Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-19

Т.Цэндмаа: Ямар ч хүнд үед хүмүүнлэгийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх нь бидний үүрэг

-Манай хороо коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг УБТЗ Гамшгаас хамгаалах штаб, аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх анхан шатны хороодтой хамтран Замын хэмжээнд тасралтгүй зохион байгуулж байна. Ингэхдээ бид хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэд хэдэн чиглэлээр явуулж байна. Нэгдүгээрт, аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлаа хангах, хүчин чадлаа бэхжүүлэхэд арга зүйн  зөвлөмж өгөх, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллалаа. Энэ хүрээнд нийтдээ 25  мянга гаруй төмөр замчинд амны хаалт, нэг удаагийн бээлий, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, анхны тусламжийн цүнх, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хүнсний тусламж зэргийг олголоо. Мөн хүнсний тусламжийг Замын хэмжээний судалгаанд хамрагдсан 100 өрх буюу нийт 394 хүнд хүргэсэн байна. Эрүүл мэндийн онцгой байдал үүссэн үед бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүдээрээ дамжуулан өртөө зангилаад, аж ахуйн нэгж байгууллагуудад “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг зангилаадын гамшгаас хамгаалах штабтай хамтран зохион байгуулсан. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Сайншанд, Чойр  зангилаадад зургаан цагийн “Сайн дурын идэвхтэн бэлтгэх” цахим сургалтыг зохион байгуулж, сайн дурын 30 идэвхтэн бэлтгэлээ. Сайншанд, Зүүнхараа зангилаа, төвийн хэсэглэлийн дархлаажуулалтын ажлын үеэр 15 сайн дурын идэвхтэн ажиллаж, 1000 гаруй төмөр замчдад вакцины талаарх үнэн зөв мэдээллийг хүргэж, 1000 хүнд  нэг удаагийн дархлаа дэмжих багц олгосон байна. Мөн УБТЗ-ын гамшгаас хамгаалах штабын шуурхай удирдлагын бүлэг болон Урд шугам замын дархлаажуулалтад ажилласан төмөр замчид, Улаанбаатар татах хэсгийн тусгаарлалтад ажиллаж байгаа ажилчид нийт 185 хүнд анхны тусламжийн цүнх болон витаминжуулалтын багц олгосон. Вирусээр хэн ч өвдөж болно. Тиймээс өвдсөн төмөр замчдаа сэтгэл санаагаар дэмжих, олон нийт, төмөр замчдад зөв мэдээллийг хүргэх, нөлөөллийн олон талт ажлуудыг зохион байгуулах чиглэлийг барьж ажиллаж байна.
-Улаан Загалмайн хорооноос цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Манай хороо энэ онд Замын захиргаанаас дэвшүүлсэн “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” зорилтын хүрээнд дараах хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр  ажиллаж  байгаа. Ажлын нөхцөлөөс шалтгаалан гадаа орчинд, мөн ажлын байрнаасаа зайдуу явж ажилладаг төмөр замчдад зориулан “Анхны тусламж-Амь нас аварна” бичил төслийг хэрэгжүүлж, төмөр замчин нэг бүрийг анхны тусламжийн “мини” цүнхээр хангах, анхны тусламжийг өөртөө болон хамт ажиллаж байгаа хүндээ цаг алдалгүй хүргэх сургалтыг ажиллах орчин нөхцөлтэй уялдуулж, дадлага дээр суурилсан сургалтуудыг түлхүү явуулна. Томоохон аж ахуйн нэгж байгууллага, өртөө зангилаадын анхан шатны хороодтой хамтран “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-Анхны тусламж” хөтөлбөрийн хүрээнд ХАБ-ын чиглэлийн танхим тохижуулахаар зорьж байна. Мөн 5-10 хүний бүрэлдэхүүнтэй “Анхны тусламжийн бүлэг” байгуулан шаардлагатай хувцас, хэрэглэл, анхны тусламжийн хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг ажлыг хамтран зохион байгуулж байгаа. Дэлхий нийтийг хамарсан энэ аюулт цар тахлын үед нийгмийн эмзэг байдал үүссэн ч, хатуу хөл хорио тогтоосон үед ч, Улаан загалмайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна. 

Сэтгэгдэл үлдээх