Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-27

Ж.Энхтуяа: Барилгачид нэгдүгээр улиралд үр бүтээлтэй ажилласан

-Энэ онд танай албаны хэмжээнд их барилга, их засварын ажил хэр төлөвлөсөн вэ?
-Албаны хэмжээнд их засварын чиглэлээр нийт 5.7 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй, 112 ажил төлөвлөсөн. Эндээс 106 ажлын төсөв бэлэн болсон. Үндсэндээ төсвийн ажил 96 хувьтай байна. Үлдсэн зургаан ажлыг төсөв, графикийн дагуу хийнэ.
-Барилгын ажлын зураг, төсөв хүлээгддэг байдал арилж, ажил эхлэх бэлтгэл хангагдаж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Энэ жил их засварын ажлын хувьд төсөв харьцангуй гайгүй бүрэн хийгдсэн. Үүнд манай албаны харьяа гурван ангийн мэргэжлийн төсөвчид өөрийн аж ахуйн ажлын бүх төсөв, бусад албадын зарим захиалгат ажлын төсвийг авч нэгдүгээр улиралд багтааж хийсэн нь нөлөөллөө. 
Харин их барилгын ажлаар нийт 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй том жижиг нийлсэн 16 барилга барихаар төлөвлөсөн. Эдгээр барилгын хувьд техникийн нөхцөлүүд, зургийн даалгавар, геодез хөрсний шинжилгээг үндэслэн их барилгын ажлын зураг төсвийг батлуулан барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авна. Тэр гол ажлуудыг Зураг төслийн төв хийж байгаа. Өнгөрсөн жилүүдийг бодоход төсөв, зургийн ажил нэлээд шахуу явж байгаа. Гэхдээ төсөвжилтийн хувьд нэгдүгээр улиралд найман их барилгын ажил төлөвлөгдсөн ажлын зураг, төсөв гарах ёстой байсан. Одоогийн байдлаар хараахан гарч, бидэнд ирээгүй байна. Зураг төсөв хугацаандаа гарчихвал бид судалж боловсруулаад материалын захиалгаа өгөх барилгын ажлын календарьчилсан хуваарь хийхээс эхлээд бэлтгэл ажил их бий. Бэлтгэл ажилд хоёр сар шахам хугацаа шаардагддаг. Гэтэл зураг, төсөв оройтсноос бэлтгэл ажлын хугацаа бараг байхгүй, бэлтгэл хангахтай зэрэгцэн ажил зэрэг эхлэх болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодоход тендерийн материалын захиалгаа харьцангуй эрт өгсөн. Гайгүй байх болов уу гэж найдаж байна. Жишээ нь, 24 айлын сууц барилаа гэхэд нэг маягийн зураг дээр тухайн барих газрын геологийн шинжилгээтэй уялдаж жаахан өөрчлөлт хийх шаардлага бий, бусад материал өөрчлөгдөхгүй тул жишиж захиалах боломж байдаг.
-Өнгөрсөн онд дуусгаагүй он дамнасан ажлууд бий юу?
-Их барилгын хувьд он дамнасан ажил байхгүй. Их засварын он дамнасан ажил бий. Жишээ нь, СУСТ-ийн барилгын засвар байна. Олон жил засварт ороогүй энэ барилгын засварын хөрөнгө мөнгө нэлээд орой шийдэгдсэн. Өнгөрсөн онд бид гадна талын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн боловч ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосноор ажил зогсож, бүрэн дуусгаж амжаагүй. Мөн Дархан өртөөний зорчигчийн тавцангийн тохижилт, Сайншанд өртөөний нийтийн бие засах газрын их засварын ажлыг гүйцээж хийнэ. Одоо хөл хорио тавигдахыг хүлээж байна. Мөн Баян зөрлөгийн өргөтгөлийн ажил 11 сард нэмэлт төлөвлөлтөөр орж ирсэн ажлаас үлдсэн зүйл бий. 
-Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих нь барилгын ажилд хэр нөлөөлж байна вэ?
-Ер нь, барилгын ажил бригадын зохион байгуулалттай явдаг. УОК-оос тавьж байгаа шаардлага, Замын хэмжээнд цар тахлын үед мөрдөх түр дүрмийн хүрээнд ажилтан хоорондын зайг 1.5-ээс дээш байх шаардлага тавьж байгаа.Энэ шаардлагад нийцүүлж барилгын ажлыг явуулахад хүндрэлтэй учраас Улаанбаатар дахь БЗАҮ-ний ангийн барилгын ажил зогссон. Гэхдээ албаны хэмжээнд энэ оны эхний улиралд хэдий цар тахлын нөлөөгөөр хүндрэлтэй асуудал байгаа ч хэд хэдэн ажлыг бүрэн хийж дууссан. Тухайлбал, Хөтөл өртөөний барилгын нэг давхарын засвар, Төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их засвар, ТЗДС-ийн оюутны байрыг тусгаарлах байр болгох, Дохиолол холбооны III ангийн шугамын I болон V хэсгийн инженерийн технологийн байрны их засвар, мөн ангийн ДТХШТТ-ийн байшингийн суурь, таазны их засвар, цемент буулгагчийн ТА-15-ийн засварыг бүрэн дууссан. Нэлээд ажил бас эхэлсэн, үргэлжилж байна. Ер нь, цаг үе хүнд байгаа ч барилгачид маань нэгдүгээр улиралд боломжийн үр бүтээлтэй ажилласан.
-Цаг үеийн нөхцөл байдал материалын татан авалт, нийлүүлэлтэд хэр нөлөөлж байна вэ?
-Энэ тал дээр маш их хүндрэлүүд гарч байна. Ихэнх материалын нийлүүлэлт Улаанбаатараас, барилгын том зах, биржүүдээс хийгддэг. Дээр нь, тендерээр материалын нийлүүлэгчдийг сонгон шалгаруулдаг. Гэтэл тендерт компаниуд орж ирэхгүй байна. Барилгын материалыг бид 2020 оны сүүлээс 26 багц болгоод тендерт оруулсан. Гэтэл гуравдугаар сард зарлагдсан цементийн тендер дөрөвдүгээр сарын 19-нд задлахад нэг ч компани үнийн санал ирүүлээгүй байх жишээтэй. Өнгөрсөн жил МАК ХХК тендерт ялж нийлүүлэлт хийж байсан. Түүний үлдэгдлийг оны эхний улиралд хэрэглээд одоо дуусаж байна. Хоёрдугаар улиралд бас цементийн нийлүүлэлт байхгүй байна гэсэн үг. Мөн элс ялгаагүй тендерт компани ялсан боловч нийлүүлж эхлээгүй байна.Энэ мэтчилэн 10 гаруй нэр төрлийн багцын материал нийлүүлэлтгүй хүлээх болоод байна.
Шугам замын ангиудад материал нийлүүлэлт хийхэд Улаанбаатараас очсон автомашиныг нэвтрүүлэхгүй байна. Жишээ нь, Зүүнхараа руу очсон машин тусгай талбай зогсоолд очоод цаанаас нь машин ирж, халдвар хамгааллын дэглэм мөрдөж, ачааг шилжүүлэн ачиж, дахин тээвэрлэлт хийх зэрэг нь бидний ажилд их нөлөөлж байна.
-Барилгын мэргэжилтэй, ур чадвартай ажилчдын хомсдол үүссэн талаар яригддаг. Энэ байдал хэвээрээ юу?
-Манай улсын барилгын салбар хурдтай хөгжиж байна. Тийм болохоор бидний хувьд улсын барилгын салбартай өрсөлдөж ажиллах хүч татаж авна гэдэг бол нэлээд хүнд асуудал. Барилгын салбарын ажилчдад хийснээр цалинждаг, мөн өдөр өдөртөө цалингаа өгдөг байгууллагад ажиллах сонирхол нэлээд байдаг. Нөгөө талаар, өнгөрсөн жил Барилгын хөгжлийн төвөөс хийсэн сургалт зөвлөгөөн дээр улсын хэмжээнд барилгын салбарт ажиллах хүч, ИТА-чид маш дутмаг байгаа талаар яригдсан. Тэгэхээр энэ хүндрэл бол ганц манай төмөр замын барилгын байгууллагад тулгарсан асуудал биш. Энэ хүндрэлийг бид өөрсдийн хэмжээнд шийдэх арга замыг хайж байна. Жишээ нь,уурын зуухны галч нарыг барилгын мэргэжлийн сургалт, МСҮТ-д сургаж давхар барилгын шаардлагатай мэргэжлийг эзэмшүүлж зуны засварт ажиллуулж байна. Ийм арга хэмжээ авснаар 2019 онд 47 их барилгын 7.2 тэрбум гаруй төгрөг, их засвараар 150 объектод 5.4 тэрбум буюу нийт 12.6 гаруй тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажлыг хийсэн байна. 2020 онд их барилга их засвараар нийлээд 9.0 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс арай бага 7.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийхээр төлөвлөсөн. Харин төвийн хэсгийн ангийн хувьд уурын зуух цөөнтэй. Нийслэлийн утааг бууруулах хөтөлбөрийн хүрээнд уурын зуухнуудыг татан буулгаж төвийн шугамд холбосон байгаа зэрэгтэй холбоотой зуухнаас шилжүүлэн барилга дээр ажиллуулах боломж хомс байгаа. Гэхдээ Барилгын ангийн үндсэн бригад БАҮ ангийн бригад нийлсэн барилгын том бригадууд бий. Бусад шугам замын ангиудад дээр мэргэжил эзэмшүүлэн гулсгах арга барилаар зундаа хүн хүчээ зузаатгаад ажилладаг.
-Техник технологийн шинэчлэл хэр хийж байна вэ. Ялангуяа, ажилчдын гар ажиллагааг механикжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр...?
-Улсын барилгын томоохон компанийн хэмжээнд хүртэл дутуу зүйл бий. Гэхдээ шинэ техник технологийг нэвтрүүлэх, ашиглах тал дээр нэлээд ахиц гарсан. Мөн ажилчдын гар багажуудыг шинэчлэх тал дээр нэлээд дэвшил гарч байна. Төсвийн програм шинэчлэгдэж, одоо ямар нэг объектод хийх засварт ашиглах багажийг төсөвт суулгачихдаг болсон. Үүнд Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар их дэмжлэг үзүүлдэг. 2019 онд 70 жилийн ойн хүрээнд маш их ажлыг хийсэн. Тэр их ажлыг гүйцэтгэх шинэ тоног төхөөрөмжүүд, төсөвт тусгагдсан гар багажуудаар хангагдсан. Шинэ технологийн хувьд сүүлийн хоёр, гурван жилд үндсэндээ гурван шинэ технологи нэвтрүүлсэн. Үүний нэг нь алаг чулуун шал. Голдуу деподод ийм шал хийж байна. Үүнийг Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн хос дугуйн цехд БАҮ-ний I ангийн Д.Алтантуяа мастертай их засварын хэсэг гүйцэтгэсэн. Мөн Зорчигчийн вагон депогийн хуучин уурын зуухыг аккумляторын цех болгоход БАҮ-ний I ангийн Д.Отгонбаатар мастертай их засварын хэсэг алаг чулуун шалны ажлыг БУА тай хамт гүйцэтгэсэн. Үндсэндээ, БУА-ийнхан туршлага судалж солилцон суралцсан гэсэн үг. Алаг чулуун шал нь өндөр ачаалал хүлээж авах даацтай учраас манай деподын шаардлагад нийцдэг. Мөн нано будгаар будах технологийг мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрийн барилгад ВКМ-д ашигласан. Энэ нано будаг нь резинин будгийн дараагийн үе гэсэн үг шүү дээ. Ийм будагтай шалан дээр гурван тоннын машин явах даацтай мөн гал дэмждэггүй онцлогтой. Улаанбаатар дахь БЗАҮ-ний ангийн Төмөр бетон цехийн уурын зуухыг Нийслэлийн утааг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ажиллуулах боломжгүй болсон учраас дизелиэр ажилладаг уур гаргагч төхөөрөмжүүдийг 2020 онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр авсан. Энэ нь нэлээд зардал хэмнэсэн, дээр нь шарах камерын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 
Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт идэвхжиж байгаатай холбогдуулан барилгын технологи өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, барилгын төмөр бетон хийцүүдийн угсралтын технологиос одоо цутгамал төмөр бетон хийцийн технологи руу шилжиж байна. Үүнтэй холбоотой дээрх цехийн хучилтын хавтан, суурийн блок үйлдвэрлэл, ширхэгийн барилгын материалын үйлдвэрлэл багассан. Харин төмөр замын гармын хавтан, замын хориг хашааны шон, тэмдэгтийн шонгууд зэрэг замтай холбоотой Замын ангиудын захиалгууд түлхүү ирж хийгдэж байна. Тиймээс бүх хэв хашмал, бэхэлгээ, материалын захиалгууд хүртэл өөрчлөгдөж эхэлж байна. Энэ өөрчлөлт өнгөрсөн жилээс мэдрэгдэж эхэлсэн. Үүн дээр уурын зуухнуудыг ЦТП болгох, дулааны төвлөрсөн шугам сүлжээгүй газарт төвлөрсөн бус халаалт дулааны эх үүсвэрээр хангах шаардлагууд тулгарч судлаж тооцооллууд хийж байна. Үндсэндээ барилгын салбарт технологийн том өөрчлөлт шинэчлэлтүүд явагдаж байна, түүнээс суралцан хэрэгжүүлэн ажиллахыг хичээн ажиллаж байна.
-Зарим их барилгын ажлыг гадны компаниар гүйцэтгүүлдэг. Гэхдээ ард нь чанарын асуудал гарах тохиолдол бий. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Ер нь, барилгын том компаниуд манай захиалгат ажил дээр орж ирдэггүй.Тэд маш том комплекс барилгуудаа бариад явчихдаг. Тэгэхээр хувийн жижиг компаниуд ихэвчлэн тендерт орж ирдэг. Гадны компаниудаар хийлгэсэн их барилгын ажил дээр зарим тохиолдолд чанарын асуудал яригдах нь бий. Чанартай гүйцэтгэдэг ч компани бий. Манай өөрийн барилгын ангиудын хувьд ажилчдаа сургаад дадлагажуулаад авчихад чанарын доголдол гаргахгүй байх бүрэн боломжтой. Харин сургах ажил хоцрогддог, сүүлийн жилүүдэд сургалтад хамруулах завгүй ажилласан гэхэд болно. Ер нь, өөрийн ажлыг гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа чанарын хувьд харьцангуй сайн гүйцэтгэдэг гэж боддог. Учир дутагдалтай зүйл гарвал тухай бүрт нь засаад явах боломж нь илүү юм. Гэхдээ Замын хэмжээний их барилгын бүх ажлыг хийхэд манай хүчин чадал хүрдэггүй. Яг их барилгын чиглэлээр ажиллах ажилтан Улаанбаатар дахь БЗАҮ-ний ангид 60 орчим, Зүүнхараа, Сайншанд дахь ангиудад барилгын үндсэн 16-19 ажилтан л бий. Тэгэхээр 16 ажилтантай бригад дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй их барилгын ажил хийнэ гэдэг боломжгүй. Гаднаас хүн авч ажиллуулна. Бүр болохгүй бол урсгал засварын ажилчдаа татан авч ажиллуулах жишээтэй. Ийм байдлаар хийж чадах ажлаа аваад, хийж амжихааргүй, эсвэл тусгай зөвшөөрөл шаардагдах ажлыг зөвшөөрөлтэй компаниудаар нь хийлгэхээс аргагүй болдог. Мөн их засвар болон урсгал засварын ажил хаягдахад хүрдэг.
-“Барилгын нас материалын чанараас” гэх үг бий. Материалын худалдан авалт бол хууль дүрмээрээ та бүхнээс бараг шалтгаалахгүй асуудал байгаад байх шиг... Нийлүүлэгдэж байгаа материалын чанарт та бүхэн хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Материалын худалдан авалт Монгол Улсад мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулиар явагдаж байгаа. Ер нь, 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтыг хаалттай тендер, 50 сая төгрөгөөс дээш бол нээлттэй тендерээр худалдан авах ажиллагааг Худалдан авалт борлуулалтын алба хариуцан хийж байна. Нэг сая төгрөг дотор бол аж ахуйн нэгжүүд шууд худалдан авалт хийдэг, таван сая төгрөг дотор аж ахуй нэгжийн дотоод үнийн комиссын санал болгосноор Төлөвлөгөө эдийн засаг, Худалдан авалт борлуулалт, Хуулийн алба, Дотоод хяналт аудитын албадаар хянуулаад, Хуулийн албанаас гэрээний дугаар авч худалдан авалт хийх зохицуулалттай. Арван сая хүртэл төгрөгийн худалдан авалтыг Худалдан авалт борлуулалтын албаны үнийн комиссоор оруулах зарчмаар бараа материалын худалдан авалтыг хийдэг. Энэ бол яг үнэнийг хэлэхэд ажил явуулахад багагүй хүндрэл учруулж хугацаа их алдуулдаг, манай аж ахуй нэгжүүд худалдан авалт хийхдээ баримт бичгээ зөв бүрдүүлдэггүй маш хайнга ханддаг. Бусад бүх материалыг Худалдан авалт борлуулалтын албаар дамждаг учраас чанар дээр ноцтой асуудал гарах нь харьцангуй гайгүй байна. Хэрэв чанарын шаардлага хангахгүй материал ирвэл хүлээж авахгүй шууд буцаах зарчмыг баримталдаг. Тендерийн нэг сул тал нь материалын нэр төрөл, сонголт дээр харагддаг. Жишээ нь, хаалга гэхэд нэг төрөл, өнгөөр ирдэг. Шал гэхэд ганц өнгийнх байна. Гэтэл захиалагчид маань өрөө болгонд шал нь өөр өнгөтэй, эсвэл даргын өрөөний хаалга давхар арай өөрөөр хийлгэнэ гэх зэргээр хүсэлт тавьдаг. Тэр тал дээр бидэнд боломж нь байдаггүй. Эргээд захиалагчдын эрэлт хүсэлтэд нийцсэн өнгө загвар, дизайнтайгаар гүйцэтгээгүй гэдэг утгаараа манай гүйцэтгэлд захиалагч сэтгэл дундуур үлдэх тохиолдол ажиглагддаг. Ер нь, урд жилд нь зураг төсөв 100 хувь бүрэн хийгдсэн байж түүний дагуу нэг бүрчлэн судалж өнгө, төрлөөр нь тодорхой тоо ширхгээр захиалга гаргаж өгөх боломжтой.
-Энэ онд хийх их барилгын томоохон ажлуудаас танилцуулж болох уу?
-Төлөвлөсөн томоохон ажил гэвэл Дарханд хүүхдийн төмөр замын сургалтын полигон барих ажлыг богино хугацаанд яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа. Мөн хойд чиглэлд Улаанбаатар-Дарханы авто замын засвартай холбогдуулаад хоёр гармын барилга барихаар болсон. Мөн ил дулааны шугамыг буулган уртасгаж барилгын ажил, Бэлэндалайн 24 айлын орон сууцны гаднах тохижилт, Дархан өртөөний автобусны гарааж барих, Зүүнхараад зорчигчийн тавцан сунгах, өртөөний барилгыг хэрэглээний халуун ус, бохир усны шугамтай болгох, Дархан-2 ППВ-ийн өргөтгөл барих ажил байна. Зорчигчийн вагон депогийн шахмал түлшний саравч барих ажил гээд маш их ажил бий. Мөн шинээр баригдах Номгон зөрлөгийн барилга, ажилчдын орон сууц барих гээд ажил байгаа.
-Миний санаж буйгаар өнгөрсөн онд Салхитын 40 айлын орон сууц, “Ган зам” цэцэрлэгийн шинэ барилга гээд их барилгын ажлууд яригдаж байсан. Та сая дурдсангүй?
-“Ган зам” цэцэрлэгийн барилгыг энэ жилийн төсөвт суулгаагүй байна. ТЭЗҮ боловсруулах шатандаа яваа байх. Салхитын 40 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн жил тендер зарлаад амжилтгүй болсон. Энэ жил дахиад тендер зарлаж байгаа. Захиалагч нь Салхит зангилаа, манайх байгаа.
-Манайд олон жил яригдсан нэг дутагдал  бий. Оны сүүлч рүү ажлаа шахаж бужигнадаг?
-Би Барилга орон сууцны албаны даргаар 2018 онд томилогдсон. Энд ирснээсээ хойш 100 гаруй айлын орон сууц барилга том, жижиг ахуйн барилгууд бариулсан байна. Энэ хугацаанд гарсан хүндрэл гэвэл оны эхэнд чөлөөтэй байж байгаад долдугаар сараас хойш маш их ажил овоордог. Богино хугацаанд маш их ажил хийхийн тулд хүн хүчийг татаж ажиллуулдаг. Энэ нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлэх талтай байна. Ер нь, оны өмнө зураг төсөв нь гараад оны сүүлийн хоёр сард багтаагаад бидний гар дээр тавьчихвал бид тендерт оруулах бүх материалаа бэлтгээд явуулчихна. Бүх бэлтгэл ажлаа дөрөвдүгээр сарын 15 хүртэл хийгээд барилгын ажлын сезон эхэлхэд шууд ажилдаа гарч байвал бидний ажлын бүтээмж, чанарт ч маш их нөлөөлнө. Сүүлийн жилүүдэд энэ чиглэл рүү шилжих гэж нэлээд ажлыг хийж байна. Бага багаар ахиц гарч л байна. Энэ чиглэлд Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэс маш их хичээж ажиллаж байгаа. Барилгын ажлын бэлтгэл хангах хугацааг гаргаад, цаг хугацаанд нь саадгүй эхэлдэг горимдоо орчихвол бидэнд хичээгээд хийхэд болохгүй юм байхгүй гэж бодож байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх