Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-14

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ХУРДНЫ ЗАМ ДАГУУ 1686 МОД ТАРИлаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 11 байгууллага, Монголын автозамчдын холбоо, Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөл, мэргэжлийн холбоод хамтран бүх нийтээр мод тарих өдрөөр буюу аравдугаар сарын 9-нд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам дагуу газрыг төгөлжүүлэхээр эхний ээлжинд 1686 мод тарилаа. Мод тарих арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үг хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зам, тээврийн салбарын нийт албан хаагч, ажилчдадаа баярлалаа. Мод тарихаас илүү арчлах нь хамгийн чухал. Тийм учраас тариад орхилгүй цаашид арчилж, тордох ажлыг ч зохион байгуулна. Хурдны зам дагуу ногоон төгөл байгуулахыг зорьж байна. Мөн салбар бүр цаашид мод тарих зорилт дэвшүүлсэнд талархъя. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төв Монгол Улсад шинээр орж ирэх машины тоогоор, ИНЕГ, МИАТ зорчигчдын тоогоор, Улаанбаатар төмөр зам 2030 гэхэд модон дэрнээс бүрэн татгалзаж, төмөр замын дагуу гол хэсгүүдийг ойжуулах гэх мэт уриалгыг дор бүрнээ гаргасан нь сайшаалтай. Монгол Улс 2030 гэхэд нэг тэрбум модоо тарина гэдэгт итгэж байна” гэлээ. Зам, тээврийн салбараас “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэх аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд жилд багадаа 700-800 ширхэг, 2030 он гэхэд 7-8 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх