Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-23

Н.Тэнгэс: Замын-Үүд боомтын ачаалал аль аль талаасаа өсөлттэй байна

-Манай өртөөний үйл ажиллагаа өнөөдрийн (16-ны) байдлаар хэвийн явагдаж байна. Ковид-19 вирусийн тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор авто тээврийн боомтод саатал үүсэж, зарим хүндрэлүүд гарсан тал бий. Манай өртөөний ажлын үзүүлэлтийн хувьд 21 мянга 759 тонн ачаа ачиж 110; 1903 вагон буулгаж 101; статик даацыг 60 тоннд хүргэж 107 хувийн биелэлттэйгээр ажиллаж байна. Хамгийн чухал үзүүлэлт болох вагон явуулалтыг эхний улирлаар 127 мянга 303 вагонд хүргэж, төлөвлөгөөний биелэлт 126 хувьтайгаар ажиллаж байна. Чанарын үзүүлэлтийн тухайд сул зогсолтын төлөвлөгөөг биелүүлсэн. Нэг үзүүлэлт тасарсан нь дахин ажиллагаатай транзит галт тэрэгний сул зогсолт. Төлөвлөгөөг 13 цагаар өгсөн ч 26 хувийн биелэлттэй гараад байгаа юм. Шалтгаан нь, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боомтын үйл ажиллагааны хурд саарсан. Улмаар ачааны гарц буурч, хойноос ирсэн ачааны бөөгнөрөл үүссэн. Оны эхний гурван сарын байдлаар тэгш талдаа 800 вагон ачааны хуримтлалтай ажилласан. Бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн Замын-Үүд боомтын үйл ажиллагааг өөр түвшинд гаргаж ажилласан. Юун түрүүнд хил гаалийн ажилтнуудтай аль болох бага хавьтал үүсгэх зорилгоор тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Тухайлбал, Замын-Үүд, Эрээн өртөө хооронд агент солилцохгүйгээр ажиллах зохион байгуулалтыг дөрөв дэх сардаа амжилттай хэрэгжүүлж байна. Мөн машинчийн бүхээгийг лацдаж явуулснаар хил гаалийн ажилтнууд болон Хятадын талын бусад хүмүүстэй хавьтал үүсгэх нөхцлийг бүрэн хязгаарласан. Ингэснээр корона вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Хятадын талын бусад харилцаа саатсан үед төмөр замын үйл ажиллагаа саатаагүй. Тэгэхээр бидний энэхүү зохион байгуулалт цагаа олсон ажил болжээ гэж дүгнэж байгаа.
-Эрээн өртөөтэй цахим бичиг баримт солилцох ажил жигдрээгүйгээс тээврийн ажил удааширдаг гэлцдэг. Цар тахлын онцгой нөхцөлд энэ асуудал хөндөгдөж байна уу?
-Одоогоор цахим бичиг баримтад бүрэн шилжээгүй л байна. Гэхдээ Эрээн өртөөтэй биечлэн гарын үсэг зурдаг үйл ажиллагааг хоёр өртөөний ажилтнуудыг итгэлцлийн хүрээнд галт тэргээ хүлээлцэж байгаа гэж ойлгож болно. Ер нь, хоёрдугаар сарын сүүлчээс галт тэрэг солилцоо хэвийн болсон. Бид Эрээн өртөөнд хоног алгасахгүй 15 галт тэргийг хүлээлгэн өгч байна. Ингэснээр нэгдүгээр сарын эхээр алдсан галт тэрэгний солилцоог нөхөх боломжтой болсон. Гуравдугаар сарын 14-ний байдлаар нарийн царигаар 11 удаа 15 галт тэрэг, өргөн царигаар найман удаа 15 галт тэрэг хүлээлгээд өгчихвөл бид хилийн хэлэлцээрт заасан галт тэрэгний хэмжээнд хүрч, цаашид тээврийн үзүүлэлт өссөн дүнтэйгээр үргэлжлэх боломж бүрдэнэ.
-Тэгш чиглэлээс очсон ачааны бөөгнөрөл үүсэж буйг та дээр дурдлаа. Цаашид цаг үеийн байдалтай холбогдуулан Замын-Үүд боомтод гарч болзошгүй хүндрэл юу байна вэ?
-Авто тээврийн боомт тодорхой хэмжээгээр саатсантай холбоотойгоор төмөр замын боомтын ачаалал нэмэгдэж эхэлсэн. Замын-Үүд өртөөний ажлын ачаалал одоогоор хамгийн дээд цэгтээ тулсан байдалтай байна. Дээр дурдсан тэгш чиглэлийн ачааны хуримтлалаас гадна сондгой чиглэлээс ирж байгаа чингэлгийн хуримтлал их хэмжээгээр үүссэн. Өнөөдрийн (Баасан гараг) байдлаар 1500 гаруй чингэлэг манай өртөөнд ачилтаа хүлээж байна. Хуримтлал үүссэн шалтгаан нь ОХУ руу аялах транзит чингэлэг өөрийнхөө хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээж буйтай холбоотой. Тэгэхээр Евразийн эдийн засгийн харилцаа эрчимжиж буйтай холбоотой Замын-Үүд боомтын транзит чингэлгийн хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Бид өнгөрсөн оны мөн үед нарийн царигаар хоногт 1-2 чингэлгийн галт тэрэг солилцдог байсан бол одоо 5-6, заримдаа долоо хүртэлх галт тэрэг солилцож байна. Энэ нь, Эрээн өртөөнд ч бас хүндрэл үүсгэж байгаа нь бидэнд мэдрэгдэж байгаа. Тиймээс цаашид нарийн, өргөн царигийн хилийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлийн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Замын удирдлагад танилцуулсан. Бэлтгэл ажлуудыг ч эхнээс нь хэрэгжүүлж байна. Ер нь, боомтуудын үйл ажиллагаа хаагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын гол экспорт хийх гарц нь Замын-Үүдийн төмөр замын боомт болж байгаа. Энэ ч утгаараа экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх хэрэгцээ үүссэн. Тиймээс бид транзит тээврийг тодорхой хэмжээнд бариад, экспортын тээврийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хийгээд явж байна. Товчхондоо, Монголын талаас экспортын тээврээ, Хятадын талаас транзит тээврээ нэмэгдүүлэх хоёр улсын сонирхол Замын-Үүд боомт дээр төвлөрч байна. Тиймээс бид шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг цаг тухай бүрт нь хэрэгжүүлээд явж байна.
-Замын-Үүд өртөөний ажилтнуудын хувьд хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа. Төмөр замчдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Цар тахлын онцгой дэглэмийн энэ үед Улаанбаатараас ирж байгаа авто тээврийн жолооч нар халдвар тараах өндөр эрсдэлтэй байна. Боомтын захиргаа хотоос ирсэн жолооч нарыг орон нутгийн иргэдтэй хавьталд оруулахгүй байх арга хэмжээг авч байна. Манай зангилааны хувьд ажилтнуудаа “гэр-ажил” гэсэн маршрутаар ажиллах чиглэл өгсөн. Манай төмөр замчид ийм дэглэмээр нэг жил, хоёр сар гаруй хугацаанд ажиллахдаа хорио цээрийг дэглэмийг маш сайн мөрдөж хэвшсэн. Тийм ч учраас 2020 оны арванхоёрдугаар сараас хойш төмөр замчдын дунд коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Замын-Үүд-Эрээн хороонд зөөврөөр ажилладаг 37 машинч, арын албаны 13 хүнийг “Жинчин” зочид буудалд тусгаарлан үүрэг гүйцэтгүүлж байна. Эцэст нь, нийт төмөр замчдадаа өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалъя. Нөхцөл байдал маш хүнд, өндөр эрсдэлд хүрсэн учраас төмөр замчин бүр өөрийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Замын-Үүд зангилааны хэмжээнд нийт ажилтны 30 хувь нь орон нутгийнхаа вакцинжуулалтад хамрагдаад байна. Ирэх долоо хоногоос(энэ) нийт ажилтнаа хамруулах асуудлыг орон нутгийн удирдлагатай ярьж байна. 

Сэтгэгдэл үлдээх