө оруулалт хийж байв.
2020 оноос тус хамт олон төслийнхөө үр шимийг бүрэн хүртсэн гэж үзэхээр үр дүнтэй ажиллажээ. Тухайлбал, зөвхөн лавлах үйлчилгээнээс 90 сая төгрөг олсон байна. Үүн дээр тухайн оныхоо хоёрдугаар сараас цоо шинээр эхлүүлсэн “Мессэж тасалбар” үйлчилгээ нь төмөр замаар зорчигчдын эрэлтэд нийцсэн шинэ “бренд” болж чаджээ. Шинэ үйлчилгээнээс гэхэд 146 сая төгрөгийг төмөр замын “халаасан”-д оруулж чаджээ. Гэхдээ 2020 он дэлхий нийтийг хамарсан цар тахлын сүүдэр нийгмийн амьдралд туссан, хүмүүсийн зорчих хөдөлгөөн эрс буурсан байсныг дурдах нь зүйтэй. Гэвч нүдээ олсон үйлчилгээ гэдэг зах зээлд ийнхүү богино хугацаанд нэвтэрч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн сайшаалтай. Тус байгууллага ч “Мессэж тасалбар” үйлчилгээгээ Оюуны өмчийн газарт УБТЗ-ын нэр дээр бүртгүүлэн “патент”-аа авчээ. 
Ингэхэд “Мессэж тасалбар” үйлчилгээ галт тэрэгний тасалбарын онлайн худалдаанаас юугаараа ялгаатайг лавлахад Дохиолол холбооны II ангийн маркетингийн менежер Ш.Сурмаажав “Онлайн худалдаалалт хийхэд үйлчлүүлэгч заавал банкнаас тусгай код авах шаардлагатай юм билээ. Нөгөө талаар, хүн бүр онлайн орчноос хандах боломжгүй байх нь бий. Харин манай “Мессэж тасалбар” үйлчилгээ нь хэн ч хандах боломжтойгоороо давуу тал болсон. Нөгөө талаар, 2020 онд хорио цээрийн дэглэмээс шалтгаалан үе үе зорчигчийн галт тэрэгний аялал цуцлагдахад зорчигчдын тасалбарын буцаалтыг ч манайхаар дамжуулан хийж байсан. Ер нь, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болсон” хэмээв.
2021 оны тухайд цар тахлаас үүдэн зорчигч үйлчилгээ зогссон зэрэг нь лавлах үйлчилгээ энэ онд хумигдах гол шалтгаан болжээ. Хатуу хөл хориотой, зорчигч тээвэр зогссон цаг хугацаанд операторуудаа амраах, цалингүй чөлөө олгох зэргээр хөдөлмөр зохион байгуулалтыг хийжээ. Гэхдээ тус хамт олны хувьд дээрх хугацаанд огт гар хумхин суусангүй. Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаар хийлгэсэн мэдээллийн хайлтын шинэ програмыг нэвтрүүлэх, мэдээллийн санг баяжуулах, хуучин програмын мэдээллийг шинэ програм руу хөрвүүлэх зэрэг бэлтгэл ажлыг амжуулжээ. Мөн операторуудын сургалтын хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажил ч базаасан гэв. Ийнхүү наймдугаар сарын сүүлчээс зорчигчийн галт тэрэгний зарим чиглэлийн аялал сэргэснээр лавлах үйлчилгээний дуудлага ч эрс нэмэгджээ.
Түүнээс хойш 9-11 дүгээр сард төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлсэн дүнтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны төлөвлөгөөт зорилтоор сар бүр ярианаас есөн сая, тасалбар худалдаалалтаас 25 сая төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй аж. Тэгвэл арваннэгдүгээр сард л ярианы орлого 10 сая, “Мессэж тасалбар” үйлчилгээнээс 27.3 сая төгрөгийг олжээ. Эндээс харахад, 1900-1949 лавлах утас 2018 оны байдлаар бүтэн жилдээ олж байсан орлогоо “Мессэж тасалбар” үйлчилгээгээр ганцхан сарын дотор олж байгаа нь харагдана.
Оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1900-1949-ийнхөн өмнөх оныхоо 50 хувьд хүрэх орлого олох зорилттой ажиллаж байна. Үндсэндээ бүтэн жилийн 30 хувьд л ажилласан гэж үзвэл чамлахааргүй амжилт гэж харагдаж байна.
Одоогийн байдлаар, 1900-1949 лавлах утсанд хоногт 800 дуудлага ирж байгаагаас 370-380 дуудлага нь “Мессэж тасалбар” үйлчилгээний дуудлага байдаг аж. Энэ нь, тухайн өдрийн нийт тасалбар борлуулалтын 8-12 хувийг эзэлдэг гэсэн үг. Оргил ачааллын үед 13 хувь ч хүрдэг юм байна. 
Цаашид цаг сайхан болж, зорчигчийн галт тэрэгний бүх чиглэл сэргэсэн тохиолдолд ашиг орлого ч улам өсөх магадлалтай байгаа гэнэ.
Ажил үйлчилгээ, ашиг орлого нэмэгдсэн энэхүү үйлчилгээг одоо гурван ээлжээр хоногийн 24 цагт үзүүлж байна. Нэг ээлжиндээ ажлын ачааллаас харгалзан 7-8 оператор үүрэг гүйцэтгэдэг ажээ. 2020 онд лавлах үйлчилгээний багийг есөн орон тоогоор нэмэгдүүлсэн байна. Гэвч ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул авч амжихгүй дуудлага нийт дуудлагын 16.4 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс дуудлага бүрийг амжиж авахын төлөө зорьж байгаа аж.
Ер нь, үйлчлүүлэгчид 1900-1949 дугаараас авч буй үйлчилгээний судалгаатай танилцъя. Нийт дуудлагын 57 хувь нь “Мессэж тасалбар” үйлчилгээний хэрэглэгчид байна. Харин галт тэрэгний цагийн хуваарь мэдэхийг хүссэн хэрэглэгчид 18 хувь, онлайнаар галт тэрэгний тасалбар худалдан авах зөвлөгөө, ачаан тээшийн талаарх мэдээлэл тус бүр зургаан хувь, ачаа тээврийн мэдээлэл, вагон хайлгах хүсэлт, төмөр замын утасны дугаарын лавлагаа тус бүр дөрвөн хувийг эзэлж байх жишээтэй.
Цаашид цар тахлын аюул арилж, хүмүүсийн амьдрал энгийн горимд шилжихэд төмөр замын мэдээллийн лавлах үйлчилгээний цар хүрээг өргөтгөх чиглэлээр төлөвлөсөн ажлууд байгаа гэдгээ тус үйлчилгээг шинэчлэх төслийг удирдаж ажилласан менежер Ш.Сурмаажав ярина билээ.
Наад зах нь, УБТЗ-ын бизнесийн чиглэлийн байгууллагууд болох “Ган зам” ресторан, зочид буудал, “Баянбуурал” амралтын мэдээлэл захиалгыг ч лавлах үйлчилгээний цэсэнд оруулахаар зорьж байгаа аж. 
Хаана ч, хэзээ ч үнэн зөв, баттай эх сурвалжаас гарч буй мэдээлэл гэдэг өнөө цагт агаар дээрээс алт шүүрэх дайны үнэтэй. 1900-1949 лавлах үйлчилгээний хамт олон гурван жилийн өмнөхөөс мэдээлэл арилжааны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж, УБТЗ-ын онцлогтой мэдээллийн “бренд” үйлчилгээтэй болсныг сурвалжлахад ийм байна.

Сэтгэгдэл үлдээх