Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-27

Вагоны салбарынхан цахимаар зөвлөлдлөө

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт “Монгол Улсын төмөр замын салбарын вагоны аж ахуйд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдэл” сэдэвт цахим зөвлөгөөн боллоо. “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” НҮТББ, УБТЗ-ын Вагоны аж ахуйн алба хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд, УБТЗ, МТЗ ТӨХК, “Тавантолгой төмөр зам”, “БТЕГ” ХХК-ийн “Баянгол төмөр зам” болон вагон эзэмшигч, түрээслэгч хувийн компаний 90 орчим төлөөлөгч оролцжээ.
Зөвлөгөөнийг ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд нээлээ.
Зөвлөгөөнийг “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” НҮТББ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ гэхэд болно. Гэвч өнгөрсөн жилийн зөвлөгөөн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ жил дөрөв дэх удаагаа болж буйг УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн, техникийн ухааны доктор Л.Болд онцоллоо. Өмнөх зөвлөгөөнүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо илт өссөн нь ажиглагдлаа. Энэ нь, өөрийн эзэмшлийн вагонтой компаниуд, мөн вагон түрээсэлж тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийнхэн олширсонтой холбоотой аж. Энэ удаагийн зөвлөгөөнөөр оролцогч нар салбарын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, зарим асуудлын шийдлийг хамтран эрэлхийлж, нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлцгээв.
Зөвлөгөөний эхэнд УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн, техникийн ухааны доктор Л.Болдын тавьсан илтгэлд “Өнөөгийн байдлаар Монгол Улсын төмөр замын тээвэрт 19 вагон эзэмшигч, өмчлөгчийн 6813, түрээслэгч найман компанийн 1222, нийт 8053 ачааны вагон тээвэрт ашиглагдаж байгааг дурдлаа.
Ийнхүү өмчийн олон хэлбэрийн хөдлөх бүрэлдэхүүнийг тээвэрт ашиглах, мөн шинэ загварын олон вагонууд тээвэрт нэмэгдэн орж ирж байгаа нь сайн талтай ч тэдгээрийн засвар үйлчилгээ буюу дагалдах сервис үйлчилгээ хөгжиж, бэхжээгүйгээс гарах хүндрэл цөөнгүй болох нь зөвлөгөөний явцад тодорхой болж байв. Мөн ачааны вагоны паркийн насжилт өндөр болсон нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлсээр байгаа нь тулгамдсан асуудал билээ.
Үүний цаана вагоны аж ахуйд мөрдөгддөг стандарт, норм, техник зохицуулалтын хүрээнд шийдлээ хүлээж байгаа олон асуудал байгаа ажээ. Түүнчлэн, тус аж ахуйд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлагууд тулгамдаж байна. Эдгээр тулгамдсан шийдэл хүлээж буй асуудлыг шийдвэрлэхэд суурь бүтэц эзэмшигч болон вагон эзэмшигчдийн хамтын ажиллагаа тун чухал байгааг Л.Болд онцолсон билээ. 
Мөн УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбатын илтгэлд, УБТЗ-ын Вагоны аж ахуйн албанаас техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, үр дүнд хүрч буйг тодорхой танилцууллаа. Тухайлбал, Монголд анх удаа ачааны хагас вагон угсрах ажлыг 2017 онд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг 2018 онд 50 хувиар өсгөж өргөтгөл хийсэн. Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрийг 2020 онд нээсэн гээд олон амжилтыг онцолсон билээ. 
Түүнчлэн, УБТЗ-ын вагончдын хувьд ойрын ирээдүйд зорьж буй зорилтоо ч салбарынхандаа танилцууллаа. Тухайлбал, вагоны засвар үйлчилгээ, техникийн үзлэг оношилгооны механикжилтийг нэмэгдүүлж, хүний хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Тэдний хийсэн судалгаагаар одоогийн байдлаар вагоны төлөвлөгөөт засвар 56, салгалттай урсгал засвар 26, вагоны техникийн үзлэг үйлчилгээ 1.3 хувийн механикжилттай байгаа аж. Тиймээс хамгийн бага буюу 1.3 хувийн механикжилттай вагоны техникийн үзлэгт шинэ техник технологи нэвтрүүлэх зорилттой байгаа аж. ОХУ-ын КТМС, ХБНГУ-ын 5Т зэрэг төхөөрөмжөөр галт тэрэгний явдал дунд техникийн байдлыг хянадаг системийг нэвтрүүлэхээр судалж байгаа гэнэ.
Мөн ачааны вагон засварын хоёр дахь депог байгуулах зэрэг хэтийн төлвөө дэлгэрэнгүй танилцууллаа. Нөгөө талаар, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд өмчийн олон хэлбэрт компаниуд татагдан оролцох болсон хэдий ч тээвэр явагдаж буй суурь бүтцийн эзэмшлийн хувьд УБТЗ голлох тул эдгээр байгууллагууд үйл ажиллагааны хувьд нэгдэж шийдэх шаардлага тулгарч буйг хэлэлцүүллээ.
Жишээ нь, вагон эзэмшигч, өмчлөгч, түрээслэгч компаниуд 
-Техникийн үзлэг, засварын нэгдсэн стандарттай болох
-Вагоны ашиглалт, засварын мэдээллийн нэгдсэн санг бий болгох
-Төлөвлөгөөт засварын нэгдсэн заавартай болох
-Мэдээлэл солилцох сантай болох гэсэн дөрвөн зорилтыг дэвшүүллээ. Зөвлөгөөнд оролцогчид дээрх дэвшүүлсэн асуудлуудыг санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар Монгол Улсад мөрдөгдөж буй вагоны аж ахуйтай холбоотой стандартуудын талаар танилцуулж, мэргэжилтний хувиар заавар зөвлөмж өглөө. 
Зөвлөгөөний сүүлийн хагаст чөлөөт хэлэлцүүлэг өрнөв. Энд вагон эзэмшигч компаниуд тулгамдсан асуудлуудаа нээлттэй хэлэлцэж, зарим гарц гаргалгааг хамтран эрэлхийлэхээр болцгоов.
Тухайлбал, цөөн тооны вагон эзэмшигч, өмчлөгч нарт вагоны засвар үйлчилгээг хийлгэхэд сэлбэг материалын хангалт, олдоц тулгамдсан асуудал болжээ. УБТЗ-ын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод гэрээгээр засвар үйлчилгээ авах боломжтой ч УБТЗ нь өөрөө хоёр улсын хамтарсан компаний хувьд 1949 оны хэлэлцээрээр зөвхөн өөрийн хэрэгцээнд шаардлагатай сэлбэг материалыг гаалийн татвараас чөлөөлүүлдэг учир гадны компанид өөрийн оруулж ирсэн сэлбэг материалыг ашиглан засвар хийх эрхгүй байдаг байна. Тиймээс энэ мэт цөөн вагонтой компаниуд хамтран сэлбэг материалын татан авалтаа зохицуулах шаардлагатай болж буйг хэлэлцлээ. Энэ чиглэлд БТЕГ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сүхбаатар ч хамтран ажиллахад боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, Вагоны ашиглалт, засвар үйлчилгээний нэгдсэн санг байгуулахыг бүрэн дэмжиж байна. Үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ч бэлэн гэдгээ хэлнэ билээ. Түүнчлэн, тус компани Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрт 400 хос дугуйн захиалга өгч, эхний найман хос дугуйг туршилтаар аваад байгаагаа дуулгалаа. 
Харин ОХУ-аас вагон түрээслэгч нар хэт хуучин, техникийн хувьд шаардлага хангахгүй вагонуудыг түрээслэх нь эрсдэл өндөр, улмаар маш хохиролтой осол сүйрэлд хүргэж болзошгүйг холбооны тэргүүн Л.Болд санууллаа. 
Мөн ОХУ-аас вагон түрээсэлж, экспортын тээвэр ашигладаг компаниудад вагоны гар тоормосын гэмтлээс шалтгаалан хил дээр буцаагдах тохиолдол цөөнгүй гарч буйг Сүхбаатар ТҮГ-аас танилцуулж, вагон түрээслэгч нарт мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөхөд нээлттэй гэдгээ илэрхийллээ. Урд хилийн боомт Эрээн өртөөнд ачааны вагоныг гар тоормосоор бэхэлдэг тул энэхүү шаардлага нь зөвхөн манай тавьж буй шаардлага биш гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Түрээслэгч компаниуд түрээсийн вагонуудынхаа засвар үйлчилгээг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод хийлгэх сонирхол ихээхэн байдаг ч тус депогийн хувьд ОУ-д зөвшөөрөгдөх сертификатгүй гэх шалтгаанаар ОХУ-д засвар үйлчилгээ хийлгэж байгаа тухай яригдлаа. Энэ чиглэлээр манай Вагоны аж ахуйн албанаас 2019 онд ЗТХЯ-нд хандаж, ОХУ-ын зохих байгууллагад хүсэлтээ гаргасан хариу хүлээж байгаа аж.
Түүнээс гадна “Мосгор транс” ХХК гадаадаас ачааны хагас 70 вагон худалдан авч оруулж ирэх хүсэлтэй байна. Гэвч хүсэлтийг УБТЗ хүлээн авалгүй, бид вагоноо буцаахаас аргагүйдсэн шалтгааныг тайлбарлахыг хүссэн юм.
Үүнд, Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж ийн хариулав.
Тэрбээр, “УБТЗ-ын гол замын багтаамжийг бид судалж үзээд 11500 вагон гэж тогтоосон. Энэ тоо нь дотроо вагоны төрлөөр хуваагдана. Бидний хийсэн судалгаагаар ачааны хагас вагоны хувьд одоогийн байдлаар 32 вагон л оруулж ирэх боломж бий. Түүнээс илүүг оруулж ирэх боломжгүй байна. УБТЗ-аар тээвэрлэгдэж байгаа тээврийн хэмжээ нь Замын-Үүд Эрээн өртөөний галт тэрэг солилцооноос ихээхэн хамааралтай байна. Одоогийн байдлаар хоногт 14 хос галт тэргээр галт тэрэг солилцоо хязгаарлагдаж байгаа учраас олон вагон оруулж ирснээр экспортын ачаатай вагоны хуримтлал нэмэгдэх л байдал үүснэ. Тиймээс олон тоогоор вагон худалдан авч оруулж ирэх боломжгүй” хэмээлээ.
Зөвлөгөөнд оролцогч нар өмнөх зөвлөгөөнөөс гарсан “Вагон оператор компани” байгуулах талаарх асуудал хэрхсэнийг сонирхож байв. Уг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй тул хүлээлтийн байдалтай байгааг Л.Болд тайлбарласан юм. 
Зөвлөгөөний төгсгөлд “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Л.Болд “Төмөр замын мэргэжлийн холбоод болон ТББ-уудын явуулж буй үйл ажиллагаа, хэлэлцүүлэг зөвлөгөөнөөс дэвшүүлж буй санал санаачилга, хүсэлтийг Зам тээвэр хөгжлийн яам бүртгэж, цаашдын бодлого шийдвэр, үйл ажиллагаандаа тусгаж байвал төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөмтэй байх болов уу гэж бодож байна. Энэ удаагийн зөвлөгөөн болон өмнөх зөвлөгөөнөөс дэвшүүлсэн асуудлуудыг нэгтгээд салбарын яамандаа хүргүүлнэ” хэмээлээ.
Энэ мэтчилэн уг салбарт шийдэл хүлээсэн олон асуудал байгааг нээлттэй хэлэлцэв. Зөвлөгөөнд оролцогч нар зарим асуудлыг хамтран шийдвэрлэх гарц, боломж байгааг ч зөвлөгөөний үеэр олж харах шиг болсон. Юутай ч төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагааг эрхлэгч аж ахуй нэгж, компаниуд олширсон, цаашид оролцохоор сонирхож буй нь цөөнгүй байгаа бололтой.

Сэтгэгдэл үлдээх