Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-02

Хүүхдийн зохиолчийн сэтгэхүй хөгширдөггүй

МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын анхны гишүүдийн нэг, ахмад машинч, хүүхдийн зохиолч Н.Одонхүү гуай өдгөө 80 насны босгонд тулж явна. “Ган зам” сонины эрхлэгчээр ажиллаж байсан нэрт сэтгүүлч Ж.Нямдаш агсан нэг удаа надад “Төмөр замын утга зохиолын дугуйлангийн анхны төгсөгчдөөс Н.Одонхүү бид хоёр л одоо байна даа. Дараахан нь Д.Лхамсүрэн орно. Н.Одонхүү бид хоёр үргэлж холбоотой байдаг. Мань эр хүүхдийн шүлгээс өөрийг бараг бичээгүй байх. Хүүхдийн сэтгэхгүйгээр хэр баргийн зохиолч шүлэг, зохиол бичиж чадахгүй. Чи дугуйланг /МЗЭ-ийн УБaТЗ дахь салбар/ удирдаж буй даргынх нь хувьд Эрдэнэт орохдоо Н.Одонхүүтэй уулзаарай. Би чиний тухай, хийж буй ажлуудыг чинь үргэлж дуулгадаг юм. Өөрөө бол хөл муутай болсон гэнэ. Тэгэхээр чи нэг очиж уулзна биз” хэмээсэн билээ. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн Н.Одонхүү гуайтай очиж уулзаж амжихгүй яваа ч утсаар үе үе холбогдож, шинэ бүтээлтэй нь танилцаж, сонин сайхан хуучилж л байна. Тэрбээр, “Хүрэн морь”-ны гэгдэх Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсаны шавь гэдэг. Түүний “Тоорцогтой ботго” зохиол нь XX зууны Монголын хүүхдийн шилдэг 100 зохиолын нэгд багтсан бөгөөд хөгжмийн зохиолч С.Батболдын аялгуу, Н.Маралгоогийн дуулсан “Тэмээчин охины дуу”, мөн “Мазаалай” гэхчилэн олон дууг нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд дуулж байхыг нь сонссон удаатай. Хүүхдийн зохиолч нар нас өндөр болсон ч сэтгэхгүй нь хүүхдийнх шиг хэвээрээ, гэгээн цагаан байдаг нь гайхалтай. Тиймээс эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан энэ удаагийнхаа дугаарт ахмад төмөр замчин, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Одонхүү гуайн 2020 онд бичсэн шинэ бүтээлүүдээс толилуулж байна.

Сэлэм
Өнгөлзөх дайсантай
Өвөө тулалджээ
Дархан хилээ
Давуулахгүй байлджээ
Алаг морьтой
Даргатай байжээ
Алдарт баатар
Дандар байжээ
Одоо сэлэмээ
Шүтдэг болжээ
Орныхоо ард
Зүүдэг болжээ

Буур
Хар буур шавна
Хамгаас сүртэй харагдана
Хавирах шүд нь хангинана
Хавийн амьтан мэгдэнэ
Хүрхэрч дуу нь нүргэлнэ
Хөтөлийн цаана сонсогдоно
Хөөс сагасан дүрээс нь эмээнэ
Хөөрсөн сар ч гэсэн нуугдана

Өүлэн ээжийн хүү
Тэртээ зуунд
Тэмүүжин хүү
Зуун хүүхдийн
Зулайд байв
Өүлэн ээжийн
Өсгөсөн хүү
Мянган хүүхдийн
Магнайд байв
Монголоо нэгтгэсэн
Морьтой хүү
Орчлонгийн хаадын
Оргилд байв

Галт тэрэг
Галт тэрэг 
Тачигнаад өнгөрлөө
Газрын холд
Түжигнээд одлоо
Тэртээ хөтлийг
Өгсөөд жирийлээ
Тэнгэрийн хаяаг 
Өргөөд орчихлоо

Ой мод
Өглөө оройгүй
Найгаж биелсэн
Өдөр шөнөгүй
Нахилзаж бүжиглэсэн
Өвөл зунгүй
Наадаж шуугисан
Арвин их модонд 
Амрах агшин байна уу?

Хавар 
Цаг уясна
Цас урагдана
Яргуй дэлгэрнэ
Ямаа ишиглэнэ
Говь зэрэглээтнэ
Ботго ганганана
Хөдөөг хөглөнө
Хөдөлгөөнд оруулна

Гомбо Самба хоёр
Намрын эхэн сарын тунгалаг сайхан өдөр Гомбо Самба хоёр эртлэн жимсэнд явав. Гомбо их жимстэй газар мэддэг ч явсаар жимс багатай газар очив. Эндээсээ түүхээр шийдэж нэг нэг бутны ёроолд сууж жимс түүж эхлэв. Самба жимсээ маш шаргуу түүж байв. Харин Гомбо жимсээ түүлгүй сэм сэм холдсоор их жимстэй газраа очлоо. Тэгээд “Миний сав дүүрэн, Самбын сав дундуурхан харина. Айлын хүүхдүүд намайг магтаж, Самбыг шоолно” гэж бодсоор жимсээ түүж байв. Удсан ч үгүй
-Гомбо оо, нааш ир. Энд их жимстэй газар байна гэж дуудах Самбын дуу ой модыг цуурайтуулан цангинав. Оройхон мань хоёр сав дүүрэн жимстэй, сэтгэл дүүрэн баяртайгаар ойгоос гарав.

Зураг зурсан нь
Тасалгаан дотор нам гүм. Болд Сүх хоёр их л чармайн зураг зурж суув. Болд:
-Би зургаа зурчихлаа! гээд дэвтрээ Сүхэд харуулахад толгой томтой, хөл бүдүүн морины дүрс байв. Сүх бас
-Миний зурсан энэ... гээд зургаа Болдод өгөхөд 
-Энэ чинь юу юм бэ?
-Ариггүй хэрэглэсэн дэвтэр байгаа биз дээ!
-Хэзээ ийм зураг байсан юм бэ? гэж Болдыг дооглонгуй харахад Сүх:
-Чиний дэвтрийг л хараад зурчихсан шүү дээ гэв. Энэ зурган дээр нь нэр, хаягаа биччихвэл яг л өөрийнх нь дэвтэр байлаа. 
Болд ичсэндээ дэвтрээ авч бушуухан далд хийв. 

Сэтгэгдэл үлдээх