Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

У.Мягмарсүрэн: Элсэлт, төгсөлтийг цахимаар зохион байгуулна

ТЗДС-ийн захирал доктор, дэд профессор
-Танай сургуулийн элсэлтийн явц аль шатандаа байна вэ, хэдэн мэргэжлээр хэчнээн оюутан элсүүлэхээр шийдвэрлэсэн бэ? 
-2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулна.Одоогоор мэргэжил, хөтөлбөрөө сурталчлах шатандаа явж байна. Монгол Улсын дээд боловсролын салбарт манлайлан ажилладаг шилдэг мэргэжилтэн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж буй 15 их, дээд сургуулийн танилцуулга “EDU EXPO” нэртэй сэтгүүл хэвлэгдэн орон нутагт боловсролын газруудын дэмжлэгтэйгээр, Улаанбаатар хотод “ЭДУ ТАЙМ” ХХК, зарим их, дээд сургуулийн оролцоотойгоор сурагч бүрт үнэ төлбөргүй хүрч байна. 
Энэ бол манай сургуулийн хувьд маш том сурталчилгаа болсон. Цаашид онлайн платформуудаар сургуулийн сурталчилгаагаа сурагчдад хүргэхээр ажиллаж байгаа. Боловсролын үнэлгээний төвийн “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг ирэх долдугаар сарын 01-04-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жил улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Манай сургуульд элсэн суралцах хүүхдүүд ЭЕШ-ийг математик, физик, гадаад хэлээр өгсөн байх шаардлагатай бөгөөд төрийн өмчийн их дээд сургуулиудад тавигддаг босго онооны шаардлагыг хангасан тохиолдолд бүртгэлд орно. Ер нь, чанартай сурагчдыг элсүүлэх нь чадварлаг мэргэжилтэн бэлтгэж гаргахын эх үндэс гэж үздэг. Энэ жилийн хувьд бакалаврын есөн мэргэжлийн 11 хөтөлбөрөөр 330 оюутан элсүүлнэ. Мөн Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуй, Менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөрөөр элсэлт авах төлөвлөгөөтэй байна. 
-2021 оны төгсөлтийн шалгалтыг ямар хэлбэрээр зохион байгуулав? 
-Манай сургууль 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн кредит системд бүрэн шилжиж, төмөр замын мэргэжлийн долоон сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийж, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”-ээр 2019 онд амжилттай магадлуулсан. Энэ хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж төгссөн нийт төгсөгчдийн диплом дээр Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дардас дарахаар болсон. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжлэгдсэн, чанартай сургалтын хөтөлбөрөөр суралцаж, мэргэжил эзэмшлийг илэрхийлдэг болгож буйгаар онцлогтой. 
Хаврын улиралд 216 оюутан төгсөх захиалга өгсөн. Хаврын улирлын улсын шалгалт, диплом хамгаалалтыг өнгөрсөн тавдугаар сарын 27-ноос энэ сарын 4-нийг дуустал цахимаар зохион байгууллаа. Төгсөлтийн дараа хэдэн оюутан төгссөн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Төгсөх оюутнуудаас хаана ажиллах саналыг авч, УБТЗ ХНН-ийн мэргэжлийн албадтай зөвшилцөн, хүний нөөц шаардлагатай салбар нэгжид хуваарилуулахтай холбоотой бэлтгэлийг ханган ажиллаж байна.
-Төмөр замын салбар, нэгжүүдээс танайд боловсон хүчнээ бэлтгэх захиалга хэр ирж байгаа вэ? 
-Төмөр замын тээврийн салбарт нэн шаардлагатай мэргэжлийн чиглэл, Төмөр замын дээд сургууль болон Политехникийн коллежийн сургалтын хөтөлбөрийн эрэлтийн судалгааг хийж, Хүний нөөцийн албанд танилцуулсан. Ирэх хичээлийн жилд УБТЗ ХНН болон төмөр замын бусад байгууллагаас нийт 2016 хүнийг ТЗДС, ПТК-оор бэлтгэдэг техникч болон бакалавр, магистрын хөтөлбөрөөр суралцуулах санал ирсэн. 
Үүнээс 64 хувь нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр, 10 хувь нь техникийн боловсрол олгох хөтөлбөрөөр, 26 хувь нь дээд боловсрол олгох хөтөлбөрөөр суралцах хүсэлт байсан. Мэргэжлийн чиглэлээр нь эрэлтийг судлахад 27.7 хувь нь Төмөр замын тээврийн удирдлага зохион байгуулалт мэргэжлээр, 19.5 хувь нь Зүтгүүрийн аж ахуй мэргэжлээр, 15.3 хувь нь Вагоны аж ахуй мэргэжлээр, 23.4 хувь нь Замын аж ахуйн мэргэжлээр, 0.2 хувь нь Төмөр замын машин механизмын ашиглалт мэргэжлээр, 8.7 хувь нь Төмөр замын автоматик телемеханик ба холбооны мэргэжлээр, таван хувь нь Цахилгаан хангамж мэргэжлээр, үйлдвэрлэл дээр ажиллангаа суралцах хэлбэрийг сонгох хүсэлтээ гаргасан. 
Иймд сургалтын байгууллагын хувьд ирэх хичээлийн жилд эдгээр хүсэлт гаргасан ажилтнуудад ажиллангаа суралцах боломжийг олгож, сургалтын олон төрлийн хэлбэрийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бакалавр, техникчийн эчнээ болон орой, магистрын хөтөлбөрийн элсэлтийг ирэх наймдугаар сард УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албатай хамтран зохион байгуулна.

Ё.Бямбатогтох: Практик дээр дадлага хийлгэх боломж хязгаарлагдмал байна
УБТЗ-ын Политехник коллежийн захирал, дэд профессор
 -Энэ жил манай коллежийг мэргэжлийн болон техникчийн боловсролын чиглэлээр 539 оюутан төгсөж байна. Ирэх хичээлийн жилд ХНХЯ-нд нийт 720 оюутан элсүүлэх санал явуулсан. Одоогоор 615 оюутан батлагдсан гэх мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ тоо нэмэгдэж магадгүй байгаа. Өнөө жил манай коллеж элсэлтээ цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ сарын 1-нээс долдугаар сарын 9-ний хооронд элсэлтээ зохион байгуулна. Бид цахим хуудас ажиллуулж байгаа. Тодруулбал, манай сургуульд элсэх сонирхолтой оюутан http://www.rail-college.edu.mn цахим хуудасны “цахим бүртгэл” гэсэн хэсэг рүү ороод холбогдох материалаа бүртгүүлэн элсэх хүсэлтээ илгээнэ. Бид бүртгүүлсэн оюутнуудыг оноогоор нь жагсаагаад Боловсролын яамнаас олгосон квотын дагуу байр эзлүүлж элсүүлэх журмаар явна. Мөн фэйсбүүкийн “УБТЗ-ын Политехник коллеж” нэртэй фэйжээр элсэлттэй холбоотой мэдээллийг давхар түгээж байна.
-Цар тахалтай холбогдуулан цахим хэлбэрээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн мэдээлэл бий. Танай сургуулийн тухайд?
-Энэ жил гарсан нэг бэрхшээлтэй зүйл нь бид төгсөх оюутнуудынхаа дадлагыг хийлгэж чадахгүйд хүрсэн. Тиймээс цахим хэлбэрээр дадлагын ажлыг зохион байгууллаа. Гэхдээ энэ хэлбэрийн дадлага яг ажлын байран дээр хийсэн дадлага шиг байж чадахгүй шүү дээ. Энэ нөхцөл байдлыг бид урьдчилан тооцоолж, ажлын байран дээр гардаг бүх эрсдэл, мэдэх шаардлагатай зүйлийг цахим дадлагадаа шингээхийг эрмэлзсэн. Хувь хүн талаасаа бол цахим дадлагад хамрагдсан хэдий ч бодит практик дээр дадлагажсан хүний хэмжээнд дүйх чадварыг хараахан эзэмшээгүй байж магадгүй гэж бид нэг талаасаа харж байгаа. Ирэх жилээс сургалтын үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжчихвэл ийм хүндрэл гарахгүй байх. Гэхдээ цаашид ийм бэрхшээлийг урьдчилж харж, төлөвлөх шаардлагатай юм байна.
-Төмөр замын мэргэшсэн боловсон хүчний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд танай коллежийн материаллаг бааз хангалттай хүрэлцэх үү?
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбоотойгоор ялангуяа мэргэжлийн болон техникийн боловсролын боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ жил бид “МТЗ” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой”, “Зүүнбаян төмөр зам” зэрэг төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг гол аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах, заримтай нь санамж бичиг байгуулах зэрэг харилцааг тогтоогоод байна. Эдгээр ажлын хүрээнд манай коллеж богино хугацааны чадамжийн гэрчилгээ олгох сургалтын зөвшөөрөл авсан. Энэ сургалт маань таван чиглэлээр 45 хоногоос таван сарын хугацаатай явагдана. Уг нь өнгөрөгч сард эхлүүлэхээр байсан ч амжсангүй. Энэ сардаа эхэлнэ байх. Аж ахуйн нэгжүүдээс ирүүлж байгаа санал нь богино хугацааны сургалтад ажилтнуудаа хамруулъя, мэргэжлийн болон техникийн боловсролын гэхчлэнгээр бүх түвшинд боловсон хүчнээ чадавхжуулах зорилтод суурилж байна. Манай коллежийн хувьд мэргэжилтэн бэлтгэх боловсон хүч хангалттай гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр манай коллеж ТЗДС-тайгаа нягт хамтран ажилладаг. Тийм учраас шаардлагатай гэж үзвэл тус сургуулийн анги танхим, багшлах боловсон хүчнийг нь ч ашиглах бүрэн боломжтой. Одоо ч тодорхой анги танхимыг ашиглаж байгаа. Мөн тус сургуулийн зарим багш нар манай коллежид багшилдаг. 
-Төгсөх оюутнууд шалгалтаа хэрхэн өгч байгаа вэ?
-Түрүү жил бол дүйцүүлэх байдлаар төгсгөсөн юм билээ. Энэ жил Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас оюутнуудаас төгсөлтийн шалгалт авах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ долоо хоногт төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Сэтгэгдэл үлдээх