Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-23

Ажил амжилтаар буухиалсан Чулуун заводынхон

АЛДАГДЛЫГ ЗУРГАА ДАХИН БУУРУУЛЖ, АШГАА 37 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Чулуун заводын хамт олон 2021 оны эхний улиралд 34160 шоометр щебень, 8370 шоометр щибүрь үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар шебень 35056, шибүрь 8764, отход 31252 шоометрийг тус тус үйлдвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 129.5 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлттэй ажиллаж байна. Түүнчлэн, эхний улиралд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ щебень 40, шибүрь 5812, үерийн чулуу 900, отход 31252 шоо метрийг төмөр замын байгууллагуудад, ТБДҮ-т шибүрь 5447, Замын II болон IV ангид 31252 шоометр отход, VI ангид 6908, I ангид 120, II ангид 90 шоометр үерийн чулууг тус тус борлуулаад байгаа аж. Улмаар үйлдвэрийн талбайд щебень 49112, шибүрь 34767 шоометрийн үлдэгдэлтэй байгааг манай сонинд мэдээллээ. Тус заводын ерөнхий инженер С.Батборгил “Манай байгууллага 2021 оны нэгдүгээр улиралд 1 тэрбум 72 сая 166 мянган төгрөгийн зардал гаргаж, 1 тэрбум 109 сая 272 мянган төгрөгийн орлого оруулан нийт 37 сая 106 мянган төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ нь, орлогын төлөвлөгөөг 222, алдагдлыг зургаа дахин бууруулсан гүйцэтгэлтэйгээр ажилласан үзүүлэлт юм” хэмээн ярилаа.

НЭН ТЭРГҮҮНД - ХАБЭА
Замын их засвар сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж буйн зэрэгцээ Монгол Улсад шинэ төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа энэ үед тус үйлдвэрийн хамт олны үүрэг оролцоо, ажлын ачаалал улам бүр өсөж байна. Гэсэн ч тэд төлөвлөсөн ажлаа нэр төртэйгээр биелүүлж алдагдлын төлөвлөгөөг эхний гурван сараар ийнхүү зургаа дахин бууруулж чадсан нь тус хамт олны чадварлаг зохион байгуулалт, нэгдмэл ажлын үр дүн гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Монгол Улсын хэмжээнд “ХАБЭА-н сар”-ын аян өрнөж байна. Замын захиргаанаас дэвшүүлсэн оны тэргүүн зорилт ч үүнд чиглэж байгаа. Нөгөө талаасаа үйлдвэрийн орчинд ажлын байрны эрсдэл хамгийн өндөр байдаг учраас тус хамт олноос ХАБЭА-н чиглэлээр чухам ямар ажил хэрэгжүүлж буйг нь тодрууллаа. Чулуун заводын хамт олон ХАБЭА-н нэгдсэн төлөвлөгөө гарган жилийн турш осол зөрчилгүй ажиллах зорилт тавьжээ. Улмаар 2021 оны I улиралд энэ чиглэлийн ажилд 11 сая 400 мянган төгрөг төлөвлөж, 16 сая 231 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Түүнчлэн, өмнөх онд хэрэгжүүлсэн “5С” хөтөлбөрийг энэ онд дахин хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн гуравдугаар сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын гурван шатны үзлэг шалгалтын сар” болгон зарласантай холбогдуулан дөрвөн бүлэг 12 зүйлтэй төлөвлөгөө гарган ажилласан байна. Ингэхдээ ажлын байр бүрт гарч болзошгүй эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийг анхааруулах тэмдэг тэмдэглэл болон эрсдэлийг мэдээлэх хуудсыг байршуулах. Ээлжинд гарч байгаа ажилчдын цаг ашиглалтыг сайжруулах, хөдөлмөр зохион байгуулалтыг дээшлүүлэх зорилгоор хаалттай графикаар удирдах ажилтан нар үзлэг шалгалт хийж илэрсэн дутагдал зөрчлийг тухай бүрт, нь арилгах зэргээр тодорхой ажлыг шат шатанд нь авч хэрэгжүүлж байгаа аж. Тэд энэ оны сургалтын хөтөлбөртөө “Хувь хүний хандлага, ажлын байрны технологи” сэдвийг түлхүү тусгаж, зөв ажлын гүйцэтгэл, зөв хандлагыг хэвшүүлэхэд анхааран ажиллаж байна гэдгийг онцолно билээ.

АЖИЛТНАА БОДСОН УДИРДЛАГЫН САНААЧИЛГА АМЖИЛТАД ТЭМҮҮЛЭХ ЗҮТГЭЛИЙГ БҮРДҮҮЛДЭГ
Аль ч байгууллагад ажилтан хүн хамгийн үнэт капитал. Энэ агуулгаар Чулуун заводын удирдлагууд хүн бүрийн ажлын байрны тав тух, аюулгүй байдал, эрүүл ахуйг нэгдүгээрт тавьдаг аж. Тухайлбал, тоосжилт ихтэй, хүнд нөхцөлд ажилладаг 50 ажилтанд нарийн тоосонцрын шүүлтүүртэй маск олгож, хамгаалах хэрэгсэл каскыг стандартын дагуу цех бүрээр нь ялгасан өнгөний кодчилолтой каскаар хангаж, хамгаалах хувцас хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаж хэвшүүлэх талаар нийт ажилчдад тогтмол танилцуулга хийн, шаардлага тавих зэргээр шат шатандаа өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Түүнчлэн, үйлдвэрлэлийн үндсэн болон цех тасаг бүрийн машин механизмын засвар үйлчилгээнд түгээмэл ашиглагдах нийт 68 төрлийн ажилбарын технологи боловсруулсан. Ажлын байр бүрт технологийн картыг самбар хэлбэрээр хэвлэн байрлуулж технологи, аюулгүй ажиллагааг мөрдөж байна гээд зохион байгуулалтын шинж чанартай чамгүй ажлыг хийжээ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний стандарт, гарцад байнга анхаарч, борлуулагдаж буй бүтээгдэхүүний ачилтыг технологийн дагуу хийж гүйцэтгэх талаар тогтмол хяналт тавьж байгаа гэлээ.

М.БААТАРЦОГТ: ОРОН СУУЦ Л ГОЛ ХҮНДРЭЛ БОЛДОГ
Чулуун завод нийт 96 ажилтантай. Хамт олныхоо ажил үйлсийн талаар тус заводын Бутлан ангилах 11 дүгээр шугамын ээлжийн ахлагч М.Баатарцогт “Би Чулуун заводод 10 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр гурван бутлах цехтэй. Бид 26-уулаа хоёр ээлжээр ажилладаг. Би өөрөө ҮЭ-ийн хорооны орон тооны бус даргаар ажиллаж байна. Үйлдвэрийн захиргаа ҮЭ-ийн хороотойгоо хамтраад ажилтныхаа тав тухтай байдлыг хангах чиглэлээр маш сайн ажилладаг. Цар тахлын энэ хүнд хэцүү үед өдөр бүр бүх ажилтандаа хүчил төрөгчийн коктейл өгч ажлын байрандаа алжаал тайлах зорилгоор массажны сандал хүртэл байрлуулсан гээд олон зүйлийг хийсэн. 
Манай байгууллагын дарга тоног төхөөрөмжид нь гэмтэл гарсан ч ч өөрөө хамт засалцдаг болохоор ажилтнууд илүү нээлттэй байдаг. Өөрийнхөө туршлагаас харахад, ажилтныхаа ая тухтай байдлыг хангахын төлөө хичээж байгаа удирдлагын зүтгэлээс тухайн ажилтнуудын амжилт бүтээл шууд нөлөөлдөг юм шиг санагддаг. Манай хамт олонд ганц тулгамддаг асуудал бол орон сууц. Хэрэв орон сууцны асуудал бүрэн шийдэгдчихвэл ажилтнуудын тогтвор суурьшилд сайн нөлөөтэй” хэмээн ярилаа. Мөн тэрбээр Чулуун заводын хамт олны хувьд шинээр ажилд орсон хүмүүсийг удаан жил ажилласан мэдлэг туршлагатай ажилтнуудтайгаа нягт холбож багш, шавийн гэрээ байгуулдаг тогтсон уламжлалтай. Ингэснээр шинэ залуус ХАБЭА-г бүрэн хангаж, осол зөрчилгүй ажиллах, цаашлаад машин механизм тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, хамт олны дунд зөв хандлагыг эзэмшихээс эхлээд олон давуу талтай байдгийг дурдана билээ. Сүүлийн жилүүдэд Чулуун заводын ачаалал өндөр, амжилт бүтээл ч өрнүүн байгааг дээр дурдсан. Дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд хэцүү цаг үед стратегийн чухал ач холбогдол бүхий төмөр замын тээврийг тасалдуулахгүйн тулд нийт ажилтныхаа эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлага хаана хаанаа тулгамдаж байна. Тус хамт олны хувьд корона вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг ажилтнууддаа тогтмол өгч, өдөр бүр асуумж бөглүүлэн биеийн халууныг хэмжихээс гадна ажлын байранд нь хоёр цаг тутамд амны хаалтыг шинээр олгох зэргээр шаардлагатай арга хэмжээг шат шатанд нь авч хэрэгжүүлж байна. хэрэглэсэн амны хаалтыг зориулалтын шар уутанд хаяж байна. Хувийн зохион байгуулалтыг сайжруулах хамтран ажиллагсадтайгаа соёлтой боловсон харьцаж ажиллах талаар өдөр тутмын зааварчилгаанд тогтмол тусган ажиллаж байна. Үүний зэрэгцээ ажилтнуудынхаа дархлааг дэмжих зорилгоор “Витамин С”, “Витаминжуулсан чаг мөөгний бэлдмэл” зэргийг олгож байна. Үүнээс гадна хүмүүс хоорондын эерэг харилцаа хандлагыг бий болгоход ч гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа гэлээ. Мөн Даланжаргалан сумын хүний эмнэлэгтэй ашигласан маск, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу устгуулах, цахим сургалт явуулах, урьдчилсан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгүүлэх, шинжилгээгээр элэгний вирусгүй гарсан 50 ажилтанд “В” вирусийн эсрэг вакцин бүрэн хийлгэсэн зэргээр нягт хамтран ажиллаж байгаа юм байна.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЦАХИМ СУРГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛСЭН
Цар тахлын хороо цээрийн дэглэмээс үүдэн зарим ажил бүрэн хэрэгжихгүй тал ч гарч байгааг тэд учирлана билээ. Тухайлбал, “Олон-Овоо 2” ордод олборлолтын бичиг баримт боловсруулж буй “Эс Ар Ди констракшн” ХХК-тай өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд байгуулсан гэрээний гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж. Мөн ордын ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тов ч мөн хүлээлтийн байдалтай байгаа юм байна. Нөгөө талаасаа цаг үеийн нөхцөлд байдалтай уялдуулан нийт ажилтнуудын дунд зайн сургалтыг эрчимтэй явуулж, зохих мэдлэгийг тасралтгүй олгох зорилтыг Чулуун заводын хамт олон баримталж байна. Үүний тулд тэд сургалтын нэгдсэн цахим группийг нээж, тухайн группдээ хичээлийн материал, сургалттай холбоотой гарын авлага, тараах материал, бусад мэдээд мэдээллүүдийг электрон хэлбэрээр оруулж байгаа аж. Энэхүү группэд нийт ажилтны 80 хувь нь идэвхтэй оролцож байна. 

Сэтгэгдэл үлдээх