Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-30

төмөр замчин аавын Дэлхийд данстай хөвгүүд

-Саяхан таны бага хүү Дэлхийн аваргын дэвжээнд Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулаад ирлээ. Хөвгүүдээрээ бахархах, омогших сэтгэлийг тань уншигчидтайгаа хуваалцъя?
-Баярлалаа. Бага хүү минь саяхан Сербийн нийслэл Белградад болсон “Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн 61 кг-ийн жинд барилдаж, хүрэл медальтай ирсэн. Та сая Монгол төрийн алтан соёмбот далбаа гэж сайхан хэллээ. Төрийнхөө далбааг тив дэлхийн дэвжээн дээр мандуулж зогсох хөвгүүдээ харах нь миний хувьд хамгийн их жаргалтай мөч байдаг. Тэгэхээр энэ баярыг минь хуваалцсанд баярлалаа. 
-Дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэнэ гэдэг амаргүй. Гал гарсан олон барилдааныг давж байж медальд хүрдэг. Аавын хувьд ялалт, ялагдлыг яг адилхан сэтгэл зүрхээрээ мэдэрч суудаг байх даа?
-Өө тэгэлгүй яах вэ. Сая бага хүү Н.Наранхүү минь эхний барилдаандаа Беларусийн тамирчин Ислам Гуйсеновыг 8:2-оор, хоёр дахь барилдаандаа Ираны бөх Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын тамирчин Арман Елояаныг 11:4 ялж, хагас шигшээд Оросын бөх Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристофер Канноныг 10:0 оноогоор цэвэр ялсан. 
Хоёр хүүгээ тэмцээнтэй үед сэтгэлээрээ хамт барилдана гэдэг чинь жинхэнэ болно. Ойр болж байгаа тэмцээнийг аль болохоор очоод үзэхийг хичээдэг. Багад нь бол зарим тэмцээнд нь авч явдаг байлаа. Барилдаж байхад нь хазайхад нь хазайж, хажуудах хүнээ түлхээд авахаас сийхгүй байх шүү /инээв/. Барилдаан дуусахад нь л сая сэхээ авдаг. Харин тив, дэлхийн тэмцээнд явсан үед нь бол яг барилдаан нь эхлэх болохоор захыг нь мушгиад л сууж байна шүү дээ. Ээж нь цай сүүнийхээ дээжийг өргөнө. Сэтгэл бол гадаадад, хүүтэйгээ хамт ...
-Монголчууд бөхийн дээлний зах мушгина л гэдэг?
-Мушгилгүй яах вэ. Барилдаан нь эхлэх дөхөөд ирэхээр алив цамцыг нь аваад ир гээд л мушгиад сууна шүү дээ /инээв/.
- Та өөрөө барилддаг уу? 
-Үгүй ээ, би багадаа л үеийнхэнтэйгээ дээлнийхээ сугыг ханзалж явснаас барилдаж сүйд болсонгүй. Гэхдээ Монгол хүн бүр бөхөд дуртай, хорхойтой. Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэж бэлгэшээдэг шүү дээ. Би тийм л бөхөд хорхойтой хүн. Харин хоёр хүү минь аавынхаа хүслийг гүйцээж бөх болсонд баяртай явдаг. Хоёулаа дэрсхэн болохоор гэрт гадаагүй хоорондоо ноцолдож өссөн. Би ч өөрөө хүүхдүүдтэйгээ дандаа барилдаж тоглоно. Хүүхдийн баяр, наадмаар дагуулж яваад хүүхдийн бөхийн барилдаанд барилдуулна. Хоёр хүү ч их дуртай. Тэгээд том хүү Н.Насанбуянгаа тавдугаар ангиас нь Салхитаас Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль руу шилжүүлж, бөхийн секцэнд бүртгүүлэн Ё.Батдархан багшийн шавь болгосон. Хоёр жилийн дараа том хүү маань багшдаа “Миний дүү бас барилдах дуртай” гэж л дээ. Нэг өдөр багш нь над руу яриад “Том хүү чинь ийм авъяастай юм чинь дүү нь барилдах байх. Би секцэндээ авъя” гэсэн. Ингээд л хоёулаа чөлөөт бөхөөр хичээллэх болсон доо. Манай гэр Салхитад байсан болохоор хөвгүүд маань сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа. Удалгүй Өсвөрийн улсын аваргын тэмцээнд түрүүлээд тив дэлхийн тэмцээнүүдэд орж эхэлсэн. Том хүү 2014 онд анх Азийн өсвөрийн аваргаас мөнгө, Дэлхийн өсвөрийн аваргаас хүрэл медаль авсан. Ер нь, дандаа л медальтай ирнэ. Бага хүү маань бас Улсын аваргад түрүүлээд Азийн өсвөрийн аваргаас хүрэл медаль хүртэж, Азийн хүүхдийн наадамд оролцож байлаа. Хоёр хүү минь бага байхаасаа л аав, ээжийгээ олон баярлуулсан даа. Одоо хоёулаа Улсын залуучуудын шигшээ багийн тамирчид болсон.
Том хүү минь Олон улсын хэмжээний мастер зэрэгтэй. Бага хүү минь сая Дэлхийн аваргаас медаль аваад Олон улсын хэмжээний мастерын болзлоо хангачихлаа. Шинэ жилээр Үнэмлэхээ авах байх.
-Хоёр хүү нь тив дэлхийн тэмцээнд зодоглох бахархмаар сайхан хэрэг. Гэхдээ тамирчин хөвгүүдээ энэ олон жил амжилтад хүргэхийн тулд  олон уралдаан тэмцээнд явуулахад зардал мөнгөнөөс эхлээд бэрхшээлтэй үе гардаг байх?
-Тэмцээн уралдаанд явах зардал мөнгө ч үнэхээр хүндхэн тусдаг. Дотоодод болж байгаа тэмцээн уралдаан бол ч яах вэ. Гадаад руу тив, дэлхийн аваргад явуулахдаа эхнэр бид хоёр цалингийн зээл л авна даа. Эхний тэмцээнд нь явуулахад авсан зээлээ төлж дуусаагүй байхад дараагийнх эхэлнэ. Банкин дээр очоод зээлээ нэмээд л авна. Ер нь, цалингийн зээлнээс салдаггүй. Тэглээ гээд яах билээ, үхтэл үр харам гэж үр хүүхдүүд сайн явбал эцэг, эх хоёрын жаргал тэр юм даа. Тэмцээнд явах эрхээ аваад медаль зүүгээд ороод ирэхэд нь эхнэр бид хоёр юун зээл бодохтой манатай, их баярлана шүү дээ. Ингээд л дараагийн тэмцээнд нь яаж ийж байгаад л явуулдаг. Гэргий маань Хонгор сумын сургуульд багшилдаг Ч.Нэмэхбаяр гэж бүсгүй бий. Бид хоёр ээлжилж зээл аваад болгоод л байдаг юм.
-Одоо Улсын залуучуудын шигшээ багийн тамирчид болсон юм чинь цалин хөлс авах уу? 
-Байхгүй ээ. Тамирчдыг оны эцсээр тухайн жилдээ үзүүлсэн амжилтыг нь дүгнээд нэг удаа урамшуулал олгодог. Бусад үед бид хоёр л арыг нь даана шүү дээ.
2016 оны олимпийн дараа хоёр хүү маань хоёулаа Дэлхийн аваргын тэмцээнд явах боллоо. Том хүү маань дэлхийн залуучуудын аварга, бага хүү өсвөрийн аваргад явах болоход ангийн маань хамт олон хандив цуглуулаад замын зардалд нь нэмэрлэ гээд сая гаруй төгрөг өгсөн юм. Хоёр хүүгийнхээ бүх зардал мөнгийг тушаачихсан, нэг хоногийн дараа ниснэ гэж байтал Бразилийн олимпийн үеэр манай чөлөөт бөхийн тамирчин, хоёр дасгалжуулагчийн гаргасан эсэргүүцлийг Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд тухайн тэмцээнд Монголын баг тамирчдыг оруулахгүй гэж шийдвэрлэж, хоёр хүү минь тэмцээндээ явж чадаагүй. Тэр үед төлсөн зардал мөнгөө ч эргүүлж авч чадаагүй өнгөрч байлаа. Ер нь, спортод амжилт гаргах тамирчны хувьд, тэдний ар гэрийн хувьд бол маш их золиос шаардах үе гардаг. 
Харин сая бага хүүгээ Дэлхийн аваргын тэмцээнд явахад зардал мөнгийг нь гаргахад маш хүндхэн байсан. Цалингийн зээл авах ч боломжгүй байлаа. Тэгтэл Замын ангийн орлогч дарга Б.Баярмөнх маань Замын захиргаанаас дэмжлэг хүсэхийг зөвлөсөн. Ингээд Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарт өргөдөл бичсэн. Миний өргөдлийг хүлээн авч Замын захиргаанаас мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Энэ дашрамд, Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, СУСТ-ийн дарга Л.Биндэръяа нарт талархснаа илэрхийлье.
-Их спортод амжилт үзүүлж буй тамирчдын хувьд санхүүжилт туйлын хүнд юм байна. Нэг гэр бүл ийм хүндхэн шалгуурыг олон жил дааж яваа нь бахархалтай юм?
-Санхүүгийн хувьд хүндхэн байдаг нь үнэн. Гэхдээ энэ спортод хайртай дуртай, авъяастай хүүхдүүдээ харсаар байж тэмцээн уралдаанд нь явуулахгүй гэх бодол эхнэр бид хоёрт төрдөггүй л юм. Хоёулаа чадлынхаа хэрээр дэмжээд л, явуулсаар л байна. Эдийн засаг талаасаа ийм ч, хувь хүнд бол спорт маш өгөөжтэй шүү дээ. Бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, хүмүүжил төлөвшил, эрүүл мэнд гээд маш олон талын сайн сайхан нөлөөлөл бий. Хоёр хүү минь дунд сургуульд байхаасаа л олон сайхан амжилт гаргасан даа. Дунд сургуульд байхдаа хоёулаа “Аймгийн шилдэг сурагч” болж байлаа. Ер нь, зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй, бэршээлийг давах зориг хүчтэй болж өссөн шүү миний хоёр хүү. 
2017 онд том хүү Б.Насанбуян маань Монгол Улсын “Шилдэг залуу тамирчин” болж, “Бөртэ чоно” цомын эзэн болж байлаа. Хөвгүүдийн минь гаргаж буй амжилт аав, ээж хоёрынх нь өдий хүртэл хичээж зүтгэж яваагийн шагнал юм даа.Тэр дотроос хөвгүүдээ тив, дэлхийн аваргын дэвжээнээс медаль авч, Монгол төрийнхөө далбааг мандуулж байхыг харах эцэг хүнд амьдралын том шагнал шүү дээ. 
-Ингэхэд Монгол Улсад чөлөөт бөхийн спортыг анх дэлгэрүүлсэн байгууллага бол УБТЗ гэдэг шүү дээ?
-Тийм шүү. Тэр ч утгаараа сая Замын захиргаанаас хүүд минь дэмжлэг үзүүлсэн байх. Би өөрөө бөхийн бүх төрлийн спортод дуртай. Тэр дундаасаа чөлөөт бөхийг илүү сонирхдог.
-Хөвгүүд нь цаашдаа ямар мэргэжил эзэмшиж байгаа вэ?
-Том хүү минь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо дүү нь бас тэр сургуульд сурч байгаа. Спортын салбараа сонгосон. Том хүү минь энэ жил гэр бүлтэй болж байна. Жил гаран бэлтгэл сургуулилтаа завсарлаад эргээд бэлтгэлдээ гарч эхэлсэн. Том хүү Залуучуудын Азийн аваргын алт мөнгө, хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай. Бага хүү Азийн аваргын хошой хүрэл, Дэлхийн аваргын хүрэл медальтай. 
-Ингэхэд та хөвгүүдийнхээ амжилтыг хэрхэн мялаадаг вэ. Шинэ медаль бүрийн ард гэр бүлийн баяр болдог байх даа.
-Тэгэлгүй яах вэ. Тамирчин хүн тэмцээний өмнө маш нарийн дэглэмтэй. Наад зах нь жингээ барина гээд янз бүрийн хоол унд идэхгүй. Өөрсдийгөө хурдны морь шиг л сойж байгаа харагддаг. Тийм болохоор тэмцээндээ яваад ирэхэд нь хамгийн дуртай хоол ундыг нь хийж, гэр бүлээрээ тэмдэглэдэг дээ. Тэгээд л дараагийнхаа тэмцээнд бэлтгэцгээнэ. Дахиад л нарийн дэглэм баримтална. Спорт бол хүнээс асар их тэвчээр хатуужил, хариуцлага, сахилга шаарддаг шүү. Манайх ам бүл тавуулаа. Хоёр хүү, нэг охинтой. Охин маань одоо найман настай. Ах нарынхаа амжилтад хамгийн их баярлаж хөөрнө. 
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Хөвгүүд тань удахгүй олимпийн дэвжээнд Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэх болтугай..
-Ерөөл бат оршиг!

Сэтгэгдэл үлдээх