Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

“Найрамдлын зам”-аас эхэлсэн нөхөрлөл

Манай сониныхон Сүхбаатарын Даян ах гэцгээдэг. Уншигчид маань Т.Даяндорж нэрээр хэдийнээ мэднэ. Хааяахан Сэлэнгэ нутгийн брэнд хмелийн талх, утсан загас “ханхийлгэсээр” редакциар минь ирж, уншигчдын санал хүсэлт, сонины нийтлэл, захиалга, түгээлтийн тухай яриа өрнүүлж, өөрийн бодлоо хэлж бидэнд санаа өгдөг сөн. Хөл хорионы үеэр ах маань нийслэлээр ирэх нь цөөрч дээ. Миний мэдэхийн л, Сүхбаатар ЦХА-ийн ажилтан энэ хүн сонины идэвхтэн бичигч, Сүхбаатар зангилаанд “Ган зам” сонины захиалга, түгээлтийг өөрийн сэтгэлээрээ хийсээр ирсэн. Хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарч, албаны ажлаа хүлээлгэн өгөхдөө, сонины захиалга, түгээлтийн ажлаа залууст шилжүүлье гэж бодоод өртөөний дарга дээр орж “Би “Ган зам” сонины захиалга түгээлтийг 30 жил хариуцлаа. Одоо тэтгэвэртээ гарлаа. Та энэ ажлыг хариуцах эзэнтэй болгоод өгөөрэй” гэжээ. Ингээд гавьяаны амралтаа авч, санаа амар явж байгаад нэг удаа өртөөний нарийн бичгийн өрөөнд сонины хэд хэдэн дугаар хураалттай, уншигчиддаа хүрээгүй байхыг олж хараад сэтгэл түвдэлгүй “албан тушаалгүй, авдаг цалингүй” ажлаа үргэлжлүүлсэн юм. Тэр ийм л “Ган зам” сониндоо ясны үнэнч хүн шүү дээ. Т.Даяндорж:
-Шинэ дугаар ирэх өглөө эртлэн вокзал орж, нар зөв тойрч байгууллагуудад сониноо тараачихаад харьж явахад ч сэтгэл нэг л өег шүү. Сонин гэдэг шинэхэн дээрээ сонихон байдаг. Тиймээс сонин хэвлэлийг ирсэн даруйд нь зангилааны төмөр замчдадаа хүргэж өгөх хамгийн чухал ажил. Миний хэзээний л хийдэг, хийх дуртай ажил минь болж дээ. Харин сүүлийн хэдэн сар цар тахлаас болоод сонин түгээлтэд маань хүндрэл их гарч байна. Удахгүй цаг сайхан болох биз ээ. Төмөр замчид маань “Ган зам” сониноо унших дуртай. Захиалж амжаагүй зарим нь, ялангуяа депогийн залуус “Даяндорж ахаа, илүү сонин үлдээгүй биз?” гэж асууж сурах юм. Байгууллага нь нэгдсэн журмаар захиалгаа зохион байгуулахгүй байгаа бололтой. Уг нь, төмөр замчдад сониноо захиалж унших хүсэл их байна. Байгууллагынх нь сонины захиалга хариуцсан хүмүүс л мөнгө төгрөгийг нь хураахаас түвэгшээдэг бололтой, янз нь. Хамаг л юмны үнэ өсөөд байна. Гэхдээ “Ган зам” сонин маань үнэ өртгөө нэмэлгүй хэдэн жил ч болов доо. Улирлын захиалгын үнэ нь таваг хоолноос ч хямдхан шүү дээ. Ийм үнээр бүтэн улирал сониноо авч уншина гэхэд цааргалдаг төмөр замчин байхгүй дээ, уг нь. Манай төмөр замчид чинь боломжийн цалин хөлстэй улс шүү дээ” гэж хэзээний л бодож санаж яваагаа эрээлэлгүй хэлээд инээх.
Түүний уугуул нутаг ус Хөвсгөл аймгийн Рашаант сум. Харин 1975 онд гэр бүлээрээ Сэлэнгэ аймагт нүүж ирж суурьшжээ.
-Бид эцэг эхээс есүүлээ, би дээрээсээ гурав дахь нь. Аав минь ослоор бурхан болсон тул Сэлэнгийн холбооны даргаар ажиллаж байсан нагац ах минь биднийг дэргэдээ татаж авснаар манайх Сэлэнгийн айл болсон. Дунд сургуулиа дүүргээд Мод боловсруулах комбинатад Эвлэлийн илгээлтээр очиж хоёр жил ажилласан. Тэгтэл цэргийн зарлан ирлээ. Ажил хийж ээждээ нэмэр болдог ганц хүүхэд нь болохоор ээж, нагац ах хоёр минь намайг цэргийн албанаас аймгийн Цагдаагийн хэлтэст ажилд оруулчихлаа. Цагдаагийн байгууллагад 1987 он хүртэл ажиллаад төмөр замын ЦХА-д орсон. Төмөр замын ЦХА-ийн цалин хөлс цагдаагийнхаас хамаагүй ахиу байлаа шүү дээ” хэмээн хуучиллаа. 
Т.Даяндорж хүүхэд байхаас, шүлэг зохиол оролдсон. Анх “Сүхбаатарын туг” сонинд “Өндөр худаг” шүлгээ нийтлүүлж, түүндээ урамшин Сэлэнгийн залуу зохиолчдын дугуйланд данслагдаж, тэндээ авьяаслаг залуустай хамт хөглөгдөж явсан үеэ эргэн дурсах дуртай.
Тэр цагаас сонин сэтгүүлтэй илүү ойр нөхөрлөх болсон гэдэг. Төмөр замд орохоос өмнө аймгийн сонин болон “Залуучуудын үнэн” сонинд мэдээ бичнэ, шүлгээ хааяахан гаргачихна. Харин төмөр замчин болсон цагаасаа “Найрамдлын зам”-тай “найзлах” болж... 
“Ган үзэг” яруу найргийн наадамд шүлгэн хүлгээ хэд хэдэн удаа сойж, “Утас зүү хоёр” шүлгийн түүвэр, “Сэтгэлийн уянга” өгүүлэг, яруу найргийн номоо гаргасан уран бүтээлч бөгөөд “Шинэхэн ном өлгийдөхөд бэлтгээд л байна. Арай л амжихгүй явна” гэлээ. Тэрбээр, сонинд байнга мэдээ материал нийлүүлнэ. Манай сонины оны тэргүүн бичлэгийн шагналыг ч хүртсэн удаатай. 
-Ахыг нь танай сониноос МСНЭ-д “Ган үзэг” шагналд тодорхойлж, сайхан шагнал хүртсэн. Мөн аймгийн сониноос “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” шагналаар шагнасан. Энэ салбарын ийм нэр хүндтэй шагналуудыг зүүсэн хүн чинь сониноо яаж орхих билээ дээ” гэж чин сэтгэлээсээ өгүүллээ. 
Тэрбээр Сүхбаатар ЦХА-д олон жил ээлжийн ахлахын албыг нэр төртэй залгуулсаар гавьяаны амралтдаа гарсан юм. “Арваад жил цагдаагийн байгууллагад ажилласан туршлага, надад харуул хамгаалалтын ажил хийхэд их хэрэг болсон шүү” гэж даруухан өгүүлнэ. Түүний гаргасан амжилтаас тоймтойхныг өгүүлэхэд, 2003 онд гал түймрээс эрдэнэт хүний амь аварч, төмөр замын машин техникийг хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлсний учир “Хүндэт төмөр замчин” тэмдгийг Замын дарга Р.Рашаас гардаж байжээ. Дараа жил нь хулгайн хэргийг цаг алдалгүй илрүүлж, тэр жилдээ албаны аваргаар шалгарч байж. Ийм зүйлийг тэр барагтай амнаасаа унагахгүй. “Ажил хийж байхад энэ мэт тохиолдол зөндөө. Өөрийгөө магтсан болно, дэмий” гэх.
Даян ахын хобби хурдтай, хүчтэй хүлэг. Унаагаа үе үе юүлэх дуртай гэнэ. Дөчин жилийн өмнө анх “Минск” мотоцикл авч унаж байжээ. Тэрбээр, “Мотоцикл ч сайхан унаа. Дөчин жилийн хугацаанд орос, герман, хятад янз бүрийн мотоцикл уналаа. Сониноо ганзагалж аваад л тараагаад давхичихна шүү дээ. Саяхан 12 дахь мотоциклоо зарчихсан. 13 дахиа спорт загварынхыг сонгоно гэж бодож байна. Ковид гайгүй болчихвол шинэ унаа аваад үүргэвчээ үүрээд гарна гэж бодоод байгаа. Бас машинд дуртай. Одоо 18 дахь машинаа унаж байгаа. Би ер нь, машин, мотоцикл хоёрыг удаадаггүй гэмтэй гээд инээлээ.
Түүний гэргий төмөр замын Нийтийн хоолонд ажиллаж байгаад Сүхбаатар худалдаа үйлчилгээний төв татан буугдснаас хойш шүдний эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа гэнэ. Тэднийх согоо шиг хоёр охинтой. Охид нь гар бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчид. Энэ талаар “Том охин ОУХМ Д.Үнэнтуяа маань “Алтайн барс”-ын эмэгтэйчүүдийн багийн ахлагч, бага охин Монгол Улсын спортын мастер Д.Анужин улсын шигшээ “Эногура” багийн холбон тоглогч. Багийнхаа нэг охинтой хамт Солонгосын Кандуны их сургуулийн урилга хүлээж авсан. Сургуульд сурахын хажуугаар тэр сургуулийнхаа багт тоглох юм. Монгол охид Солонгост очиж лигт нь тоглох болж байгаа нь бахархмаар хэрэг шүү. Охины визийн материалыг бүрдүүлэх гэж хэд хоног завгүй гүйлээ” хэмээн охидоороо бахархан өгүүллээ. Энэ удаад ийнхүү сонины “шадар туслах” Т.Даяндорж ахтай цөөн хоромд ярилцлаа. Аль ч цагт зангаа хувиргаагүй, сонины маань захиалга түгээлтийг өнөө ч өөриймсөг сэтгэлээрээ “цалингүй” залгуулж яваад нь “Ган зам” сонины ажилтнууд бид үнэхээр талархдаг билээ. 

Сэтгэгдэл үлдээх