Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-16

Сурагч насандаа үерхэж, амьдралаа холбосон хосууд

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан та хоёрт баярлалаа. Гурвуул танилцуулга байдлаар яриагаа эхлүүлбэл зүйтэй болов уу?
Т.У: -Манай гэр бүлийг сонгон зочноор урьсан “Ган зам” сониныхоо редакцийн хамт олонд баярлалаа. Би 2013 онд ОХУ-ын Омск хотын Зам харилцааны их сургуулийг төгсөөд өөрийн хүсэлтээр Сайншанд татах хэсэгт ирсэн. Өнгөрсөн хугацаанд технологич инженер, туслах машинч, машинч, зааварлагч, ашиглалтын инженер зэрэг ажлыг хийж байна. Би төмөр замын унаган хүүхэд л дээ. Манайх Замын III ангийн II хэсэг буюу одоогийн Оорцог-Энгэр зөрлөгт байсан. Чойрт сургуульд сурна. Баасан гарагийн орой 285 дугаар галт тэргэнд сууж, 02.00 цагт гэртээ очдог вагоны хүүхэд байлаа. Вагондоо унтаад Улаанбаатар орж, төмөр замынхныг нэг шөнө хөдөлгөж явсан түүхтэй л хүн(инээв). Вагон тоолсоор тоо сурч байлаа. Тэгэж яваад л төмөр замчин болсон доо.
Д.Э: -Миний хувьд 2013 онд тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежийн уртын дууны ангийг Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Д.Түвшинжаргал нарын удирдлага дор төгссөн.Одоо “Саран хөхөө” театрт уртын дуучнаар ажиллаж байна.
-Хосуудын хувьд анх танилцаж байсан дурсамж хамгийн нандин байдаг шүү дээ. Гэргийдээ хайр сэтгэлээ хэрхэн илчилж байв?
-Т.У: -Манай хүн аравдугаар ангид маань шилжиж ирсэн. Дараа жилээс нь, арваннэгдүгээр ангид л ерөнхийдөө гэргий минь болох нь тодорхой болоод явчихсан шүү. (инээв).
Д.Э: -Сүүлд гэр бүлээ албан ёсоор батлуулж “Гэрлэлтийн гэрчилгээ”-гээ авахдаа манай хүн үерхэж эхэлсэн жилээ буюу “2005 онд гэр бүл болсон” гээд бүртгүүлчихсэн байсан. Түүнийг нь хараад “Би 15 настайдаа хүний эхнэр болчихсон юм уу?” гээд л нөхрөө дооглосон(инээв). Тэр түүхийг л ярьж байна л даа.
-Хүүхэд насны үерхэл насан туршийн хайр болох нь тийм ч олон биш. Энэ нандин холбоог хэн нь илүү сайн гагнаж, бэхжүүлсэн юм бол?
-Т.У -Хувь тавилан нь л тэгж таарсан юм байлгүй дээ. ОХУ-д 5,6 жил сураад ирэхэд гэргий минь намайг хүлээсээр л байсан. Тэгээд бодохоор би бас дажгүй залуу юм шиг билээ(инээв) 
-Д.Э: -Жил гаруй хугацаанд үерхээд л би Хөгжим бүжгийн коллежид элсэж, манай хүн Орос руу сургуульд явсан. Миний хань чинь их уйгагүй залуу шүү сургуульдаа явахдаа Монгол дугаараа аваад явчихсан байна. Орос дугаараасаа миний утас руу зурвас илгээнэ. Би хариуг нь Монгол дугаар руу нь бичнэ. Өдөр бүр хамт байгаа юм шиг ярьцгаана. Тэгж байтал фэйсбүүк гараад бүр ч сайхан, холбоотой болсон. Өвөл, зуны амралтаараа байнга ирнэ. Ер нь, нэг ч өдөр бид хоёр холбоо тасраагүй. Энэ маань зургаан жил хүлээхэд нөлөөлсөн шүү.
Т.У: -Надад яриагүй юмаа ярьж байна шүү(инээв). Ангийн хүүхдүүд амралтаараа аялж зугаална гээд л явцгаана. Би харин эхнэр, хүүхэд рүүгээ л ирдэг байлаа.
Д.Э: -Бид хоёр дөрөвдүгээр курст сурч байхдаа аав, ээж болсон. 
-Нөхрийнхөө ямар зан чанарт нь татагдав. Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлж байв?
Д.Э: -Эхлээд надад сайн гэдгийг нь ер анзаараагүй. Ангид нь шилжиж ороод удаагүй байтал саарал костюмтай хөвгүүн надад үг хаяад л явсан. Тэгэхээр нь жаахан дургүй хүрч, уурлаад л өнгөрсөн. Тэр өдөр нь дахин сургууль руугаа явах гээд хувцсаа өмсөж байтал хаалга тогшсон. Гэтэл нөгөө үг хаяад байсан нөхөр чинь цагаан фудволк, жинсэн өмд өмсчихсөн, “Явах уу? 14.00 цаг болчихлоо” гэчихсэн зогсож байдаг байгаа. Тэр үед “Манай ангид ийм хүүхэд байсан билүү?” гэж бодож билээ. Анх удаа тогтож харсан нь тэр. Бид хоёр нэг байранд амьдардаг болохоор хамт хичээлдээ явна. Хамтдаа харина. Нэг өдөр “Бор-Өндөрийн уурхайн хөшөө очиж үзэх үү?” гэж билээ. Тэр өдрөөс л үерхэж эхэлсэн дээ. Манай хүн тийм ч даруухан биш. Гэхдээ онгироод, зодоон хийгээд явахгүй. Үеийн хөвгүүд дотроо ер нь хамгийн намбатай нь санагддаг байлаа. Нэг харахад, дэргэд ирчихсэн сууж байна. Их уйгагүй зантай(инээв).
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Миний мэдэхийн үндэсний бөхөөр багагүй амжилт гаргасан байх?
Т.У: -Долдугаар ангиасаа 11 дүгээр анги төгстлөө үндэсний бөхөөр хичээллэсэн. Оюутан байх хугацаанд жаахан хөндийрсөн. 2014 оноос ажлынхаа хажуугаар дахин хичээллэсэн. 2016 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд үзүүрлэж, сумын начин цолтой болсон. Дараа нь, төрөлх нутаг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зодоглож, сумын заан цол хүртсэн. Манай зүтгүүрчдэд чөлөөт цаг гэж ер нь бага шүү дээ. Би хувьдаа нийгмийн идэвхтэй байхыг их эрмэлздэг. Ялангуяа, чадах чинээгээрээ хүмүүнлэгийн ажилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Оюутан байхдаа фэйсбүүкт “Монгол бичиг” нэртэй бүлгэм нээсэн. Төгсөөд ирснийхээ дараа Дорноговь аймгийн Залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн Монгол бичгийн дугуйлан ажиллуулж байсан. Одоо бол тухайн бүлгэмд маань олон мундаг хүн нэгдэж, нэлээд өргөжсөн. Миний хувьд монгол бичгээ сурах сонирхолтой хүмүүсийг чадварлаг хүмүүстэй холбож өгөх үүрэгтэйгээр ажилласан л даа. Дээр нь, УБТЗ-ынхаа Залуучуудын зөвлөлийн ажилд идэвхтэй оролцоно.
-Олон нийтийн сүлжээнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд нэлээд идэвхтэй байгаа харагддаг?
Т.У: -Үндэсний үйлдвэрлэгчдийг нэгдсэн сүлжээтэй болгочих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүхэн “Нэг цонх”-нд орчихвол илүү өгөөжтэй шүү дээ. Хүн ер нь гадаадад явахдаа эх орныхоо үнэ цэнийг илүүтэйгээр мэдэрдэг юм билээ. Оюутан байхдаа “Монголчууд бие биенээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл, баялаг, ёс заншил, соёлын өв нь улам өргөжин тэлэх ёстой юм байна. Би үүний төлөө юу хийж чадах вэ?” гэж их бодсон. Тэр бодол, хүсэл эрмэлзлэлээ Монгол бичгээр эхэлсэн. Одоо ч орхиогүй явна. Өнөөгийн нийгэмд бахархал гэхээр 13 дугаар зууныг л ярьж цээжээ дэлдэхээс цаашгүй байна шүү дээ. Тиймээс залуус бид өнөө цагийн бахархлаа өөрсдөө бий болгох, хийх гээд оролдож байгаа юм бүхнийг гоочлохоос илүү дэмжих ёстой гэж би боддог. Ямар ч зүйлийн эхлэл нь огт алдаагүй байдаг шүү дээ. Цаг хугацааны явцад улам сайжруулаад л явдаг.
-Уртын дуучин хүний урын санг асуухааргүй баялаг байх, тийм үү?
Д.Э -Миний хамгийн анхны уран бүтээл Монгол ардын уртын дуу “Саруул тал”. Орчин үеийн этик хөгжимтэй хослуулж 2018 хийсэн бүтээл л дээ. Тэр цагаас хойш ардын, дуэт дуу болон театрынхаа уран бүтээлчидтэй хамтран “Үлэмжийн чанар” дууг таван бадгаар дуулсан. Ер нь, урын сангаа баяжуулахын төлөө ажиллаж байна. Эдгээр бүтээлээ одоогоор дүрсжүүлж амжаагүй байгаа. Хамгийн сүүлд “Ээжийн цацал” дуугаа дүрсжүүлэн үзэгч, сонсогчдодоо хүргэлээ. Сүүлийн үед ер нь үндэсний урлагаараа дагнаж бүтээл хийх нь зүйтэй юм байна гэсэн бодолтой болсон. Яагаад гэхээр орчин цагийн уран бүтээлүүд хэдийгээр цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа боловч чанар чансааны хувьд улам муудаад байх шиг. Миний л бодлоор шүү. “Уртын дуу гэдгийг зөвхөн мэргэжлийн дуучид л дуулдаг хэцүү зүйл” гэсэн ойлголт өнөөгийн хүмүүст бий болсон байна. Гэвч бидний өвөг дээдэс бүгд уртын дууг ойлгодог, дуулдаг байсан. Дараа нь ардын богино дууг дуулдаг болж, тэгээд нийтийн дуу руу орсон байдаг. Улам л хялбарчилаад байна гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжлэхийн хэрээр уртын дууг дуулдаг хүн улам ховор болно. Үр дүнд нь бидний үндсэн язгуур, суурь урлаг бүдгэрч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүний хувьд уртын дуугаа улам бүр түгээн дэлгэрүүлэх нь ариун үүрэг юм гэж боддог. Одоо цагт үндэсний урлагаар уран бүтээл туурвих нь төдийлөн үр ашгийг нь хүртэхгүй ч байж магадгүй. Гэвч цор ганц өөрийн эрх ашиг, хувийн амьдралыг бодоод мэргэжлийн уран бүтээлчийн нийгэмд нөлөөлөх үндсэн үүргээ мартаж огтхон ч болохгүй шүү дээ.
-Урлагийнхан цаг наргүй ажилтай. Гэтэл төмөр замчид ч өглөөний нартай уралдаж ажилладаг хүмүүс. Хүндлэх, ойлголцох, итгэх л гэр бүлийн харилцаанд чухал байх даа?
Т.У -Үерхэж эхэлж байхдаа л урлагийн хүн ажил ихтэй байна гэдгийг мэдэж байсан. Анхнаасаа хүлээн зөвшөөрчихсөн болохоор ханийн минь ажил хүндрэлтэй санагддаггүй. Хоёул ойлголцоод ажлаа ч, ар гэрээ ч авч яваад сурсан юм уу даа. Үнэнийг хэлэхэд, авьяаслаг дуучин бүсгүйн нөхөр байна гэдэг эр хүний хувьд бахархалтай сайхан л санагддаг юм. Би өөрөө ч урлаг, уран бүтээлд ойр байх дуртай хүн.
Д.Э -Манай хүн уртын дуунд их дуртай. Утсан дээр нь миний сонсдог дуунаас ч олон уртын дуу бий. Хамгийн сайн дуучдын дууг нь цуглуулдаг. Надад маш сайн зөвлөнө. Урлагийн өндөр мэдрэмжтэй. Ажил мэргэжлийг минь сайн ойлгоно. Ажлын онцлог нь тэр юм даа, гэртээ байх нь тун ховор. Би өөрөө хүүхдүүдээ аваад хөдөө гардаг. Эзгүй хээр хүүхдүүдээ тоглуулна. Хоёр хүүхдэдээ дуу зааж өгнө. Ялангуяа, цар тахлын нөхцөл байдал бий болсноос хойш ийм л хэлбэрээр чөлөөт цагаа өнгөрүүлж байна даа.
-Залуу гэр бүлийн хувьд хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад хэр байна вэ?
Т.У -Сургуулиа дөнгөж төгсөөд л “Төрөлх нутгаа хөгжүүлнэ, хувь нэмрээ оруулна” гээд л чухам дэврүүн сэтгэлтэй залуу эхнэр хүүхдээ дагуулаад ирж байлаа. Зэрэг төгссөн есөн хүүхдээс би ганцаараа л өөрийн хүсэлтээр Сайншандад ирсэн. Одоо эргээд харахад эхлээд их газрын хөлд орж үзчихээд дараа нь орон нутагт ирвэл арай илүү байсан ч юм шиг санагддаг. Нөгөөтэйгүүр хотын сургуульд хүүхдүүдээ өгвөл хөгжиж дэвших нь орон нутгаас арай илүү байх ч юм шиг бодогдох болсон. 
Д.Э -Нялх хүүхэдтэй үед бол агаар салхинаас эхлээд хөдөө орон нутагт давуу талтай шүү дээ. Амьдралын хэв маяг талаасаа ч тайван амгалан. Хөдөөгийн бидэнд бол, хотод балга ус уух завгүй явсаар байгаад л өдөр өнгөрдөг юм билээ. Түгжрээнд хамаг цагаа өнгөрүүлэхээс эхлээд стресс ихтэй шүү.
-Залуу хүний хувьд ажил мэргэжлийнхээ онцлогийн тухайд ямар санал бодолтой явдаг вэ?
Т.У -Жирийн хүмүүсийг бодвол төмөр замын ажил, алба өндөр үүрэг хариуцлагатай. Технологи нь ч өөрөө тийм болохоор социализмын зарчим төмөр замд л үлдсэн шүү дээ. Удирдах албан тушаалтан үүрэг өгсөн бол үг дуугүй биелүүлэх л ёстой. Энэ зарчмыг 1980-аад оны сүүлч, 1990 оны эхэн үеийнхэн буюу ардчилалын заагт төрж, өссөн хүмүүс бол ойлгоод байгаа. Гэвч 2000-аас хойшхи үеийнхэн төдийлөн ойлгохгүй байна. Төмөр замд хэрэгжиж байгаа зарчмаар тэдэнтэй харьцахаар өмнөөс өрвөлзөнө, эсвэл шууд ажлаа хаяна гэхчлэнгээр удирдлагын арга барилд нэг л таарч өгөхгүй байх тал ажиглагддаг. Ний нуугүй хэлэхэд, төмөр зам маань өнөөгийн нөхцөлд “системийн том хямрал”-д орчихоод байх шиг. Бүх ажилд бүх хүн оролцоно. Аж ахуйн нэгжид л гэхэд ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ. Нэг хүнд тодорхой ажил хариуцуулаад өөрийнх нь арга барилаар гүйцэтгүүлээд алдаа гарвал хариуцлага тооцох орон зай байхгүй. Залуу төмөр замчид бол маш их стресстэй байгаа нь олон зүйлээс ажиглагддаг. Олон нийтийн сүлжээнд ороод харсан ч захын сэтгэгдлээс энэ байдал нь харагдана. Залуучуудтай уулзаад “Яг юу нь болохгүй байна. Яагаад ингэж стресстээд байгаа юм бэ?” гэхээр “Биднийг хүн гэж үзэхгүй байна. Би юу бодож байгааг хүндэтгэхгүйгээр тулган шаардаж, тушааж байна” гэж л ярьдаг. Жишээ нь, төмөр замчид бид чөлөө авахын тулд л хамаг булчирхайгаа тоочих шаардлага гардаг. Сургалт хийнэ гээд л амралтынх нь өдөр дууддаг ч юм уу. Залуус хувь хүний орон зайд хүндэтгэлтэй хандах гэдэг зүйлийг мэддэг учраас үүнд нь таагүй ханддаг. Тэгэхээр Хүний нөөцийн бодлогоо эргэж харах, бүр нарийвчлан маш нухацтайгаар харж, өөрчилж боловсруулах шаардлага байна уу даа гэж хардаг. Өрсөлдөгч төмөр замууд олноор гарч байгаа энэ үед Хүний нөөцийн маш сайн бодлоготой байхгүй бол болохгүй нь гэж боддог. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх