Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-15

Л.Дагвадорж: Үзлэг төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлттэй явна

-Комиссын үзлэг энэ сарын 5-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажил ямар үзүүлэлттэй үргэлжилж байна вэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ээ. Үзлэг эхлээд хэдий цөөн хонож байгаа ч төлөвлөгөөт ажил маш ахицтай үргэлжилж байна. Манай алба энэ оны нэгдүгээр улиралд СР засвар гурав, ТР-3 засвар тав, ТР-2 засвар 2.5, ТР-1 засвар 49, ТО-3 засвар 185 илчит тэргэнд гээд нийт 244.5 илчит тэргэнд төлөвлөгөөт засвар хийхээр төлөвлөснөөс 259.5 илчит тэрэг буюу 106 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөгөөгөө давуулан ажиллалаа.
-Та илүү тодруулахгүй юу. Татах хэсэг тус бүртээ яг ямар үзүүлэлттэй ажиллаж байна вэ?
-Дархан татах хэсэг ТР-3 засвар гурав, ТР-1 засвар 16, ТО-3 засвар 48 илчит тэргэнд буюу нийт 67 илчит тэргэнд засвар хийж, 106 хувийн биелэлттэй ажиллаж байна. Сайншанд татах хэсгийн хувьд ТР-2 засвар 1.5, ТР-1 засвар 20, ТО-3 засвар 62 илчит тэргэнд буюу нийт 83.5 илчит тэргэнд засвар хийж, 114 хувийн биелэлттэй байгаа. Харин Улаанбаатар татах хэсэг СР засвар гурав, ТР-3 засвар хоёр, явах анги ТР-3 засвар 0.5, ТР-2 засвар нэг, ТР-1 засвар 19, ТО-3 засвар 83.5 илчит тэргэнд буюу 109 илчит тэргэнд засвар хийж, 101 хувийн биелэлттэйгээр тус тус ажиллажээ. УБТЗ-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А-283 дугаар тоот тушаалын дагуу нийт 125 илчит тэргийг зуны тээвэрлэлтэд бэлтгэхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 2-нд Зүтгүүрийн аж ахуйн алба, Худалдан авалт, борлуулалтын алба, Тээврийн хяналтын алба, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба, Дохиолол холбооны алба, Баянтүмэн тасаг хамтран цахим хурал хийж, Дархан, Улаанбаатар, Сайншанд татах хэсгүүд зүтгүүрийн паркын зуны тээвэрлэлтийн бэлтгэлээ тайлагналаа.

Сэтгэгдэл үлдээх