Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-14

Б.Даваасүрэн: Зорчигч тээврийн салбар өвөлд бэлэн

-Цар тахлын улмаас удаан хугацаанд зогсоод байсан зорчигчийн галт тэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр аялуулаад эхэллээ. Хөдөлгөөн нээсэнтэй холбоотой зорчигч урсгал ямар хэмжээнд байна вэ? Чиглэлийн хувьд аль чиглэл илүү ачаалал ихтэй аялж байна?
-Цар тахалтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс зогсоод байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 27-ныг хүртэл зорчигчийн галт тэрэг ер аялаагүй. Гэхдээ энэ хугацаанд шугам замд ажиллаж амьдарч буй төмөр замчид болон төмөр зам дагуух хот, суурин газарт оршин суудаг иргэдэд тээш тээвэрлэлтийн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирлээ. Харин наймдугаар сарын 27-ноос зорчигчийн галт тэрэг хойд чиглэлдээ Эрдэнэт, Сүхбаатар, урд чиглэлдээ Чойр хүртэл аялж байна. Хөдөлгөөн нээсэнтэй холбоотой зорчигч урсгал Замын хойд хэсэгт өндөр ачаалалтай байгаа. Мэдээж, Дарханы авто замын засвар мөн хэсэгхэн хугацаанд үүссэн АИ-92 шатахууны хомсдолтой холбоотой ингэж өндөр өссөн болов уу. Замын хэмжээнд хоногт 2300-2500 зорчигч тээвэрлэж байна гэсэн тоо бий. Хамгийн ихдээ 3600 хүрсэн тохиолдол ч гарлаа. Үүний 98-аас доошгүй хувь нь Замын хойд хэсэгт аялсан байх юм. Гэтэл ердөө 1-2 хувь нь Чойр хүртэл аялжээ. Эндээс замын хойд хэсэг буюу Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сүхбаатар гэсэн чиглэлд ачаалал өндөр байгаа нь харагдана. 
-Одоо аялж буй гурван галт тэрэгнийхээ тоог нэмж дөрөв болгохоор ажиллаж байгаа талаар Замын захиргааны зүгээс манай сонинд мэдээлэл өгсөн. Ямар шалтгааны улмаас галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлж байгаа вэ? Магадгүй сая таны хэлснээр зорчигч урсгал нэмэгдэж байгаа учраас тэр үү?
-Түрүүнд хэлсэн дээ, урагшаа Чойр хүртэл нэг галт тэрэг, хойшоо Сүхбаатар чиглэлд өглөөний 271 дугаар галт тэрэг, орой 263 дугаар галт тэрэг явж Дарханаас хоёр салаад Эрдэнэт, Сүхбаатар хүрдэг. Энэ сарын 16-наас УБТЗ галт тэрэгний өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Үүнтэй холбоотойгоор Дарханд салдаг галт тэргээ Улаанбаатараас Эрдэнэт, Сүхбаатар хүртэл аялуулж байхаар зохион байгуулах юм. Ингэснээр Улаанбаатараас 271, 263 дугаар галт тэрэг Сүхбаатар, 273 дугаар галт тэрэг Эрдэнэт хүртэл аялна. Урд чиглэлд 288 дугаар галт тэрэг Чойр хүртэл аялснаар дөрвөн галт тэрэг болно. УБТЗ бол улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Нийгмийн хариуцлагын хувьд асар өндөр соёлтой аж ахуйн нэгж. Тиймдээ ч бид ард иргэддээ хямд үнэ, чанартай үйлчилгээ, тааламжтай цагийн хуваариар үйлчлэхээр ажиллаж байгаа нь энэ. 
-Тасалбар худалдаалалтыг ямар хэлбэрээр зохион байгуулж байна вэ?. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж буйтай холбоотой танай үйлчилгээ илүү цахим хэлбэрт шилжиж байна уу даа гэж анзаарагдах юм. Миний мэдэхээр танай албанаас тасалбараа онлайн болон мессеж хэлбэрээр худалдаалах ажлыг зохион байгуулж хэвшсэн нь энэ цаг үед үнэхээр иргэдэд хүрч байх шиг ээ?
-Бид тасалбарыг үндсэндээ таван урсгалаар борлуулдаг. Нэгдүгээрт, суурин кассууд буюу Тасалбар худалдаалах төвөөрөө дамжуулан иргэдэд худалддаг. Нийт тасалбар борлуулалтын 58-59 хувийг энэ төрлийн худалдаалалт эзэлж байгаа. Дараагийнх нь интернэт худалдаалалт. Интернэт гэхээр ганц e-ticket гэж ойлгож болохгүй. Гар утсанд зориулсан аппликейшнээр ч тасалбар авч болно. Эдгээр нь, нийт борлуулалтын 24-25 хувийг эзэлдэг. Гуравдугаарт, 1900-1949 лавлахаараа дамжуулан тасалбар борлуулах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлснийг та бүхэн мэднэ дээ. Одоо ажил нь жигдрээд борлуулалт тогтмол өссөн дүнтэй яваа. Мөн таны асуултад дурдсанчлан, 1900-1949 лавлах маань мессеж хэлбэрээр тасалбар худалддаг. Ойролцоогоор манай нийт тасалбар худалдаалалтын 10-11 хувийг эзлэх болсон. 1900-1949, e-ticket гээд харахаар нийт борлуулалтын 35 хувь нь интернэт, гар утсаар хийгддэг байх нь. Дараагийн нэг урсгал бол явуулын тасалбарын нярвууд. 6.5 орчим хувийг тэдний оролцоотой худалддаг. Сүүлд нь, УБТЗ-тай гэрээтэй хувийн тасалбарын кассууд. Тэд галт тэрэг аялж эхэлснээс хойш одоохондоо борлуулалт хийгээгүй ч хөл хорионы өмнө манай 10 орчим хувийг борлуулдаг байлаа. Өнгөрсөн онд бас нэгэн шинэ худалдааны урсгалыг нэмсэн нь автомат төхөөрөмж буюу киоск. ТҮЦ машин, банкны АТМ шиг тийм төхөөрөмж. Одоогоор Замын хэмжээнд хоёрхон ширхэг бий ч цаашдаа нэмнэ. Өнгөрсөн долоо хоногт Баянбуурал амралтад нэгийг суурилуулж, тохиргоог нь хийсэн. Баянбууралд тасалбар худалдаалдаггүй. Явуулын кассир тасалбар борлуулдаг байсан. Үүнийг халаад автомат төхөөрөмжөөс тасалбар бичүүлээд авах нөхцөл бүрдлээ. 
-Галт тэрэг аялж эхэлсэнтэй холбоотой зорчигчдыг аялах үедээ өөрийгөө халдвар аваагүй, вакцинжуулалтад бүрэн хамрагдсаныг баталгаажуулах гээд олон бичиг баримт бүрдүүлэх урт жагсаалт гарсан байна лээ. Халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа энэ үед дээрх олон бичиг баримт бүрдүүлэх ажлыг арай хялбараар шийдэх боломж бий юу? 
-Бид зорчигчийн галт тэргийг аялахаас өмнө маш их бэлтгэл хангасан. Нэг чухал зүйл нь таны асуултад зайлшгүй хамаарна. Монгол Улс цахим үндэстэн, цахим засаглал гээд энэ чиглэлд илүүтэй хөгжье гэж байгаа нь сайн хэрэг. Тиймдээ ч бид Е-mongolia системтэй холбогдох нь чухал гэдгийг олж харсан. Юу вэ гэхээр, иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээ юм уу өвдөөд эдгэрсэн бичиг баримтаа тэр бүр биедээ авч явахгүй байна. Энэ мэт хүндрэлийг тооцож үзээд Замын захиргаанаас E-mongolia системийг хөгжүүлж буй субьектуудтай холбогдсон. Тухайн системд Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаараараа бүртгэлтэй байдаг. Регистрийн дугаарыг нь хийхэд л дархлаажуулалтад хамрагдсан, өвдөөд эдгэрсэн эсэх нь гараад ирнэ. Тиймээс манай Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаныхан “Хур”, “Гэрэгэ” зэрэг системийн хөгжүүлэлт хийж буй залуустай хамтран тэдний мэдээллийн баазыг өөрийн програмтай уясан. Ингэхээр тасалбарын төв, интернэт худалдаа, аппликейшн гээд худалдааны аль ч шугамаар үйлчлүүлэгч регистрийн дугаараа хийхэд дархлаажсан, эсвэл өвдөөд эдгэрснээс шалтгаалан тасалбар авах ажиллагаа цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Хэвлэмэл тасалбар, эсвэл интернэт тасалбар дээр та дархлаажсан байна гэсэн тэмдэглэгээ гарч ирдэг болгож тохиргоог хийсэн нь олны таашаалыг хүртээд байна.
-Халдвар хамгааллын дэглэмийг галт тэрэгнүүдэд хэрхэн мөрдүүлж байгаа вэ? 
-Халдвар хамгааллын дэглэмийг улсын хэмжээнд мөрдүүлж буй дүрэм, журам, шаардлагын дагуу баримтлан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын хамтарсан комисс гэнэтийн эргүүл шалгалтаар ирж бидний ажлыг шалгадаг. Мөн дотооддоо ч хаалттай графикаар халдвар хамгааллын дэглэмийн мөрдлөгийг шалгаж байна. Дээр дурдсан улсын байгууллагуудаас гаргасан дүгнэлтэд УБТЗ-ын зорчигч тээврийн салбарын халдвар хамгааллын мөрдөлт “онцсайн” гэсэн байсан. 
-Ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын дэглэм сахиулах гээд нэг вагоны зэхэлтэд гардаг зардал өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн мэдээлэл байна. Угийн алдагдалтай, дээр нь 50 хувийн дүүргэлттэй явж байгаа нь санхүүгийн хувьд энэ салбарт ихээхэн дарамт болж байна уу гэж харагдах юм?
-Энэ оны наймдугаар сарын 27-ноос галт тэрэг аялуулахдаа бид УОК-ын даргын баталсан А-46 тоот тушаалын дагуу 50 хувийн дүүргэлттэй аялуулж эхэлсэн. Гэвч вагоны тоо иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байлаа. Тиймээс бид УОК-т хандаж, хариу хүлээн авсан. Энэ албан бичгийн дагуу зорчигчийн галт тэрэг аялах үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журмандаа дахин тодотгол хийж, Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар батлуулсан. Өнгөрсөн долоо хоногоос нийтийн вагонд 54, тасалгаат вагонд 27 зорчигч аялахаар зохион байгуулалт хийлээ. 50, эсвэл 70 хувиар ч дүүргэсэн бидэнд алдагдалтай. Гэхдээ ярилцлагын эхэнд дурдсанчлан УБТЗ улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, алдагдлаа өөрөө үүрч ажиллана. Нэгэнт алдагдлын талаар ярьсных оны төгсгөл гэхэд хүлээгдэж буй гүйцэтгэлээр зорчигч тээврийн салбар 40 тэрбум төгрөгийн алдагдалд хүрнэ. Яагаад ингэж нэмэгдэв гэхээр нэгдүгээрт, халдвар хамгааллын дэглэмээс үүдэлтэй вагон дүүргэлт. Дээр нь, зорчигчийн галт тэрэг аялахгүй зогсож байсан хугацаанд засвар, тээшнээс бусад зорчигч тээврийн салбарт ажиллаж буй төмөр замчдаа 75 хувиар цалинжуулан сул зогсоолоо. Ямар ч ажил хийгээгүй, орлого оруулаагүй байхад шүү дээ. Тэгэхээр алдагдал тэр хэмжээгээр нэмэгдсэн. Харин энэ дашрамд зорчигч тээврийн салбарын 1508 хүнийг төлөөлж, Замын удирдлагадаа энэ хүнд цаг үед зорчигч тээврийн салбарынхаа төмөр замчдыг цалинжуулж, нийгмийн баталгааг хангаж байгаа явдалд албаны даргын хувиар талархал илэрхийлье. 
-Өнөөдөр дөрвөн галт тэрэг аяллаа ч цаана нь олон галт тэрэгний дарга, үйлчлэгч сул зогсож байгаа. Эдгээр төмөр замчдыг хөдөлмөрт жигд хамруулахад ямар зохион байгуулалт хийж байна, юу хийх шаардлагатай вэ?
-Би Зорчигч тээврийн албаны даргаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд галт тэрэгний дарга, үйлчлэгч гэлтгүй салбарынхаа бүх төмөр замчдын ажлын ачааллыг тэнцүү, ажилласан цаг нь хоорондоо нэг их зөрүүгүй байхад анхаарч ажилласан. Яах вэ, та үйлчлэгч гэж асуусан учраас илүү тодруулах нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар манайд 746 үйлчлэгч байдгаас 180 нь ээлжийн амралт, захиргааны чөлөө, өвчтэй, ажиглалтад гэсэн шалтгаантай ажиллахгүй байгаа. Цаана үлдэж буй 560 гаруй үйлчлэгч яг одоо аялж буй зорчигчийн галт тэрэгнүүд болон бусад албадын захиалгаар шугам замд, мөн жижүүрт буюу Зорчигчийн вагон деподоо гэхчлэн ажилтай. Цар тахлаас үүдээд зарим ажлын байранд ч хөрвөн ажиллаж байгаа гэдгийг хэлье. Ингээд хоногт 230-240 хүн ажиллаж байгаа. Цаана нь, графикын амралтаар 320-330 орчим үйлчлэгч амардаг. Ингээд ажиллахад нэг үйлчлэгч нь өндөр цагтай, нөгөө нь сул зогсоод байгаа юм ерөөсөө гарахгүй. Үүнийг бид юу гэж томъёолдог вэ гэхээр температурын зөрүүгүй байлгах гэж албан дотроо ярьдаг. Яагаад гэхээр температурын зөрүү их гарвал салхи үүсдэг. Яг үүнтэй адил Мөрөн сард 140 цаг ажиллаад Даваасүрэн сард 8 цаг ажиллах юм бол энэ хоёрын хооронд температурын зөрүү их гарна. Салхи үүснэ. Тийм учраас бид хоёрын нэг нь 140 цаг, нөгөөх нь 8 цаг биш, хоёулаа 74, 74 цаг ажиллавал таатай уур амьсгалтай байна, тийм биз. 
-Тийм юм байна. Харин  цаашдаа зорчигчийн галт тэргийг хэрхэн аялуулах төлөвлөгөөтэй байна. Хөл хорио тавих, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэхээсээ илүү цар тахалтайгаа зохицоод халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлээд ажиллаж, амьдрах тухай гадны улс орнууд, манайхан ч яриад эхэлсэн шүү дээ?
-УОК-ын өгсөн дүрэм журмын дагуу л бид ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ журмаа мөрдөөд дээр дурдсан чиглэлүүдэд иргэддээ үйлчилнэ. Галт тэрэгний аяллыг цуцлахыг бид биш УОК шийднэ. Дарханы авто замын засвар, өвлийн улиралд үүсдэг хальтиргаа гулгаа гээд зорчигчийн галт тэрэгний хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байна. Харин бидэнд иргэд юу гэж хэлдэг вэ гэхээр “УБТЗ-ынхандаа баярлалаа. Зорчигч тээврийн үнэ тариф хямд, үйлчилгээ үнэхээр сайн байна” гэдэг. 
-Та сая тариф гээд дурдаад өнгөрлөө. Удахгүй Ерөнхий хорооны хурлаар зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлэх хүлээлт бий. Өнөөдөр үүсээд байгаа энэ нөхцөл байдал, алдагдлыг хаах хэмжээнд нэмэгдүүлж чадах болов уу? 
-Тарифыг өсгөхийн тулд тодорхой процедурууд бий. Бид Төлөвлөлт, эдийн засгийн албатай хамтран зорчигч тээврийн тарифтай холбоотой саналаа боловсруулаад Замын удирдлагууддаа өгсөн. Замын удирдлагууд маань Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилт зохицуулах газарт хүргүүлчихсэн байгаа. Ерөнхий хорооны хурлаар ямар шийдвэр гарах вэ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт саналаа хүргүүлнэ гээд дараа дараагийн үе шатууд бий. Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас бидэнд зорчигч тээврийн тарифаа өсгөхийг зөвшөөрснийг манай уншигчид мэдэх байх. Өнөөдөр автобус, такси үйлчилгээний тарифтай харьцуулаад харахаар энэ хоорондын зөрүү улам нэмэгдсэн. Яагаад гэхээр манайх тарифаа нэмээгүй байхад автобус, такси зэрэг бусад нь аль хэдийн нэмчихсэн шүү дээ. 
-Галлагааны улирал эхэллээ. Шахмал түлшний нийлүүлэлттэй холбоотой асуудал нийтийн дунд нэлээд асуудал дагуулсан. Ер нь, Зорчигчийн вагон депогийнхоо шахмал түлшний нийлүүлэлтийг хэрхэн шийдэж байна вэ? 
-Бид 2019 оны сүүлч 2020, 2021 он гээд үе шаттайгаар шахмал түлшинд бүрэн шилжчихлээ. Одоо бид түүхий нүүрс хэрэглэхгүй байгаа. Галт тэрэгний шахмал түлшний зэхэлтийг зөвхөн Улаанбаатараас хийдэг. Шугам замын эргэлтийн өртөө, зөрлөгүүдээс нүүрсээр зэхдэг байсныг бүрэн халсан. Шахмал түлшний нөөцийн хувьд гарсан хүндрэл байхгүй. Одоогоор 608 тоннын нөөцтэй. Энэ бол өнөөдрийн температураар тооцоход 60 хоногийн нөөц. Түлшнийхээ татан авалтыг “Тавантолгой түлш” компанитай хийсэн графикын дагуу татдаг. Ямар нэг тасалдсан зүйл алга. Ер нь, шахмал түлшээр галлах нь манай үйлчлэгч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх, орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн асар том ажил. 
-Албаны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?
-Комиссын үзлэг, засварын ажлаа 100 хувь хийгээд дууссан. Цар тахлаас үүдээд багагүй хугацаанд галт тэрэг зогслоо. Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу тэг зогсолт хийгээд засварын салбар 44 хоног ажиллаагүй. Зогссон хугацааныхаа засварын ажлаа бүгдийг нөхсөн. Өнөөдөр засварын ажил төлөвлөгөөний дагуу 100 хувь биелэлттэй яваа. Зорчигч тээврийн салбар өвөлд бэлэн. Вагон, ажлын байрууд дулаан, цэвэр тохилог байна гэдэг өвлийг өнөтэй давна гэсэн ойлголт биз. Товчхондоо ийм л байна даа. 
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх