Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-05

Замын III ангийнхан дэвшилтэт технологи туршиж байна

Ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдсэн энэ үед замын суурь бүтцэд стандарт хэмжээнээс хэд дахин хэтэрсэн ачаалал очих болсон. Нөгөөтэйгүүр байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж олон жилийн насжилттай, их засварт ороогүй зарим хэсэг аадар бороонд угаагдахаас эхлээд жилээс жилд эрсдэлт хүчин зүйл нь нэмэгдсээр байгаа юм. Энэ бүхний цаана замчдын ажлын ачаалал өндөрсөж, үүрэг хариуцлага нэмэгдэж, зарим тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөн хооронд зам засварыг амжиж хийхэд хүртэл хүндрэлтэй болж буйг Замын ангийнхан ярьдаг. Дээрх бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Замын III ангийн хамт олон навигац мониторингийн шинэ систем нэвтрүүлэхээр туршиж байгаа аж. Энэхүү төхөөрөмжийг одоогоор 559, 675, 747 дүгээр км-т суурилуулан туршсан гэнэ. Ингэснээр гүүр хоолойн хиймэл төхөөрөмж доогуур урсах усны хурд, түвшин, түүгээр ч зогсохгүй зам төмрийн температурын мэдээллийг лазераар хэмжин тухайн мөчид цаг алдахгүй Замын ангийн диспетчерт автоматаар дамжуулах юм. Энэ талаар тус ангийн дарга Б.Ариунболд “Бид энэ чиглэлийн туршилт, судалгааг анх 2018 онд санаачилснаас хойш ажиллаж байна. Үүний зэрэгцээ замын мастер, тор засагч, сэв шалгагч тэргэнцэрт байршил тогтоох “GPS” төхөөрөмж холбон туршиж байгаа. Ингэснээр нэгдүгээрт, замчдынхаа аюулгүй байдлыг найдвартай хангана. Хоёрдугаарт, тухайн ажилтнууд хаана явж байгааг нь мэддэг болсноор ажил үүрэгт нь байнгын хяналт тавих боломж бүрдэж, үүнийг дагаад ажлын бүтээмж сайжирна. Гэхдээ энэ төхөөрөмжийг зөвхөн ажлын цагаар буюу 8-17 цагийн хооронд л тухайн ажилтнуудад байршуулах юм. Тиймээс цаашид энэ арга барилын үр дүн сайн байвал бригадын дарга, замчдаа ч холбоно” хэмээн ярилаа

Сэтгэгдэл үлдээх