Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-22

Хөдөлгөөнт оношилгооны төв ирэх сард урд зам ажиллана

-Дэлхий дахинд Ковид-19 цар тахал тархсантай холбогдуулан УОК-ийн шийдвэр болон Эрүүл мэндийн сайдын тушаал, заавар, түр журмыг баримтлан Төв эмнэлэгт ирэх хүмүүсийн урсгалыг багасгах, хүн хоорондын зайг барих бодлого барьж ажиллалаа. Энэ хүрээнд манай эмнэлэг төмөр замчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 
Нэгдүгээрт, шугам замын төмөр замчдыг Төв эмнэлэгт татаж урьдчилан сэргийлэх үзлэг хийхийг түр хойшлуулсан. Мөн төвийн хэсгийн байгууллагуудын ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахдаа өдөрт нэг байгууллагаас хамрагдах хүний тоо 40 байсныг 15 хүртэл бууруулсан. Замын II анги, Төв засварын үйлдвэр, ЗЗМС, Толгойт өртөө, ТҮГ, Улаанбаатар өртөө, СУСТ, Төв эмнэлэг, ТЗДС, Политехник коллеж, Хүүхдийн секторын харьяа цэцэрлэг, дотуур байр зэрэг аж ахуйн нэгжийн ажиллагсдыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулаад байна. Одоогийн байдлаар, Зорчигчийн вагон депогийн үзлэг 50 орчим хувьтай байна. 
Мөн эрсдэлт бүлгийн буюу манай диспансерийн хяналтад байдаг хүмүүсийн судалгааг шинэчлэн гаргаж, энэ бүлэгт багтах 1573 хүнд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын бүх салбар нэгж, шугам замаас эдгээр хүнийг татан авч үзлэг шинжилгээнд хамруулж байна. Одоогоор энэ үзлэг 90 гаруй хувийн биелэлттэй явна. Энэ хүрээнд бүх хүмүүст шаардлагатай болон нэмэлт шинжилгээг давтан хийж, 200 хүнийг хэвтүүлэн эмчиллээ. Эрсдэлт бүлгийн хүмүүсийн 96 хувьд нь нэмэлт шинжилгээ хийсэн байна. Хоёрдугаарт, Хөдөлгөөнт оношилгооны төв өнгөрсөн сарын 31-нээс Хойт зөрлөг, Сүхбаатар, Дархан, Салхит зангилаа, Орхон зөрлөгт 10 хоног ажиллалаа. Манай 19 эмч, мэргэжилтэн давхардсан тоогоор 10653 хүнд үйлчилгээ үзүүлээд ирлээ. Лабораторийн шинжилгээнд бүх хүмүүсээ хамрууллаа. Хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай 12 хүнийг Төв эмнэлэгт эмчилсэн. 
Мөн үүний зэрэгцээ “МТЛ” ХХК-ний 200 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж 8.2 сая төгрөгийн орлого олсон.
Энэ сарын 21-нээс Эрдэнэт, Хөтөл, Зүүнхараа зангилаа, Мандал, Орхонтуул зэрэг өртөө зөрлөгт ажиллаж эхэллээ. Үүний дараа мөн Баянтүмэн тасагт манай эмч мэргэжилтнүүдийн баг очиж, ажиллана. Урд замд ирэх сарын 10-наас эхлэн ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр шугам замынхнаа урьдчилан сэргийлэх үзлэгт 100 хувь хамруулчихна. Төвийн хэсгийн үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдыг сүүлийн улиралд үзлэгт бүрэн хамруулна. Замын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг 50 орчим хувьтай байна.
-Хичээлийн шинэ жил эхэлж, энэ долоо хоногоос цэцэрлэг, сургууль ердийн горимоор хичээллэх боллоо. Хүүхдийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр эмч нар хэрхэн ажиллаж байна вэ?
-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад цэцэрлэг, сургууль, сурагчдын дотуур байранд мөрдөгдөх коронавирусээс хамгаалах халдвар хамгааллын дэглэм ЭМ-ийн сайдын тушаалаар батлагдсан. Үүний дагуу цэцэрлэгийн хүүхдүүдийн үзлэг шинжилгээг хийж дууслаа. Мөн цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг нэмж элсүүлэх болсонтой холбогдуулан өнгөрсөн Бямба гарагт зөвхөн хоёр настай хүүхдүүдийг шинжилгээ, үзлэгт нь хамруулах ажлыг тусгайлан зохион байгууллаа.
Ер нь, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдэд ажилладаг зургаан эмчийг сургалтад хамруулсан. Үүгээр Ковид-19 өвчний үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллах, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайдын тушаал шийдвэр, журам дүрмийг танилцуулсан. 

Сэтгэгдэл үлдээх