Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-27

Хөдөлгөөнт оношилгооны галт тэрэг хойд хэсэглэлд ажиллана

Төв эмнэлгийн хамт олон төмөр замын дагуу байрлах өртөө, зөрлөгүүдэд ажиллаж амьдарч буй  төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд болон төмөр зам дагаж суурьшсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг байгуулан ажиллуулж буй билээ. Энэ хүрээнд төмөр замчдын хандив тусламжаар хоёр вагоныг эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон. Мөн Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн 2024 он хүртэл нийт зургаан вагоныг тусгай зориулалтаар тоноглох зорилт тавьсныг уншигч та бүхэн мэднэ. Тэгвэл энэ онд “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг “Талын гэгээ” хэмээн нэрлэж дахин нэг вагоныг тоноглолоо. Ингэснээр нүд, чих хамар хоолой, сонсгол шалгах, эдгээр өвчлөлтэй холбоотой тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ. Өмнө нь, харааны чадал, өнгө мэдрэх чадварыг шалгаж байсан бол одоо нүдний өмнөд болон арын хэсгийг шинжлэх биомикроскопи, харааны шил тохируулах автомат аппарат, нүдний угийн дурангаар үзлэг оношилгоо хийх, үйчлүүлэгчдэд өвчний талаар дэлгэцэн дээр харуулан тайлбарлаж зөвлөгөө өгөх бүрэн боломжтой болжээ.Мөн шүдний тусламж үйлчилгээг шугам замд явж хийх кабинеттай болсноор шүд авах, ломбо хийх, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх фтортой түрхлэг түрхэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. 
Дашрамд дурдахад, энэ сарын 27-ноос Хөдөлгөөнт оношилгооны “Талын гэгээ” төв хойд шугам замын төмөр замчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үзлэгт 18 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм байна. Энэ талаар, Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэг “Энэ удаагийн үзлэг нь коронавируст халдварын нөхцөлд явж байгаа. Тиймээс ковид-19-өөс сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах шаардлага бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Иймээс аяллын хугацааг нэлээн урт төлөвлөсөн” гэв.

Сэтгэгдэл үлдээх