Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-05-05

Төв эмнэлэг ковидоор халдварласан төмөр замчдаа эмчилж эхэллээ

Ковид-19-ийн тохиолдол өдөр бүр 1000-аас дээш батлагдаж, эрсдэл нэмэгдэх болов. Халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч байгаа улсын эмнэлгүүдийн ор хангалтгүй, гэрээр эмчлүүлэгчдийн хувьд гэр бүл, дотны хүмүүс  нь эрсдэлд өртсөн ойрын жишээ олон. Ийм эрсдэл төмөр замчдыг ч тойрсонгүй. Нөхцөл байдал хүндэрсэн ч уг өвчний эмчилгээ, үйлчилгээ Олон улсын Эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг тул УБТЗ-ын Төв эмнэлгийн захиргаа ЭМЯ-наас зөвшөөрөл авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт ирснээр дөрөвдүгээр сарын 22-ноос ор дэлгэж, Мэдрэлийн болон Хүүхдийн тасгаа нүүлгэн шилжүүлж өвчтөнүүдийг хүлээн авч эхэлсэн юм. Энэ тухай сурвалжлахаар Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжинтай утсаар холбогдлоо.

Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжин:
-Коронавируст халдвартай төмөр замын ажиллагсдыг Эрүүл мэндийн сайдын А/257 тоот тушаалын дагуу ор дэлгэн хэвтүүлэн эмчилж байна. Коронавирусийн халдварыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны нэгдүгээр сарын 31 –ний өдөр “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал”, 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр “Цар тахал” болохыг зарласан. Ковидийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад Эрүүл мэндийн сайдын батлан гаргасан түр заавар, холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах шаардлагатай байдаг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг эхлэхээс өмнө батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх байраа бэлтгэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, хүний нөөцөө сургах, тоног төхөөрөмж, эм тариа, оношлуур, хүчилтөрөгчийн систем, хувцас хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлаа хангах гэж цаг минуттай уралдаж ажиллалаа. Замын захиргаанаас хөрөнгө оруулалт хийж, бидний ажилд дэмжлэг үзүүлснээр бид эмчилгээ, үйлчилгээний шардлагыг бүрэн хангасан. 
-Хэдэн ор дэлгэж, ямар ангиллын өвчтөнүүдийг авч эмчилж байгаа вэ?
-Ковидын халдвартай батлагдсан тохиолдлыг хүлээж авах, тусгаарлан эмчлэх эмнэлгийн байгууламж нь өвчтөн хүлээж авах, эмнэлгийн ажилтны орох, гарах хаалга тусдаа байхаар зохион байгуулсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт хяналтын түр зааврын дагуу халдвартай буюу улаан, халдварын эрсдэл дунд буюу шар, халдваргүй буюу ногоон гэж гурван бүсэд хувааж, доорх бүсүүд нь хоорондоо бүрэн тусгаарлагдсан байх ёстой. Улаан бүсэд батлагдсан тохиолдлын нэг оронд оногдох талбайн хэмжээ найман ам.метрээс багагүй байхаар тооцож, Эрүүл мэндийн сайдын А/140 тоот тушаалын дагуу эмнэл зүйн хөнгөн, хүндэвтэр, хүнд тохиолдлуудыг эмчлэх 30 ор дэлгээд ажиллаж байна. Маш хүнд болон хөнгөвтөр, хүнд халдварын эмнэлгийн тусламж үйлчилгээ Эрүүл мэндийн сайдын А/257 тоот тушаалаар зохицуулагдаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангахад тодорхой нөөц ор байх ёстой.Энэ үүднээс зургаан ор бэлтгэсэн.
-Улаан бүсэд ямар бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?
-Дотрын ерөнхий мэргэжилтэн, их эмч Э.Цолмон баг ахлан, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч Н.Янжинлхам, эрчимтийн сувилагч Д.Мөнхтүвшин, сувилагч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул, сувилагчийн туслах Г.Ганцэцэг, М.Сувд-Эрдэнэ нарын эмнэлгийн долоон ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байна. Батлагдсан тохиолдолд орж ажиллах гурван баг, нэг нөөц багийг бэлтгэсэн. Нэг баг 14 хоног улаан бүсэд ажиллаад тусгаарлалтад орно. 
Энд онцолж хэлэхэд, Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан бид өргөсөн тангараг, үүрэгт ажлаа ухамсарлан хичээн ажиллаж байна. Төмөр замчид өөрсдийгөө болон хамт олон, гэр бүлээ эрсдлээс сэргийлж, тус бүрдээ хариуцлагатай байж,эрүүл мэндээ хамгаалаарай гэж захимаар байна.

Э.Цолмон: Өвчтний биеийн байдал богино хугацаанд хүндрэх тохиолдол байна
Халдварын улаан бүсэд ажиллаж байгаа Дотрын I тасгийн эрхлэгч, хүний их эмч Э.Цолмон хэсэгхэн хугацаанд завчилж, утсаар ярилцлаа. 
-Би дөрөвдүгээр сарын 22-ноос хоёр сувилагч, хоёр асрагчийн хамт, тавуулаа орж ажилласан. Хоёр хоногийн дараа Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч Н.Янжинлхам эмч, нэг сувилагчийн хамт нэмэгдэж, долуулаа болсон. Одоогийн байдлаар, 29 өвчтөн эмчлүүлж байна. Үүнээс гурав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Хөнгөн өвчтөн ирээд хоёр хоноод өндөр халуурч, шууд хатгаа болж байна. Ер нь, биеийн байдал хурдан хүндэрдэг өвчин юм. Өчигдөр нэг өвчтөнөө Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн. Нэг онцлог нь, энэ тасагт анх цахим өвчний түүх ашиглаж эхэлсэн. Манай багийнхан өдөр шөнөгүй, цаг наргүй амсхийх чөлөөгүй л ажиллаж байна даа.
-Улаан бүсэд эмнэлгийн ажилтнууд ачаалал өндөртэй ажиллаж байна?
-Тийм ээ, бид ийм нөхцөлд ажиллана гэдгээ мэдэж байсан. Бүгд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй орсон учраас гайгүй байна. Бид харин өвчтнүүдээ сэтгэл зүйгээр нь дэмжиж “Таны бие хөнгөн байна. Зургаа хоночихлоо, одоо гайгүй. Бие нь сайжирч байна” гэх зэргээр байнга ярилцаж байна. Өвчтөнүүдийн маань сэтгэл зүй харьцангуй тогтвортой байгаад бид сэтгэл дүүрэн байна. 

Төвийн хэсэгт дархлаажуулалтын гурван цэг ажиллана
Төмөр замчдын хувьд бас нэгэн хүлээлт байгаа нь дархлаажуулалт. Замын захиргаанаас нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замчид, ахмадууд, ТЗДС, Политехникийн коллежийн оюутнуудыг өөрийн зардлаар ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакцинаар дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс энэ вакциныг оруулж ирэх эрх бүхий компанитай зохих гэрээ хэлцлийг хийсэн. Мөн дархлаажуулалтыг төв болон шугам замд нэгэн зэрэг эхлүүлэх бүх бэлтгэлээ хангасан. Гэвч нөхцөл байдал төлөвлөсний дагуу өрнөсөнгүй. Вакцин үйлдвэрлэгч орны хувьд дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байгаа тул Монгол Улсад нийлүүлэгдэх вакцин нэлээд хугацаанд хүлээгдсэн билээ. 
Халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрсэн тул Замын захиргаанаас шуурхай арга хэмжээ авч эхний ээлжинд Засгийн газрын худалдан авсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Vero Cell вакцинаар төмөр замчдыг дархлаажуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар, Дархлаажуулалтын багийг ахалж байгаа Төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгтэй холбогдлоо.
Тэрбээр, “Одоогийн байдлаар, СУСТ-ийн “Замчин” спорт хороон дээр дархлаажуулалтын нэг цэгийг нээж, дөрөвдүгээр сарын 24-нөөс ажиллуулж эхэлсэн. Өдөртөө 400 орчим төмөр замчинг хамруулж байна. Эхний ээлжинд хөдөлгөөнтэй холбоотой буюу тусгаарлагдан ажиллаж байсан зүтгүүрийн бригадуудыг хамруулахаас ажлаа эхэлсэн. Тавдугаар сарын 2-ны байдлаар,  1980 төмөр замчинг Vero Cell вакцины эхний тунд хамруулаад байна. Төмөр замчдын хувьд орос вакцин хийлгэх хүсэлт, хүлээлт их байсан. Гэвч вакцины нийлүүлэлт биднээс шалтгаалахгүйгээр хойшилсон учир цаг алдахгүйн тулд БГД-т хуваарилагдсан вакцинаас авч дархлаажуулалтыг эхлүүлсэн. Спутник-V орос вакцины эхний нийлүүлэлт хийгдсэн тул бид эхний ээлжинд төвийн хэсэгт Төв эмнэлэг, Зорчигч үйлчилгээний төв буудал, “Замчин” спорт хороон дээр гурван цэгт тавдугаар сарын 3-наас дархлаажуулалтыг эхэллээ. УОК-оос зөвшөөрөл авмагц шугам замд дархлаажуулалтын галт тэрэг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.” гэлээ. Түүнээс гадна төмөр замчид дүүрэг, хорооныхоо харьяаллаар дархлаажуулалтад хамрагдаж, өөрсдийгөө эрсдлээс хамгаалж эхэлсэн билээ. Замын хэмжээнд төмөр замчдын дархлаажуулалтын судалгааг Хүний нөөцийн албанд өдөр бүр нэгтгэж байгаа аж. Энэ талаар, тус албаны мэргэжилтэн Н.Уугантуулаас тодрууллаа. Замын хэмжээнд, тавдугаар сарын 2-ны байдлаар 6118 ажилтан эхний тунд, 356 ажилтан хоёр дахь тундаа хамрагдсан байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх