Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-14

Генерал Ф.А.Гвоздевский

Манай орны ХХ зууны голлох бүтээн байгуулалт болсон Наушки-Улаанбаатарын төмөр замыг барихад бүр анхнаас нь оролцож, онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь Зөвлөлтийн төмөр замын нэрт зүтгэлтэн, инженер-техникийн албаны хошууч генерал Фёдор Алексеевич Гвоздевский билээ. 
Чухам энэ хүний төмөр замын талаарх өндөр мэдлэг, асар их туршлага, бүтээн байгуулагч чадварын үр дүнд 1947-1949 оны зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн эрс тэс уур амьсгал, хад асга, намаг шалбааг бүхий байгалийн хүнд нөхцөлд уг замыг тавьж, 1949 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнд нээгдэн, анхны галт тэргийг Улаанбаатарт хүлээн авсан бахархам түүх бичигдсэн билээ.
1946 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Наушки-Улаанбаатарын төмөр зам баригдах шийдвэр гарч, ЗСБНХУ-ын Дотоод явдлын яамны сайд С.Н.Кругловын 1947 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 00955 дугаар бүхий маш нууц тогтоолоор Дорнод Сибирийн төмөр замын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл 399 км төмөр замыг барих үүрэг бүхий “505-р барилга”-ын Удирдах газрыг тус яамны Төмөр замын барилгыг удирдах ерөнхий газрын харьяанд байгуулж, даргаар нь БАМ-ын Тайшет-Братск-Лена-ын төмөр замыг барьж асан Баруун удирдах газрын дарга Ф.А. Гвоздевскийг томилжээ. Түүний удирдлагын багийн дийлэнхийг мөн газрын инженер техникийн ажилтнуудаас бүрдүүлсэн нь тохиолдлын хэрэг биш байлаа.
Ф.А.Гвоздевский 1930-аад оны сүүлчээс бүтээн байгуулалт нь эхэлж, эх орны дайны үед түр завсарлан, дайны дараа үргэлжилсэн БАМ-ын Төмөр замын Баруун удирдах газрынхан даргаар 1946 оноос ажиллах болжээ. Уг удирдах газрынхан хариуцан барьж байсан замынхаа зарим хэсгийг нь галт тэрэгний хөдөлгөөнд нээгээд байв. Байгаль цаг уурын нөхцөлийн хувьд Монгол орныхтой тун төстэй нөхцөлд ажиллаж асан уг хамт олны цөм хэсэг нь Эх орны дайны үед гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж асан хоригдлуудаас бүрдэж байсныг хэлэх нь зүйтэй. Тэднийг Сэлэнгэд төвтэй хойд, Улаанбаатарт төвтэй өмнөд гэсэн хоёр лагерьт хуваан дотоод зохион байгуулалтыг нь бүрдүүлжээ. 
Генерал Ф.А. Гвоздевский хүүхэд ахуй наснаасаа л хүнд хүчир хөдөлмөр, дайн тулаанд хатуужиж, бэрх бүхнийг даван туулсан мэргэжлийн төмөр замчин, чадварлаг инженер, туршлагатай зохион байгуулагч байв. Тэрээр, 1901 онд Хаант Орос Улсын Воронёж губерны Калач сууринд төмрийн дархны гэр бүлд төрөн, 16 настайдаа төмөр замын засварын газарт дархнаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 
Залуу хүү 1918 онд сайн дураараа улаан армид элсэн, Дорнод фронтын V арми, нэгдүгээр морьт армиудад морьт салаа, суман, эскадрон, хорооны захирагчаар Колчак, Деникин, Врангелийн цагаан цэрэг, Дундад Азийн басмачуудтай эрэлхгээр тулалдаж, авьяаслаг цэргийн дарга, ирээдүйн цэргийн томоохон зүтгэлтэн болох боломжтой нэгэнд тооцогдож байв. Түүний цэрэг дайны чадварыг Зөвлөлтийн цэргийн нэрт зүтгэлтэн Михаил Фрунзе өндрөөр үнэлж, 1919 онд Уфа хотыг адмирал Колчакын цэргээс чөлөөлөхөд хороогоо удирдан онц гарамгай тулалдсаны учир Улаан тугийн одонгоор шагнаж, хорооны жагсаалын өмнө өөрийн биеэр гардуулж өгсөн байдаг. 
Ер нь, Ф.А.Гвоздевскийн иргэний дайны үеийн намтрыг харахад засварлагагүйгээр М.В.Фрунзийн удирдлагад тулалдаж явсан нь энэ хоёр хүний дайчин нөхөрлөлийг харуулж буй хэрэг болов уу.
Тэрээр, 1927 онд Дундад Азийн цэргийн тойрогт бригад командлагчаар ажиллаж байхдаа байлдаанд олсон шарх нь сэдрэн хүндээр өвчилж, улмаар цэргээс бэлтгэлээр халагджээ. Үүнийгээ тэрээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гэж үзэн, мөн ондоо Москва хотын Төмөр замын инженерийн дээд сургуульд элсэн суралцаж, 1932 онд зам барилгын инженер мэргэжлээр төгссөн байна. Ийнхүү түүний төмөр замчны намтар 1932 оноос Москва-Донбассын төмөр замд замын барилгад удирдах албан тушаалуудад шат дараалан ажиллаж байгаад 1938 онд Байгаль-Амарын төмөр замд шилжин улмаар ДХАК-ын Төмөр замын барилгыг Удирдах ерөнхий газрын орлогч даргаар томилогдсоноор үргэжилжээ. 
Тэрээр, Эх орны их дайны анхны өдрөөс л фашистын Германы эсрэг цус асгаруулсан тэмцэлд тусгай даалгавартайгаар оролцсон бөгөөд 1941 оны сүүлийн хагаст Москва хотыг хамгаалахад чухал үүрэг хүлээсэн Калинин мужийн хамгаалалтын зурвасыг байгуулах, 1942 онд Сталинград хотыг хамгаалах, фронтыг зэр зэвсэг, сум хэрэгсэл, материал техникээр хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Сталинград-Саратовын төмөр замыг ашиглалтад өгөх Засгийн газрын даалгаврыг амжилттай биелүүлэн, анхныхаа Лениний одонгоор шагнуулсан байна. Дайн Зөвлөлтийн ард түмний ялалтаар дууссаны дараахан түүнийг Дотоодыг хамгаалах Ардын комиссариатын газрын харьяа “Барилга-505” Удирдах газрын даргаар томилж, хошууч генерал цолоор шагнажээ.
Дээр өгүүлснээр түүнийг “505 дугаар барилга”-ын Удирдах газрын даргаар ажиллан, Наушки-Улаанбаатарын төмөр замын их бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлэн үр дүнтэй үргэлжлүүлж байхад нь буюу 1948 оны дундуур Дотоод явдлын яамны Төмөр замын барилгыг Удирдах ерөнхий газрын даргаар дэвшүүлэн томилсон аж. Тэрээр, энэхүү албан тушаалд ажиллаж байхдаа Монгол орны хөгжил дэвшлийн ган судас болсон Наушки-Улаанбаатарын төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж галт тэрэгний хөдөлгөөнд нээх, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг ерөнхий удирдлагаар ханган, Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайдын худалдаа, тээвэр эрхэлсэн орлогч С.Лувсан, Тээврийн яамны сайд С.Ядамсүрэн нартай байнгын холбоотой ажиллаж, Монголчуудын төмөр замтай болох хүсэл мөрөөдлийг бодит үйл хэрэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүхэн баримтаас харахад тэрээр, 1947-1948 онд Монголд байнга байрлаж, замын бүтээн байгуулалтыг өдөр дутмын удирдлагаар хангаж байсан бол, дараагийн жилүүдэд олон удаа ирж, зам барилгын ажлын явцтай танилцан дээрх хүмүүстэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсон шуурхай шийдвэрлэж ирсэн байдаг. Тухайлбал 1949 оны зургаадугаар сард Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт биечлэн оролцсон төдийгүй, хэлэлцээрийн дараа Маршал Х.Чойбалсанг зам барилгын ажлын явцтай танилцахад дагалдан явжээ. Энэ үед, Шар хөвийн дөрөлж, Хүй долоон худаг, Мандал, Зүүнхараа, Баруунхараа, Сүхбаатар зэрэг газруудад ажиллаж буй “505 дугаар барилга”-ын бие бүрэлдэхүүн, ажлын явцыг Х.Чойбалсанд танилцуулан, хүндрэл бэрхшээл, орон нутгийн засаг захиргааны байгууллага, ард иргэдтэй холбоотой зарим нэг санал хүсэлтийг шийдвэрлүүлэхийн зэрэгцээ Маршал Х.Чойбалсан, дагалдан явсан Монгол нөхдийн тавьсан зарим асуудлыг ч газар дээр нь шуурхай шийдвэрлэж байсан гэдэг.
Ф.А. Гвоздевский 1949 оны арванхоёрдугаар сарын 07-нд Улаанбаатарт анхны галт тэрэг орж ирэх ёслолын цуглаанд оролцсон бөгөөд Наушки-Улаанбаатарын төмөр замыг ашиглалтад оруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн “505 дугаар барилга”-ын Удирдах газрын бие бүрэлдэхүүнийг Монголын төр засгийн дээд шагналаар шагнах шийдвэрийн эхэнд бичигдэж, Сүхбаатарын одон хүртсэн аж. Зөвлөлтийн төр засаг ч түүний гавъяаг үнэлэн Лениний одонгоор хоёр дахь удаагаа шагнасан байна. Тэрээр, тэмцэл тулаан, амжилт бүтээлээр дүүрэн ажил амьдралынхаа хугацаанд Сталины (Одоогийнхоор төрийн шагнал) шагналыг хоёр ч удаа хүртсэн ажээ. 
Ф.А.Гвоздевский Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг барих зураг төсөл гаргах ажлыг хариуцаж байгаад 1953 оноос мөн яамны Үйлдвэрийн барилгыг Удирдах ерөнхий газрын даргаар, 1954 оноос Дунд үйлдвэрийн яамны барилгыг Удирдах ерөнхий газрын даргаар томилогдон, цөмийн зэвсгийн барилга байгууламжийг барих ажлыг удирдах үүрэг хүлээжээ. 1958 онд эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэвэрт гарсан, ЗХУ-ын төмөр замын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, түүний нэр УБТЗ-ын түүхэнд тод үсгээр бичигдэн үлдсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх