Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

Шаргал намартай айлссан Шатан зөрлөгийн замчид

Ийм л нүд алдам байгалийн сайхныг биширч замын түгэчээ, шавар усыг ч үл анзааран дахисаар нэг л мэдэхэд зорьсон газартаа хүрэв. Замын аж ахуйн албаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан өөрийн харьяаны аж ахуйн нэгжүүддээ бүтээлч ажлын дэвтэр аялуулж буй. Тус дэвтэр Замын I ангиар аялж дууссан учир Замын II ангийн дарга Д.Алтангэрэл тэргүүтэй таван хүн тэрхүү дэвтрийг хүлээн авахаар өглөө эртлэн Улаанбаатар хотоос гарсан нь энэ. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан аливаа баяр ёслолын шинж чанартай арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байгаа тул ийнхүү бүтээлч ажлын дэвтрийг замчдынхаа ажлын талбарт хүлээн авч буйг зам зуур дуулгасан юм.

Бид машинаа голын цаана тавьж, явган хүний дүүжин гүүрээр гаран замчдын ажлын талбар руу алхлаа. Замчид хэсгээсээ холгүйхэн, замын тахир тойруу дээр ажиллаж байв. Тэдний шар хантааз, ажлын хувцас зэргийн өнгө нь алтан намрын нэгээхэн хэсэг шиг зохицолдон харагдах аж. Замчид энэ өдөр дэр модонд дахин хадалт хийж, цариг тохируулах ажил гүйцэтгэж байв. Энэ төрлийн ажлыг тухайн өдөр 290 дүгээр км-ээс гадна Замын II ангийн хэмжээнд 435, 355, 467, 487 дугаар км гэсэн таван газарт зэрэг хийж байгаа аж. “Бүтээлч ажлын дэвтэр” хүргэж ирэх Замын I ангийн төлөөлөгчдийг хүлээх зуур ажлын талбартаа үүрэг гүйцэтгэж байгаа замчдын аж амьдралыг сонирхлоо. 
Замын II ангийн хамт олон 2021 онд урсгал засварын томоохон ажлуудаас гадна их засвар, их барилгын чиглэлээр багагүй бүтээн байгуулалтыг өрнүүлсэн билээ. Тухайлбал, Агуйт зөрлөгийн зам сунгалтын ажлыг бүрэн дуусгаж, Баян зөрлөгийн түлшний үйлдвэрийн замыг мөн гүйцээжээ. Одоо Ногоонтолгойн ажил ид өрнөж, дээрээс нь Шатан зөрлөгийн зам сунгалтаас ул шорооны ажил нь эхлээд байгаа юм. Үндсэндээ замын техникийн байдлыг сайжруулах чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлуудаас материал хүлээгдээгүй нь бүрэн дуусгаад байгаа юм. Тус ангийн нэгдүгээр хэсгийн хэмжээнд замчин, бригадын дарга, тор засагч гээд нийт 152 төмөр замчин ажилладаг юм байна. Сүүлийн үед тус хэсгийн замчид төдийгүй мастер, бригадын дарга нар хүртэл шинэ залуу боловсон хүчнээр солигдож байгааг Замын II ангийн I хэсэглэлийн инженер Г.Алтанбаатар онцоллоо. Мөн тэрбээр “Манай хэсэглэлийн хэмжээнд Ногоонтолгой, Шатан зөрлөгийн өргөтгөлийн ажлууд гээд бүтээн байгуулалтын чанартай ихээхэн ажил өрнөлөө. Тасгуудад урсгал засварын ажлыг гүйцэтгэхээс гадна их засвар, торон хашааны засвар гээд төлөвлөгөөт ажлуудыг хийж байна. Өнөөдөр (энэ сарын 14-нд) Шатан зөрлөгийн нэгдүгээр хэсгийн бага радиустай тахирын цариг тохируулах ажлыг гүйцэтгэж байна” хэмээн ярилаа.

Сайхан амьдрах боломж хаана ч бий
Энэ хэсэгт ихэвчлэн тухайн орон нутгийн харьяат болон удам дамжсан төмөр замчид илүү тогтвор суурьшилтай ажилладагыг ажил удирдагч нар нь онцолсон. Тэдний нэг Мухамед Нуркали. Тэрбээр, “2018 оны долдугаар сарын 1-нд би замчин болсон. Одоо дөрөвдэх жилдээ ажиллаж байна. Миний бага насны дурсамж бүхэн энд үлдсэн болохоор аавынхаа мэргэжлийг өвлөж, төрж, өссөн газартаа ажиллаж амьдарч байгаа нь сайхан байдаг. Эгч маань галт тэрэгний үйлчлэгч, дүү 73 дугаар сургуульд сурдаг гээд бид бүгд л төмөр замтайгаа холбоотой. Энэ нь манай гэр бүлийн хамгийн том бахархал юм даа” гэв.
Харин түүний аав Казгин Мухамед I хэсгийн I тасгийн бригадын даргаар ажиллаж байна. Тэрбээр таван замчныхаа хамтаар 8 км замыг хариуцан ажилладаг бөгөөд 1997 онд анх энэ хэсгээс ажил мэргэжлийн гараагаа эхлүүлж 13 жил замчин, 11 жилд нь бригадын дарга гээд 24 дэх жилдээ төмөр замын салбарт сэтгэл зүтгэлээ зориулж яваа нэгэн. Тэр одоо замчдаасаа хамгийн ахмад нь болжээ. Хоёр жилийн дараа гавьяаны амралтдаа суух хугацаа нь болох ч “Би яг одоогоор төмөр замын салбараасаа өндөр насны эгнээнд шилжих тухай бодож амжаагүй л явна. “60 нас хүртлээ ажилла” гэвэл ажиллана. “Гавьяаны амралтаа ав” гэвэл авна даа. Цааргалах зүйлгүй” гэв. Мөн “Төрсөн нутагтаа ажиллаж байгаа хүмүүс илүү тогтвор суурьшилтай байдаг юм шиг санагддаг. Яг нэг газартаа олон жил ажиллахаар хэдийд, хаана ямар хэвгий, овойлт, хотойлт үүсэхийг түвэггүй мэддэг болчихдог. Тэгэхээр ер нь нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах нь чухал байгаа юм. Жишээ нь, би эндээс өөр газар руу шилжвэл тухайн газрынхаа занг нь мэдэхгүй учраас дадах гэж нэлээд хэдэн жилийг зарцуулах шаардлага гарна. Өөр газар ажилладаг замчид ч ялгаагүй ийм л байдаг болов уу” хэмээн хүүрнэж сууна. Мөн тэрбээр “Шинэ замчдыг би дагалдуулахдаа аль болох ярьж ажиллахыг хичээдэг. Тухайн хүнд сургуулиас олж авсан онолын мэдлэг нь байгаа учраас яг ямар ажил гүйцэтгэж байгаа, ямар үед нь яах ёстой гэдгийг нэг бүрчлэн хэлээд байвал маш сайн сурдаг. Түүнээс биш зүгээр л үүрэг даалгавар өгөөд ч юм уу, чимээгүй дагуулаад яваад байвал юу ч сурахгүй. Онол, дадлагыг хослуулж байж тухайн хүн ажил мэргэжлийнхээ талбарт хөлөө олдог шүү дээ. Одоо цагт шинээр ажилд орох гэж байгаа залуус хамгийн түрүүнд “Интернет сүлжээтэй юу?” гэж асуудаг. Гэвч манай алслагдсан хэсэг, тасгуудад интернет сүлжээ байдаггүй. Энэ байдал нь шинэ хүн ирж ажиллах сонирхолгүй байх, ирсэн хүн уйдах шалгаан болдог шиг санагддаг. Манай хэсэгт найман айлын байр байгаа ч дөрөвт нь л замчид амьдарч байна. Би эндээ хэдэн зөгийтэй, бас цөөн тооны үнээтэй. Хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг. Яг тогтвор суурьшилтай ажиллая гэж бодвол сайхан амьдрах боломж бололцоо бас бий шүү дээ. Харамсалтай нь шинээр ирсэн замчин залуус маань ажил хийж байхдаа уулын толгой ширтээд нэг л дасахгүй байгаа аятай. Ер нь, “хоноцын” сэтгэхүйтэй байгаад жаахан эмзэглэдэг” хэмээн залуу үеийн төмөр замчдын талаарх бодлоо ч хуваалцаад амжсан юм.

Шатан зөрлөгийн орчимд зундаа шавар ус, өвөлдөө цас ихтэй байдаг учраас энэ хэсэглэлд авто машинаар зорчиход амаргүй. Дээрээс нь цар тахлын хорио цээртэй холбоотойгоор урагш, хойш зорчих хөдөлгөөнийг орон нутгийн хэмжээнд хаасан. Зорчигчийн галт тэрэг явахгүй болсон зэрэг нь тухайн хэсгийн замчид ахуйн хэрэглээний бараагаа татан авахад томоохон хүндрэл учруулжээ. Энэ тухайд тэд “Нэг хэсэг ч эзгүй арал дээр байгаа мэт л амьдарсан шүү. Одоо ч нэг үеэ бодвол нааш цааш зорчих хөдөлгөөн харьцангуй чөлөөтэй. Мөн саяхнаас зорчигчийн галт тэрэг явж эхэлсэн учраас дээрх бэрхшээл шийдэгдсэн” хэмээн ярьсан юм. 

Дэр модны аж ахуй замчдын сэтгэлийг зовоож байна
Биднийг очих үеэр Тээврийн хяналтын албаны Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав хэсэглэл хариуцсан инженер, хэсгийн мастеруудтай хамтран урсгал засварын ажлын гүйцэтгэл, суурь бүтцийн техникийн байдалд хяналтын үзлэг хийж байхтай таарлаа. Тэрбээр “Энэ хэсгийн замын онцлог нь тахир тойруу их, үзэгдэх орчин муу, гол дагасан учраас замд овойлт, хотойлт үүсдэг гээд хүнд нөхцөлтэй. Монголын тосон идээлэгтэй модон дэр 10-12 жилийн насжилттай байдаг. Гэвч нэгдүгээр хэсгийн зам 2009 онд их засварт орсноос хойш 12 жил хэдийнэ болчихсон. Дэр модны аж ахуй нь тодорхой түвшинд муудсан байна. Ялангуяа, КД бэхэлгээтэй замд дахин хадалтын ажлыг маш их хийж байна. Р50 зам төмөртэй, модон дэртэй замын суурь бүтцийн их засвар хоорондын хугацаа 18 жил байдаг. Ингээд бодохоор 12 жил нь хэдийнэ өнгөрчихөөд байгаа учраас энэ хэсэглэлд өргөлтийн болон дунд засварыг төлөвлөж хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Гэвч дээрх төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаанд нь хийхгүй байгаа учраас дэр модонд дахин хадалтыг удаа дараа хийж байна. Энэ бол дэр модны аж ахуй ноцтой түвшинд хүртлээ муудсаны илрэл. Мөн үүнээс гадна миний хийсэн шалгалтын явцад КД болон АРС бэхэлгээтэй дэрүүдэд резин жийргүүдийг нэлээд их хэмжээгээр давхарлаж хийсэн зөрчил ажиглагдлаа. 25 болон түүнээс дээш зузаантай жийрэг тавихыг хориглодог заалттай учраас энэ зөрчлийг засах үүргийг хэсгийн мастер, ахлах мастерууд болон ажил удирдаж байгаа хүмүүст нь өглөө” гэв. 

Мөн дээрх сэдвийн хүрээнд Замын II ангийн дарга Д.Алтангэрэл “УБТЗ-ын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт жилээс жилд нэмэгдэж, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний тоо ч олон болсон. Жилдээ л сая гаруй тонноор ачаа өсөж байгааг дагаад суурь бүтцэд очих ачаалал нэмэгдэж, замын эвдрэл гэмтлийн тоо ихэсэж байна. Нөгөөтэйгүүр хоёр галт тэрэгний хоорондын хугацаа богиноссон учраас гарсан гэмтлийг засаж амжихгүйд хүрч байна. Замын бригадаа яг хуучин бүрэлдэхүүнтэйгээр нь, хуучин техник хэрэгсэлтэйгээр нь ажиллуулаад ийм богино хугацаанд урсгал засварыг 100 хувь бүрэн дуусна гэдэг үнэхээр амаргүй болсон. Ер нь, өргөн бүрэлдэхүүн, техникийн дэвшилтэт аргаар богино хугацаанд замаа засварладаг болох зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байгаа юм. Урсгал засвараар солих дэр, дүнзний хангалт муу байгаа нь суурь бүтцэд хийх засварыг чанаргүй болгож байна. Жишээ нь, дахин хадалт хийсний дараа дэр мод сайн бол нэг жилээ даадаг. Гэтэл муудсан дэр мод 8-9 жил болоод л ахин хадах болдог. Засварын давтамж ойрхон болж байна гэсэн үг” хэмээн учирласан юм.

Бэрхшээлийг ажрахгүй хөдөлмөрлөх төмөр замчдын зүтгэл
Биднийг ийн ярилцаж байхуйд Замын I ангийн төлөөлөл хүрэлцэн ирэв. Тэд Замын аж ахуйн албаны нэрэмжит бүтээлч ажлын дэвтэрт 60-70 жил буюу сүүлийн арван жилийн хугацаанд Замын I ангийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээлч ажлууд, Замын аж ахуйн албаны 70 жилийн ойг угтаж хийсэн ажлууд, Дэвтэр аялах 14 хоногийн хугацаанд хийсэн бүтээлч ажил гэсэн гурван бүлгээр тэмдэглэл хийжээ. Үүн дотроо ХАБЭА, ГТХАБ, Нийгмийн чиглэл гэсэн үндсэн чиглэлийн ажлыг тусгасныг онцлов. Энэ үеэр Замын I ангийн орлогч дарга Б.Нанзаддорж “Есдүгээр сарын 3-нд Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрээс манай ангид албаны нэрэмжит бүтээлч ажлын дэвтэр ирсэн. Бид үүний дагуу удирдамж гаргаж, төлөвлөгөө батлаад ажлаа эхлүүлсэн. Дэвтэр аялах 14 хоногийн хугацаанд Түнх өртөөний IV замын зам төмрийг тууш солих, хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалтууд, тохижилтууд гээд чамгүй ажлуудыг амжуулж, тэмдэглэн үлдээлээ” гээд Замын II ангийнханд амжилт хүсэн хүлээлгэж өглөө.
Замын II ангийнхны хувьд энэ онд үер уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд их засвараар 15 км шуудууг шинээр сэргээх ажлыг Мааньт, Агуйт, Наран-Элгэн, Ногоонтолгой-Мандал хоорондын зам дагуу хийсэн. Түүнээс гадна 291, 287, 302 дугаар км-т урсгал засвараар уулын шуудуу, нурмаг орж ирж байгаа газруудын шуудууг сэргээх ажлыг зохион байгуулсан.Толгойт өртөөнд үүссэн ачааны хуримтлалыг бууруулах зорилгоор гурван шинэ зам барьж хүлээлгэн өгсөн. Түүнчлэн, аюултай бүсийн дэглэмийг сахиулах чиглэлээр Толгойт-Улаанбаатар-Амгалан хоорондын замын 150 метр газарт хоёр метр өндөртэй тор тавьсан. 55 метр газарт төмөр хашаа хийсэн зэргээр “Бүтээлч ажлын дэвтэрт бичих” олон амжилтыг бататгажээ. Мөн тухайн ангид дэвтэр аялах 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ч багагүй ажлууд байгаа гэдгийг ангийн дарга нь тэмдэглэсэн юм. 

Ийнхүү нэгэн өдрийн цомхон үйл явдал өндөрлөж, бид аяны жолоо эргүүлсэн юм. Хөдөө талын эгэлхэн замчид ч өмнөх ажилдаа шамдан оров. Улс орны хэмжээнд цар тахлын аюул нүүрлэж, салбар бүрт ажил үүргээ хэвийн явуулахад бэрхшээлтэй цаг үетэй тулгарч байгаа ч төмөр замчид ийнхүү амсхийх завгүй ажиллаж, амжилт бүтээлийг тунхагласаар байна. 

Сэтгэгдэл үлдээх