Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Д.Мөнхтүвшин: Улаан бүсэд ажилласан 14 хоног хүндхэн өдрүүд байлаа

Төв эмнэлэг 120 орчим сувилагчтай. Тэднээс гарын таван хуруунд тоологдох эрэгтэй сувилагч ажилладаг. Тэр ховор хүмүүсийн нэг Дэмэдхорлоогийн Мөнхтүвшинг энэ удаагийн дугаартаа урилаа. Байцыг нь харвал, барилдаж баймаар хүдэр залуу зүү тариур бариад цагийн тариа хийж байх нь онцгой нүдэнд тусна. 
-Би анх ажлын гараагаа Яаралтай түргэн тусламжийн тасгаас эхэлсэн. Эхэндээ хүмүүс намайг сувилагч гэж огт хүлээж авдаггүй. “Эмчээ, эмчээ...” гэцгээнэ. “Би эмч бишээ сувилагч” гэхээр бүр гайхаж, итгэж ядсан харцаар хардаг байлаа. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байгаа болохоор харьцангуй таних хүмүүстэй болсон” хэмээн инээв. “Тариа хийх гээд очихоор эхэндээ надаас нэлээд болгоомжилсон байдалтай хардаг. Харин хийлгэсэн хойноо “Чи чинь ямар зөөлөн гартай хүүхэд вэ?” гэцгээдэг. Намайг том биетэй болохоор эхэндээ хатуу ширүүн гартай болов уу гэж айдаг байх” гэлээ. Баргийн эрчүүд сонгодоггүй энэ мэргэжлийг тэрбээр анх ээжийнхээ зөвлөснөөр сонгож, 2012 онд Улаанбаатар дээд сургуулийн Сувилахуйн ангийг дүүргэжээ. Гэхдээ яг тэр үеэр шинэхэн аав болж, бас гэргий нь оюутан учраас хүүхэд асрах үүрэг ногджээ. Ингээд аавын үүргээ ч сайн биелүүлж, 2015 оны наймдугаар сард төмөр замын Төв эмнэлэгт ажилд орсон байна. Яагаад энэ эмнэлгийг сонгох болсон тухайгаа “Би төмөр замын тосгонд өссөн. Манайх арктай шар байранд. ХХ сургуулийн хашаанд тоглож өссөн хүүхэд л дээ. Энэ хавь сэтгэлд нэг л ойр дотно газар болохоор өөр эмнэлгүүд рүү ажил хайж явсангүй. Төмөр замын Төв эмнэлэгт очоод ажилд орчихсон” хэмээв. Төв эмнэлэг дөрөвдүгээр сарын 22-ноос ковидын халдвартай өвчтнүүд хүлээн авч эмчилж эхлэхэд улаан бүсэд орж ажилласан эхний багийн нэг гишүүн нь Д.Мөнхтүвшин байсан. Улаан бүсэд ажилласан 14 хоног бол эмч, сувилагч нарын хувьд мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужил гээд юм юм шалгасан хүндхэн өдрүүд байсныг тэр нуусангүй. Гэхдээ халдвартай өвчтөн хүлээн авч, эмчлэх бэлтгэлийг Төв эмнэлгийн захиргаанаас эртнээс буюу эм тарианы нөөц, эмчилгээ үйлчилгээний бэлтгэл сайн байсан гэнэ. Улаан бүсэд ажиллах багийнхны сургалт, дадлагыг нэлээд хугацаанд хийсэн нь яг энэ үед чухал хэрэг болжээ . Наад зах нь, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлахдаа ямар ч алдаа мадаг гаргахгүйн тулд хэдэн зуун удаа хэвшил болтол давтсан. Ёстой л нөгөө “Энхийн цагт хөлс их дуслуулбал, дайны талбарт цус бага урсана” гэдэг шиг багийн гишүүд бүгд бэлтгэлээ бүрэн хангаж чадсан учир 14 хоногт бид үүргээ хангалттай сайн биелүүлсэн шүү. Гэхдээ улаан бүсэд ажиллана гэдэг чанга шүү” хэмээн инээсэн. Хамгаалалтын хувцас хэрэглэлийг нэг л өмссөн бол багадаа дөрвөн цаг тайлахгүй. Энэ хугацаанд хоол унд ууж, идэх, бие засах боломжгүй аж. Тиймээс хувийн зохион байгуулалт дээд зэргээр шаардагдана. Тэрбээр, хамгаалалтын хувцастай хамгийн удаан нь зургаан цаг гаруй болж байжээ. Энэ тухайгаа “Тэр үед халаалт зогсоогүй тулд эмнэлэг маш халуун бүгчим, хөлс урсаад л... Хувцсаа тайлахад дотуур өмссөн пудволк, өмд хөлсөнд нороод, мушгихад хөлс дусалж байсан шүү. Би улаан бүс рүү орохдоо 114 кг жинтэй байсан. Гарч ирэхдээ 102 кг болсон. 14 хоногт 12 кг хассан гэсэн үг. Хамгаалалтын хувцастай удаан ажиллахаар сүүлдээ хүчил төрөгчийн дутагдалд орж, толгой эргэх үе гарч байсан” гэв. Тэрбээр, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь хүнд хүмүүстэй ажиллаж байжээ. Тиймээс илүү хариуцлага, илүү тэсвэр хатуужил шаардсан нь мэдээж. Мөн улаан бүсэд бүх бичиг цаасны ажлыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн тул оройд мэдээ тайлангаа компьютерт шивэх ажлыг сувилагч нар гүйцэтгэнэ. Чөлөө завгүй ажилласаар, нэг мэдэхэд шөнийн 02.00-03.00 цагт сая амрах болно. Төдөлгүй 06.00 цагийн тариа эхэлдэг. Д.Мөнхтүвшин “Багийнхан маань дотоод зохион байгуулалтаа маш сайн хийж, бие биедээ жаахан ч гэсэн амрах цаг гаргаж байсны хүчинд харьцангуй гайгүй сайн ажилласан шүү. Биеийн байдал нь хүнд хүмүүстэй ажиллахад тэднийг сэтгэл зүйгээр нь дэмжиж, байнга ярилцахыг хичээдэг байлаа. Зарим нь, “Бид бүгчимдээд хэцүү байхад ийм олон давхар хувцастай та нарт бүр хэцүү байгаа даа. Биеэ бодоорой” гэж санаа тавих, “Баярлалаа” гэж талархах хүн байна. “Вакцин хийхгүй байсаар би халдвар авчихлаа” гэж уурлаж, бухимдах хүн ч таарна. Тийм үед аль болохоор тайвшруулахыг хичээнэ. Ер нь, олон давхар хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болохоор бидний царай төрх, нүүрний хувирал өвчтнүүдэд харагдахгүй болохоор тэдэнд хөндий хүйтэн санагдах вий гэж аль болохоор ярилцаж, ойр дотно байхыг хичээж байлаа” хэмээв. Д.Мөнхтүвшинд улаан бүсэд 14 хоног ажиллаад, тусгаарлалтын долоо хоногоо дуусгаад гэртээ очиход найман сартай бага хүү нь аавыгаа танихгүй байсан гэнэ. “Гэхдээ би энэ ажилдаа үнэхээр дуртай. Мэдээж, эхэндээ тийм ч дуртай байгаагүй. Харин ажиллах тусмаа энэ ажил мэргэжлийнхээ гүнд нь орж, илүү ихийг сурч мэдэж, олон хүнийг эмчилж эдгээхийг хүсдэг болсон” гэсэн юм. Залуу хүний хувьд түүнд бас өмнөө тавьсан зорилго бий гэнэ. Анагаах ухааны “Ач” их сургуулийн хоёрдугаар курсэд сурч байгаа аж. Цаашдаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмчээр мэргэших бодолтой яваа. Түүний гэргий бас сувилагч. Хоёрдугаар төрөхөд ажилладаг юм байна. Төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Мөнхмэнд “Д.Мөнхтүвшин бол манай урдаа барьдаг сувилагч нарын нэг. Ер нь, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасагт хамгийн шилдгүүдээ л томилдог юм шүү дээ. Цар тахлын үед манайхан бүгд л хичээж ажиллаж байна. Д.Мөнхтүвшин улаан бүсэд ажилласан эхний багт багтсанаас гадна өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шинжилгээний багт, гуравдугаар сараас дархлаажуулалтын багт томилогдон сайн ажилласан” хэмээн магтлаа. Ийнхүү цар тахлын үед төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа олон зуун эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл нь Д.Мөнхтүвшин юм. Одоогоор Төв эмнэлгийн улаан бүсэд дөрөв дэх баг томилогдон ажиллаж байгаа аж. “Магадгүй, дараагийн удаа манай баг дахин орж ажиллах байх. Нэг л зүйлийг хэлэхэд, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг аюулт өвчнөөс хамгаалах л хамгийн чухал шүү. Халдварын тархалт эрчимтэй хэвээрээ байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдчихлээ. Улаан бүсэд биеэр орж ажилласан хүний хувьд халдварын эрсдэл буурахгүй, нэмэгдэж байгаад л сэтгэл түгшиж байна” хэмээн түмэн олныхоо эрүүл мэндийн төлөө зовинож байгаагаа нуусангүй. 

Сэтгэгдэл үлдээх