Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

Хүүхдийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авлаа

Дархан хотын 60 жилийн ойд зориулсан олон бүтээн байгуулалт өрнөж байна. Үүний нэг нь “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Хүүхдийн төмөр зам юм. 750 мм-ийн нарийн царигтай, 2.3 км-ийн урттай тус төмөр замд зориулж ОХУ-ын Камбарскийн заводод үйлдвэрлэсэн хөдлөх бүрэлдэхүүнийг өнгөрөгч долоо хоногт хүлээн авлаа. Үүнд ТЭУ маркийн 200 морины хүчин чадалтай зүтгүүр болон 34 хүний суудалтай зорчигчийн хоёр вагон багтаж байгаа юм. Хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авах үеэр төслийн удирдагч Ч.Мөнхбат “Хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалт энэ оны тавдугаар сарын 10-наас эхэлсэн. Энэхүү төмөр замд зориулан захиалгаар үйлдвэрлэсэн вагон есдүгээр сарын 15-нд нааш ачигдаад 27-нд Дархан хотноо ирлээ. Бид дээрх хөдлөх бүрэлдэхүүнийг деподоо буулгалаа. Депогийн бүтээн байгуулалт одоогоор 88 хувь, өртөөний барилгын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй, өрнөж байна. Бид энэ төмөр замын нээлтийг Дархан хотын 60 жилийн ойн өдөр буюу 17-нд хийхээр ажилтнууд маань өндөр ачаалалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа” хэмээн ярилаа. Тус төмөр замын өртөөг “Бурхант” хэмээн нэрлэсэн бөгөөд “Бумбардай”, “Сараана”, “Сүмбэн” гэсэн гурван зогсоолтой байх юм. Одоогоор эрчим хүч, холбооны ажил бүрэн дуусаж, эцсийн туршилт, шалгалтыг хийж буй юм.
Дашрамд дурдахад, “Хүүхдийн төмөр зам” анх 1955 онд ОХУ-д үндэс сууриа тавьж, одоо Москва, Санкт-Петербург, Новосибирск, Красноярск, Иркутск зэрэг олон хотод паркийн хэлбэрээр хөгжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх