Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-14

УБТЗ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв

Монгол-Оросын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болсон УБТЗ жил бүрийн “Мод тарих өдөр”-ийг Агуу эх орны дайны “Ялалтын баяр”, хоёр орны “Найрамдлын сар”-тай давхцуулан “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэндээ мод тарьдаг уламжлал тогтсон билээ. Энэ удаад ч уламжлал ёсоор мод тарьж, эх орон, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх, хамгаалах үйлсэд гар бие оролцов. Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд болсон уг арга хэмжээнд Замын захиргааныхан, Монгол, Орос мэргэжилтнүүд оролцсон юм. Онцлог нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж буйтай давхцаж, төмөр замчид ч энэхүү үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм. Арга хэмжээний үеэр УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар “Замын дарга Д.Жигжиднямаа агсны санаачилгаар Улаанбаатар хотын захиргаа, Баянгол дүүрэгтэй хамтран Төв буудлынхаа арын хоёр цэцэрлэгт хүрээлэнг хотдоо өнгө нэмсэн ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байдаг. Баруун талынхаа цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн гурван жил мод тарьсан. Энэ жилээс зүүн талынх нь цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж эхэллээ. Одоогийн байдлаар, бид 5800 орчим мод тариад байна. Өнөөдрийн арга хэмжээ бол зөвхөн эхлэл. Цаашид жил бүрийн “Мод тарих өдөр”-ийг  тохиолдуулан УБТЗ-ын аж ахуйн нэгж бүр мод тарьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрээ оруулан нэгдэх болно” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, орон даяар байгууллага, иргэд дэмжин нэгдэж байна. Тэдгээр байгууллагын нэг нь УБТЗ бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт Эрчим хүч ус хангамжийн төв, Судалгаа шинжилгээ технологийн төв, Зорчигчийн вагон депо, Толгойт өртөө зэрэг байгууллагын 60 гаруй төмөр замчин нийслэлийн СХД-ийн Баруунсалааны Бумбатын аманд мод тарилаа. Энд УБТЗ-аас гадна “Тавантолгойн төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Дотоод аудитын газар, Улаанбаатар зам засвар, арчлалт хамгаалалтын газар зэрэг олон байгууллага мод тарьсан юм. Үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сард болсон НҮБ-ын хурлын индрээс “Монголчууд бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор тэрбум мод тарина” гэж мэдэгдсэн.Үүний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдан зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг тус тус гаргарж, энэхүү хөдөлгөөнийг орон даяар долоо хоногийн хугацаанд эхлүүллээ. Бидний хувьд СХД-ийн Бумбатын рашааны дэргэд 5200 мод тарихаар 60 байгууллага оролцож байна. Өнөөдөр нээлтийн сүүлчийн өдөр. Мод тарина гэдэг нь нэгдүгээр шатны ажил. Цаашид та бүхэн тарьсан модоо арчилж, хамгаалах нь чухал. Энэ талд анхаарч ажиллахыг хүсэж байна. Нэг жилд бид 100 сая мод тарина. Үрсэлгээний байгууллагуудыг бий болгож, усны аж ахуй болон механик техник хэрэгслийн аж ахуйгаа сэргээнэ. Үндэсний хэмжээний томоохон байгууллагууд маань эдгээр бүтээн байгуулалтад хамтран оролцох юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай”гэлээ. 
Мөн Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар “Өнөө өглөө /Бямба гараг/ төмөр замчид бид вокзалын арын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьчихаад ирлээ. Ер нь, төмөр замчид сүүлийн дөрвөн жил дараалан тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байна. Өмнө нь, ямар байсныг хүмүүс мэдэх байх. Одоо бол мод, буттай сайхан орчин бүрдэж байгаа. УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө тэр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-т удаа дараа тавьснаар 15 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулсан. Нийслэл хотод ногоон төгөл бий болж, хүүхэд залуус, ахмад буурлууд маань чөлөөт цагаа өнгөрөөдөг сайхан газар болоосой гэж хүсэж байна. Төмөр замын салбар бол мод хэрэглэгч байгууллага. Төмөр замын дэр модны 50 гаруй хувь нь мод хэвээрээ байгаа. Тиймээс бид олон мод тарьж байна. мөн 2030 он гэхэд модон дэрнээсээ сална гэж төлөвлөсөн. Дээр нь, говийн бүсэд усны хангамж хүндрэлтэй. Зарим өртөө, зөрлөгтөө бид усны галт тэргээр одоо ч ус зөөж байна. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон төмөр замын дагуух өртөө, зөрлөгүүддээ сайхан ногоон төгөл байгуулах зорилт маань биеллээ олж, цаашид уламжлал, хэвшил болж үлдээсэй. Энэ Бумбатын аманд ч олон мянган хүний хүч, сэтгэлээр бүтсэн сайхан төгөл удахгүй бий болох нь” гэв. Түүнчлэн, нээлтийн үеэр байгууллагуудын дарга нар үг хэлж, төрөл бүрийн мод, бутны суулгацаас худалдан авч, тарьж байлаа. 
“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ерөнхий инженер Д.Сумъяадорж “Манайх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг эзэмшиж, ашиглах зорилгоор байгуулагдсан төрийн өмчит байгууллага. Уг төмөр замыг говь цөлийн бүсэд барьснаараа онцлогтой. Элсний нүүдэл маш ихтэй байдаг. Энэ нь, бүтээн байгуулалтын явц төдийгүй цаашид галт тэрэг явуулж, ажил өрнөх үед ихээхэн хүндрэл учруулахаар байгаа. Тиймээс бид өнгөрөгч зургадугаар сараас эхлэн элсний нүүдлийг багасгах, зогсоох ямар арга зам байгааг судалж, трассынхаа дагуу ногоон төгөл байгуулах төсөл боловсруулж, үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон ажлын багт нь танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн. Тиймээс шинэ төмөр зам, авто замын дагуу ногоон төгөл бий болгоно гэдэгтээ бид итгэлтэй байгаа” гэсэн юм. Хэдийгээр намрын сэрүү орж, уулын эхээрээ цастай, хүйтэн хэдий ч цугларсан олон сэтгэл өөдрөг модоо тарьж байлаа. Мөн зохион байгуулагчдын зүгээс байгууллага бүрт “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, дэмжигч байгууллага...” гэсэн тус тусын нэр бүхий гацуурын хэлбэртэй модон пайз бэлтгэж өгснийг өөр өөрсдийн байгууллагын тарьсан моддын урд байршуулцгаав. УБТЗ-ын төмөр замчдын хувьд улиас, чацаргана нийлсэн 100 мод тарьж, суулгалаа. 


Сэтгэгдэл үлдээх