Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-15

Хосолсон сургалтаар хичээллэнэ

Боловсролын яамны шийдвэрийн дагуу Төмөр замын дээд сургуулийн  II-IV курсын оюутнууд есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэж эхэлсэн. Өчигдөр (Даваа гарагт) тус сургуулийн I курсын оюутнууд Microsoft teams систем болон танхимын хосолсон сургалтаар хичээллэж эхэллээ. Ингэхдээ цар тахлын  нөхцөл байдлын улмаас Даваа, Мягмар гарагт лекцийг цахимаар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт семинар, лабораторийн хичээлийг танхимаар буюу хосолсон сургалтаар хичээллэхээр шийдвэрлэсэн аж. 
Мөн тус сургуулийн арга зүйч, диспетчер, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хичээлийн явцад хяналт тавьж буй аж. Түүнчлэн, хичээлийн танхимд аль болох цөөн хүн цуглах зарчмыг баримталж, хуваариа боловсруулж байгаа юм байна. Энэ талаар тус сургуулийн чанарын үнэлгээ, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанцэцэг “Бид хоорондын зайг баримтлуулахын тулд анги танхим бүрийн ширээ сандал дээр тэмдэглэгээ хийж, хоёр метрийн зайтай байрлуулсан. Илүү сандлыг бүрэн чөлөөлсөн. Ковид-19-тэй холбоотой зөвлөмжүүдийг анги танхим, сургуулийн хананд байршуулсан. Хоорондын зай баримтлах боломжоор хомс лабораторийн танхимд тохирсон шийдлүүдийг мөн боловсруулж байна. Аюулгүйн гарцаас эхлээд бүх хаалгаа нээж, орох гарах маршрутыг нарийн мөрдүүлж байгаа. Халуун хэмжигч, гар ариутгагч төхөөрөмжийг сургуулийн хаалга, коридор, номын сан, дотуур байранд байрлуулсан гэхчлэнгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
Дашрамд дурдахад, ТЗДС өнгөрөгч зургадугаар сараас тус сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг UNIMISS системээр бүртгэж эхэлсэн бөгөөд 400 гаруй хүүхэд бүртгүүлж, тэдгээрийн 40 гаруй хувь нь элсэн оржээ. 

Сэтгэгдэл үлдээх