Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-08

Эрээн өртөөнөөс ачаагаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд!

Ковид-19 коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд авто замын боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо цөөрч, БНХАУ-ын Эрээн хотод хүлээгдэх Монгол Улсын импортын ачаа нэмэгдэх болсонтой холбогдуулан Монголын талын хүсэлтийн дагуу Эрээн өртөөн дээрээс өргөн царигийн төмөр замаар ачаа ачих ажиллагааг зохион байгуулж эхлээд байна. Эрээн өртөөний өргөн царигийн төмөр замын вагонд кранаар ачих боломжтой ачааг БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн ордны Худалдааны танхимын зөвшөөрлөөр ачиж байгаа юм байна. Есдүгээр сарын 5-ны байдлаар Эрээн өртөөнд 962 вагон импортын ачаа ачигдаж, үүнээс 831 вагон улсын хилээр орж ирээд байна.
Иймд Эрээн боомтоос Монгол Улс руу импортлох ачааг өргөн царигийн төмөр замын вагонд ачиж тээвэрлүүлэх хүсэлтийг ачаа илгээгч буюу БНХАУ-ын иргэн, хуулийн этгээд нь Эрээн хотын Ардын засгийн ордны Худалдааны танхимд тавьж шийдвэрлүүлэхийг анхаарна уу. Түүнчлэн нарийн царигийн төмөр замын вагонд ачаа ачиж тээвэрлүүлэх үйл ажиллагаа нь БНХАУ-ын хилийн болон төмөр замын байгууллагын дүрэм журмын дагуу Эрээн өртөөний хүчин чадалд суурилан хэрэгжиж байна.

Сэтгэгдэл үлдээх