Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-16

төмөр замын нэр томьёоны толь бичиг хэвлэгдэв

-Төмөр замын салбарынханд зориулж, “Төмөр замын нэр томъёоны Монгол-Орос толь бичиг” хэмээх номоо хэвлүүлээд буй танд баяр хүргэе!
-Баярлалаа. Энэ толь бичгийн анхны хэвлэл 2002 онд гарч, төмөр замчдын хүртээл болж байсан бол түүнээс хойш 19 жилийн дараа хоёр дахь номоо гаргаж байна. Анхны толь бичигт төмөр замын салбарт өргөн хэрэглэгддэг таван мянган үг багтаж байсан бол энэ удаад үгийн тоо нэмэгдэж, мянга орчим үг шинээр орсон.
-Үгийн тоо нэмэгдэх болсон нь энэ салбарын хөгжил, эрэлт хэрэгцээг тодорхойлж байна уу?
-Төмөр замын салбар бол улс орны эдийн засгийн ган судас юм. Тэр утгаараа энэ салбарт ажиллагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, улам залуужиж байна. Нөгөө талдаа төмөр замын салбарын ном хэрэглэгдэхүүн, гарын авлага ихэвчлэн орос хэл дээр бичигдсэн байдаг. Иймээс орчин үеийн техник, технологийн холбогдолтой мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, нөгөө талдаа амьдралд хэрэг болох талаас нь өргөн хэрэглэгддэг зургаан мянган үг номонд багтсан нь энэ салбарт ажиллаж буй хүн бүрт үр өгөөжөө өгөх болов уу гэж зохиогчийн хувьд итгэж байна. Мөн төмөр замын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, коллежууд ч бас гарын авлага болгон ашиглах бүрэн боломжтой.
-Энэ толь бичгээ салбарынхандаа хэрхэн яаж түгээх вэ?
-Ер нь, манай салбарт энэ төрлийн толь бичиг хэвлэгдэж байсан туршлага бий. Ингэхдээ Монгол, Орос, Япон хэл дээр бүтэн өгүүлбэрээр бичсэн байдаг бол энэ толь бичиг төмөр замчдын хамгийн их хэрэглэдэг үг орсон нь хэрэглээнд нэвтрэхэд хялбар болсон гэж зохиогчийн хувьд харж байгаа. Эхний удаад 100 ширхэг хэвлэгдээд байна. Дашрамд дурдахад, энэ толь бичгийг хэвлүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, толь бичгийн ерөнхий редактороор ажилласан Ерөнхий инженер С.Сумъяадорж болон нийт хамт олондоо талархлаа илэрхийлье!

Сэтгэгдэл үлдээх