Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-02

Төмөр замчид төрийн хишиг хүртэв

Тулгар төр байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээл, амжилт гаргаж, салбартаа тэргүүлсэн УБТЗ ХНН-ийн нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд нарын албаны хүмүүс өчигдөр гардууллаа. Үүнд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон”-гоор ЭХУХ-ийн нэгдүгээр ангийн дарга Ө.Ууганжаргал, Төв эмнэлгийн дарга С.Еркегүл, орлогч дарга Ч.Хэрлэнчимэг нар энгэрээ мялаав. Удирдах газрын А танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Төв эмнэлгийн дарга С.Еркегүл “Манай эмнэлгийн эмч ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэн Төр засагтаа, төмөр замын салбартаа баярлалаа. Манай хамт олон цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжил, хүлээсэн үүргийнхээ төлөө бүгд цаг нар, нойр хоолоо умартан ажиллаж байгаа. Цаашид ч улам хичээж, хүн ардынхаа, төмөр замчдынхаа эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ зориулах болно” гэв. Мөн “Алтан гадас одон”-гоор лабораторийн эмч Д.Эвшинноров, ХАБЭА-н инженер Д.Баярмаа, бага эмч  Ж.Бямбадорж, сувилагч Ч.Дэнсмаа, П.Энхмаа нарын есөн хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Төв эмнэлгийн орлогч дарга Д.Цогт-Очир, ерөнхий ня-бо Б.Эрдэнэчимэг нарын таван хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл үлдээх