Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-24

Д.Түвшинбаяр: УБТЗ-ын хэмжээнд 130 орчим үл эвдэх сорилтын багаж ашигладаг

-УБТЗ-ын захиргаа Хэмжил зүйн төв гэх тусдаа баланстай аж ахуйн нэгжийг саяхан байгууллаа. Ер нь, энэ төвийг яг ямар үндэслэлээр байгуулах болов. Хоёулаа үйл явдлыг он, цаг дараалалтай нь нэлээд тодорхой ярилцъя. Миний санахаар, анхлан 2013 онд “Үл эвдэх сорилт-Аюулгүй ажиллагаа” нэртэй зөвлөгөөн зохион байгуулснаар танай алба улмаар Хэмжил зүйн төв байгуулах үндэс тавигдсан шиг харагдах юм? 
-Тийм, тийм. Тээврийн хяналтын албаны санаачилгаар зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнөөр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээний чанарын асуудал чухал гэдгийг онцолсон. Засвар, үйлчилгээний чанарыг хангахад гэмтлийг хурдан шуурхай, үнэн зөв бодитой оношлох нь тулгамдсан асуудлын нэг. Үүнийг шийдвэрлэх гарц нь УБТЗ-ын хэмжээнд үл эвдэх сорилыг идэвхжүүлж, бодлогын баримт бичиг гарган мөрдөн ажиллах байв. Зөвлөгөөнөөр бодлогын баримт бичиг боловсруулах шийдвэр гарч тухайн үеийн Техникийн бодлого, зураг төслийн төвийн технологи инженерээр ажиллаж байсан Х.Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Улмаар, үл эвдэх сорилын бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлсэн байдаг. Уг ажлын хэсэгт С.Мөнх-Алдар, Н.Батхүрэл, М.Мэндбаяр, Т.Шинэбаяр зэрэг салбар нэгжид үл эвдэх сорилын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай инженерүүд багтан 2014 онд бодлогын баримт бичгээ батлуулсныг та бүхэн мэдэх биз ээ. Баримт бичигт УБТЗ-ын хэмжээнд үл эвдэх сорилт, хими техникийн, механик хэмжил, металл судлалын зэрэг лабораториудаас бүрдсэн оношилгооны төв байгуулах заалт орсон. Энэ заалтыг хэрэгжүүлэх эхний алхам нь Хэмжил зүйн төв байгуулах. Төв байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор УБТЗ-ын даргын 2020 оны аравдугаар сарын 28-ны А-815 тоот тушаалаар Судалгаа шинжилгээ, технологийн төвийн дэргэд Хэмжил зүйн хэлтсийг нэг жилийн хугацаатай, найман хүний орон тоотой байгуулсан. Өнгөрсөн хугацаанд энэхүү хэлтэс нь Хэмжил зүйн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, норматив баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах, лабораторийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн уртын болон үл эвдэх сорилтын лабораториудыг магадлан итгэмжлэлд хамруулахаар Үндэсний итгэмжлэлийн төвд материалыг нь хүргүүлээд байна. Хэмжил зүйн хэлтэс нь өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд Замын удирдлагад хүсэлт гаргасны дагуу УБТЗ-ын даргын 2021 оны есдүгээр сарын 24-нд “Бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” А-790 тоот тушаалаар Хэмжил зүйн төв болгон өргөжүүлж, 14 хүний орон тоотой баталсан юм.
-Ингэж асууж байгаад уучлаарай. Өнгөрсөн хугацаанд УБТЗ хэмжил зүйн нэгдсэн бодлого, хяналтын системгүйгээр яаж явж ирсэн юм бэ. Уг нь, төмөр замчид чинь өдөр тутамдаа л металл эдлэлтэй харьцаж, түүний аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ирсэн шүү дээ? 
-Оросын нэрт эрдэмтэн Д.Менделеев “Хэмжиж эхэлсэн цагаас хойш шинжлэх ухаан үүссэн” гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад, түүхийн туршид бүхий л салбарын үйл ажиллагаанд хэмжил зүйн үйл ажиллагаа их бага хэмжээгээр байсан. Гол нь, нэгдсэн удирдлагаар хангах нь учир дутагдалтай байсан юм болов уу гэж харагддаг. УБТЗ-ын хувьд ч энэ мөн хамаарна. Анх 1520 мм-ийн царигтай гол зам тавихаас эхлээд орчин үеийн дохиолол, хориглолын систем суурилуулах, зүтгүүр болон вагоны засвар, үйлчилгээ гээд бүх л ажилд хэмжигч техникчдийн хэмжил, оношилгооны үнэн бодитой үр дүн, нарийвчлалын үндсэн дээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ирсэн нь ойлгомжтой. Хэмжигч техникчдээс гадна мэргэжлийн ур чадвартай хүлээн авагч, инженер, техникийн ажилчид хэмжил зүйн хяналт, шалгалтыг хийж, чанартай “бүтээгдэхүүн”-ийг төмөр замд нийлүүлж ирсэн гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх аа. 
-Хэмжил зүйн төв байгуулснаар яг ямар ач холбогдолтой юм бэ. Тусгай зориулалтын багаж, хэрэгслийн засвар, үйлчилгээ, металл хийцийн насжилтад дүн шинжилгээ хийснээр ирээдүйд ямар үр дүнд хүрэхээр зорьж байгаа хэрэг вэ?
-Хэмжил зүйн төвийг байгуулснаар гадаад дотоод олон ач холбогдолтой. Гадаад ач холбогдол нь юу гэвэл Монгол Улсын “Хэмжил зүйн тухай” хуулийн шинэчилсэн найруулгад улсын хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор салбарын хэмжил зүйн мэргэжлийн байгууллагуудыг байгуулж, зарим нэг эрх үүргийг “хуваарилах” тухай заалт орсон. УБТЗ дэргэдээ мэргэжлийн Хэмжил зүйн төв байгуулж байгаад Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Стандарт хэмжил зүйн газрын удирдлагууд ихээхэн дэмжиж, ач холбогдол өгснийг энд дурдахад таатай байна. УБТЗ-аас гадна төрийн болон хувийн хэвшлийн төмөр замууд, бусад байгууллагуудын оношилгоо, сорилтын багаж төхөөрөмж, хэмжих хэрэгсэлд засвар үйлчилгээ, шалгалт-тохируулга, шалгалт-баталгаажуулалтыг тодорхой төлбөртэй хийснээр Замын санхүүд гадны байгууллагаас орлого оруулах боломжтой. Тэгвэл дотоод ач холбогдол нь юу вэ. УБТЗ-ын хэмжээнд ашиглаж буй үл эвдэх сорилт болон хэмжих хэрэгслийн засвар, шалгалт-тохируулга, шалгалт-баталгаажуулалтыг бид гадна, дотны байгууллагуудаар хийлгэж өдий хүрсэн. УБТЗ-ын хэмжээнд нийт 130 орчим үл эвдэх сорилтын багаж ашигладаг гэсэн тооцоо, судалгаа байдаг. Энэ багажнуудын шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдах хугацаа бараг 100 хувь дууссан гэж хэлж болно. Эдгээрийг ОХУ руу шалгалт тохируулга, баталгаажуулалт хийхээр явуулдаг бөгөөд энэ нь, нэгдүгээрт, өртөг өндөр. Үйлчилгээний болон тээвэрлэлтийн зардал гэх мэтээр өртөг нь нэмэгддэг. Хоёрдугаарт, хугацааны алдагдал ихтэй. Бидний урьдчилсан тооцоогоор үл эвдэх сорилтын багаж хэрэгслийг өөрийн нөхцөлд шалгаж тохируулдаг, баталгаажуулдаг болсноор гадаад руу чиглэсэн мөнгөн урсгалыг дотоод руу чиглүүлж, тээврийн зардал 100 хувь хэмнэх, хугацааг ойролцоогоор 60 хувь хүртэл, засварын ажил 40-50 хувь буурах боломжтой харагдаж байгаа юм. УБТЗ-ын салбар нэгжүүд хэмжих хэрэгслээ Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн холбогдох лабораториудад шалгалт-тохируулга, шалгалт-баталгаажуулалт хийлгэдэг байсан бол манай Хэмжил зүйн төв энэ эрх, үүргийг хүлээснээр УБТЗ-ын хэмжил зүйн үйл ажиллагаанд нэг том дэвшил гарна. Дээр нь, төмөр замын хэмжээнд анх удаа металл хийцийн бүтцийг шинжилж, насжилтыг тодорхойлох ажлыг хийж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр бид хөдлөх бүрэлдэхүүний насжилт болон ашиглалтын нөөцийг тодорхойлох боломжтой. Урд нь, суудлын вагоны насжилтыг тодорхойлоход багагүй хэмжээний хөрөнгө зарцуулж, гадны компаниар хийлгэж байлаа. Энэ бүхнийг цаашид өөрсдөө хийх хэмжээнд хүрнэ. 
-Та мэдэх байх. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод Замын захиргаанаас багагүй санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийж, Хос дугуйн цехийг ашиглалтад оруулсан. Гэвч уг цех тодорхой үр дүн гаргасангүй. Дугуй угсарсан нь алдаатай гарсан. Энд та бүхэн ямар дүгнэлт хийж байна вэ? 
-Уучлаарай.Таны энэ асуултад хариулж чадахгүй нь. Манай төвийн инженерүүд тухайн газарт ажиллаж, дугуй угсрах явцад ямар нэгэн алдаа гарсныг тодорхойлоогүй. Мэдээж, бид бүхэн очоод ажиллаж байж учир шалтгааныг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгнө шүү дээ. Одоогоор Вагоны аж ахуйн албанаас гэдэг юм уу Зүүнхараа дахь Ачааны вагон депогийн зүгээс уг асуудалд ямар нэг үнэлэлт, дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн хүсэлт ирээгүй.
-Би андуураагүй бол, та засварчнаас албаны Засвар эрхэлсэн орлогч дарга хүртэл ажилласан инженер хүн. Зүтгүүрийн деподод худалдан авсан сэлбэг хэрэгслүүд харагдах байдал нь ижил ч чанарын зөрүүтэйгээс амархан шатаж гэмтдэг асуудал гардаг юм билээ. Үүнийгээ дагаад зүтгүүрүүд тээвэрт оролцох боломжгүй болж, засварт зогсдог. Ер нь, ганц зүтгүүр гэлтгүй аливаа сэлбэг хэрэгслийг худалдан авахад чанар, стандартыг нэг түвшинд хүргэх ёстой юм шиг харагддаг л даа. Танай алба үүнд ямар оролцоотой байж болох вэ?
-Би ОХУ-ын Москва хотын Зам харилцааны их сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа Улаанбаатар татах хэсэг, Зүтгүүрийн аж ахуйн алба, Техникийн бодлогын алба, Зүтгүүрийн аж ахуйдаа албаны Засвар эрхэлсэн орлогч даргаар ажиллаад Хэмжил зүйн хэлтсийг байгуулахад өөрийн хүсэлтээр энэ хэлтэст ирсэн. Засварчнаас албаны засвар эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан зүтгүүрчин хүний хувьд илчит тэргэнд гарч буй гэмтэл саатлууд миний санаа зовох асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Илчит тэрэгний гэмтэл сааталд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Та эдгээр хүчин зүйлүүдийн нэг болох засварын сэлбэг, материалын чанарын талаар асуусан болохоор энэ тал дээр товч, тодорхой хариулт өгөхийг хичээе. Намайг зүтгүүрийн депод ажиллаж байх үе буюу 2001-2003 онд илчит тэрэгний засварын сэлбэг ховордсон, хугацаандаа нийлүүлэгддэггүй зэргээс болж нэг илчит тэрэгнээс нөгөө илчит тэрэг рүү сэлбэг эд ангийг зөөж тавих, хуучин сэлбэгийг эргүүлэн ашиглах зэрэг тохиолдол их гарч байсан. Энэ нь, тухайн үеийн илчит тэрэгний засварын чанарт сөргөөр нөлөөлж байсныг үгүйсгэхгүй. Замын удирдлагын зүгээс тээврийн хэмжээг тооцсоны үндсэн дээр хоногт ажиллах зүтгүүрийн паркийн тоог зааж өгдөг. Зүтгүүрийн паркийг тэр тоонд нь барих гэж манай зүтгүүрчид өдөржин шөнөжин, цаг наргүй ажилладаг байлаа. Одоо ч ялгаагүй. Тэр тоог бууруулахгүйн тулд илчит тэргийг ёстой л “Байгаа материалаа ашиглана” гэдэг шиг ашиглаж болж байвал хуучин шинэ хамаагүй сэлбэг тавиад гаргадаг байж. Өнөөдөр худалдан авах ажиллагааны хуулийн дагуу сэлбэг материалыг тендер зарлан худалдан авдаг болсон. Энэ нь, нэг талаар сайн ч нөгөө талаар учир дутагдалтай. Нэгдүгээрт, хугацаа алдах тохиолдол их гардаг. Шаардлагатай тендерийн материал ирүүлээгүй тохиолдолд 2-3 удаа зарлагддаг. Хоёрдугаарт, үнэ багатай, чанаргүй сэлбэг нийлүүлэх эрсдлийг дагуулдаг. Тендер гэдэг нь шаардлага хангасан хамгийн бага үнэтэйг сонгодог гэдэг боловч шаардлага хангасан гэхээсээ илүүтэй хамгийн бага үнийн санал өгснийг сонгох нь элбэг. Мөн худалдан авах сэлбэг материалынхаа техникийн тодорхойлолтыг үнэн, зөв гаргаж өгөхөд хангалтгүй ажилласнаас чанар муутай шаардлага хангахгүй сэлбэг нийлүүлэх эрсдэлтэй. Худалдан авч байгаа сэлбэг материалыг хүлээн авч буй захиалагч байгууллагын хүлээн авах ажлын хэсэг ч тун хариуцлагатай байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хэсэгт хэмжигч техникч, хүлээн авагч, засварын болон технологи инженер гэсэн засварын чанарыг хангаж ажилладаг мэргэжлийн ур чадвартай ажилтнуудыг оруулах хэрэгтэй. Бодит байдал дээр нэг цехийн мастер, хангамжийн инженертэй очоод л хүлээж авч байгаа харагддаг. Өөр нэг гарц нь тогтолцооны өөрчлөлт хийх. Аутсорсинг компани байгуулж сэлбэг, материалын хангамжийг бүрэн хариуцуулах нь зүйтэй л дээ. Аутсорсинг компани нь захиалагчийн шаардлагад нийцсэн сэлбэг материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх хатуу үүрэг хариуцлагыг хүлээж, уг үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд захиалагч байгууллагад алданги төлж байхаар хатуу заалттай гэрээ байгуулчихаж болно. Салбар нэгж дээр байгаа агуулахын аж ахуйг сэлбэг, материалын нийлүүлэлтийг аутсорсинг компанийн мэдэлд өгөх хэрэгтэй. Японы хөдлөх бүрэлдэхүүний засварын төв нь ийм системээр ажилладаг. 
-Зүтгүүрчид маань өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад зарим нэг сэлбэг, хэрэгслийг дотооддоо угсарч ашигладаг. Энэ муу зүйл биш л дээ. Гэхдээ тухайн сэлбэгийн гэмтэл согог, аюулгүй байдлыг хэрхэн шалгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг юм бэ. Энэ нь, бас засварын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйл байж болох уу? 
-“Илчит тэрэгний засварын үйл ажиллагаанд шаардлагатай зарим нэг эд анги, багаж хэрэгслийг депогийн инженер, техникийн ажилтнууд өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй нь ихээхэн ач холбогдолтой ажил” хэмээн Замын захиргаанаас өндрөөр үнэлдэг. Сэлбэг, эд ангийг үйлдвэрийнх нь зургаар технологийн дагуу үйлдвэрлээд ашиглахад болохгүй зүйлгүй л дээ. Гол нь, тухайн эд ангийг бэлдэх, үйлдвэрлэх явцын болон гүйцэтгэлийн хяналтыг сайн хийдэг байх хэрэгтэй. Энэ ажлыг депо дээр технологийн инженер, хүлээн авагч нар хийж гүйцэтгэдэг. Хэрвээ тухайн эд анги нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдлийг дагуулж байна гэж үзвэл Тээврийн хяналтын албаны холбогдох байцаагчид байлцаж, хяналт тавих ёстой. Сэлбэг материалын гадаад дотоод зах зээл дээрх хомсдол, үнийн өсөлт зэргээс болж зарим нэг сэлбэгийг дотооддоо үйлдвэрлээд ашиглаж байгаа нь засварын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байгааг үгүйсгэх аргагүй ч өчнөөн цаг хугацаа болон хөрөнгө мөнгө хэмнэж байгааг онцолж хэлмээр байна. Галт тэрэгний дугуй өнхөрч байж, тээврийн тасралтгүй үйл ажиллагаа хангагдаж, тэр хэмжээгээр ашиг орлого нэмэгдэнэ шүү дээ. 
-Засварын чанартай холбоотой асуудал байнга шахуу яригддаг. Гэвч дорвитой шийдэл алга. Яах вэ, цалингийн хөшүүргээр чанарын асуудлыг шийдэх гэж оролдож байгаа. Харамсалтай нь, энэ эцсийн шийдэл биш. Бид одоо Хэмжил зүйн төвтэй болчихлоо. Таныхаар одоо юунд илүү анхаарал хандуулбал зохилтой вэ? 
-Зөвхөн зүтгүүр ч биш л дээ. Ачаа болон зорчигчийн вагон, суурь бүтцийн засварын үйл ажиллагаанд оношилгоо, сорилтын орчин үеийн багаж, хэрэгслийг ашигласнаар гэмтэл, согогийг хурдан шуурхай илрүүлж, засварлах боломжтой. Орчин үеийн засвар үйлчилгээний тогтолцооны хандлага ч оношилгоонд үндэслэх болсон. Энэ засвар үйлчилгээний аргыг “Техникийн байдлаар нь засварлах” гэж нэрлэдэг. Уг аргад зориулсан өөр дээрээ оношилгооны иж бүрэн системтэй хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэл ч бас өргөжиж байна. Жишээ нь, 2017 онд Японы Зүүн төмөр замд хос дугуй, явах анги болон цахилгаан гүйдэл хүлээн авагч-пантографийн үзүүлэлт, үйл ажиллагааг хянах датчик болон камер суурилуулсан цахилгаан галт тэргийг үйлчилгээнд туршиж байв. Энэ системийн тусламжтайгаар ашиглалтын явцад тухайн галт тэрэгний техникийн байдалд дүн шинжилгээ хийж, гэмтэлтэй эд анги эсвэл гэмтэлд ойрхон эд ангиудыг тодорхойлон шаардлагатай тохиолдолд солих эд ангиудыг деподод бэлэн байлгаж, татах хэсэгт орж ирэх үед нь сольж гаргах ажлыг зохион байгуулдаг. УБТЗ-д ашиглаж буй 2ТЭ116УМ, УД болон 2ТЭ25КМ илчит тэргийг ашиглалтын явцад техникийн байдлыг хянаж, оношлох АСК системийг суурилуулсан байдаг. Хэмжил зүйн төвийн хийж гүйцэтгэх ёстой ажлын нэг бол эдгээр илчит тэрэгнүүдэд байрлах оношилгооны систем болон хэмжих хэрэгслийн найдвартай ажиллагааг хангаж, баталгаа өгөх. Манай төв УБТЗ-ын хэмжээнд ашиглаж байгаа оношилгоо, сорилтын тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг цаг тухайд нь шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтад хамруулах үүрэгтэй. Тухайлан, хэмжлийн үйл ажиллагаа явуулдаг үл эвдэх сорилтын болон хэмжих хэрэгслийн инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг системтэйгээр зохион байгуулсны үр дүнд засварын чанарт ихээн эерэг нөлөө үзүүлнэ. Бид төдийгүй Замын удирдлага ч ингэж үзэж, манай төвийг байгуулах шийдвэр гаргасан. Манай хамт олон ч өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Нэн тэргүүнд төвийн ажилтнуудаа хурдан хугацаанд мэргэжлийн хувьд дадлагажуулж, шалгалт тохируулгын болон улсын шалгагчийн эрх авахуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр нэг ажилтан даралтын хэмжлийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын улсын шалгагчийн, бас нэг ажилтан уртын хэмжлийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын эрхийг тус тус авч чадсан. Үл эвдэх сорилтын багаж хэрэгслийн шалгалт, тохируулгын чиглэлээр дөрвөн ажилтан ОХУ-ын “Стандартчилал, Хэмжил зүй ба гэрчилгээжүүлэлт” академийн Новосибирск дэх салбартай хамтран зохион байгуулсан цахим сургалтад хамрагдаж, эрх авсан. Одоо эрхээ баталгаажуулах, улсын шалгагчийн эрхийг нэмж авах зорилгоор СХЗГ-ын улсын шалгагчийн эрх авах сургалтад хамрагдаад байгаа. Цаашид буюу ойрын хугацаанд лабораториудынхаа материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөхөд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн. 
-УБТЗ-д зам, холбоо, механик хими гээд олон чиглэлийн лаборатори үйл ажиллагаа явуулдаг. Цаашид эдгээр лабораториудтай хэрхэн хамтран ажиллах шаардлагатай гэж харж байна вэ? 
-Төв байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй хэмжлийн лабораториуд, багаж хэрэгсэл, ажилтнуудынхаа хамтаар Хэмжил зүйн төвийн мэдэлд очиж, Толгойтод байрлах байр руу шилжинэ гэсэн буруу ойлголт зарим хүмүүсийн дунд байдаг. Бидний хувьд тухайн лабораториудад ашиглаж буй багаж, хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт-баталгаажуулалтыг тогтоосон хуваарийн дагуу цаг хугацаанд нь хийх, ажилтнуудыг мэргэшүүлэх, гадна дотны сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Товчхондоо, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үүднээс нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг гүйцэтгэх юм. Тээвэр зохион байгуулалтын албатай зөвшилцсөний үндсэн дээр он гараад манай төв нь Жин хэмжүүрийн вагоныг ажилтнуудтай нь шилжүүлж авахаар төлөвлөсөн. Мөн УБТЗ-ын үйл ажиллагаанд шаардлагатай байдаг ч гадны байгууллагаар хийлгэдэг шалгалт тохируулга-баталгаажуулалтын лабораториудыг дотооддоо байгуулахаар зорьж буй. Тухайлбал, радиографийн лаборатори, хими техникийн болон эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэглэдэг оношилгооны багаж төхөөрөмжийн лаборатори гэх мэтээр. Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд, Хэмжил зүйн төвийг байгуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангасан, дэмжлэг үзүүлсэн Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батболд, Хөдлөх бүрэлдэхүүн завсар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан, Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн болон Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр, Техникийн бодлого, стандартчлалын албаны дарга С.Мөнх-Алдар нарт талархлаа илэрхийлье. Чамгүй их хөдөлмөр орж энэ төв маань байгуулагдлаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх