Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-02

Хүүхэд насны “галт тэрэг”-ний зорчигч

-Эх үрсийн баяр дөхөх тусам хүүхдийн шуугиантай цэцэрлэгээ их үгүйлэх юм. Хааяа цэцэрлэгээрээ орохоор хүүхдийн үнэр сэнхийх шиг санагддаг. Өдийд энгийн үесэн бол зуны амралт эхлэх гээд бөөн бужигнаан байгаа. Тэгээд ч хүүхдүүд маань баяраа хоног тоолон хүлээж, хөөрцөглөөд л цэцэрлэг тэр чигээрээ догдлолтой байдаг үе шүү дээ. Ер нь, эх үрсийн баяр бол хамгийн сайхан баяр. Би өнөө хэр нь зургадугаар сарын 01 болохоор л бага насны дурсамж сэргээд, хүүхэд шиг догдолдог зантай. Бидний багад хүүхдийн парк явах өдрийг хуруу даран тоолж хүлээнэ шүү дээ. Хамгийн гоё хувцсаа өмсөөд л гэр бүлээрээ нэг өдрийг хамтдаа тоглож, цэнгэж өнгөрөөнө. Манай дүү А.Баяржаргал гэж бий. Танайд хэвлэгчээр ажиллаж байснаар нь сайн таних байх. Бид хүүхдийн баяраар Баяраагаа дагуулаад л явна. Тоглоомондоо улайраад, хөөрч баярлаж явтал гэнэт л “Хүүе, энэ Баяраагаа аваач ээ. Нус нь гоожчихож л” гэнэ. “Хөөе тэр, Баярааг сайн харж байхад яадаг юм бэ” л гэнэ. Хоёр эмэгтэй дүүгээ л загнана. Одоо Соёлын ордонд ажиллаж байгаа дүү маань “Саяхан л нусыг нь арчиж өгсөн шүү дээ. Ямар нусгай юм бэ” гээд л түвэгшөөдөг сөн(инээв). Одоо ч бид цуглахаараа Баярааг ярьж инээлддэг. “Чамтай бид мөн ч их хөөцөлдсөн дөө” гээд л...Хүн бүр л хүүхэд насаа дурсах дуртай. Харин би насан туршдаа олон хүүхэдтэй ажиллах хувьтай төрсөн хүн. Хүүхэд хамгийн гэгээн цагаан цэвэр ариухан амьтан шүү дээ. Тийм ч болохоор миний амьдрал өдий зэрэгтэй сайхан яваа гэж боддог” хэмээн хөргийн минь эзэн яриагаа эхэлсэн юм. Түүнийг Улсын тэргүүний “Ирээдүй” цэцэрлэгийн туслах багш Амаржаргалын Бямбасүрэн гэдэг. Түүний ээж Нацагням Дорноговь аймгийн уугуул. Хүүхдүүдээ бага байхад нь хотод шилжин ирж суурьшжээ. Өнөөгийн “Ган зам пресс” төв буюу Хэвлэх үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, гавьяаны амралтад гартлаа ажилласан манай хүндтэй ахмад билээ. А.Бямбасүрэн гэрээс долуул. Хоёр ах, дөрвөн дүүтэй. Тухайн үеийн л хүмүүсийн ажил амьдралын жишгээр ээж нь эрхэлсэн ажлынхаа төлөө бүхий л сэтгэл зүтгэлээ зориулан хөдөлмөрлөж, хүүхдүүд нь харин том нь багыгаа өсгөж хүмүүжүүлжээ. “Миний ижий долоон хүүхдийнхээ төлөө ёстой бүхнээ зориулсан даа. Хөдөөнөөс хотод суурьшихаар ирж, гэр хороололд амьдарч байсан бид Хэвлэх үйлдвэрийн буянаар орон сууцанд орж байлаа. Анх манай ээж ажлын газраасаа байр авах үед би гуравдугаар ангид байсэн. Гэхдээ л тэр өдрийн дурсамж сэтгэлд минь маш тод санагддаг. Ганданд байсан гэрээ төмөр зам руу нүүлгээд л шинэ байранд орж байлаа. Хоёр талдаа айлтай, голын жижиг ганц өрөө байранд ороход хүүхэд бидэнд маш гоё санагдаж байсан сан. Ээж маань ёстой л магнай тэнийтэл баярласан. “Ээ дээ. Хүүхдүүд минь та нар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах ёстой шүү. Төмөр зам бол тос даасан буянтай байгууллага. Та нарыг хүний зэрэгт хүргэсэн Хэвлэх үйлдвэрийн хоёр давхар шар байшинд үргэлж сүсэглэж явах ёстой. Хүн гомдоож болохгүй” гэж бидэнд захиад л... Ер нь, ижий минь энэ үгээ одоо хэр нь бидэнд чандлан захидаг” хэмээн ярилаа. Ээж нь ийнхүү чандлан захидаг болохоор ч тэрүү А.Бямбасүрэн багшийн ах дүү нар бүгд төмөр замчин болцгоожээ.
Эцэг эхчүүд түүнийг “Бямбаа багш” гэж дотносно. Анги даасан багшид нь хэлж зүрхлээгүй үгээ ихэвчлэн туслах багшаар нь л дамжуулж дайна. Олон хүүхдийн дунд янз бүрийн хүмүүжилтэй хүүхэд байх. Зарим нь бүрэг ичимхий, зарим нь эрх танхи гээд аливаа зүйлийн учир шалтгааныг бүрэн гүйцэд ойлгоогүй бяцхан жаалуудад цэцэрлэгийн хүмүүжил олгохын тулд тухайн хүүхдийн төрөлхийн онцлогийг нь нарийн мэдэж, эцэг эхийнх нь хүүхэдтэйгээ харилцах арга барилыг ч судлах шаардлага багш нарт нэн тэргүүнд тулгардаг. Энэ бүгдэд цэцэрлэгийн багшийн “баруун гар” болдог чухал үүрэгтэй хүн бол яах аргагүй туслах багш нар. Эзэмшсэн мэргэжлийнхээ тухайд А.Бямбасүрэн багш “Анх хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа эцэг эхчүүд их хөөрхөн л дөө. Яг л хүүхэд шиг. Эхний хэдэн өдөртөө л цэцэрлэгийн ангийн үүдээр эргэлдэнэ. Шууд ангийн багшид нь бодсоноо хэлж зүрхлэхгүй, хулгаад л яваад байна. Тэгснээ намайг сэмээрхэн дуудаад “Багшаа манай хүүхдэд чихэр өгөхөөр уйлахаа больчихдог юм аа. Та өгчихөөч, тэгэх үү” гээд нууцаар чихэр өгнө шүү дээ. Нээрэн ч хүүхдийнх нь аманд нэг чихэр хийчихээр уйлахаа больчихно. Тэгсхийгээд л бусад хүүхдийн адилаар цэцэрлэгтээ дасаж эхэлдэг дээ” гэлээ.
“Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжмаа “Манай Бямбаа багш ажилдаа маш сайн. Ер нь, өмнөө барьдаг туслах багш нарын маань нэг. Хамгийн гол нь эцэг эхчүүд Бямбаа багшид сайн байдаг юм” хэмээн түүнийг товч дүгнэсэн юм. Бямбаа багш 1991 оноос ажил, мэргэжлийнхээ гарааг эхэлжээ. “Хийж байгаа ажлаасаа аз жаргал мэдэрч, эвсэг хамт олныхоо хайранд багтаад ирэхээр хүн ажил руугаа улам яарч, ажил мэргэжилдээ улам л дурлаад байдаг юм байна. Манай Янжмаа эрхлэгч үнэхээр мундаг хүн. Дандаа шинийг эрэлхийлнэ. Ажилтнуудынхаа хэрхэн ажиллаж байгаад үргэлж биечлэн хяналт тавина. 
Амьдрал ахуй нь ямар байгааг маш сайн мэднэ. Удирдагч хүн өөрөө ийм сэтгэл, зүтгэлтэй ажиллахаар хамт олон нь үлгэрлэн дагаж, байгууллагын амжилт ч үргэлж өөдрөг байдаг юм байна гэж би өөрийнхөө жишээнээс боддог. Би Ш.Болормаа багштайгаа олон жил гар нийлэн ажиллаж байна. Хамт олны минь, ажил мэргэжлийн минь буян заяа хэмжээлшгүй их. “Би Улсын тэргүүний цэцэрлэгт багшилдаг” гээд бусдад ярихад хүртэл бахархал шүү дээ. Хүүхдүүдтэйгээ, хамт олонтойгоо бужигнах сайхан цаг удахгүй ирнэ дээ л гээд тэсч ядан хүлээж байна” гэлээ.
Хүүхэдтэй ажилласан хүн хүүхэд шигээ сэтгэлтэй гэж ярьдаг, Үнэн бололтой. Нэг үг хэлээд л инээх. Өөрийнх нь хэлснээр Бямбасүрэн багш хүүхэд насныхаа галт тэргэнд суусан зорчигч юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.

Сэтгэгдэл үлдээх