Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт өрнүүлж байгаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээллээ.
Хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар оролцож, хариуцсан чиглэл бүрээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа талаар товч танилцуулав.
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол замын урт 416.1 км, өртөө, зөрлөгийн замууд нийлээд дэлгэмэл урт нь 463 км. Нийтдээ нэг өртөө, зургаан зөрлөгтэй. Энэ төмөр замын голын даац 25 тонн. Жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа.
Төслийн ажлын хүрээнд  25.1 сая шоо метр газар шорооны ажил, дугуй болон дөрвөлжин 595 хоолой, 27 байршилд нийт 2427 метр урттай гүүр барих ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн энэ төсөлд 632 мянган тонн зам төмөр, 842 мянган бетон дэр, 859 мянган шоометр чигжээс, 82 ширхэг суман шилжүүлэг шаардлагатай байгаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор 1900 орчим ажлын байр бий болно. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн трассын дагуу 30 км-ийн бүс нутагт уул уурхай ашиглалтын 37 лиценз байна. Төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ордын үнэ цэнэ нэмэгдэх, Тавантолгойгоос бусад олон чиглэлд нүүрс экспортлох боломж бий болох юм.
Төслийн гүйцэтгэлийн хувьд газар шорооны болон ус өнгөрүүлэх хоолой барих ажлыг 100 хувь хийж дууссан. Технологийн барилгын ажилтай холбоотой худаг усны асуудлыг бүрэн шийдэж ашиглалтад оруулсан. Цаашид орон нутагт шилжүүлж өгнө. Одоогоор зургаан зөрлөгийн орон сууцны болон зөрлөгийн байшинг барьж Улсын комисст хүлээлгэн өглөө. Өртөөний барилгын ажил дууссан ч хараахан хүлээлгэж өгөөгүй байна. Мөн 27 гүүрийн ажил 98.7 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээр гүүрээр галт тэрэг өнгөрөх бүрэн боломжтой болсон. Одоогоор дэд бүтцийн ажил хэвийн үргэлжилж байна. Нийт 462 км төмөр зам угсрахаас 97.6 хувь буюу 451 км төмөр замыг угсарсан. Буталмал чулуун чигжээсийг хоёр үе шаттай хийдэг. Нэгдүгээр үеийн чигжээс 93.2 хувь буюу 430 км, хоёрдугаар үеийн чигжээс 88 хувьтай байна. Нийт замын 277 км-ийн ажлыг төслийн хэмжээнд бүрэн хийсэн. Өртөөний замын угсралт 65 хувь, зөрлөгийн замын угсралт 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ төмөр замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад бүрэн оруулна.
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын гол замын урт 240 орчим километр, дэлгэмэл урт 312 км. Энэ төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн уулзваргүй зам бөгөөд голын даац 25 тонн, жилдээ 30 сая тонн ачааг зөөвөрлөх хүчин чадалтай. Нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдана. Дохиолол холбооны хувьд хагас автомат хориглолтой байх юм. 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний тээврийн зардал одоо 32 ам.доллар байгаа бол “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам баригдсанаар энэ зардал 75 хувиар буурч, найман ам.доллар болно гэж тооцож байна. Ингэснээр тээврийн зардлаас жил бүр 430 сая ам.доллар хэмнэх боломжтой. Мөн энэ зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн нүүрс экспортолсноор 2.3 тэрбум ам.долларын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна. Тус төмөр замыг ашиглалтад оруулснаар шууд болон шууд бус 2000 ажлын байр бий болно. Төслийн нийт гүйцэтгэл 79.2 хувьтай байна. Нийтдээ 234.6 км гол замаас 91.5 хувь 213 км-ийг нь угсарч дууссан. Энэ замын дээд үеийн шулуун чигжээсний 65 орчим хувийг хийсэн. Одоогоор нийт замын 177 км буюу 56.6 хувь нь төслийн хэмжээнд хүрсэн байна. Мөн энэ замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулна.
“Богд хаан” төмөр замын төслийн тухайд “Алсын хараа 2050”, “Талын зам үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ төмөр замын төсөл нь анх 1982 оноос эхэлж яригдсан юм билээ. 2010 онд УБТЗ ХНН-ийн хүрээнд “170 орчим км урттай, гуравдугаар зэрэглэлийн зам” барих ТЭЗҮ-ийг хийсэн байдаг. ЗТХЯ 2014 онд Азийн хөгжлийн банктай харилцаа хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар чигийн судалгааг гадны инженерийн байгууллагуудаар хийлгэсэн. Судалгааг 2017 онд дуусгасан. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаардаг учир газрын давхцал маш их байдаг. Ийм учир Барилга хот байгуулалтын яам, ЗТХЯ тэргүүтэй төрийн 17 байгууллага хамтарсан шинжилгээ судалгаа хийж, газрын давхцалыг аль болох тойруулах шинэ хувилбар гарган батлуулсан. Шинэ хувилбараар Аршаантаас Мааньт дээр ирж холбогдох зам нь 135 км төмөр зам барихдаа хоёр туннельтэй байхаар төлөвлөөд байна. Хойд хэсэгтээ буюу Эмээлтийн хэсэгт 7.5 км, урд хэсэгтээ 9.1 км туннельтэй байхаар зураг төсөв хийсэн. Өнөөдрийн байдлаар төмөр замын зураг төсөл, газар чөлөөлөлт болон барилгын ажлуудыг зэрэг хийж байна. 
Төмөр замын зүүн коридор гэж нэрлэдэг Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Монгол Улс зүүн коридор байгуулах талаар харилцан ярьж тохирсон байдаг.
Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсангийн чиглэлийн төмөр зам концессийн жагсаалтад орж батлагдсан. Хөөт-Бичигтийн төмөр зам 234 км, Хөөт-Чойбалсангийн чиглэл 192.6 км, нийтдээ 420 орчим км төмөр замыг барьж байгуулна. Одоогийн байдлаар, ажлын хэсэг байгуулагдсан. Ойрын хугацаанд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 269 км төмөр замыг ирэх оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Энэ замыг барьснаар Дархан, Сэлэнгийн бүс нутгаас экспортолдог төмрийн хүдрийг хамгийн дөт замаар Бугатад хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Нийтдээ 311 км замыг товчлох зам болно. Мөн өнөөдрийн байдлаар, Эрээн-Замын-Үүд боомтын галт тэрэг солилцоо 14 галт тэргээр хязгаарлагдаж байна. Үүнээс шалтгаалан экспортын ачааг нэмэгдүүлэх боломжгүй байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар төмрийн хүдрийн экспорт нэмэгдэхээс гадна тээвэрлэлтийн өртгийг 4-8 доллараар бууруулах тооцоо бий. Өмнөд хөрштэй экспортын шинэ гарц нээж хоногт 13 хос галт тэрэг солилцохоор төлөвлөж байгаа юм. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор шууд болон шууд бус 1600 орчим ажлын байр бий болно” хэмээн төмөр замын төслүүдийг танилцууллаа. Мөн тэрбээр, төгсгөлд нь Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгийн татан авалтын талаар мэдээлэв. Өмнөд хөршид ЗТХЯ-наас удаа дараа хүсэлт тавьсан боловч БНХАУ-ын төмөр замын дотоодын тээврийн хүндрэлээс шалтгаалан ачаа тээврийн татан авалтад хүндрэл гарч байгаа аж. 
Түүнчлэн, Тяньжин боомтоос зургадугаар сард 21 хоногийн хугацаанд 42 галт тэргээр 2291 чингэлэг, долдугаар сард 45 галт тэргээр 2537, наймдугаар сард 29 галт тэргээр 1424 чингэлэг хүлээж авчээ.
Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагийн мэдээлснээр Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талт хэлэлцээр, Европын хамтын нийгэмлэгтэй “Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай” хэлэлцээр байгуулсны дагуу эдгээр орны 100 гаруй хот болон манай улсын зургаан хот хооронд нислэг гүйцэтгэх, зургаан улстай агаарын тээврийн тавдугаар эрх, 17 улстай аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлжээ.
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Минжбадам:
-Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 95 чиглэлийн 1702.7 км хатуу хучилттай авто замын барилга, их засвар, шинэчлэлтийн ажил, 15 байршилд 1338.6 урт метр төмөр бетон болон модон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням:
-Зам, тээврийн салбарын 2021 оны эхний хагас жилийн статистик мэдээлэл, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн талаар “Зам, тээврийн хөгжлийн яам эдийн засгийн өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн тээврийн ухаалаг системийг гол зорилгоо болгосон.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Зам тээврийн бүтээн байгуулалт маш их хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх олон ажил хийж байна. 2014-2019 онд 12 төсөл арга хэмжээгээр 712.1 км авто замыг барьсан. Өнөөдрийн байдлаар барих шилжүүлэх болон барих, ашиглах, шилжүүлэх зургаан төслийн 1294 км авто замын төслийг хэрэгжүүлж байна.
Цар тахлын үед хилийн боомтуудын үйл ажиллагаа нэлээд хязгаарлалттай явж байна. Зарим хилийн боомтын үйл ажиллагаа зогссон. Одоогийн байдлаар, БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтоор л тээвэр явж байна.
Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт ажиллаж байгаа бол бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон. Учир нь, тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Тиймээс цар тахлын үед төрийн зүгээс бий болгосон боломжуудаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй байна. Хятадын Шар тэнгисийн буланд долоон боомтыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа. Энэ боомтуудаа ашиглая. Гэтэл ганцхан боомт дээр чихэлдээд байна. Өвөр Монголтой 13 боомтоор хиллэж байгаа. Мөн л ганцхан Замын-Үүд дээр бөөгнөрөөд байна. Энэ төвлөрлийг сааруулахаар бусад боомтуудаар татах ажлыг хийж байна.
Европ болон ОХУ-тай холбогдож байгаа Алтанбулаг хилийн боомт бас хаагдсан. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүс байгуулагдсан байсан бол энэ тээвэрлэлт гацах ямар ч шаардлагагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-ээс хойш Европ болон ОХУ-аас ирж байгаа ачаа, тээврийг толгой, чиргүүл солих байдлаар зохион байгуулж байна. Манай улс 16 улстай авто тээвэр хийх боломжтой байгаа. Энэ боломжуудыг Монголчууд тэр бүхэн ашиглаж чадахгүй, гаднын тээвэрлэгчид яваад байна. Тиймээс энэ бүхнийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ таниулах, сурталчлах ажил хийж байна гэв.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн салбарт эрх зүйн болон техник технологийн шинэчлэл хийж, салбарын өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, авилга, хүнд суртлыг арилгах, ил тод байдлыг улам боловсронгуй болгохоор хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, далайн тээвэр гэсэн чиглэлд хуулийн шинэчлэл хийж, тээврийн нэгдсэн хууль боловсруулж байна.
Учир нь, эдгээр таван төрлийн тээвэр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгааг уялдуулах, харилцан холбоотой нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Эцэст нь, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тус яамнаас салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын мэдээллийг сар бүр ийнхүү нэгдсэн байдлаар танилцуулж байхаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх