Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-29

Эрчим хүчний хэмнэлт гаргасан салбар нэгжүүдийг урамшуулав

Замын хэмжээний эрчим хүч хэрэглээний менежментийг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрчим хүчний системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Замын даргын энэ оны хоёрдугаар сарын 04-ний А-149 тоот тушаалаар “Цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн үр дүнгээр урамшуулал олгох тухай журам” баталсан. Эрчим хүчний хэмнэлтийг оны эхний улирлаар авч үзэхэд, Замын хэмжээнд өмнөх оны мөн үеэс найман хувиар буюу 1 сая кВт/цаг эрчим хүч, буюу 211 орчим сая төгрөг хэмнэсэн дүн гарлаа.  Замын хэмжээнд бүтцийн нэгжийн Түлш, эрчим хүчний салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, олон бүтээлч ажлыг санаачлан ажиллаж, эрчим хүч хэрэглэгчийнхээ хувьд хэрэглээндээ хяналт тавьж, илүү хариуцлагатай хандах болсон байна. 
Уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд үндсэн болон шалгуур үзүүлэлтийг хангаж, эрчим хүчний хэрэглээг лимитээс хэмжигдэхүйц хувиар бууруулсан болон эрчим хүчний үр ашигтай, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, бүтээлч ажлууд санаачилсан найман салбар нэгжийг нийт 12 сая төгрөгөөр урамшууллаа. Эрчим хүчний хэрэглээгээ бууруулсан салбар нэгжүүдэд Дархан болон Сайншанд татах хэсэг, Чулуун завод, Замын II анги, Зүүнхараа Ачааны вагон засварын депо, Улаанбаатар худалдааны төв, Дархан худалдааны төв, ЭХУХ-ийн I анги багтжээ.

Сэтгэгдэл үлдээх