Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-08

О.Батцэрэн: Цар тахал дэгдсэн, Эрээнд ачаа бөөгнөрсөн зэрэг нь жилийн ажлыг нэлээд хойш нь татлаа

-Он гарсаар танай албаны төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл хэр байна вэ?
-УБТЗ ХНН-ийн хэмжээнд манайхтай холбоотой өвөлжилтийн бэлтгэл 33 ажил төлөвлөснөөс наймдугаар сарын сүүлчээр гэхэд 20 нь биелж, 61 хувьтай явна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилгын материалын хувьд хүндрэл үүссэн. БНХАУ-ын Эрээн өртөөнд ачааны бөөгнөрөл үүссэнээс болж манай барилгын материалууд тодорхой хэмжээгээр саатлаа. Тухайлбал, труба гэхэд л тендерт ялсан компани тавдугаар сарын 10-д гаргаад гэрээ хийсэн. Гэтэл наймдугаар сарын 25-нд л труба нь ирж байна. Бүхэл бүтэн гурван сар болж байгаа биз. Одоо ирээгүй 12 вагон байна. Энэ дотроо Барилгын болон Замын аж ахуйн албанд шаардлагатай гурван вагон арматур 60 хоног зогсож байна. Мөн нэг вагон вакум цонхны материал 50 гаруй хоног, паркетан шал 60 гаруй хоног гэхчилэн ирэхгүй удаж байна. Энэ байдлаас болж барилгын ажил удааширч байгаа.
-Замын хэмжээний тендерийн ажлын гүйцэтгэлд дээрх саатлууд их нөлөөлөв үү?
-Энэ жил барилгын ангиуд өмнөх жилүүд шиг орон сууцны том барилга бариагүй. Дандаа л их засварын ажил хийж байгаа. Салхитын 40 айлын орон сууцны ажил тендерээр хоёр жил дараалаад явж байна. Энэ жил ч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан амжилтгүй боллоо. “Ган зам” цэцэрлэгийн өргөтгөлийн ажил тендер зарлаад амжилтгүй болсон. Хоёр дахиа бид зарлачихсан байгаа. Мөн Дорноговь аймгийн Сайншанд дахь “Хараацай” цэцэрлэгийн өргөтгөл ажлын тендер хоёр удаа зарлаад амжилтгүй болж, гурав дахиа үнийн санал авахаар тавиад байна. Нэг компани ирсэн ч материал нь дутуу байсан. Одоо дөрөв дэх удаагаа үнийн санал авахаар тендерийн сайтад тавьсан байгаа.
-Тендер амжилтгүй болоод буйн шалтгаан нь юу вэ?
-Оролцогч байхгүйгээс л амжилтгүй болж байна. Ялангуяа, барилгын туслах материалууд дээр. Яагаад гэвэл, манай тухайн ажлыг хийлгэх үнэ компаниудад таалагдахгүй байна гэсэн үг. Заримд нь нэг компани тодорсон ч хэсэг хугацааны дараа “Материалын үнийн өсөлтөөс шалтгаалаад манайх нийлүүлж чадахгүй нь” гээд буцдаг. Энэ нь ч нэг талдаа аргагүй байх. Өнгөрсөн жил 1.7 сая төгрөг байсан нэг тонн арматур энэ жил 3-3.5 сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ мэтчилэн материалуудын үнэ хоёр дахин өслөө. Ялангуяа, төмөр эдлэлийн үнэ илүү өссөн байна. Жишээ нь, зуун мянган төгрөгөөр зарах материалаа манайд 70-80 мянгад өгнө гэж байхгүй шүү дээ. Манайх төсвөө 2020 оныхоор тооцоолсон нь оролцох компани олдохгүй байх шалтгаан болж байна. “Ган зам”, “Хараацай” цэцэрлэгүүдийнх ч ийм асуудал гарсан байх магадлал өндөр байгаа юм.
-Ирэх жилд хийх ажлын захиалгыг салбар нэгжүүдээс авч эхэлсэн үү?
-Замын I орлогч дарга И.В.Милостных есдүгээр сарын 20 гэхэд байгууллагуудын 2022 онд хэрэглэх ашиглалтын зардлын захиалгыг авч сонсоно гэж үүрэг өгсөн. Үүний дагуу бид байгууллагуудаас захиалгыг авч байна. Замын аж ахуйн алба их засвартай холбоотой материалаа урьдчилаад өгсөн. Зүтгүүрийн аж ахуйн алба бэлтгэж байгаа гэсэн. Эрт авч буйн учир нь, тендер зарлахын өмнөх бэлтгэл ажилд маш их хугацаа шаарддаг. Нэг удаа амжилтгүй боллоо гэхэд дараагийн тендерийг зарлах хугацаатай байх ёстой. Нэг удаагийн зарлалт 30 хоног гэж үзэхэд дунд нь материалын жижиг сажиг өөрчлөлт оруулна, үнэлгээ хийнэ, оролцогч нарт мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэл хүргүүлээд ажлын зургаагаас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах, эсвэл дахин зарлах эрх үүснэ гэх мэт явсаар үндсэндээ тендер зарлаж, гүйцэтгэгч байгууллага сонгогдтол ямар нэгэн саадгүй явбал 70 орчим хоног болдог. Энэ хооронд тендер зарласан үед болон мэдэгдэл хүргүүлсний дараа хэн нэгэн нь гомдол гаргавал 14-20 хоног нэмэгдэнэ. Мөн тендерт шалгарсан компани нь бараагаа хэд хоногт нийлүүлэх вэ гэдэг асуудал. Ингэсээр нэг тендерт дунджаар нэг улирлын хугацаа зарцуулдаг. Тэр тусмаа цар тахлын өнөө үед хил гаальд саатах, ачааны бөөгнөрөл үүсэж удааширч байна. Тиймээс заавал нөөц хугацаатай ажлаа төлөвлөхгүй бол болдоггүй. Ямартаа ч энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил цаг хугацаандаа бүрэн дуусна гэж харж байгаа.
-Салбар нэгжүүд “Ажлын яаралтай зүйлсийг Худалдан авалт, борлуулалтын алба авч өгөхгүй байна” гэж гомдоллодог шүү дээ. Тэдэнд эдгээр хүндрэлтэй асуудлаа тайлбарладаггүй юм уу?
-Тендер нэг, бүр хоёр дахь удаагаа амжилтгүй болбол тухайн албадад учрыг нь бичдэг. Оролцогч байхгүй нь дандаа төсвөөс шалтгаалахгүй, техникийн даалгавар нь ч ойлгомжгүй байж болно. Тендерт тухайн захиалагч байгууллагын төлөөлөл оролцдог. Тэгээд нөхцөл байдлыг өөрийн байгууллагадаа хэлдэг л байх. Ер нь, бид цахим тендерийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил маш амжилттай байсан учраас энэ жил илүү их амжилт гарах болов уу гэж бодож байлаа. Харамсалтай нь, цар тахалтай холбоотой хүндрэл их гарлаа. 
-Замын ангиудын зам засвар, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хүлээгдэж байгаа ямар ажил байна вэ?
-Замын их засвар гэхчилэн үндсэн ажлууд нь үргэлжлээд явж байгаа. Их засварын материалд удааширсан ямар ч асуудал гараагүй. Учир нь, 2021 онд 80 км замд их засвар хийнэ гэж төлөвлөөд 2020 оны ханшаар зам төмрөө худалдаж авсан. Одоо харин төмрийн үнэ их өсөж байгаа болохоор ирэх оныхоо зам төмрийг яаж авах вэ гэдэг л асуудал байна. Замын аж ахуйн албаны ирэх оны хийх ажлын жагсаалтын дагуух материалын захиалгын тендерийн төлөвлөгөөгөө Сангийн яам руу цаг алдахгүй батлуулахаар төлөвлөж байна. 
-Ирэх жил хэдэн км замд их засвар хийнэ гэж төлөвлөсөн байна вэ?
-Урьдчилсан байдлаар 80 км замд их засвар хийнэ гэж захиалга өгсөн. Энэ нь, Замын санхүү эдийн засгаас шалтгаална л даа. Замын удирдлагууд илүү ихийг л засварлахыг хичээх байх. 
-Машин, техник худалдан авахтай холбоотой хүлээгдэж байгаа ажил байна уу?
-Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил тэвчиж болох зардалд түлш их зарцуулдаг автомашин, компьютер, тавилга гэх зүйлсийг худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй. Гэхдээ ажил шуурхай явуулахад шаардлагатай байгаа газарт нь ганц нэг компьютер, ажлын машин зэргийг авч байгаа. Авто тээврийн үйлчилгээний төв гэхэд л таван жижиг машин авах захиалга өнгөрсөн онд өгсөн ч авч өгч чадаагүй. Харин Замын аж ахуйн албанд 20 фургон авсан. Учир нь, ЗИЛ-130 машинаар хүн тээвэрлэхгүй гэсэн тул парк шинэчлэлт хийхээс аргагүй болж байна. Тиймээс замчдад дулаан, бас багажнуудаа авч явахад хамгийн тохиромжтой унаа нь фургон гэж үзсэн. Мөн Эрчим хүч, ус хангамжийн II анги хоёр фургоны захиалга өгсөн байна. Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр ажилчид зөөх автобус, фургон, УАЗ фермер худалдан авахаар захиалсан. Ер нь, ажилчид зөөвөрлөх машин техникүүдийг бол авч өгч байгаа. Чулуун заводод гэхэд л хүчин чадал сайтай шинэ техникүүдээр шинэчлэлт хийсэн. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангид нэг кальмар авч өгснийг та бүхэн Замын даргын үзлэгээр явахдаа харсан шүү дээ. Тэр үеэр “Санни” нь маш хурдан өөрийн өртөгөө нөхдөг, ажлын бүтээмж өндөртэй байгааг Тээвэр зохион байгуулалтын албаныхан танилцуулснаар нэмээд нэгийг авч өгөхөөр болсон. Үүний дагуу тендер зарлаад амжилттай дууссан, одоо гэрээгээ байгуулаад явж байна. Ирэх сарын сүүлчээр авчих байх. Мөн Сайншанд татах хэсэгт зүтгүүрийн бригад зөөвөрлөх машиныг гэрээлсэн байгууллагаас нь “Удахгүй нийлүүлнэ” гэсэн албан бичиг ирсэн. Өнгөний талд л жаахан асуудал гарсан юм билээ. Манай захиалагчийн зүгээс саарал гэсэн бол цаад нийлүүлэгч талдаа хар өнгөтэй байгаа гэнэ. Заавал саарал өнгөө авна гэвэл 14-20 хоногт нийлүүлнэ гэсэн байна. 
-Төмөр замчдын ажлын өвлийн хувцас захиалга ямар шатандаа явж байна вэ?
-Замын хэмжээнд ирэх өвөл ажилчдад шаардлагатай ажлын үдээстэй, үдээсгүй 6681 хос гутал, 7379 хос хувцас, ажлын хүрэм 301 ширхгийг захиалсан. Тендер нь болсон ч өмнөх жилийг бодоход их сунжирлаа. Учир нь, хөдөлмөр хамгааллын хувцсаа бид өмнөх жилийнхээ төсөвт өртгөөс нэмээгүй байсан. Тээврийн зардал тариф өөрчлөгдөөгүй тул зардал өсөхгүй байх гэж тооцсон л доо. Гэвч Эрээнд ачаа саатсанаас тээврийн зардал өсөж, үүнээс болоод тендерт оролцож шалгарсан зарим компани татгалзсан. Бүр ажлын хүрэм, Цэрэгжүүлсэн хамгаалалтын 250 хувцасны тендерт оролцогч байгаагүй. Тэгээд бид ажлын хувцсанд шалгарсан гурван компани руу “Та нар энэ тендерт бас оролцооч” гэсэн хүсэлт тавьтал “Манайх алдагдалтай байгаа. Эхний тендерт оролцсон нь ядаж ажилчдынхаа цалинг тавих гэснийх” гэсэн хариу өгсөн. Бүх л материал, түүхий эд Хятад улсаас хамааралтай. Цаанаа үнэ нь бага нэмэгдсэн ч тээврийн зардал огцом өссөн байна. Хилээс Улаанбаатар хот хүртэл ачаа нь өмнөх жилүүдээсээ хэд дахин нугалсан зардлаар ирэхээр үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа юм байна. Тэгээд 5-10 хувийн өсөлт гарсан ч бид зохицоод шийдвэрлэсэн.
-Гутал, хувцсан дээр үе үе чийг татлаа, даарууллаа гэдэг асуудал гардаг. Олон компани сонгогдохоор сайн, муу янз бүр үйлдвэрлээд байдаг уу?
-Гутлын хувьд дөрөв, ажлын хувцас гурван компанитай гэрээ байгуулсан. Учир нь, Монголд богино хугацаанд олон гутал үйлдвэрлэдэг компани байхгүй. Хэд хэдэн компани шалгаруулахгүй бол ганц компани хугацаандаа багтааж бүгдийг нь нийлүүлж чаддаггүй юм билээ. Өнгөрсөн зуны ажлын гуталд гэхэд л тендер хэд хэд зарлаад, хугацаандаа өгч чадаагүй дутагдал гарсан шүү дээ. Зун бол дулааны улирал болохоор учиртай л байдаг. Харин өвлийнх яг л хугацаандаа авахгүй бол болохгүй. Тиймээс багцуудад хуваагаад тендер зарладаг болсон. Ер нь, бид хөдөлмөр хамгаалалтай холбоотой ажлын гутал, хувцасны тендерийг энэ жил 11 багцтай зарласан. Бид хугацаандаа хувцсаа түгээж чадна. Энэ сарын 1-ний байдлаар түрүүчийн компани нь хийсэн 510 гаруй хос хувцас нийлүүлсэн байна.
-Цар тахлын нөхцөл байдал ер нь л амаргүй байна. Замын хэмжээний халдвар хамгааллын хувцас хэрэгслийн захиалга, нийлүүлэлтийг бас танайхаас тендер зарлан авч байна уу?
-Тодорхой хэмжээний багахан зүйлийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө авч байгаа. Цар тахалтай холбоотой хамгаалах хэрэгсэл, хувцаст одоогоор нэг ч тендер зарлаагүй. Замын даргын худалдан авах ажиллагаатай холбоотой А-885 тушаал долдугаар сарын 19-нд А-638 болж өөрчлөгдсөн. Яагаад гэвэл, Засгийн газраас төрийн байгууллагуудын шууд худалдан авалтын босго үнэнд өөрчлөлт оруулсан шүү дээ. Үүний хүрээнд УБТЗ бас дээрх тушаалд өөрчлөлт оруулж, шууд худалдан авалт 10 сая байсан бол 20 сая, аж ахуйн нэгжүүд тав байсан нь 10 сая хүртэл төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Бүр илүү үнийн дүнтэй ажлыг бид Замын сонгон шалгаруулах комиссын хурлаар оруулж тухай бүрт нь шийдэж байна. Хэрэв босго үнээс даваагүй бол манай албаны дотоод үнийн комиссоор шийддэг. 
-Тендер зарласан ч оролцогчгүйгээс болж он дамжихаар ажил байгаа юу?
-Энэ талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Ямартаа ч одоо зарласан тендерүүд бүгд амжина. Харин бид хуваарийн дагуу угаасаа он дамжихаар төлөвлөсөн ажил бий. Тэр нь СИРДП-Е-тэй холбоотой, илчит тэрэгний бүхээгний аюулгүй байдлын систем. Үйлдвэрлэлийн явц нь зургаан сар юм билээ. Энэ ажил он гаргана. 
-Шинэ зүтгүүрүүд үе шаттайгаар худалдан авч байгаа шүү дээ. Одоо авахаар бэлэн болсон хэдэн зүтгүүр байна вэ?
-2019 онд сэлгээний 10, гол замын 14 зүтгүүр худалдан авах тендер зарласан. Тухайн үед санхүүгийн боломжоо хараад 2022 он хүртэл нийлүүлэхээр гэрээ хийсэн байсан. Өнөөгийн байдлаар, нийт гол замын 10, сэлгээний таван зүтгүүр хүлээн аваад байна. Үлдсэн илчит тэргүүдийг үе шаттайгаар авахаар төлөвлөж байгаа.
-Төмөр замын уурын зуухууд, зорчигчийн вагон болон ажилчдын хэрэглээний нүүрсний тухайд?
-УБТЗ нүүрснийхээ худалдан авалтыг ажилчдын хэрэгцээний, мөн 2900 кг/ккал-аас дээш, 3500 кг/ккал-аас дээш илчлэгтэй гэж гурав ангилж авдаг. Учир нь, халаалт эхлэх есдүгээр сарын 15-ны үед цаг агаар дулаан байдаг даа. Тэр үед бага илчлэгтэйг нь түлдэг. Илчлэгээ дагаад үнэ нь ч хямд учир эдийн засгийн хувьд өндөр ачаалал болдоггүй. Харин 3500 кг/ккал-аас дээш буюу илчлэг өндөртэй нүүрсийг нь хүйтний эрч чангарч, ес эхэлсэн үед түлдэг. Энэ нь, харьцангуй бага орно. Тодруулбал, өндөр илчлэгтэйг 28 мянган тонн, бага илчлэгтэйг 43 мянган тонныг тус тус захиалсан. Гэвч 43 мянган тонн нүүрсний тендер нь хоёр удаа амжилтгүй болж, одоо гэрээ шууд байгуулахаар материал бэлтгэж байна. Мөн ажилчдын хэрэглээнд худалдан авах 5500 кг/ккал-аас дээш илчлэгтэй 15.5 мянган тонн нүүрсний тендерийг зургадугаар сарын 24-нд зарласан ч амжилтгүй болж, дахин тендер зарлаад одоо нээлт хийж байна. 
-“Тавантолгой түлш” ХХК зүүн бүсийн үйлдвэрээ Баян зөрлөгт барьж, тийш нь Замын II анги салбар зам тавьж өгсөн. Энэ замынхаа өртөгт тус компани 2023 он хүртэл нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Учир нь, төрийн компани болохоор зам тавиулсан мөнгөө төлж чадахгүй, тодорхой хэмжээнд нь бүтээгдэхүүнээрээ тооцоо хийе гэсэн юм билээ. Тиймээс Зорчигчийн вагон депо галлагааны талд санаа зовох зүйлгүй. Дээр нь, эрчим хүчнийхэн, Замын II анги, Худалдан авалт, борлуулалтын албаны агуулах гэхчилэн цөөн хэдэн газар авдаг. Эдгээр байгууллага бүгд нүүрс авахад нээлттэй. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх