Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-08

Тэр бидэнтэй хамт мөр зэрэгцэн зүтгэж, хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан

Б.Дэлгэрхишиг

Тэр өөрөө магтаал, сайшаалд ясны дургүй, хийж бүтээснээ бусдын өмнө гайхуулахыг огт хүсдэггүй нэгэн болохыг сэтгүүлчийн хувьд олон зүйл дээр ажигладаг байлаа. Тийм ч учраас энэ бичвэртээ цагаан магтаал, уран цэцэн үг нэгийг ч ашиглахыг хүссэнгүй. Тийм эрх ч надад байхгүй. Чин үнэнийг, зөвхөн болсон, бодит үйл явдлуудад түшиглэж, энэ хүндтэй эрхэмийг эргэн дурсахыг эрмэлзсэн юм.
Сурв: ... “Привет, Хишгээ? Ажил нь давгүй юу?”... Надтай тааралдах бүртээ Замын дарга маань ингэж мэндэлдэг байв. Би ихэвчлэн л зураг аваад санд мэнд гүйж явах. Там тум хариу мэндлээд л өнгөрдөг сөн. Нэг удаа өөрийн хүсэлтээр Мандал зөрлөг рүү томилолт аваад явсан юм. Идэр есийн жавар тачигнаж байсан үе л дээ. Бидэнд нормын дулаан хувцас энэ тэр байх биш. Үстэй дээл, монгол гутал, үнэгэн лоовуузаар л дулаалсан. Тэр зургийг минь хамт ажилладаг хүн сошиалд аваад тавьчихаж л дээ. Түүнийг нь ч мэдсэнгүй. Орой томилолтоосоо буцаж явтал Д.Жигжиднямаа даргаас “Сайн уу Хишгээ? Чи Замаас ямар нэгэн шагнал авч байсан уу?” гэсэн чат ирэв. “Г.Сэрээнэндорж даргаас мөнгөн шагнал авч байсан” гэвэл “Ок” гэснээс өөр юм хэлсэнгүй. Удалгүй цагаан сар боллоо. Хөвсгөлд 90 хол давсан настай эмээгийн минь бие базаахгүй байсан тул баярын амралт тааруулж, хэд хоногийн чөлөө авахаар боллоо. Байгууллагын маань удирдлага Замын захиргаанаас чамайг шагнах гэж байгаа гэсэн. Чи шагналаа аваад яв” гээд чөлөө өгөхгүй шинжтэй. Гэсэн ч эмээдээ очихгүй бол сүүлд харамсаад барахгүй юм шиг санагдаад гэр бүлээрээ Хөвсгөл явав. Цагаан сар өнгөрөөгөөд иртэл надад Замын даргын тушаалаар “Тэргүүний төмөр замчин” цол тэмдэг олгосныг байгууллагын дарга гардууллаа. Ингэхдээ “Замын дарга уг нь чамд өөрөө зүүж өгнө” л гэж байсан юм даа. Тухайн үед харамсалтай нь чи байсангүй” гэсэн хөнгөн зэмлэлтэй хамт энгэрт минь зүүж билээ. УБТЗ-д 15-20 жил ажилласан хүн авдаг хүндтэй шагналыг наймхан жил ажилласан надад өгч байгаад дотроо ихэд эмээж, өөрийгөө илүү их дайчилж ажиллах үүрэг хариуцлага ирлээ дээ гэж дотроо бодож билээ. Дараа нь, Бээжинд болсон “Transit Mongolia” арга хэмжээнд оролцох багийн бүрэлдэхүүнд миний бие багтав. Гадны түншүүдэд Монголын төмөр замын гол шугам ямар ашигтай, давуу талтай болохыг ойлгуулахад маш өндөр ач холбогдолтой арга хэмжээ л дээ. Тэгэхэд Жийгээ дарга хамт явсан хүн бүртээ тусгайлан үүрэг өгч, өөрөө хурлын индэр дээрээс Орос хэлээр илтгэл тавьж, завсарлагаанаар бусад орны түншүүдтэй Англи хэлээр ярилцаж, ёстой л байж болох бүх аргаараа хичээн ажиллаж байгааг хөндлөнгөөс хараад өөрийн эрхгүй бахархаж билээ. Нээрэн ч тэр хурал маш үр дүнтэй болсон. Хятад, Орос талын ачаа нийлүүлэгч захиалагч нар УБТЗ-ыг илтэд сонирхож, хэд хэдэн чухал хэлэлцээрийг ч үзэглээд амжсан. Үйл ажиллагаа дууссаны дараа Замын дарга багийн гишүүдээ нэг бүрчлэн халуун дотноор тэврээд “Та нар минь үнэхээр мундаг байлаа. Би өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэ ажилд идэвх зүтгэл гарган оролцсон бүх хүнийг нэг сарын шагналт цалингаар нь урамшуулъя” гэсэн сэн. 
2019 оны зургадугаар сарын 13, 18.30 цагт. Эрээн өртөөний Шилжүүлэн ачих талбай. “...Өнөөдөр ажлын хэсгийнхэн маш шаргуу ажиллалаа. Замын дарга Д.Жигжиднямаа Замын-Үүд өртөөний холбогдох мэргэжилтнүүд болон Гадаад харилцаа, Ачаа тээвэр гээд шаардлагатай бүх албаны удирдлагыг БНХАУ-ын талаас ирсэн төлөөлөгчдийн хамт дагуулан явж, Замын-Үүд өртөөний булан тохой бүрээр орж бодит нөхцөл байдлыг тайлбарлав. Замын-Үүд өртөөний хурлын танхимд товч танилцуулга сонссоныг эс тооцвол амсхийх завгүй өдөржин алхсан хүмүүс бүгд алжаасан нь илт. Замын дарга харин зогсолтгүй ярьсаар... “...Замын-Үүд өртөөний бүх зам эзэлгээтэй. Ачилт, буулгалтын талбайд чингэлгүүд 3,4-өөрөө давхарлаатай. Тэнд манай төмөр замчид яаж хөлсөө дуслуулж байгааг та бүгд харсан. Гэтэл Эрээн өртөөнд ачилт буулгалтын талбай нь хов хоосон байна. Энэ өртөөнд хоногтоо 14-15 галт тэрэг хүлээн авах бүрэн боломжтойг бид бүгдээрээ харлаа. Одоо шийдвэрээ гаргая. Яг хэзээнээс манай 14 галт тэргийг авах вэ?” хэмээн дуу нь өндөрсөж, хөлсөө байн байн арчих нь ихэд цухалдсаных байх. Хятадын талын орчуулагч Өвөрмонгол залуу түүний ярианы хурдыг гүйцэхгүй мунгинаж, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ч дуугүй толгой дохин яриаг нь анхааралтай чагнан сууцгаана..”
Тэр уулзалтаас Хятадууд тухайн оныхоо есдүгээр сарын 15 гэхэд 14 галт тэрэг хүлээн авах амлалт өгсөн. Үнэхээр ч 2019 онд УБТЗ Хятадын талтай хоногтоо 14 галт тэргийг солилцдог болж чадсан. Үүний үр дүнд төмөр замчид 28.7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилтаа улам ахиулсан юм. Миний өврийн дэвтэрт энэ мэт тэмдэглэл олноор дурайн үлджээ. Гэхдээ хар багын найзууд, мэргэжил нэгт нөхөд нь түүний тухай биширмээр, хайрламаар, бас харуусмаар дурсамж хүүрнэснийг энд тоймлов.

Х.Амгалан: Жийгээ маань миний хувьд хамгийн дотны нөхөр, эрхэм хүндтэй удирдагч минь байлаа
УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт эрхэлсэн орлогч дарга Х.Амгалан:
“Д.Жигжиднямаа даргатай би оюутан цагаасаа л нөхөрлөсөн. Анх Москвагийн төмөр замын дээд сургуульд суралцахаар Д.Ганболд, Д.Жигжиднямаа бид гурав нэг өрөөнд, хажуугийн өрөөнд Ю.Нямжаргал явж байсан санагдана. Гуравдугаар курсийнхээ дадлагаас буцаж ирэхийн өмнөхөн Жийгээ маань “Найз нь хүн болсоор хулгай хийж үзээгүй” гэж ярив. Тэгэхээр нь бид “Чихэр ч хулгайлж үзээгүй юу?” гэвэл. “Ёстой үгүй. Би тийм муухай юм хийдэггүй” гэлээ. Ингээд бид залуус л юм хойно найзаараа тоглоод тахиа хулгайлуулсан. Манай хүн ч тэр дороо баригдалгүй хаачих вэ дээ. Маргааш өглөө нь “Би өөрөөсөө маш их ичиж байна. Орос найзуудынхаа өмнөөс харах нүүр алга” гэж билээ. Миний найз тийм л зөв хүмүүжилтэй хүн байлаа. Түүнийг магтахад сайхан үг багадна. Хувь хүн нь их шударга. Хүнд тус хүргэх гэвэл чин сэтгэлээсээ ханддаг. Ёстой л “За гэсэн бол ёогүй” анд минь байсан даа. 1996 онд би Багануураас ирчихээд тээвэр зуучийн компани байгуулах санаа төрөөд Жийгээ дээрээ очлоо. Мань хүн тэр үед “Монгол транс” компанийн захирал байв. Өрөөнд нь ортол “Чи хүлээж байгаарай. Яаралтай ажилтай болчихлоо” гээд гарав. Ширээн дээр нь байсан их зузаан номыг аваад хартал ОСЖД-ын “Олон улсын ачаа тээврийн дүрэм”-ийг англи, оросоор нэг бүрчлэн уншаад, хуудас бүрт нь тэмдэглэгээ хийсэн байж билээ. Тэр зузаан дүрмийг англи, орос хэлээр тэгэж нарийн судалсан хүн надтай ер таараагүй. Аливаа зүйлийн эцсийг нь хүртэл судалж байж дараа нь ярьдаг зантай. Электроник, IT чиглэлдээ маш сайн. Компьютерийн бүх програмыг нэг бүрчлэн задалж үзнэ. Ингэж л уг сууриар нь ойлгож авахыг эрхэмлэдэг ховор чанартай хүн байлаа найз минь. Намайг цэргээс халагдаад ирсний дараа “Найз нь англи хэлийг л маш сайн сурах хэрэгтэй байна” гэв. “Чи англи хэлтэй шүү дээ” гэвэл “Миний англи хэл үнэхээр хангалтгүй байна” гэж билээ. Тэр цагаас хойш найз минь хоёр жилийн хугацаанд англи хэлийг тасралтгүй судалсан. Сүүлдээ манай хүн УБТЗ-ын гадаад харилцааны чиглэлээр, тэр ч бүү хэл салбарын яамныхаа мэргэжилтнүүдийн урд нь гарч явдаг болсон. Нэг юм бариад авбал заавал цаана нь гарч байж санаа нь амарна. Уншиж байгаа номыг нь сонирхохоор, “Намайг дууссаны дараа унш” гэнэ. Маш их мэрийлттэй, өөрийгөө байнга дайчилж байдаг хүнсэн” хэмээн дурссан юм. Мөн тэрбээр, “Оюутан ахуй цагаасаа хойш бид 39 жилийг хамтдаа үдэж дээ. Нэг сургуульд сурч, нэг зорилгын төлөө ийм олон жил мөр зэрэгцэн нөхөрлөсөн түүх хүний амьдралд тийм ч олон тохиодоггүй болов уу. Д.Жигжиднямаа дарга миний хувьд хамгийн дотны нөхөр, эрхэм хүндтэй удирдагч минь байлаа. Аав минь тэнгэр дэвшээд 10-аадхан хонож байхад Жийгээ маань явчихлаа. Хамгийн ойрын хоёр хүнээ ийм ойрхон алдах их хэцүү байдаг юм байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд энэ хоёр хүн л сэтгэл зүрхэнд бодогдоод... Хамгийн сүүлд Жийгээтэйгээ зургадугаар сард уулзсан. Тэгэхэд “Найз нь долдугаар сарын эхээр яваад очно” гээд л, би ч “Миний найз ашгүй улсын наадмаас өмнө ирэх юм байна” гээд явсан сан. Ойр дотны хүмүүсээ мөнх наслах юм шиг л санадаг юм байна. Найзыгаа яаж ажиллаж, амьдарсан. Амьдралынхаа сүүлийн хугацаанд хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж байсныг эргэцүүлэн бодоход өрөвдөх, хайрлах, хэмжээлшгүй ихээр харамсах сэтгэл төрөх юм даа” хэмээн ярихдаа хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэж байлаа... 
Сурв: Тэр маш дэврүүн сэтгэлтэй, урлагийн өндөр мэдрэмжтэй нэгэн байв. Үнэндээ, УБТЗ-ын даргаар томилогдсноосоо хойш тоотой хэдхэн л удаа магнай хагартал баярлаж байхыг нь харсан. Ихэвчлэн л бухимдалтай харагдана. Нэг ажил хийнэ гэж зорьсон бол заавал эцсийг нь үздэг. Эцсийг нь харахдаа заавал эерэг үр дүнд хүргэхийн төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг ясны чанартай хүн болохоор тэгж их бухимддаг байсан байх. Баярлахаараа нүүр дүүрэн инээмсэглээд л ойр ойрхон хөлсөө арчиж, дэргэдэх хүмүүсийнхээ мөрөн дээр алгадан дотночилно. Төмөр замчдаас бүрдсэн “Жигүүр” хамтлагтаа тоймгүй хайртай. Баярын төгсгөлд “Жигүүр”-ийнхэн гараад ирэхээр л тэднийхээ дунд ороод бүжиглэнэ. Хамт дуулна. Төмөр замчдын баярын индрээс, он солигдох торгон агшинд хүндэтгэлийн тайзнаас “УБТЗ-ын ачаа тээвэр өмнөх жилийнхээс төдөн хувиар өсөж, төлөвлөгөөт үзүүлэлт төдөн хувиар даван биеллээ” гэж зарлахад л Жийгээ дарга үнэн голоосоо огшино. “Миний төмөр замчид, миний хамт олон. Та нар минь хамгийн мундаг нь” гээд л... Тэрээр үнэндээ хоёр том дутагдалтай хүн байв. Хүндэтгэлийн индэр дээр гарахдаа яруу найрагч шиг, улс төрчид шиг уран цэцэн үг урсгаж чаддаггүй, хөлсөө арчин түгдчдэг байлаа. Дүрс бичлэгийн камер, гэрэл зургийн дуран авиа өөрийг нь чиглэхэд хувцсаа засаж, худал инээж чаддаггүй дутагдалтай хүн байлаа. Ярилцага мэндчилгээнд нь тавих аятайхан зураг авах гэж мөн ч их юм болдогсон. Зураг авхуулаад суух цаг түүнд олдохгүй. Арай гэж хэдэн минут гуйж өрөөнд нь ороход “За за одоо болно оо, болно” гээд л бараг хөөхөөс наагуур юм болно. Аль нэг арга хэмжээн дээр зургийг нь олон дахин аваад байвал илт түвэгшээнэ. Хүнд итгэвэл итгэсэн шиг итгэж, ажлыг даалгах шиг даалгадаг. Бас бусдыг урамшуулахдаа огт гар татдаггүй өгөөмөр удирдагч байсан юм. Уулын мод урттай богинотойн адилаар түүний итгэл хүлээлгэснийг зарим нь дааж чадаагүй байх. Итгэл даадаггүй зарим нэг хүний тарьсан балаг ниймгийн өнгөнд зөвхөн Жийгээ даргын алдаа мэтээр харагдсан ч байж болох.

Ю.Нямжаргал: УБТЗ-ын XXI зууны хөгжил шинэчлэлийн хөтөч нь байсан
Мөн түүний оюутан цагийн найз Монгол Улсын гавьяат тээвэрчин, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал түүний талаар дурсан өгүүлэхдээ:
-Би төмөр замчин хүний хувьд эргэцүүлэн бодоход Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсныг УБТЗ-ын XXI зууны хөгжил шинэчлэлийн хөтөч нь байсан гэж хэлнэ. Нэгдүгээрт, ОСЖД буюу Олон улсын төмөр замын байгууллага, UIC буюу Дэлхийн төмөр замын байгууллага зэрэг олон улсын төмөр замын толгой байгууллагуудтай “УБТЗ” ХНН-ийг холбож, дэлхийн зах зээлээс ачааны урсгалыг дэс дараатайгаар УБТЗ руугаа татах арга хэмжээ авснаар 30 сая тоннд хүргэж чадсан нь Д.Жигжиднямаа дарга эзэмшсэн мэргэжлийнхээ талбарт чадварлаг менежер байсны тод илрэл юм Хоёрдугаарт, 2017 онд “УБТЗ ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлж, шинэчлэх шинэчлэлийн хөтөлбөр”-ийг Ерөнхий хороогоор хэлэлцүүлэн батлуулж, тус хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг амжилттай эхлүүлсэн. Замын суурь бүтцийг сайжруулж, зүтгүүрүүдийг шинэчилж, өртөө зөрлөгүүдийг өргөтгөж байна гээд олон зүйлийг энд дурдаж болно. Мөн дээрх хөтөлбөрийн хоёрдугаарт үе шат буюу 2022-2025 онд хэрэгжих ажлыг Ерөнхий хороогоор батлуулахаар ажиллаж байлаа. Тэгэхээр Замын дарга маань УБТЗ-ыг дунд, урт хугацааны нэгдсэн бодлогоор хөгжүүлэх юм гэдгийг олж харан түүний төлөө тууштай ажиллаж ирсэн. Мөн түүнчлэн төмөр замынхаа бүтцийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүддээ олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, орчин цагийн менежментийн системийг нэвтрүүлэх ажлын гол санаачлагч юм. Олон улсын менежментийн болон чанарын стандартууд манай олон ч байгууллагад амжилттай нэвтэрсэн. Судалгаа, шинжилгээ, технологийн төвөөс гадна Үл эвдэх сорилын төвийг байгуулснаар тэнд Замын нэгдсэн бодлого хэрэгжиж байна. Орчин үеийн хэмжил зүй, үл эвдэх сорилын тоног төхөөрөмж дээр манай чадварлаг залуус ажиллаж байна гэхчлэнгээр олон сайхан үр дүн гарч байна. Цаашид ч гарна. Тэрээр зөвхөн УБТЗ төдийгүй Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж, Сайншанд-Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг чадварлагаар удирдсан. Сүүлийн жилүүдэд ажлын ачаалал нь хэт их. Эрүүл мэндийн хувьд ч сайнгүй байгааг хамт ажиллаж байгаа хүний хувьд гадарладаг байлаа. Тэр өөрийнхөө зовлон бэрхшээлийн тухайд бусдад яриад байхгүй л дээ. “Би улс эх орныхоо, төмөр замчдынхаа өмнө үүрэг хүлээсэн. Тиймээс энэ ажлыг хийх л ёстой” гэж боддог байсан байх. Ер нь, төмөр замчин хүний мах цусанд шингэсэн зан л даа хэмээн дурссан юм.
Олон улсын төмөр замын байгууллагуудын хурал, Ерөнхий хорооны хурал гээд том арга хэмжээнүүдэд Д.Жигжиднямаа даргын англи, орос хэлний өргөн мэдлэг, харилцааны өндөр соёл, өөрийгөө авч яваа байдал, бусдыг манлайлах чадвар зэрэг нь тод ялгардгийг амьд сэрүүн ахуйд нь ч олон хүн ярьдаг байв. “Ийм хүнээр удирдуулж байгаа цагт бид зорьсондоо хүрнэ гэдэгтээ бат итгэлтэй, бардам явдаг даа” гэж ярихыг нэг бус удаа сонсож байлаа. УБТЗ-ын хэрэглээний дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлүүлэх гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор мөн ч олон удаа хэлэлцүүлснийг уншигч та бүхэн санаж байгаа болов уу. Төмөр замын салбарын нарийн онцлог, төмөр замчдын жаргал зовлонг сайн мэддэг хүн өнөөгийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд ховорхныг хэлэх үү, УБТЗ-ыг бие даасан вант улс гэж үздэг олон нийтийн ойлголтын зөрүүг ч хэлэх үү өмнө нь Замын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш нарыг тухайн хуралдаанд байлцуулж, манай сонины сэтгүүлчдийг ч “Энэ тухай мэдээллийг олон нийтэд маш сайн түгээ” гэсэн даалгавартайгаар Төрийн ордонд дагуулан орж, байж болох бүхий л мэрийлтээрээ ажиллаж, хүссэн шийдвэрээ гаргуулсандаа.

Т.Очирхүү: Бахдам амжилтад хамт олноо дагуулж чадсан үлгэр жишээ удирдагч байсан
Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү дурсан өгүүлэхдээ:
-Д.Жигжиднямаа дарга маань Монгол Улсын аж ахуйн удирдагчдын дундаас тэргүүн эгнээнд байх хэмжээний чадварлаг менежер байсан гэж би бодож явдаг. УБТЗ бол Монгол Улсын хамгийн том байгууллага. Улсын хэмжээнд цор ганцад тооцогдох нарийн онцлогтой ийм том байгууллагыг удирдана гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш. Би энд нэг л зүйлийг онцлон тэмдэглэе. Өнөөгийн УБТЗ-ын гол зам техникийн хувьд жилд 25 сая тонн ачааг л тээвэрлэх чадалтай. Харин асар өндөр зохион байгуулалт хийсний үр дүнд хүчин чадлаасаа таван сая тонноор давсан ачааг тээвэрлэж байгаа юм. Ийм л өндөр амжилтад хамт олноо дагуулж чадсан гайхамшигтай удирдагч. Д.Жигжиднямаа дарга гурван орны хамтын ажиллагааг маш өндөр түвшинд хүргэсэн. Түүний илрэл нь транзит чингэлэг тээвэр. Би түүнийг хөрш орны удирдагчидтай, ялангуяа Оросын удирдагчидтай уулзах үеэр нь олон удаа хамт явсан. ОХУ-ын хариуцлагатай албан тушаалтнууд болон төмөр замын дарга нар түүнийг маш их хүндэлдэг. Орос хэлийг төгс эзэмшсэн учраас Оросуудтай өөрийнх нь соёлоор харьцдаг байсан. Ийм хүн Монголд бий юу гэвэл бий. Гэхдээ маш ховор. Яг өнөөгийн цаг үедээ ганц л байсан хүн дээ. Хятад болон бусад орнуудтай англи хэлээр албан ажлаа шууд явуулдаг хүн байлаа. Замын даргаар ажиллах хугацаандаа маш хүнд асуудлуудтай тулгарч байсан. Гэсэн ч тэдгээрийг шийдэж явсан. Миний хувьд өөрөө оролцож, Замын даргатайгаа хамт шийдвэрлэж явсан ганц хоёрхон асуудлыг л энд дурдъя. УБТЗ ХНН 1998-2015 он хүртэл улсын төсөвт 73.8 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг хэрэглээний дизель түлшнээсээ төлсөн. Гэтэл Оросын талын хувь нийлүүлэгч нар үүнийг 1949 оны хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл учраас буцааж авах ёстой гэсэн асуудлыг тавьсан. Үүнийг Монголын талын хувь эзэмшигчид зөвшөөрч Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар дээрх 73.8 тэрбум төгрөгийг буцааж өгсөн. Ингэхдээ бэлэн мөнгөөр нь өгөлгүй “УБТЗ” ХНН-ийн зээлийн өрөнд суутгаж авсан. Учир нь, Монгол Улсын Засгийн газар 1993 онд Япон Улсын Засгийн газраас зээлсэн мөнгөө УБТЗ-д дамжуулан зээлдүүлсэн байсан. Түүнийх нь өр 2025 он хүртэл үргэлжлэх юм. Энэ өрөөсөө 73.8 тэрбумаар чөлөөлөгдсөн гэсэн үг. Бас хүмүүс тэр бүр тэмдэглээд байдаггүй нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэхээр 2016 оны Улсын төсөвт УИХ-аас 31.6 тэрбум төгрөгийг дизель түлшний онцгой албан татвараар УБТЗ төлөх ёстой гэсэн хууль гарсан байсан. Үүнийг дээр дурдсан 73.8 тэрбум төгрөгтэй хамтад нь шийдэж, нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болгуулж чадсан. Өөрөөр хэлбэл, УБТЗ-д нийтдээ 103 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулсан. Дээрээс нь, 1993 онд Япон Улсын Засгийн газраас авсан зээлийн өрийн үлдэгдлийг УБТЗ-ын дүрмийн санд хөрөнгө оруулалт болгож хувиргах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед дэвшүүлэн тавьж, УИХ-ын байнгын хорооны шийдвэр гаргуулсан. Орос, Хятадын болон Монголын арилжааны банкууд “УБТЗ Монгол Улсын Засгийн газартаа өртэй. 2007 оноос хойш тухайн өрийг огт төлөөгүй явж байгаад 2011-2013 онд төлөөд дахин төлөлтөө зогсоосон учраас их хэмжээний торгууль, алдангитай” гээд урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөхгүй байгаа. Урт хугацааны зээл авахгүй бол даацтай хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. УБТЗ өөрийнхөө хөрөнгөөр ердөө 14 км зам л засах боломжтой. Жилд хамгийн багадаа 70-90 км зам засах шаардлага үүсээд байдаг. Гэтэл мөнгө байхгүй. Одоо олж байгаа орлого нь цалин урамшуулал, дизелийн түлш. Үлдсэн багахан хувь нь засварын ажилд зарцуулагддаг. Ийм л санхүүгийн хүнд байдлаас УБТЗ-ыг гаргах гэж Д.Жигжиднямаа дарга өөрийгөө мартаж зүтгэсэн. Манай төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн яаж хуучирсныг бүгд л мэднэ. Бүр аргаа ядаад л 1000 хуучин вагон хямд үнээр худалдаж авсан. Тэр вагонууд өөрийн өртгөө ердөө нэг жил хүрэхгүй хугацаанд л нөхсөн. Гурван жил тээвэрт явахдаа төмөр замд маш их ашиг оруулсан. Гэтэл үүнийх нь төлөө “хар масс” түүнийг хэчнээн их хэмлэв. Амьд сэрүүн ахуйд нь энэ асуудлаар яаж их сэтгэлийг нь “идэв”. Нийгэм даяараа чичлээд байсан учраас 1000 вагоноо бүгдийг нь ч аваагүй. Бодит байдал дээр вагон хүрэлцэхгүйгээс болж маш их хэмжээний ачааны захиалгыг хаяж байна. Чин сэтгэлээсээ хийж, бүтээх гэж хичээсэн хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь санаатайгаар харлуулж элдвээр гутааж байхад нь хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд их л эмзэглэж байсан. Ингэж болохгүй. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Дээрээс нь, цар тахлын нөхцөл байдал хэчнээн их зовоов. Ийм л хэцүү асуудлуудтай тулгарсан ч ажилтнуудаа гэх сэтгэл зүрхээ тэр огт мартаагүй. Жил бүр 10 хувиар цалинг нь нэмж, үр дүнгийн шагналыг нь 200 хувиар олгож байлаа. Манай санхүүгийн мэргэжилтнүүд анх удаа МУИС-ийн багш нартай хамтран “2025 он хүртэл тарифаа хэрхэн нэмэгдүүлж, орлогоо яаж өсгөх вэ” гэдэг концефцийг гаргасан. Математикийн маш хэцүү тэгшитгэл гаргаж, үүнийгээ Засгийн газраар оруулж дэмжүүлсэн. Энэ бол Д.Жигжиднямаа агсны санаачилга. Тэрээр, зүгээр нэг менежер биш. Инженерийн өндөр сэтгэлгээтэй, шинжлэх ухаанч хүн байлаа. Түүнийг Замын даргаар ажилласан он жилүүдэд УБТЗ үе үеийн төр засгийн удирдлага, яам тамгын газруудтай хамгийн ойр, нягт уялдаатай ажилласан гэж би боддог. Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд гээд шийдвэр гаргах түвшний олон хүн түүнийг хүндэлдэг байлаа. Бодох тусам л дэндүү харамсалтай. Замын даргаар томилогдсоноосоо хойш түүнд амрах цаг ер нь байгаагүй дээ. Хүн нас ахихаар ч тэгдэг юм уу. Сэтгэл хөндүүрлээд ... Заримдаа ганцаараа уйлах юм. Эр хүн шиг эр хүн, ясны төмөр замчин, үлгэр жишээ удирдагч байсан даа... хэмээн харууслын нулимстайгаар эргэн дурссан юм.

Д.Амарбаясгалан: Жийгээ маань “За” гэж хэлсэн бол заавал биелүүлдэг хүн байсан
Мөн түүнтэй хамт мэргэжил эзэмшиж, нэг салбарт мөр зэрэгцэн зүтгэж явсан Олон улсын тээвэр зуучлалын төвийн дарга Д.Амарбаясгалан
-Жийгээ маань Орос сургууль төгссөн болохоор ч тэрүү “За” гэж хэлсэн бол заавал биелүүлдэг. Чадахгүй зүйлээ харин “Үгүй” гээд шулуухан хэлчихдэг хүн байсан. Замын орлогч, Замын дарга гээд ямар ч албан тушаалд ажилласан тэр зангаа огт өөрчлөөгүй. Хүн нэг л зангаараа байж чадна гэдэг мундаг чанар шүү дээ. Тэр маш хүнлэг, энэрэнгүй хүн байлаа. Хэн нэгэн зовлонгоо яриад ороход маш сайн ойлгож, чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг сэн. Энэ занг нь би хүүхэд байхаас нь л мэднэ. Түүнийг Замын даргаар ажиллах хугацаанд экспорт болон дамжин өнгөрөх тээвэр, тэр дундаа чингэлгийн транзит тээврийг үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг төмөр замчин бүр мэднэ. Түүний олж ирсэн ачааг өндөр сахилга баттай төмөр замчид минь маш сайн тээвэрлэсэн. Үүний ч хүчинд УБТЗ өөрийн хүчин чадлаасаа давсан хэмжээний амжилтыг гаргаж чадсан. Жийгээ дарга маань орос, англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшихийн сацуу төмөр замын мэргэжлийн нэр томъёог тухайн хэлээр нь нэвтэрхий судалсан нь төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болсон. Сүүлийн жилүүдэд үндсэн ажлынхаа зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад үнэхээр л бие, сэтгэлээ хайрлахгүй явсан даа. Ийм мундаг удирдагч маань ид хийж бүтээх насандаа явчихсан нь үнэхээр харамсалтай хэмээв.
Сурв: Хамгийн сүүлд түүнтэй ЗТХЯ-нд болсон үйл ажиллагааны үеэр тааралдсан. Тэгэхэд тэрээр уламжлал ёсоороо мэндлээд “Чи зохиол бичиж байна уу? Чиний зохиол сэтгүүлзүйн бүтээлүүдээсээ ч илүү юм билээ. Төмөр замчдынхаа талаар сайхан зохиол бичвэл бүх талаар дэмжинэ шүү” гэсэн том урмыг өгч билээ. Харамсалтай нь, тэр уулзалтаас хойш бичсэн өгүүллэгүүдээ түүнд уншуулж амжсангүй дээ. Саяхан даа, чатаар холбогдоод “Хамт олноо, нутаг усаа л маш их санаж байна даа. Эрүүл саруул болоод танай нутагт зорьж очиж загасчилна аа, дүү минь...” гэсэн нь түүний хамгийн сүүлчийн хүсэл байж дээ. Тэр миний л мэдэхийн хамгийн энгийн хүн байлаа. 
Тиймээ, тэр ахмад төмөр замчин Т.Очирхүүгийн дурссанаар “Гавьяатаас илүү гавьяатан”, энэ цаг үедээ цор ганцаар хэмжигдэх мэдлэг, чадвартай удирдагч байсан юм. Тэр хэзээ ч хийсвэр зүйл мөрөөдөөгүй. Түүний хэлсэн ярьсан нь бүгд биелэлээ олж ирснийг, бодит ажил болдог байсныг төмөр замчид мэднэ. Түүнтэй хамт зүтгэсэн хөдөлмөрийнхөө хөлсийг төмөр замчид бид өнөөдөр бүгдээрээ хүртэж, биелэлээ олсон үйл хэргийг нь нүдээрээ харж, гараараа мэдэрч явна. Д.Жигжиднямаа дарга УБТЗ-ын ирээдүйг маш холоор харсан. Тэрхүү хөгжил дэвшлийн оргилд хэрхэн хүрэх арга замыг ч тодоор зурсан. Гэхдээ тэр бидний дунд хамгийн эгэл даруухнаар амьдарч, зөвхөн хийж бүтээх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж явлаа. Түүнтэй хаана ч таарсан. “Танайханд бэрхшээлтэй асуудал юу байна?” гэж дандаа асуудаг байв. Бид тэр бүр зовлонгоо яриад байхгүй ч Хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулаад камер, компьютер тоног төхөөрөмж маань хуучирсныг олоод мэдчихсэн л байх. Тэр шийдэхийг эрмэлзэнэ. Түүний зорьсон зорилго нь маш том, өмнөх ажил нь хэчнээн их байсан ч төмөр замчин бүрт ижил тэгш анхаарлаа хандуулж, аж ахуйн нэгж бүрийн бэрхшээлийг жижиг гэлтгүй шийдвэрлэхийг эрмэлздэг удирдагч байлаа. Түүний хэн байсныг, юу хийснийг зөвхөн төмөр замчид л хамгийн сайн мэднэ. Гэвч түүнтэй ганц ч удаа уулзаагүй шар хэвлэлийнхэн элдвээр гүжирдсэн дээ. Эхлээд эсэн бусын мэдээлэлд их л нервтэж харагдана. Дараа нь харин хэвлэлийн төлөөлөгчдөө “Энэ хэвлэлийнхэнд бодит байдлыг яаж ч тайлбарлаад нэмэргүй юм билээ. Түүний оронд зүгээр л чимээгүй орхичихоор аяндаа намждаг бололтой” гэж суусан сан. Цөхөрсөн хүний л арга шүү дээ, хөөрхий.
Захиалгаар гүжирдлэгийн мэдээлэл цацаж, түүнийхээ харамжинд хоногийн хоолоо олдог зарим нэгэн шар хэвлэлд хаялага өгөөгүй. Өгөх ч шаардлагагүй гэж үздэг зарчимч зангаас нь болж түүнийг элдвээр харлуулсан юм болов уу. Нээрэн ч худал мэдээллийг залруулахын төлөө мөнгө төлж, үнэнээр яваа өөрийнхөө үйл хэргийг бодитоор ойлгуулахын төлөө хэвлэлийнхнийг хөлслөх шаардлага түүнд байгаагүй юм. Эргээд харахад төмөр замчид бид тэр их гүжирдлэгийн өмнө арай л хүлцэнгүй хандав уу даа гэж бодогдох. Ядаж л хүндээр өвчилж, харийн нутагт эмчилгээний зардал нь хүрэлцэхгүй зовж явсныг нь мэдэх хүн хэд билээ. Өнөөдөр тэрээр бидний дунд байхгүй ч зүрх сэтгэлд гэгээн дүрээрээ, ариун цагаан хөдөлмөрөөрөө, чин шударга үлгэрлэлээрээ үүрд дурсагдана. Эхлүүлсэн үйлсийг нь хамтран зүтгэгч мэргэжил нэг ахмад, залуу, дунд үеийн төмөр замчид үргэлжлүүлэх болно. Мөнхийн дурдатгалд төгсгөл гэж үгүй...

Төмөр замчдаа таньдаг, тэднээрээ үнэхээр бахархдаг байж билээ
Д. Мөнхбат
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсантай миний бие 2018 онд УБТЗ-ын “Ууган” байгууллага Сүхбаатар депогийн түүхт 70 жилийн ой, МУ-ын гавьяат тээвэрчин, Сүхбаатар татах хэсгийн даргаар тасралтгүй 25 жил ажилласан аавынхаа мэндэлсний 80 насных нь ой давхацсан үеэр уулзах хүсэлт гаргаж билээ. Гурван үеийн төлөөлөл болсон ахмад, дунд, залуу үеийнхэн маань их ойдоо бэлэг барихаар санал, санаачилга гарган бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх, бүдгэрснийг тодруулах гээд их л ажил амжуулсан өдрүүд саяхан мэт сэтгэлд тодоос тод үлджээ. Төмөр замынхаа өмнө тулгамдсан зорилт, төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нөр их ажлынхаа дундуур цаг гарган амралтын цагаасаа хасан хүсэлтийг минь хүлээн авсан нь түүний ахмад үеийнхнээ хэрхэн хүндлэн хайрладгийг илтгэнэ. 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Замын даргын туслах утас цохин “Д.Жигжиднямаа дарга таны хүсэлтийг хүлээж авсан. Өнөөдөр 17.00 цагт бэлэн байгаарай!” гэсэн сайхан мэдээг сонсоод баярлах, сандрах зэрэгцэн Сүхбаатараас түргэн авч товлосон цагаас 30 минутын өмнө Удирдах газрын үүдэнд ирж билээ. Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлч Н.Оргилын хамт өрөөнд нь орж, илтгэл өгөхөд минь дундаас нь таслан “За, Мөнхбат аа, наашаа суу. Би “ТЧ-1-25 Д.Дамбийбалжир сан”-гаас гаргасан хүсэлтийг хүлээн авч цаг гаргалаа. Чөлөөтэй ярьж болно. Эхлээд сонсоод дараа нь хариулах зарчмаар асуудлыг шиийднэ” гэлээ. Замын даргаасаа төмөр замчид хэзээний “сүрддэг”. Гэтэл Жийгээ даргын энгийн, дотно харьцаа надад чөлөөтэй байх боломжоор бүрэн хангаж өгсөн дөө. Үгээр хэлэхийн аргагүй халуун дулаан орчинд уулзалт болж билээ. Замын даргын эргэн тойронд ажиллаж байсан залуусын эелдэг уриалгахан харьцаа, хурдан шаламгай байдал зэрэг нь Замын даргын ажил хэрэгч, аливаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг эрмэлздэг, хүний төлөө сэтгэлтэйг гэрчлэх мэт санагдаж байв. Би түүнийг “Бүтээгч дарга” гэж хэлэх дуртай. Сүхбаатар депогийн түүхт 60 жилийн ойгоор Монгол Улсын Засгийн газрын 254 дүгээр тогтоол гарч биднийг болон хамт олныг минь баярлуулснаас хойш олон жил мөрөөдсөн “Бахархал” хүрэл хөшөө хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтаар бүрэн шийдэгдэж билээ. Замын дарга “За, миний дүү хөшөөг дахин хэзээ ч хөдөлгөхөөргүй талбайд байрлуулна шүү! Гавьяат тээвэрчин Даваагийн Дамбийбалжир гуайдаа бид хөшөө босгох ёстой. Домог мэт яриаг би олонтаа сонссон. Есөн сайхан хүүтэй, өөрийн нэр, хүрээллээ маш тод томруунаар бичиж үлдээсэн, удирдах авьяас чадвартай, манай төмөр замд мартагдах ёсгүй бахархал болсон удирдагч. Хүүгийн зүгээс чи “Бахархал” хөшөө гэж маш зөв хэллээ. Ёстой бахархах үйлсээ төмөр замынхаа үе үеийн удирдлагуудад харуулж чадсан, хэзээ ч мартагдахааргүй гавьяат үйлстэн. Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр тохиогоод удаагүй байна. Олон хүүтэй ээжийн алдрыг мөн хүндэтгэж байна. Ээж гэдэг хамгийн дээд бурхан шүү!” гэж хэлж байсан нь ээждээ хязгааргүй хайртай миний биед мөн ч их урам өгсөн дөө. Мөн “Аав, ээж үр хүүхдүүдээ дандаа харж явдаг юм. Сайхан хөшөө бүтээгээрэй!” гэж уран барималч Н.Оргилд захьж байлаа. Ажил, амралтын дэглэм зөрчсөн миний бие алдаа гаргасан тул албан тушаал буурч, 2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр Замын даргын үзлэг ирэх үед уулзан “Бахархал” хөшөөний өмнө дурсгалын зураг авахуулах үеэр инээмсэглэн “Дамбийбалжир гуайн хөшөө яг эх загвартай адилхан сайхан болсон байна. Галт тэргээр ирж, явж байгаа хүн бүхэнд харагдахуйц, байршлаа маш зөв сонгожээ. Ажлын амжилт хүсье!” гэж хэлсэн нь үйлдлээрээ алдаа гаргасан хүнийг зэмлэл хүлээлгэдэг шиг үгээрээ мөн тэвэрч болдгийн жишээг санагдуулсан юм. Хүн эрдэнийг хайрлахын дээдээр хайрладаг, их, бага гэж ялгадаггүй эелдэг даруу сайхан эрхмийг бие нь сайнгүй байх үеэр холбогдоход дандаа л ажилд минь амжилт хүссэн, талархсан сэтгэл илэрхийлж “Та бүхнийхээ сэтгэлийн дэмжлэгээр бие минь сайжирч байгаа” гэж хэлсэн нь саяхан даа. МУ-ын гавьяат тээвэрчин гэх эрхэм хүндтэй цол хүртсэн мэдээлэл “Зүтгүүрчид” сонинд тавигдсаныг явуулахад ихэд баярлаж байсан сан. Замын даргаар ажиллах хугацаандаа төмөр замчид ажлыг хийж бүтээж чаддагийг харуулахын сацуу төмөр замчдынхаа нэрийг өндөрт өргөж, төмөр замчдаараа бахархдаг, ажил хийх гэж байгаа хүнийг дэмжиж тусалдаг, хүнлэг сэтгэлтэй эрхэм хүмүүн тэнгэрт дэвшсэн нь үнэхээр харамсалтай. Хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж байсан нь талийгаач даргын маань алдар мөнхөд орших буй за. Эрхэм үйлстний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл үлдээх