Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-22

Н.Цэрэнноров агсны гудамжийг тохижуулах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Замын I орлогч дарга И.В.Милостных, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр, Нийгмийн асуудал хариуцсан орлогч  дарга Ц.Хүрэлбаатар тэргүүтэй удирдлагууд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, орлогч дарга Д.Мөнхбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Тэд УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажилласан Н.Цэрэнноров агсны гудамжийг тохижуулахад хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных хэлсэн үгэндээ “Н.Цэрэнноров агсны гудамжийг бид хамтран тохижуулснаар зөвхөн төмөр замын тосгон, Баянгол дүүрэг төдийгүй Улаанбаатар хотын өнгө төрхийг нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид энэ гудамжийг хэрхэн тохижуулах төлөвлөгөө батлуулж байгаа. Ирэх оныхоо төсөвт ч хөрөнгө мөнгө тусгана” гэв. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дүүргийн удирдлагын хувьд УБТЗ-тай цаашдын хамтын ажиллагаа эхлүүлж буйд баяртай байгаа. Төмөр замын зүгээс мэргэжлийн байгууллагын хувьд яаж тохижуулах тухай зураг гаргах байх. Энэ хүндтэй хүний нэрэмжит гудамжийг тохижуулаад зогсохгүй “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ч мөн үргэлжлүүлнэ. Энэ цэцэрлэгт хүрээлэнг дүүргийнхээ иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болгохоор зорьж байгаа. Мөн төмөр замын хонгилон болон гүүрэн гарцын асуудал хотын хэмжээнд төлөвлөгдсөн байдаг. Манай дүүргийн хувьд эрсдэлтэй олон цэг бий. Энэ бүхэнд галт тэрэгний хөдөлгөөнд саад болохгүй, аюулгүй байдлыг хангасан автомашины болон явган хүний хонгилон гарцуудыг төлөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх