Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-30

Ө.Ууганжаргал: УБТЗ-ын аж ахуй чадамжтай байх тусмаа хөгжилд хүрнэ

-Танай ангийн хувьд өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх. Цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалж ялангуяа зарим бараа материалын хомсдол үүссэн нь ихэнх аж ахуйн нэгжүүдэд гол хүндрэл болж байгаа харагдана?
-Байгууллагын хэмжээнд 2021 онд нэгдсэн дүнгээрээ 16 бүлэг 350-иад ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс онцолбол өвөлд бэлтгэх чиглэлээр 21 ажлыг манай хамт олон гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар, нийт ажлын гүйцэтгэл 94 хувийн биелэлттэй байна. Таны дурдсанаар материалын нөөцийн бүрдүүлэлттэй холбоотойгоор нэг ажил бүрэн биелээгүй, төлөвлөгөөнөөсөө оройтож саяхан эхлээд явж байна. Барилгын гадна дулаалгын ажлыг бид өөрсдийн хүчээр хийж байгаа болохоор удахгүй хийж дуусгана. Хэдийгээр хөл хорионы дэглэм мөрдөгдсөн амаргүй цаг үетэй тулгарсан ч манай хамт олон нөөц бололцоогоороо  хариуцсан ажлуудаа чанартай гүйцэтгэж ирлээ. Тархай бутархай байдаг учраас өвчлөлд бага өртсөн. Гэхдээ ес, аравдугаар сарын их давлагаанд өртөж, хүн хүчний хомсдолд орохоос эхлээд хүнд цаг үетэй тулсан ч цаана нь гарч чадсан хамт олноороо би бахархаж байгаа. Хамгийн гол нь, худалдан авалтын үйл ажиллагаа, тэр дундаас албад хоорондын харилцан уялдаатай холбоотой хүндрэлүүд  байгааг дурдах нь зүйтэй болов уу.  Ямар нэгэн ажил хийх гэхээр Төлөвлөлт эдийн засгийн алба нь “Лимит байхгүй, сарын лимит дууссан”, Худалдан авалт борлуулалтын алба нь “Заавал таван компанийн харьцуулалт хий”,  Хуулийн алба нь “Бид хамгийн сүүлд зурна гээд бүх виз авагдсаны дараа гэрээнд өөрчлөлт оруулах” гэхчлэн хугацаа алдах нь их байна. Нэг гэрээ байгуулахын тулд хоёр сарын турш хөөцөлдөж байна гээд бод доо. 60 хоногийн хугацаанд бараа материалын үнэ яаж ч өөрчлөгдөх магадлалтай шүү дээ. Дээр нь, Удирдах газарт ажиллаж байгаа хүмүүс 50, 30 хувь гээд ажиллах горимуудаасаа шалтгаалаад, мөн “өвчтэй”, “тусгаарлалтад орсон” гэдэг тайлбаруудтайгаар ажил, асуудал нь зөрөлдснөөс болж гол хүндрэл үүсэж байсан. Харин ч Их барилга хөрөнгө оруулалтын хэлтэс тэргүүлэн хэд хэдэн албад хүчин зүтгэсний үр дүнд байгууллага өөрөө 10 сая хүртэлх дүнтэй материалд шууд худалдан авах гэрээ байгуулах хязгаар тогтоосон. Энэ нь уг нь тендерийн хуулиараа зөвшөөрсөн заалт шүү дээ. Гэвч хуулийн заалтаасаа давсан дүрэм, журам мөрдүүлж эхэлсэн нь байгууллагын ажлыг уясан хэрэг.
-Эрчим хүчний хэмнэлтийн бодлого УБТЗ-д хэр хэмжээнд хэрэгжиж байна вэ?
-УБТЗ маань Эрчим хүчний зохицуулах хороо болон Нэг худалдан авагчтай загварын байгууллагынхаа өмнө 2 сая кВт/цагаас дээш эрчим хүчний хэрэглээтэй буюу “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” болдог. Энэ оны тухайд УБТЗ 17 сая кВт/цаг эрчим хүч хэрэглэнэ. Манай байгууллагын хувьд эрчим хүчний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд мөн “Үүрэг хүлээсэн аж ахуй”. Тэгэхээр манай ангийн болон УБТЗ-ын ч хувьд хэмнэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зүй ёсны үүрэгтэй. Тийм ч учраас “Эрчим хүчний хэмнэлтийн менежер” хэмээн орон тоог Эрчим хүч, ус хангамжийн төв дээр гарган ажиллуулж байна. Тухайн албан тушаалтан нь Замын Ерөнхий инженерийн шууд удирдлагад ажилладаг. Эрчим хүчний хэмнэлтэд урамшууллын системийг үүсгэх, Замын даргын тушаал шийдвэрүүдийг гаргах гээд тодорхой ажлуудыг ч зохион байгуулсан. Хэрэглээгээ улирал бүр дүгнэж, тухайн асуудлуудад цаг тухайн үед нь дүгнэлт хийж, тэр хэмжээгээр хэрэглээний хүрээнд бодитой үр дүнгүүд ч гарсан гэж үзэж байна. Өмнө нь, төмөр зам гэсэн нэг л ойлголтоор хавтгай яваад байсан бол хэмнэлтийн тухай ярьж эхэлснээрээ аж ахуйн нэгжүүд тус бүрдээ өөрийнхөө хэрэглээнд дүгнэлт хийж, нэг байшинд байрладаг аж ахуйн нэгжүүд ч тус тусдаа тоолууртай болсноос эхлээд өөрчлөлт гарч байгаа. Энэ нь нэг талдаа үргүй зардлууд болж харагдах ч нөгөө талдаа эрчим хүчээ хэмнэе гэдэг сэдэл төрж буйн илрэл юм болов уу.
-Ус хангамжийн тухайд?
-Энэ онд бид нийт зургаан худгийг “ухаалаг” удирдлагатай болголоо. Хэдийд ч хэрэглэгч карт уншуулаад усаа авчих боломжийг бүрдүүлсэн гэсэн үг шүү дээ. Уг системийг нэвтрүүлснээр ус авч байгаа хүмүүс гадуур асгаад байдаг салан задгай хэрэглээ цэгцэрсэн.
-Замын хэмжээнд эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангаж байна вэ. Ялангуяа, төвийн хэсэгт төмөр замын орчимд барилга байшин барихдаа шугам таслахаас эхлээд эрсдэл гардаг гэдэг шүү дээ?
-Найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр бид хангалттай хэмжээнд ажиллаж байгаа гэж боддог. Үндсэн үүрэг чиглэл маань ч тийм. Шугам сүлжээний хувьд хуучирсан тал бий. Жишээ нь, өнөөдөр 1950 оны трансформаторыг ашиглаж л байна шүү дээ. Ийм хэмжээний насжилттай трансформатор Монгол Улсын хэмжээнд чухам хэд байдгийг мэдэхгүй. 1960 онд тавьсан модон тулгууруудыг солиогүй л явж байна. Ингээд бодохоор ийм нөхцөлд хүрсэн шугам сүлжээг манайх шиг хэмжээний цөөн хүн хүчээр барьж ажиллана гэдэг асуудалтай. Гэхдээ л хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлээд төмөр замынхаа шугам сүлжээг тасалдуулалгүй яваад байна гэдэг нь манай хамт олон чамгүй сайн ажиллаж байгаагийн баталгаа юм. Үр ашгаас илүү найдвартай үйл ажиллагааг нь чухалчилж байгуулсан шугам сүлжээ болохоор тархай бутархай, олон зуун км-т сунаж тогтсон гээд дутагдалтай талууд ч бий. Манай ажилтнууд энэ нөхцөлдөө ажиллаж дадсан. Гагцхүү шаардлагатай шинэчлэлүүдийг боломжийнхоо хэрээр бага багаар шийдээд, дээр нь бидэнд шаардлагатай худалдан авалтыг элдэв саадгүй, нэг голдирлоор явуулчихвал тийм ч хэцүү зүйлгүй гэж харж байгаа. Хангамжийн хувьд бид ганц нэг цэгцээс шинэ эх үүсвэрүүд авах, боломжтой цэгүүдэд байгууламжийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачааллуудаа хувааж тэнцвэржүүлэх зэргээр техникийн бодлогын хүрээнд боломжтой ажлуудыг авч хэрэгжүүлээд явж байна.
-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын Засгийн газраас цахилгааны тарифийг “тэглэсэн” шүү дээ. Гэхдээ энэ хөнгөлөлт ирэх оны нэгдүгээр сард дуусна. Үүнтэй холбоотойгоор танай ангийн үйл ажиллагаанд хүндрэл гарах уу?
-Монгол Улсын Засгийн газрын шийдвэр цаг үеийн байдлаасаа шалтгаалж ирэх оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай гэсэн яриа явж байгаа юм билээ. Эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна. Энэ хөнгөлөлтийг хэрэгжүүлснээр зарим талаараа буруу жишиг тогтоосон гэж ярих нь бий. Нөгөө талдаа, үнэхээр цагаа олсон дэмжлэг боллоо гэж дүгнэх нь ч байна. Зарим аж ахуйн нэгжүүд бол “Бид өмнө төлж байсан жишгээрээ цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөөд явъя” гэх нь ч байгаа. Гэхдээ цаашид бид асуудалд нэлээд нухацтай хандах хэрэгтэй юм болов уу. Манай анги энэ онд нийт 14 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлтөд аж ахуйн нэгж, айл өрхийг хамруулсан. Үүнээсээ 12.5 тэрбумыг нь Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд бэлнээр төвлөрүүлээд байна. Энгийн үед төвийн тооцоогоор явдаг байсан төлбөрүүд бэлэн мөнгөний урсгалаар төвлөрүүлэгдэж байгаа учраас Замын захиргаанд дээрх бэлэн мөнгөний орлогыг бий болгосон гэж ойлгож болно.
-Төмөр замын хэмжээнд ундны ус хангамж, аюулгүй байдлын хэтийн төлөв хэр хэмжээнд байна вэ?
-Манай ангийн хэмжээнд хамгийн том төвлөрсөн системтэй нь Зүүнхараа. Дээр нь, Багахангай, Эрхэт, Баруунхараа, Салхит, Орхонтуул, Хангал, Бэлэндалай гэхчлэнгээр төвлөрсөн ус хангамжийн системтэй газрууд бий. Эдгээр газарт ариун цэврийн станцийнхан жилдээ хоёр удаа очиж шинжилгээ авч байгаа. Одоогоор эрүүл мэндэд хортой зүйл гараагүй. Гэхдээ Ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, манай Эрчим хүч ус хангамжийн төв, ШУА-ын Гео физик одон орон судалгааны хүрээлэн хамтран төмөр замын уст цэгүүдийн биохимийн шинжилгээ, уснуудын физик химийн найрлагад иж бүрэн шинжилгээ хийхээр 91 сая орчим төгрөгийн төсөвтэй төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор хамтарсан баг хойд хэсэглэлд яваад ирсэн. Энэ долоо хоногоос урд хэсэглэлд ажиллана. Энэ ажлын дараа бидний хэрэглэж байгаа усны чанар ямар хэмжээнд байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэглэх вэ гэхчлэнгээр олон зүйл тодорхой болно.
-Танай ангийн хэмжээнд насжилт өндөртэй тоног төхөөрөмжүүд цөөнгүй байдлыг дээр дурдсан шүү дээ. Нэн тэргүүнд шинэчлэлт хийх шаардлагатай нь гэвэл юуг нэрлэх вэ?
-Эхний ээлжинд модон тулгууруудаа төмөр бетон тулгуураар солих шаардлагатай. Үүнийг бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Дараагийн ээлжинд Улаанбаатарын хэсэглэлд нөөц эх үүсвэр хомсдоход хүрч байгаа. Байгаа эх үүсвэрүүд нь нэг нь нөгөөгийнхөө ачааллыг авахгүй хэмжээнд очсон. Аль нэг эх үүсвэр гэмтэхэд нөгөө эх үүсвэр нь ачаалал авч чадахгүйд хүрвэл Улаанбаатарын хэсэглэл бүхэлдээ зогсоно гэсэн үг. Тэгэхээр ийм байдалд хүргэхгүйн тулд тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ жилийн тухайд бид нэг шинэ эх үүсвэрийг авлаа. Ийм маягаар найдвартай эх үүсвэрүүдийг бий болгож, толгой кабелиудынхаа ачааллыг тэнцвэржүүлж байхгүй бол 15 жилээс цааш ашиглагдахад ачаалал даах чадвар нь тодорхой хувиар буурч байдаг.
-Ангийн хэмжээнд үүссэн хүндрэлийг бүрэн шийдвэрлэхийн тулд ойролцоогоор хэдий хэмжээний өртөг, хэдэн жилийн хугацаа шаардагдах вэ?
-Нэг километр шугамын дундаж өртөг утастайгаа нийлээд 32-35 сая төгрөгийн өртөгтэй болоод байна. Ингээд 1200 км шугамтай гээд тооцвол багагүй зардал гарахаар байгаа биз. Бид хамгийн их бүтээн байгуулалт хийлээ гэхэд жилд 100 км-ээс илүү гаргаж чадахгүй. Тэгэхээр жилд 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байвал ойрын 10 гаруй жилдээ шугамаа шинэчлээд авах боломжтой гэж харж байгаа. Хөрөнгийн эх үүсвэр нь бүрдчихсэн тохиолдол бид зохион байгуулалтаа хийх бүрэн боломжтой гэсэн үг.
-Үндсэн ажлынхаа хажуугаар Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийн ажлаа нэлээд идэвхтэй гүйцэтгэж байгаа харагддаг. Хөндлөнгөөс харж, бодох, дотор нь ороод ажиллах хоёрын хооронд зааг ялгаа хэр их байна вэ?
-Миний бие 2021 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн нэгдүгээр тойрог буюу төмөр замын тосгоноосоо Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Иргэдийн хурлын үйл ажиллагаа бол тогтвортой, орон нутгийн өөртөө удирдах байгууллагынхаа хязгаарт бүрэн хэмжээнд ажиллаж байна. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо үндсэндээ манай төмөр замын тосгоны төв цэг. Тойроод суурьшлын бүс байгаа учраас харьцангуй асуудал багатай. Гэхдээ УБТЗ-ын зүгээс хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхийг оролдлоо. Замын удирдлагуудаас олон жил санал болгосон Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамж бий болгох саналыг ИТХ-ын тэргүүлэгчдээр дэмжүүлэн шийдвэрлүүлсэн. Цаашид энэ гудамжийг иж бүрнээр шинэчлэх чиглэлээр хоёр талын ажлын хэсэг байгуулан саналуудаа нэгтгэн зураг төслийг боловсруулж байна. Мөн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн жигүүрийг бүрэн тохижуулахаар Баянгол дүүргээс 180 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Энэ хүрээнд хөрсийг нь сийрэгжүүлэн шинэчлэх, мод суулгах зэрэг ажлыг зохион байгууллаа. УБТЗ-ын даргын хөрөнгөөс усжуулалт, гэрэлтүүлэг, зам талбайн ажлыг бас энэ онд хийлээ. Өмнө нь би бас буруугаар бодож явж. Яг дотор нь ороод ажиллахад Иргэдийн хурлын ажил гэдэг нэг хүний бус баг хамт олны ажил байдаг юм байна. Тэгэхээр миний хувьд УБТЗ-ын захиргаанаас, төмөр замчдаасаа ирүүлсэн ямар ч асуудлыг Иргэдийн хуралд дэвшүүлэн тавьж шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ жил орон сууцны дулаалгын ажил нэлээд хийгдэхээр байсан ч материалын нийлүүлэлтээс шалтгаалаад хийгдсэнгүй. Дээврийн засвар, зам талбайн хэд хэдэн ажлыг хийсэн. Ер нь цаашдаа тулгамдсан асуудлуудыг дор бүр нь дэвшүүлээд байвал дүүрэг, нийслэл, улсын төсөв бүр цаашлаад олон улсын хөрөнгө оруулалтаар шийдэх гарцууд нь олон байдаг юм байна. Тэгэхээр төмөр замчид маань оршин суугч иргэний хувиар, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагынхаа хувьд ч санал санаачлагатай байж, асуудлаа тавьж байгаарай гэж хүсье.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа, ер нь УБТЗ аж ахуйгаа дэмжих цаг болжээ гэж боддог. Замын удирдлагыг толгой гэвэл аж ахуйнууд нь энэ том байгууллагын хөл нь шүү дээ. Аж ахуйнууд хэр хэмжээнд бат бэх байна тэр чинээнд нь төмөр замын ажил урагштай явна гэсэн үг. Жишээ нь, Замын ангид эрчим хүч ус хангамжтай холбоотой асуудал гарвал манай хамт олон ямар ч асуудалгүй шийдээд өгчихдөг. Хоёр аж ахуй чаддаг чаддаг зүйлээрээ бие биедээ туслаад хоорондын тооцоогоор шийдсээр ирсэн. Бид олон жил ийм зарчмаар ажиллаж болоод байсан. Гэтэл өнөөдөр манай хамт олон ямар нэгэн ажил хийхээр болоход гэрэл, шон, кабель гээд бүх зүйл нь зардал болсон. Аль нэг аж ахуйн нэгжид хэрэгтэй материалыг нь худалдан аваад засвар хийх гэхээр болохгүй. Шаардлагатай зүйлсийг тухайн байгууллага заавал өөрөө авч өгөх ёстой гэдэг. Тухайн байгууллага бараа материалаа авахаар явахад нь “Та нар мэргэжлийн бус хүмүүс байж яахаараа гэрэл, кабель худалдаж авах гээд байгаа юм” гэдэг. Ийм нэг үл ойлгогдох зүйл ажиглагдаад байх боллоо. Би хувьдаа үүнийг юу гэж хардаг вэ гэхээр “Замын удирдлагын өнөөгийн тогтолцоонд төмөр замын аж ахуйнуудыг бүтцийн, онцлогийн хувьд бүрэн дүүрэн ойлгоогүй хүмүүс олноор бий болжээ. Тэд УБТЗ-ыг “Энэ бол том групп компани. Доод аж ахуйнууд нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Бид зөвхөн удирдлага чиглэлээр хангах ёстой” гэдгээ умартаад байх шиг. Товчхондоо жижиг аж ахуйнхаа ажилд хэт их оролцож, тэдэнд өөрсдийнхөө арга барилаар ажиллах боломжийг олгохгүй байна л даа. Ийм байдал даамжирахаараа олон жилийн турш зүйл тогтлоороо бий болчихсон сайхан хөрсийг эвдчих гээд байх юм. Үнэндээ надад үүнийг аль болох эрт залруулах юмсан гэдэг бодол байдаг. Бид цахилгаанаа, ус хангамжаа мэднэ шүү дээ. Чаддагаа хийгээд, энэ чиглэлийн зардлыг нь даагаад явъя л даа. Замын анги яахаараа тэс хөндлөнгийн зүйлээр хөөцөлдөх ёстой гэж. Дараагийн дугаарт нь, би туслах үйлдвэрлэлтэй хүн. Тодорхой хэмжээний угсралтын үйл ажиллагаа явуулдаг. Гадны байгууллагад очоод захиалгын ажлыг нь хийгээд өгчих чадвартай. Тендерт оролцох боломж нь ч байна. Гэвч энэ боломж бүгд хаалттай болсон. Тодорхой сэлбэг, материал худалдаж аваад түүгээрээ гадны захиалгыг хийж өгөөд ашиг оруулж ирдэг юм гээд тайлбарлаад байхад ойлгодоггүй бүтэц бий болчихлоо. Энэ байдлыг өнөөгийн бүтэц ойлговол ойлгох цаг хугацаа боллоо шүү дээ. Цаашдын удирдлага нь ч ялгаагүй орлого олдог аж ахуйгаа орлогоо оруулж ирэх чиглэлд нь зүтгүүлмээр байна. Угтаа бол УБТЗ-д мөнгө оруулж ирж байгаа болохоос Замын захиргаанаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй үйл ажиллагааг би хэлээд байгаа юм. Байгууллагын хөгжиж дэвжих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл, оролдлого бүрийг нь няцаагаад устгаад байвал цаашид хэрхэн оршин тогтнох вэ. “Албатай, төвтэй чинь ярьсан байхад байгууллага ямар хамаатай юм бэ” гэдэг. Гэтэл яг үндсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө, хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хүртэл бүгд байгууллага дээрээ байгаа шүү дээ. Энэ үг залуу хүмүүсийн уурыг хүргэж магадгүй. Гэхдээ хэн нэгэн бодит байдлыг нь хэлж өгөхгүй бол тэд олж харахгүй байна шүү дээ. Бид хөл сайтай байж гэмээнэ хол явна. Хэрэвзээ хөл муу, толгой данхар байвал салхинд хийснэ л гэж хэлье дээ.

Сэтгэгдэл үлдээх